• Өнөөдөр 2024-05-11

Б.ЭРХЭМБАЯР: ЖҮДО БӨХТЭЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ ААВТАЙ МИНЬ ХОЛБООТОЙ

2023-11-15,   2307

Жүдо бөхийн “Ulaanbaatar-2023” гранд сламын аварга, “Парис-2023”, “Анталья-2023” гран слам тэмцээний мөнгө, “Абу Даби-2023” гранд сламын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчиний “Алдар” спорт хороо, “Хангай” констракшны тамирчин, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяртай ярилцлаа. Тэрбээр Эргэлт.мн сайт, “Монголын жүдо академи”-аас хамтран хүргэж байгаа “JUDO TALK” подкастын дугаарын зочноор уригдан оролцсон юм.

-Танд “Абу Даби-2023”  их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Та өөрийгөө болон өөрийн гаргасан амжилтыг товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Баттогтохын Эрхэмбаяр гэдэг. Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчиний “Алдар” спорт хороо, “Хангай констракшны тамирчин, 66 кг-ыг жинд барилддаг. Дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж яваа. Жүдо бөхийн “Их дуулга”-ын нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай.

-Жүдо бөхтэй хэрхэн холбогдов. Аав тань Увсын алдартай багш шүү дээ?

-Аав оюутны дөрвөн жилээ сурч төгсөөд нутагтаа очоод жүдо бөхийн клуб байгуулсан байдаг. Тэр клубээс нь олон шилдэг тамирчин төрөн гарсан. Түүний нэг нь МУГТ, “Лондон 2012” олимпын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир байгаа юм. Мөн Ганын Түвшинжаргал, Батсуурь, Төрөөгийн Баасанхүү, улсын начин Ганзориг гээд бий.

Миний жүдо бөхтэй холбогдсон түүх яах аргагүй аавтай холбоотой. Би чинь ихэр байгаа юм. Ихэр бид хоёр хар багаасаа л аавын дэвжээн дээр очиж ноцолдож өссөн. Бид хоёрыг аав гэрийн хоёр талаас гарган дэвүүлж, шавуулдаг байв. Харин бид, аав, ээжийг байхгүй үед бэлтгэл хийж байна гээд  багана руу авирч гараад, толгойгоо доош харуулан дүүжлэгдэн буудаг байв.

Япончууд жүдо бөхөөр хэдэн настайгаасаа эхлэн хичээллэснээ мэддэггүй шиг, бид ч гэсэн хэдий үеэс жүдогоор хичээллэсэн бэ гэдгээ мэддэггүй. Аав бусад тамирчидтай тулж ажиллахаас биш, өөрийн хүүхдээ зөнд нь хаячихна. Яг нөгөө “Загасчны морь усгүй” гэдэг шиг. Магадгүй их хайрлаад тэгдэг байсан ч байх.

Яг миний шилжилтийн насны үед манайх Тэс сумаас Улаангом руу шилжиж ирээд нэг хэсэг аав, дэвжээгүй явсан. Тэр үед би ч бэлтгэл, сургуулилалт хийж чадахгүй завсардсан. Түүнд аав одоо их харамсдаг юм билээ. Тэр үед дэвжээтэй байсан бол “Миний хүү арай л өөр байх байсан даа” гэдэг. Харин надад нэг их муудсан зүйл байхгүй юм шиг л санагддаг. Аав сайн тамирчдыг төрүүлж гаргасан болохоор тэдний хэмжээнд намайг бэлтгэхийг хүсдэг байсан байх.

-Аав чинь жүдогийн ямар мэхийг анх зааж өгсөн бэ?

-Хоёр барьцтай үүрэх мэхийг, хав золгосон барьцнаас шахаж татах мэхийг заасан. Бага байхдаа сурсан үүрэх, хөл тавих мэхийг одоо хүртэл хийж л байна даа.

-Хэвтээ барилдаанд их сайн барилддаг шүү дээ?

-Хэвтээ барилдаан их чухал байдаг. Босоо барилдаанаас хэвтээ барилдаанд хурдан шилжих, шилжилтүүдийг манай бөхчүүд бэлтгэл дээр төдийлөн давтаж, хийхгүй орхигдуулаад байдаг тал бий. Босоогоос, хэвтээ барилдааны шилжилт, залгаасыг маш сайн хийж сурах нь чухал. Хэвтээ барилдаанд сайн байвал ялалтыг богино хугацаанд авах боломжтой. Надад жюү жицүгийн хэвтээ барилдааны техникүүд их сонирхолтой, гоё санагддаг.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн гадаад, дотоодын ямар тэмцээний барилдаан байдаг вэ?

-Хамгийн анх  Дюсельдорфийн гран при тэмцээнээс 2018 онд хүрэл медаль хүртсэн барилдаан дурсамжтай санагддаг. Харин хамгийн харамсалтай барилдаан гэвэл 2017 онд болсон универсиад наадамд Ан Баул аваргатай финалдаж, мөнгөн медаль авч байсан барилдаан байна. Цаг дуусахын өмнөхөн намайг хөмөрсөн юм. Уг нь би тэр мэхэнд нь унаагүй. Гэтэл тэр мэхэнд вазари үнэлгээ өгч цаг дуусахын өмнө хожигдож байлаа.

-2023 онд зургаан тэмцээнд оролцсон байна. Үүний дөрвөн гранд слам тэмцээнээс дөрвөн медаль авчээ. Харин “Мастерс” болон ДАШТ-ээс хараахан медаль хүртэж чадаагүй байна уу?

- 2023 он гараад  Парисын гранд сламаас мөнгө, сарын дараа Туркийн Антальяагаас мөнгөн медаль хүртсэн. Тэгээд ДАШТ-д яг тэр формтой дажгүй л орсон. Бага зэргийн судалгаа, тактикийн алдаа гаргасан. Цаг дуусаж байхад унаж үнэлгээ алдаж хожигдсон. Цаг дуусахаас өмнө үнэлгээ алдсан бол араас нь хөөж барилдах боломжтой байв. Цагийн төгсгөлд даралт авах шахаад л алдсан. Тэр жаахан харамсалтай санагдсан. Энэ миний анхны ДАШТ байсан. "Токио-2020" олимпын мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилийг хожсон бол медалийн төлөө барилдах үүд, хаалга нээгдэх байв. Харин намайг хожсон Гүржийн Маргвелашвилийг ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд манай Ё.Басхүү ялсан байгаа. Жингийн найз маань ДАШТ-ээс хүрэл медаль авсанд баяртай байсан.

-Монголын 66 кг-д Ё.Басхүү та хоёр тэргүүлээд гараад ирсэн. Ирэх жилийн “Парис-2024” олимпын наадамд та хоёрын хэн нь орох вэ гэдэг хүлээлт үүсээд байна. Олимпын сунгаанд өөрийгөө хэрхэн бэлтгэж байгаа вэ?

-Манай жин маш ширүүн өрсөлдөөнтэй, тэнцүү өрсөлдөгч олонтой. Ё.Басхүү бид хоёр хамтдаа бэлтгэл хийж, нөхөрлөж, хоёр биенээ хурцалж яваа. Одоо олимпын өрсөлдөөнд ороод ирчихлээ. Дэлхийн чансааны оноо дээр, доороо ороод л яваад байгаа. Олимпын ранк тустай үнэлэгддэг. Багш, дасгалжуулагчид гадаадын өрсөлдөгч бөхчүүдтэй хэн нь илүү сайн барилдаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнээд л яваа. Ирэх оны УАШТ ч гэсэн их чухал байх болов уу.

-“Улаанбаатар 2023” гранд сламд түрүүлсэн. Хүний амьдралд тохиолдог саад, бэрхшээлийг даван туулж ард нь гарах үед, түүнээс чухам ч юу сурч, өөртөө шингээж авав?

-Хүний амьдралд тохиолддог хэцүү, хүнд үе өнгөрөөд 7-8 сар болсны  дараа “Улаанбаатар 2023” гранд слам тэмцээнд оролцоод түрүүлсэндээ баяртай байсан. Тамирчин хүн сэтгэлийн хаттай, сахилга, баттай байх нь чухал. Тамирчин хүний амжилтад ар гэрийн амьдрал салшгүй холбоотой байдаг. Хувь тавилангаар би ганцаараа хоцорсон. Эхнэр, хүүхдээ алдсан. Тэр үед надад үнэхээр хэцүү санагдсан. Жүдогоор хичээллэхээ больдогч юм билүү гэж бодсон. Ар гэрийн хайртай, дотно хүмүүс байсан учраас, тэр хүмүүсийн дэмжлэгээр тэр хүнд үеийг даван  туулж гарлаа.

Тэр хүнд үе өнгөрөөд хоёр сарын дараа УАШТ болсон. Сэтгэл санаа тогтож өгөхгүй, уймраад л хүнд байсан. Тэр хүнд үеийг бэлтгэл, сургуулилалтаа хийсний хүчинд даван туулсан. Бэлтгэлээ хийж, өөрийн сэтгэл, санаагаа өөр зүйлд сатааруулсны хүчинд ард нь гарч чадлаа. Тийм хүнд зүйлийг даван туулж ард нь гарсны дараа сэтгэл зүйн хувьд илүү хүчтэй, сэтгэлийн хаттай болдог юм билээ. Өмнөговьд УАШТ болсон.  Би өөрийгөө финалдана гэж бодоогүй. Ямар ч байсан хичээж сайн барилдах ёстой гэж бодож байв. Тэгсэн финалдчихсан. Аваргын төлөө Сод-Эрдэнэ дүүд хожигдсон. Тэндээс юу ойлгож авсан бэ гэхээр, хүнд хэцүү зүйл хүн бүхэнд тохиолдоно. Хүн бүхэн өөрийн гэсэн хүнд хэцүү сорилтуудыг даван туулаад явж байгаа. Зөвхөн ганцхан надад ийм хүнд зүйл тохиолдоогүй.

Энэ чинь амьдрал, зовлон, жаргал ээлжилдэг жамтай. Бурхан хүнд өгөх ёстой юмыг даах хэмжээгээр нь өгч, ачаа үүрүүлдэг гэдгийг ойлгосон. Ээж маань “Бурхан жаргах хүнд зовлонг түрүүлж өгдөг юм. Зовлонг даван туулж гарвал, жаргал ирдэг юм” гэж хэлсэн. Тэндээс би ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон ч бууж өгч болохгүй юм байна. Цаана нь үргэлжлээд зөндөө амьдрал байгаа юм байна. Тэр хүний төлөө цаашид улам хичээх ёстой юм байна гэдгийг илүү ухаарсан. Олимп, дэлхийн тавцанд тэр хүнтэй цуг байх ёстой юм байна гэсэн зорилго тавьсан. Хүн ер нь амьдралын хатуу, ширүүн зовлонгийн өмнө бууж өгөхгүй, түүнийг даван туулж гарах ёстой юм билээ.

-Жүдо бөхөөс гадна чөлөөт цагаараа юу хийдэг, юу сонирхдог вэ?

-Хайртай, дотно хүмүүстэйгээ л цуг байхыг илүү чухалчилдаг. Тамир хүнд амралт их чухал байдаг. Биеийн амралтаас гадна  тархины амралт хэрэгтэй. Тархи сайн амарч байж гэмээн бие сайн амралт, сэргэлт авдаг юм билээ. Хайртай, дотно хүмүүстэйгээ цуг байхад барилдаан бодогдохгүй, тархи сайхан амардаг. Ер нь хүнд хобби байх ёстой. Амралт, чөлөөт цагаараа найз нартайгаа сагс тоглодог. Хөгжим сонирхдог. Гитар хөгжим тоглох дуртай. Бие дааж, бичлэг үзэж, сурах гэж хичээж байна.  Боломж гарвал сургалтад явж үзмээр л санагдаад байгаа. Манай Ө.Дүүрэнбаяр их гоё гитар, төгөлдөр хуур хөгжим тоглодог. Э.Ариунболд, Ц.Цогтбаатар,  Ё. Басхүү нар их сайхан дуулдаг авьяастай. Хамт байхад их гоё хөгжилтэй хүмүүс.

 

 

 


 

 


Б.ЭРХЭМБАЯР: ЖҮДО БӨХТЭЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ ААВТАЙ МИНЬ ХОЛБООТОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-15 23:53:56
    Зочин: Дүүүдээ амжилт Зовсны эцэст жаргал ирнэ Том амжилт урд чинь бии
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-15 23:41:39
    Зочин: Улам их амжилт хүсэe
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188