• Өнөөдөр 2024-05-17

Э.НОМИНТУЯА: АЛДААНААСАА САЙН СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

2023-10-30,   1232

 Дэлхийн тулааны спортын наадам энэ сарын 19-30-ны өдрүүдэд Саудын Арабт болж өндөрлөв. Тус наадмын самбо бөхийн 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, самбо бөхийн Азийн тивийн аварга  Энхбаатарын Номинтуяатай ярилцлаа.

 -Дэлхийн тулааны спортын наадмын самбо бөхийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тулааны наадмаас хэзээ эх орондоо ирэв?

        -Та сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Бид арвандугаар сарын 23-ны өдөр эх орондоо ирсэн байгаа.

-Дэлхийн тулааны урлагийн наадамд хэдэн барилдаан хийв. Хамгийн хүнд барилдааныг аль улсын бөхтэй хийсэн бэ?

       -Дэлхийн тулааны урлагийн наадамд гурван барилдаан хийсэн Хамгийн хүнд барилдаан гэвэл Румын Улсын бөхтэй хийсэн барилдаан байлаа. Зооны аваргын төлөөх барилдаандаа таарсан. Румыны бөх үнэхээр “Хатуу чулуу” мэт барилдаантай бөх шиг л санагдсан. Надаас биеэр жижигхэн ч хүнд гартай, их бяртай, маш хатуу барилдаантай бөх байсан. Түүнтэй 0:0-ээр оноо авалгүй тэнцсэн юм. Гэтэл надад сануулга өгч, сануулгаар хожигдол хүлээсэн. Харин хүрэл медалийн төлөө Оросын бөхтэй барилдаж ялсан байгаа.

 -Тулааны спортын наадмын самбо бөхийн төрөлд яагаад манай улсаас хоёрхон тамирчин оролцсон юм бол. Манай бөхчүүдийн амжилт, чансааны оноо доогуур байв уу?

       -Тийм ээ. Тулааны наадамд манай улсаас самбо бөхөөр хоёрхон тамирчин оролцсон. Казахстан Улсын Астана хотод зургадугаар сард насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Тус Азийн аваргад 1-2 дугаар байрт шалгарсан тамирчдыг Арабын Riath хотод болсон дэлхийн тулааны спортын наадамд урилгаар урьж оролцуулсан юм. Би Азийн аваргаас алтан медаль хүртсэн учраас оролцох эрхтэй болсон. Азийн аваргаас медаль хүртсэн бусад тамирчид маань байсан ч гэсэн оролцох жин нь байгаагүй учраас яваагүй юм.

-Энэ 2023 онд оролцсон тэмцээн бүрээсээ “Ганзага” хоосонгүй ирээд байна. ОХУ-ын Екатеринбург хотноо болсон дэлхийн оюутны спортын Фестивалийн самбо бөхийн тэмцээнээс мөн хүрэл медаль хүртсэн байх аа?

        -Тийм ээ. Энэ жил надад ээлтэй сайхан жил байлаа. Одоо арваннэгдүгээр сарын 5-ны өдөр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явах гээд л бэлтгэлээ базааж байна. ДАШТ-д бүх чадлаараа, хамаг байдгаа дайчлан барилдахыг хичээнэ.

-Оюутны фестивальд ОХУ-ын бөх Е. Василеваг хожоод, Оросын өөр нэг бөх Э. Какрамановад хожигдон, дагах барилдаанд ОХУ-ын бөх С. Семеноваг хожиж хүрэл медальт авсан билүү?

          -Оюутны фестиваль ОХУ-д болсон гэдэг утгаараа учраа бүхэн маань Оросын бөхчүүд байсан. Оросын Э. Какрамановаг хожих боломж зөндөө л гарсан. Харин тэр боломжийг би ашиглаж чадаагүй нь жаахан харамсалтай. Гэхдээ алдаанаасаа сайн суралцах хэрэгтэй гэж бодож байгаа. Алдаа гэдэг хүнд том сургамж болж үлддэг шүү дээ.

- Самбо бөхийн Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 7-11-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астанад болжээ. Тэр Азийн аваргаас ямар медаль хүртсэн юм бэ?

           -Тийм ээ. Түрүүн ярьсан даа. Азийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Үнэхээр сайхан мөч байсан шүү. Миний бэлтгэлийг сайн хангаж өгсөн МУГТ Үүрийнцолмон багш,  Монголын самбо бөхийн холбоо, хамтран бэлтгэл хийдэг багийн хамт олон, найз нөхөд, ах, эгч нар, ар талыг минь дааж үлддэг гэр бүл, дэмжиж тусалдаг найз  нөхөд, сэтгэл зүйгээр дэмжсэн Гоо найздаа үнэхээр их баярлаж явдаг.

 -2012 онд самбо бөхийн Азийн аваргаас медаль хүртэж байсан юм уу?

               -Үгүй ээ. 2012 оны тэр үед дөнгөж л бөх болох гээд их спорт руу орж байлаа. Юу ч мэдэхгүй. Жаахан хүүхэд байсан даа.

 -Самбо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ. Анх барилдаж эхлэх үедээ 48 кг-ын жинд барилддаг байсан юм уу?

            -Анх жүдо бөхөөр 2012-2013 оны үеэс л хичээллэж эхэлсэн. Тэр үед 32 кг-ын жинд барилдаж байсан. Харин самбо бөхөөр 2022 оноос л яг тууштай хичээллэж байна даа.

-Самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?

             -Монгол Улсын өсвөр үеийн УАШТ-ий хошой хүрэл, залуучуудын улсын аваргын хүрэл, оюутны УАШТ-ий алт, хүрэл медальтай. Мөн Монголын бүх ард түмний их наадмын алт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Азийн аваргын алт, дэлхийн оюутны фестивалийн хүрэл, дэлхийн тулааны наадмаас хүрэл медаль хүртсэн амжилттай яваа.

-Яагаад бөхийн спортын сонгож хичээллэх болов?

            -Би багын л жаахан дүрсгүй, хөдөлгөөнтэй, эршүүд охин байсан. Дандаа хөвгүүдтэй тоглож, барилдана. Мөн хөл бөмбөг өшиглөнө. Эрэгтэй хүүхдийн тоглодог тоглоомоор л тоглож өссөн болохоор тэр ч юм болов уу. Бас дандаа эрэгтэй найз нартаа байлаа.

-Самбо бөхөөс өөр бөхийн төрлөөр барилддаг уу. Жүдо бөхөөр хэдэн кг-д барилддаг вэ?

        -Тийм ээ. Бөхийн бусад төрлөөр барилддаг. Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн 57 кг-ын жинд барилддаг.

 

 

 


 

 


Э.НОМИНТУЯА: АЛДААНААСАА САЙН СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 07:05:28
    Дүгэржав: Баяр хүргэе улам их амжилт хүсье сайхан барилдаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 07:05:26
    Дүгэржав: Баяр хүргэе улам их амжилт хүсье сайхан барилдаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188