• Өнөөдөр 2024-05-02

Монголын чөлөөт бөхөд “хөгжлийн салхи” сэвэлзээд эхэлсэн бололтой

2024-01-16,   291

           Чөлөөт бөхийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээн урд өмнөх жилүүдийн тэмцээнүүдээс илүү сайн зохион байгуулалтай, дэг журамтай, амжилттай явагдаж өндөрлөв. “Парис 2024” олимпын жилийн УАШТ-д  29 байгууллагын 272 тамирчин өрсөлдөв. Зарим нэг жинд өрсөлдөөн багатай, цөөн тамирчин оролцсон байдлыг эс тооцвол УАШТ-ий өрсөлдөөн давгүй байлаа. Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд 30 гаруй  бөх барилдсан нь урд, өмнө огт байгаагүй сайхан зүйл байлаа. Хүнд жинд өрсөлдөөн өрнүүлсэн бөхчүүдэд талархал илэрхийлмээр байна.  Энэ бүх гэрэл гэгээтэй зүйлүүд нь олон жилийн угжирсан хэрүүл, маргаан явсан Монголын чөлөөт бөхийн холбоонд “хөгжлийн гэрэл, гэгээ” оруулсан сайхан зүйл байлаа.

          Үзэгч хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн өрсөлдөөн үнэхээр ширүүрхэн тулааныг өрнүүлэв. “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн аварга, хоёр гавьяатын өрсөлдөөн гайхалтай байв. С.Цэрэнчимэд гавьяатын хурд, хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн, мэхний гүйцэтгэл сайн байсан.  Харин сэтгэл зүй, анхаарал төвлөрөлт жаахан дутагдав уу гэж харагдлаа. Хожиж яваад барилдааныг төгсгөлд анхаарал суларсан байдлаас болж харамсалтай ялагдал хүлээв.

         П.Орхон гавьяат 62 кг-д түрүүлсэн хэдий ч, дэлхийн аварга болсон үеийнхээ хуучин эрч, хүчтэй байдалдаа хүрэх болоогүй л байна. Гэхдээ тэрбээр олон жилийн туршлага, тайван байдал,  хүч, бяр, эцсийн мөч хүртэл тэмцэж чадаж буй сэтгэл зүйн тогтвортой байдал нь үнэхээр сайн байлаа.

         Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн финалын барилдаан үнэхээр гал гарсан ширүүн өрсөлдөөн дунд өндөрлөв. Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат Т.Тулга харамсалтай ялагдал хүлээллээ. Хэт яарч, хурдан хожих гэсэн бодол нь түүнийг тушчих шиг болсон. Магадгүй жаахан биеэ барьсан, хэт хичээсэн нь түүнийг барилдаанд муугаар нөлөөлөсөн байх. Гэхдээ Т.Тулга гадны бөхчүүдтэй хамгийн сайн барилдаж чаддаг билээ. Тэрбээр ДАШТ-ээс хүрэл медаль хүртчихээд дараа жил нь буюу 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрахад ялагдаж, эд сайн үедээ ДАШТ-д оролцож чадалгүй өнжсөн. 2022 оны ДАШТ-ий өмнө сорил хийж өгөөч гэсэн хүсэлтийг МЧБХ-д гаргасан боловч түүний хүсэлтийг авч хэлэлцээгүй өнгөрсөн билээ. Харин 2023 оны УАШТ-д түрүүлж, ДАШТ-д оролцож, шүүгчийн буруу шүүлтийн улмаас хохирсон.

           Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Ц.Цогтбадрахын хувьд дотоодын тэмцээнд сайн барилддаг. Гадаадын бөхчүүдтэй харин тааруухан барилддаг гэмтэй. Ц.Цогтбадрах хэт хүлээсэн, харж, хариу мэх хийж, хоёр номероор барилддаг нь магадгүй түүний сул тал байж магадгүй юм. Тэрбээр Т.Тулгыг ялчихаад сэтгэлийн хөөрлөө барьж дийлэхгүй, өрсөлдөгчөө, үзэгч, спорт сонирхогчдыг үл хүндэтгэсэн зохимжгүй үйлдэл гаргасан. Энэ нь түүний сэтгэл зүй тогтворгүй байгаагийн тод жишээ яах аргагүй мөн. Биеэ, сэтгэл зүйгээ барьж, захирч  чадахгүй бөх, барилдаанаа хянаж, захирч чадахгүй байдаг тал бий. Т.Тулга,Ц.Цогтбадрах хоёрын хэн нь олимпод орохыг цаг хугацаа л харуулах байх. Ямар ч байсан Ц.Цогбадрах ирэх дөрөвдүгээр сард Азийн олимпын эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Тэрбээр хожимдсон ч гэсэн, УАШТ-ий аваргын төлөөх барилдаандаа сэтгэл хөдлөлөө, ёс зүйгүй буруугаар илэрхийлсэндээ МУГТ Т.Тулга болон бөх сонирхогчид болон үзэгчдээсээ уучлалт хүссэн байна.

           Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн барилдаан өрсөлдөөнтэй боллоо. Олимп, дэлхийн хүрэл медальт МУГТ Бат-Очирын Болортуяа, дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Батхуягийн Хулан хоёр үнэхээр гайхалтай, уран гоё, дайчин барилдааныг гаргаж чадлаа. Б.Хулангийн онцлог нь дөрвөн мөчний тэнцвэртэй барилдаан сайтай бөх байна. Түүнийг хөл мэх даацтай, хариу үйлдэл үзүүлэх чадвар, өрсөлдөгчийн барилдааныг мэдэрч чадаж байгаа нь амжилт гаргахын гол үндэс болоод байгаа. Харин Б.Болортуяа биеэ барьсан, хэт яарч, мэхээ дутуу гүйцэтгэлтэй, барилдаанаа хянаж чадаагүй байдал нь ялагдал хүлээх гол шалтгаан болчих шиг боллоо.

         Эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль Б.Мөнх-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт, хашир туршлагатай бөх ОУХМ, З.Занабазарыг ялж түрүүлэв. МУГТ Д.Отгонжаргалын эзгүйд М.Мөнхгэрэл түрүүллээ. Үнэхээр сайн залуу бөх энэ жинд гарч ирлээ. М.Мөнхгэрэл жилийн өмнө МУГТ Ц.Цогтбаяр багшийн нэрэмжит тэмцээн дээр Д.Отгонжаргал гавьяатыг ялж байсан билээ. Гэхдээ гавьяат Д.Отгонжаргал олимпын эрхээ хэдийнэ авчихсан байгаа.

           Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан жин өгсөн 76 кг-ын жинд барилдаж түрүүллээ. Тэрбээр дээд жингийнхээ шилдэг тамирчдыг дараалан ялж улсын аварга болсон. Дөрөвдүгээр сард Азийн олимпын эрх олгох тэмцээнд барилдах эрхтэй боллоо.

           Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Чинзориг үнэхээр сайн барилдаан хийж түрүүлэв. Тэрбээр Э.Тэмүүлэнг ялж, улсын аварга болсон. Түүнд асар их нөөц боломж, дайчин чадвар, барилдаанаа хянах мэдрэмж байгаа нь сайн зүйл юм. М.Мөнхгэрэл, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Анударь, Т.Энхжин, П.Номин-Эрдэнэ, З.Болортунгалаг, Ц.Чинзориг, О.Сүлдхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл нар үнэхээр сайн барилдлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


Монголын чөлөөт бөхөд “хөгжлийн салхи” сэвэлзээд эхэлсэн бололтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188