• Өнөөдөр 2024-05-17

Б.ОТГОНБОЛД: БЭЛТГЭЛ САЙН БОЛОХООР ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРВАСАН

2023-10-17,   988

   "Ханжоу-2022" Азийн XIX наадмын байт харвааны сонгодог төрлийн ганцаарчилсан ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболдтой алтан медаль хүртсэн билээ.  Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Баатархуягийн Отгонболдтой ярилцлаа.

-“Ханжоу 2022” Азийн XIX наадмын аварга болсонд баяр хүргэе. Азийн наадмыг зохион байгуулагч Хятадын харваач Жи Шиан Шоу-тай алтан медалийн төлөө өрсөлдөж харвахад хэр догдлолтой байв?

        -За маш их баярлалаа. Азийн наадмын алтан медалийн төлөө, тус наадмыг зохион байгуулагч эзэн орны тамирчинтай өрсөлдсөн. Хятадын хөгжөөн дэмжигчид олон байлаа.Тэмцээний талбай руу орохоос өмнө хүлээлгийн танхимд байхад жаахан догдлолтой байсан. Тэгээд яг тэмцээний талбай руу орсон чинь огт догдлол, сэтгэл хөдлөл байхгүй, сэтгэл зүй тогтвортой нэг л тайван болчихсон. Миний нэг давуу тал гэвэл нүргэлсэн хөгжөөн дэмжигчдийн шуугиан дунд төвлөрч харваж чаддаг онцлогтой.

 -Таны анхаарал төвлөрөлт Хятадын тамирчнаас илүү байх шиг харагдсан. Ер нь өөрийгөө хэр сэтгэл зүй тогтвортой тамирчин гэж боддог вэ?

        -Ерөнхий дөө Азийн наадамд миний анхаарал төвлөрөлт, бэлтгэлжилт сайн байлаа. Бэлтгэл сайн байсан болохоор ямар ч улсын тамирчинтай харвахад сандрах, айж бэргэх асуудал гараагүй. Өөртөө бүрэн итгэлтэй байв. Энэ бүхэн өндөр амжилт гаргах үндэс болсон байх.

-Азийн наадмын алтан медалийн харваанд арав дээр харваад байсан. Сүүлийн сумыг жаахан алдаж 8-9-ийн хооронд харвасан уу?

     -Миний хувьд бэлтгэл гоё, сайн таарсан болохоор өндөр оноо аваад эхэлсэн. Тийм болохоор түүнд нь урамшаад илүү хичээж, нямбай, нягт, хий гаргахгүй харвахыг хичээсэн. Ер нь Азийн наадам болохоос өмнө миний харвааны оноо дээшлээд эхэлсэн. Бэлтгэл сайн байсан учраас түүнийг дагаад сэтгэл зүй өндөр байв. Азийн наадмын алтан медалийн хамгийн сүүлийн харвааны өмнө өрсөлдөгч Хятадын тамирчин 27 оноотой болсон юм. Түүний өмнө би арав дээр хоёр оносон байв. Хятадын тамирчны оноог хараад гэнэт л төвлөрөл алдагдсан тал бий. Би ер нь найм харвахад болох юм байна гэсэн бодол зурс хийгээд ороод ирсэн. Магадгүй тэр бодлоос болоод бага зэрэг догдлол, сандрал бий болж, төвлөрөл сарниад, салганах, бага зэргийн чичэргээ үүсэх шиг санагдсан. За тайван хичээж, харваж чадвал энэ сум шар дотор тусна даа гээд тавьсан чинь ес дээр буусан. Тэгэж л сүүлийн харваагаар ялалтыг авч Азийн аварга болсон байгаа.

-Азийн наадмаас өмнө тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу. Байт харваагаар хичээллээд удаж байгаа юу?

         -Энэ удаагийн “Ханжоу 2022” Азийн наадам миний оролцож байгаа хоёр дахь Азийн наадам. Анх Жакартагийн Азийн наадамд 2018 онд оролцож байсан. Холимог баг болон эрэгтэй багийн харваанд хүрэл медалийн төлөө харваж ялагдаж байлаа. ДАШТ-д хоёр удаа, Азийн аварга, дэлхийн цом гээд олон тэмцээнд оролцож байсан. Байт харваагаар 2009 оноос эхлэн “Алдар” спорт хороон дээр хичээллэсэн. Түүнээс хойш 14 дэх жилдээ байт харваагаар хичээллэж байна.

 -Монгол Улсын байт харвааны спортод 45 жилийн дараа анхны алтан медалийг эх орондоо авчирч түүхэн амжилт тогтоолоо. Дэлхийн аварга, МУГТ Д.Дэмбэрэл гуайгаас хойш гаргасан хамгийн том амжилт биз?

      -Монголын хамгийн анхны дэлхийн аварга цолыг байт харваагаар МУГТ Должингийн Дэмбэрэл гуай хүртэж байсан. 2008 оны Бээжингийн олимпоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав ах маань олимпын аварга болж байлаа. Харин миний алтан медаль Азийн наадмаас монголын байт харваачдын авч байгаа анхны алтан медаль.  

- Та Азийн наадмаас  “Парис 2024” олимпын эрхээ авчихлаа. Манай бусад харваачдад олимпын эрх авах тэмцээн хэд байгаа вэ?

     -Тийм ээ. “Парис 2024” олимпын эрхээ авсан. Хувийн эрхийг авсан болохоор одоо эрэгтэй тамирчдын хувьд багийн олимпын эрх авахыг хичээж, зүтгэнэ. Эмэгтэй тамирчид хувийн болон багийн харваанд олимпын эрх авахын төлөө эрх олгох тэмцээнд өрсөлдөнө. Одоо арваннэгдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн олимпын эрх олгох юм билээ. Тийм болохоор багаараа олимпын эрх авахын төлөө бэлтгэл, сургуулилалтаа хийж байна. Хамгийн сүүлийн олимпын эрхийг Турк Улсад болох дэлхийн цомын тэмцээнээр олгоно.

 -Манай эмэгтэй харваачид сүүлийн   олимпын  наадмуудад их сайн харвасан. Энэ удаагийн Азийн наадамд жаахан тааруухан оролцов уу?

          -Манай эмэгтэй харваачдын хувьд ОУХМ Б.Урантунгалаг эгч маань байна. Лондонгийн олимпод амжилттай оролцож байлаа. Токиогийн олимпод оролцсон. Манай эмэгтэй тамирчид боломжийнхоо хэрээр чадахаараа хичээсэн. Өөр, өөрсдийн үзүүлсэн амжилтадаа дүн шинжилгээ хийгээд, олимпын эрх олгох тэмцээнд илүү өндөр амжилтын төлөө зүтгэх байх.

-Эрэгтэй багийн харваад боломжийн харваж байсан.  Хятадын хүчирхэг багийг буулган авсан байх аа. Шигшээ харваанд чухам ямар алдаа гаргав?

        -Эрэгтэй багийн хамгийн эхний учраа Хятадын хүчирхэг баг байсан. Бид Хятадын багийн 5:1-ээр буулган авч шигшээ наймд шалгарч үлдсэн. Дөрөвний нэгийн хасагдах шатны харваанд Энэтхэгийн багтай таарч 4:4-өөр тэнцсэн. Миний хувьд аравтай жаахан ойр ес дээр харваад байлаа. Нэмэлт харваанд манай тамирчинд харвах цаг бага үлдсэн болохоор жаахан яарч харваад алдсан тал бий.

 -“Парис 2024” олимпын бэлтгэлээ хаана базаах төлөвлөгөөтэй байгаа вэ?

      -Олимпын бэлтгэлийг яаж хийх талаар би сайн мэдэхгүй байна. Манай Байт харвааны холбооны удирдлагууд, багш, дасгалжуулагч нар л ярилцаж, зохицуулах болов уу.

 

 

 

 

 


 

 


Б.ОТГОНБОЛД: БЭЛТГЭЛ САЙН БОЛОХООР ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРВАСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188