• Өнөөдөр 2024-05-17

Ц.БАТЦЭЦЭГ: БАРИЛДАХАА БОЛИХ ГЭЭД, ХАЯЧИХАЖ ЧАДАХГҮЙ Л БАРИЛДААД БАЙГАА

2023-10-16,   2034

“Ханжоу 2022” Азийн наадмын кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Цог-Очирын Батцэцэгтэй ярилцлаа. Самбо, кураш бөхийн дэлхийн аварга тэрбээр Азийн наадмын хошой хүрэл медальтан болсон билээ.

 -“Ханжоу 2022” Азийн наадмаас кураш бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Хятадын бөх Юү Даныг ялах боломж байв уу?

-Маш их баярлалаа. Надад баяр хүргэж байгаа бүх хүнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.Тамирчин хүн бүр ялахын төлөө дэвжээнд гардаг. Ялна гэж бодож байсан. Өмнөх барилдаан дээр хүнд барилдаан хийсэн хурдан буцаж сэргэлт авч чадалгүй хятадын Yu Dan-тай барилдсан. Yu Dan намайг сайн судалсан байна лээ. Миний баруун гарыг дараад би барьцандаа хүрч чадахгүй хожигдсон.

-Өмнөд Солонгосын Ан Ес Үл, Тайванийн Ли Ван Тин нарыг ялж хүрэл медаль хүртсэн юм уу?

-Манай жинд 13 тамирчин орсон. Узбек кураш бөхийн зооны аваргын төлөө буюу шигшээ дөрөвт үлдэж байж,  хүрэл медаль авдаг юм. Өмнөд Солонгосын Ан Ес Үлийг барилдаан эхлэх үед л тонгорох мэхээр цэвэр ялсан. Тайванийн бөх  Ли Ван Тингтэй цаг дуустал барилдсан. Барилдаан эхлээд торгуулиад цаг дуусахад нэг минут дутуу байхад этэх мэхээр үнэлгээ авсан. Дахиж торгуульлах эрх надад байхгүй. Цагаа дуусгах гэж хамаг хүч чадлаа шавхсан. Жин их хассан болохоор зуураад гар бадайраад, чанга барилдаан болсон шүү.

-Босоо барилдаантай кураш бөх өөрт чинь хэр зохицдог вэ?

-Кураш бөхөөр барилдах нь дажгүй шүү. Хөл нь хөлтэйгөө, гар хөлд хүрч болохгүй болохоор тонгорох этэх мэхээр өрсөлдөгчөө хождог.

-Энэ удаагийн Азийн наадмын кураш бөхийн төрөлд манай улсаас хэдэн тамирчин барилдав?

-Азийн наадамд кураш бөхөөр эмэгтэй гурав, эрэгтэй гурван тамирчин явсан. Дасгалжуулагчаар Б.Ганбаатар багш Монгол Улсаа төлөөлөн оролцсон байгаа. Эмэгтэй 52 кг-ын жинд  давхарлаж Лхагвахүү, Ганцэцэг нар барилдсан. Би 70 кг-ын жинд хүч сорьсон. Эрэгтэй 66 кг-д Энхболд, 90 кг-д Дашзэвгэ, нэмэх жинд гавьяат Ө.Дүүрэнбаяр оролцсон.

-Та  жүдо, самбо, жюү жицү, кураш гээд бөхийн олон төрлөөр барилдах юм. Бөхийн спортоор арай залуудаа хичээллэсэн бол илүү өндөр амжилт гаргах байж дээ. Яагаад оройтож бөхийн спортыг сонирхож, сонгох болов?

-Бага байх даа, барилдах санаатай бэлтгэл сургалтад хамрагдаж явсан. Аав, ээж хоёр дургүйцээд барилдуулаагүй юм. Яагаад дургүй байсан бэ гэхээр би нэг эгчтэй. Эгч чөлөөт бөхийн анхдагчдын нэг. Эгч жиндээ сайн барилдаг байв. Гадагшаа тэмцээнд явдаг сайн тамирчин байлаа. Малчин гэр бүлийн хувьд санхүү хэцүү шүү дээ. Хоёр охиноо барилдуулах нь хүнд байсан байх. Тийм болохоор тухайн үед дургүйцэж байсан болов уу. .Би багаасаа л барилдах дуртай байлаа. Оройтсон ч гэсэн ажлынхаа хажуугаар өөрийнхөө хоббигоор оройн цагаар ажил тараад бэлтгэл хийж эхэлсэн. Аливаа зүйлийн цаг нь болохоор болж бүтдэг. Тийм болохоор харамсдаггүй. Одоо байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-Жүдо бөхөөр хэдэн удаа УАШТ-д түрүүлэв. Ахмад тамирчин гээд улсын шигшээ багт авдаггүй тал бий юу?

- Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад гурван удаа түрүүлж байсан. 2019-2020 оны хооронд үндэсний шигшээ багт орсон. Нэг жил шигшээ багтаа багтаж, бэлтгэл сургалтад хамрагдсан. Гадагшаа дөрвөн тэмцээнд явж үзсэн ч тухай нь тэмцээнүүддээ амжилт гаргаж чадаагүй. Тэгээд л өөрийн хүсэлтээр шигшээ багаас гарсан. Магадгүй анх 2015 онд түрүүлэх үедээ шигшээ багт орсон бол арай өөр байх байсан даа гэж  хааяа боддог. 2019 онд жүдо бөхийн УАШТ-д гурав дахь удаа түрүүлээд шигшээ багт орсон. Монголынхоо бөхийн таван өөр төрлийн шигшээ багт орж чадсандаа баяртай байдаг.

-Ер нь жүдо бөхөөс бусад төрлөөр дэлхийн аваргаас медаль хүртсэн байх. Тив, дэлхийд аваргад гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?

-Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван хүрэл медальтай. Ази тив болон дэлхийн цом, том наадмуудаас авсан олон медалиуд байгаа. Сая Азийн наадмаас кураш бөхөөр хүрэл авсан. Хоёр өөр бөхийн төрлөөр Азийн наадмаас медаль авсан монголын анхны тамирчин болсон байна лээ.

-Жүдо бөхийн ахмадын УАШТ-д барилдаж байсан. Гэтэл залуу бөхчүүд УАШТ-д өөрт тань ялагдчихаад байдаг. Тэр бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт муу байна уу. Таны бэлтгэл, барилдааны арга барил үнэхээр сайн байгаад учир байна уу?

-Залуу дүү нарын бэлтгэл сургалт сайн байгаа. Тэдний гар чанга болсон байна лээ. Миний хувьд ажлынхаа хажуугаар амралтын өдрүүдээр бэлтгэл хийдэг болоод 3-4 жил болж байна. Яг барилдахаа болих гээд бас бүүр хаячихаж чадахгүй л барилдаад байгаа. Гадагшаа явах тэмцээнээ их цөөхөн болгосон.

-Дүү чинь бас жүдогоор хичээллэдэг гэв үү. Дүүгийнхээ бэлтгэл, сургуулилалтад хэр анхаарал хандуулдаг вэ?

-Отгон дүү Сүнжидмаа жүдо, самбо бөхөөр барилдаж байгаа. Анх дүүдээ ингэж барилддаг юм гэж, зааж өөрийнхөө хүслийг гүйцээгээд барилдаж эхэлсэн. Дүү нэг л мэдэхэд давгүй тамирчин болсон байсан. Өөрөө барилдах нь дүүгээ барилдуулахаас амар санагддаг шүү. Дүүгээ ялагдах үед өөрөө ялагдаж байгаагаас  илүү хэцүү, үнэхээр сэтгэлд хүнд тусдаг .Одоо дүүтэйгээ хамт 2023 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа. Дүү маань 65 кг-ын жинд, харин  би 72 кг-ын жинд барилдана.

-Одоо цаашдаа аль бөхийн төрлөөр ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Яг тийм, ийм тэмцээн гэж төлөвлөсөн юм байхгүй байна. Миний барилдаад байгаа бөхийн төрлүүд олимпын төрөлд ордоггүй. Тийм болохоор улсаас авдаг цалин байхгүй. Бүх тэмцээний зардлаа өөрөө гаргадаг. Сүүлийн үед оролцох тэмцээнээ нэг их төлөвлөхгүй байгаа. Ямартай ч арваннэгдүгээр сард болох самбо бөхийн дэлхийн аваргад явна.


 

 


Ц.БАТЦЭЦЭГ: БАРИЛДАХАА БОЛИХ ГЭЭД, ХАЯЧИХАЖ ЧАДАХГҮЙ Л БАРИЛДААД БАЙГАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-18 19:45:25
    Хуягочир: Гавьяатын болзолоо хангасан хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-18 07:20:15
    Наваан : Энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж байгаа тамирчны нэг яах аргагүй мөн иймд монгол улсын гавьяат тамирчин гэдэг алдар цолыг өгөх нь зүйтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-17 23:30:54
    Unshigch : Delhin avarga bolooroi
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188