• Өнөөдөр 2024-05-11

Т.УЯНГАА: Азийн наадмын медалийн төлөө шалгарна гэдэг сэтгэл догдлом мөч байв

2023-11-11,   649

“Ханжоу 2022” Азийн спортын наадам Хятад Улсын Ханжоу хотод болсон билээ. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Төмөрөөгийн Уянгаатай ярилцлаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Төмөрөө овогтой Уянгаа гэдэг.

-Одоо хэдэн настай вэ?

-Би одоо 21 настай.

-Ямар сургуульд сурч байна. Аль клубийн тамирчин бэ?

-Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын IV курсийн оюутан. Би Монголын жюү жицүгийн холбооны шигшээ багийн тамирчин. “Гаруда” академийн тамирчин.

-Жюү жицүгийн ямар бүс, зэрэг, цолтой вэ?

-Жюү жицүгийн цэнхэр бүс, гуравдугаар дантай.

-Жюү жицүгийн спортыг яагаад сонирхогч хичээллэх болов?

-Анх muaythai спортоор биеэ хамгаалах гэж хичээллэж байгаад, жюү жицү хийж үзье гээд бэлтгэлд орсон. Эхний нэг сар шантарсан, олон ч удаа больсон. Тэгээд өөрийгөө сорьж үзэх гээд бүсний ангилалтай улсын аваргад бүртгүүлчихсэн. Гэхдээ мэдээж хичээллээд удаагүй болохоор хожигдсон. Би ер нь шартай болохоор тэрнээс хойш Мөнх багшаасаа тэмцээн дээр гаргасан алдаагаа асуугаад л бэлтгэлээ улам сайжруулж эхэлсэн. Мөн манай жюү жицүгийн гэр бүл маш халуун дулаан дотно хүмүүс байдаг нь миний энэ спортод дурлах нэг шалтгаан болсон.

-Жюү жицүгээр хичээллээд удаж байгаа юу?

-Одоо жюү жицүгээр  бараг тав дахь жилдээ хичээллэж байна.

-Жюү жицүгээр олон улсын тэмцээний туршлага хэр хуримтлуулж байна вэ?

-Жюү жицүгийн олон улс, тив, дэлхийн нийт  7-8 тэмцээнд оролцсон. Хамгийн том тэмцээн нь Азийн наадам “Ханжоу 2022” байсан. Тэгээд бүсний ангилалтай, ангилалгүй дэлхийн аварга, Азийн аварга болон гран при зэрэг тэмцээнд оролцож туршлага хуримтлуулж байгаа.

-Жюү жицүгээр гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?

-Бүсний ангилалгүй улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль авч байлаа. Бүсний ангилалтай улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөн алт, хүрэл медаль хүртсэн. “World Cup Beach Thailand” тэмцээний хүрэл медальтай.

Азийн наадам “Ханжоу 2022”-ын тавдугаар байр, дэлхий аварга шалгаруулах тэмцээний долдугаар байрын шагналтай. “No-Gi” улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Дотоодын уралдаан тэмцээнүүдээс гэвэл “Dornogovi Open”, “Mnue Open”, “DZ open”, “Condition Cup” гэх мэт тэмцээнээс зургаан алтан медальтай.

-“Ханжоу 2022” Азийн XIX дэх удаагийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн. Эхний тойргийн өрсөлдөөнд өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медаль Казахстаны Иссаханова Ассемханыг ялсан. Харин АНЭУ-ын тамирчинд ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Хятадын Ву Гуаншанийг ялснаар хүрэл медалийн төлөө шалгарсан байх аа?

-Тэгсэн. Ер нь энэ удаагийн тэмцээн миний оролцож байгаа хамгийн том тэмцээн байсан. Тийм ч учраас өөрийнхөө хувьд бүхий л хувийн бэлтгэл,  жин хасах, нойр, хоол, бэлтгэлээ зохицуулах гээд бүгдэд нь маш сайн анхаарсан. Эхний барилдаан дээр гарахад сандралтай байсан ч багш тайвшруулж барилдаандаа төвлөрөхөд тус дэм болсон. Тэрнээс хойш бүх барилдаан дээрээ сандраагүй.

- Азийн наадмын хүрэл медаль их л ойрхон байлаа. Хүрэл медалийн төлөө Тайландын тамирчин Тан Печрада Касиятай барилдаж хожигдсон. Ямар алдаа гаргаад түүнд ялагдав аа?

-Азийн наадмын хүрэл медалийн төлөө шалгарна гэдэг маш сэтгэл догдлом мөч байсан. Үнэхээр тэр дэвжээн дээр олон удаа барилдаж, жюү жицүгийн гоё зүйлийг мэдэрмээр байсан учраас бүх барилдаан дээрээ өөрийгөө тултал дайчилсан. Хүрэл медалийн төлөө барилдаан дээр барилдааны эхэнд өөрийнхөө бодож байсан барьцаа авсан. Гэхдээ барьц солих гэж байгаад алдсан учраас пасслуулж гурван оноо алдсан. Гэхдээ өрсөлдөгч тамирчин маш их бяртай, бас хар бүстэй мундаг тамирчин байсан.

-Сая болсон жюү жицүгийн ДАШТ-д яагаад явсангүй вэ?

-Би энэ жил төгсөх курсийн оюутан болохоор хичээл, ном ихтэй байгаа. Азийн наадамд 9-10 дугаар сард оролцоод хичээлээсээ бага зэрэг хоцорсон. Тиймээс хичээлээ нөхөх, дадлага хийх гээд хичээл, сургалтадаа анхаарч байгаа.

–Жүдо, самбо болон бусад бөхийн төрлөөр барилддаг уу?

-Жюү жицүгээс өөр ямар нэгэн бөхийн төрлөөр барилддаггүй.

 

 

 

 

 

 


 

 


Т.УЯНГАА: Азийн наадмын медалийн төлөө шалгарна гэдэг сэтгэл догдлом мөч байв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188