• Өнөөдөр 2025-02-05

ЖИЖИГ БИЕТЭЙ Ч ТОМ БАРИЛДААНТАЙ Ц.МӨНХЗАЯА

2023-07-22,   3030

     Кувейт Улсад 2015 онд болсон  жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жингийн алтан медалийн төлөөх гайхалтай, нэгэн сонирхолтой, зүрх шимшрэн барилдаан жүдо бөх сонирхогчдыг сэтгэлийг уярааж, баярын нулимс урсахад хүргэсэн. Тэр барилдааны ялагч нь Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа байсан юм.

   Ази тивийн аваргын төлөө Ц.Мөнхзаяа, Японы жүдоч Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж вазари үнэлгээгээр ялж, тивийн аваргын хошой медальтан болсон. Тэрбээр финалын барилдааны цаг дуусахаас 17 секундын өмнө зүүн мөрөндөө гэмтэл авсан ч тэсвэр хатуужилтайгаар барилдаанаа дуусгасан билээ.

     Ц.Мөнхзаяа гавьяат Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд мултарсан мөрөө өөрөө оруулчихаад,  дусал ч нулимс унагалгүйгээр шүд зуун барилдаанаа үргэлжлүүлж байлаа.  Японы бөх Нишикава, Ц.Мөнхзаяагийн гэмтэл авсан гартай нь барилдах тактик хэрэглэн, гараас нь зуурч, хөшиж,  бүр сүүлдээ аргаа бараад өчиг мэх хийсэн билээ. Гэвч Ц.Мөнхзаяа сэтгэлийн тэнхээ, тэсвэр, тэвчээрийн туйл гэж ямар агуу зүйл байдгийг харуулан буулт хийлгүй, тэвчиж барилдааныг цагийг өндөрлүүлэн, вазари үнэлгээгээр ялалтыг авч Ази тивийн аварга болсон. Түүнээс өөр тамирчин байсан бол мөр нь мултарсан, гар нь хугарч мэдэх тийм аюултай барилдаанд шууд буулт хийх байсан биз. Өчих мэхээр буулган авч чадахгүй ялагдал хүлээхдээ Японы тамирчин ихэд гайхаж “шок”-д орчих шиг харагдсан. Барилдааны цаг дуусахад Мөнхзаяагийн ялалтад итгэж чадахгүй алмааран харсаар татамигаас бууж байлаа.

     Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа айлын отгон охин юм билээ. Дээрээ таван эгчтэй. Аав нь түүнийг төрөхөд хүү байгаасай гэж ихэд хүссэн гэдэг. Цэдэвсүрэн гуай хүүтэй болох, тэр тусмаа бөх болох хүүтэй болохыг мөрөөддөг байсан бололтой. Тэгээд ч тэр юм уу. Мөнхзаяаг сургуульд орсон цагаас нь эхлэн  “Миний охин барилдах уу” гэж их асуудаг байсан гэнэ лээ.  Харин Мөнхзаяа “Та юу яриад байгаа юм” гээд их дургүйцдэг байж.

     Тэгсэн нэг өдөр, 2001 онд аавтайгаа хамт жүдогийн тэмцээн үзсэн нь түүний үзэл бодол, сонирхлыг бүрэн өөрчлөгдөхөд нөлөөлжээ. Тэмцээн үзсэний дараа бөхийн спортын талаар өөрийн эрхгүй бодогдоод л байж.  Бодох тусам бөхийн спорт гоё санагдсан гэнэ лээ. Тэгээд л аавдаа “Та намайг бөхийн секцэнд бүртгүүлээд өгөөч” гэхэд аав нь ихэд гайхсан гэдэг. Ингэж Цэдэвсүрэн гуай охиноо Спортын төв ордон дээр дагуулж ирэн, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Буядаа багшийн гарын шавь болгосон түүх эхэлжээ. Тэр үед Мөнхзаяа 15 настай жаахан охин байв. Тухайн үед “Монгол охид”, “Мяндас”, “Женко” гэсэн охидын гурван хүчтэй клуб байлаа. Аав нь Мөнхзаяаг хурдан амжилт гаргахыг нь сэтгэлдээ битүүхэн тэсэн ядан хүлээдэг байж. Тийм болохоор  “Чи хурдан мэх сайн хийж сур” гэж захиж хэлнэ. Мөнхзаяа 17 настайдаа залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлжээ. Аав нь Мөнхзаяаг анхны тэмцээнээсээ медаль, цом аваад ирэх үед нь их баярласан” гэдэг. Харин Мөнхзаяа гавьяат аавынхаа амьд, сэрүүнд нь олимп, дэлхийгээс медаль авч баярлуулж чадаагүй дээ. Хөнгөн гуниг тээж явдаг юм билээ.

       Бусад тамирчдын нэгэн адил Ц.Мөнхзаяагийн спортын замнал шулуун дардан замаар яваагүй.  Бэртэл, гэмтэл, мөр, өвдөгний бэртэл, бэлтгэлийн уналт, сэргэлт, амьдралын уйтгар гуниг, баяр баясгалан, ялагдлын гашуун гуниг, харуусал, ялалтын гайхалтай мөчийг тэрбээр бие сэтгэлээрээ амтлан мэдэрч туулсан. Ц.Мөнхзаяагийн “Лондон 2012” олимпын наадамд хийсэн барилдаан Монголын жүдо бөхийн түүхэнд мөнхрөн үлдэх гайхамшигтай мөртлөө, харамсал дагуулсан тэмцэл болсон билээ. Олимп наадмын гуравдугаар тойрогт Францын бөх, дэлхийн хошой аварга Жеврис Эманетай таарсан. Түүнтэй үндсэн болон нэмэлт цагт үнэлгээ авалцаагүй. Тэгээд ялагчийг шүүгчид тодруулах болоход 2:1-ээр Ц.Мөнхзаяа ялалт авч Монгол түмнээ баярлуулсан билээ.

    Хагас шигшээд Словений жүдочин Афины олимпын хүрэл, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай Урска Зольнертой таарсан. Ц.Мөнхзаяа, Урска Зольнерийг Амстердамын гран прид минут хүрэхгүй хугацаанд ядах юмгүй цэвэр ялж байсан юм. Тийм болохоор өөртөө дэндүү итгэлтэй барилдсан байж магадгүй. Өрсөлдөгчөө хэтэрхий сул үнэлэн барилдаад ялагдчихсан мэт санагддаг. Амстердамд  Ц.Мөнхзаяа, Зольнерийг ялсан хойш унаж шидэх мэхээ хийсэн ч  амжилт олоогүй.  Лондон 2012 олимпод Урска Зольнерийн “Од нь гийсэн” байв. Тэр үнэхээр онцгой байж, бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж олимпын аварга болсон билээ.

      Ингээд Ц.Мөнхзаяа Лондон 2012 олимпын хүрэл медалийн төлөө Японы Ёшиэ Үэнотой барилдаж, торгуулиар ялагдсан. Шүүгчид илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж Японы бөхөд ялалтыг заачих шиг болсон. Бага буурай орны бөхийн гашуун эмгэнэлтэй хувь заяатай эвлэрэхээс өөр арга зам түүнд байгаагүй юм. Лондонгийн олимпын дараа Ц.Мөнхзаяа ээж болоод дэвжээнээсээ хоёр жил гаран хөндийрсөн. Жүдо бөх сонирхогчид түүнийг зодог тайлчих вий хэмээн эмзэглэн харж байв.  Харин тэр жүдо сонирхогчдынхоо итгэлийг алдалгүй эргэн ирж, дэлхийн аваргаас хүрэл медаль авч, дэлхийд нэрээ данслан үлдээсэн юм. Астана 2015 ДАШТ-ий хүрэл медалийн төлөө, дэлхийн аварга Израилийн бөх  Ярден Гербийг буулган авч дэлхийн медальтнуудын эгнээнд багтан орсон юм.

    Ц.Мөнхзаяа 63 кг-ын жингийн бөхчүүд дотроо жижиг биетэй, намханд тооцогдоно. Гэхдээ тэр “Том” уран гоё, үзүүштэй барилдаантай” бөх. Ер нь Ц.Мөнхзаяа тонгорох, үүрэх, шидэх, “том үнэлгээ” авах мэхийг сайн хийдэг байсан. Хэрэв бэртэл, гэмтэл аваагүй байсан бол түүнд илүү их том амжилт гаргах нөөц боломж бүрэн байсан билээ. Тэрбээр өөрийн жингийн бэлтгэл хангагч ОУХМ Ц.Цэрэннадмид, Ази тивийн аварга, ОУХМ Б.Ганхайч, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг нартаа чамгүй сайн өрсөлдөөн өрнүүлж, тэднийг сайжрахад чухал нөлөө, түлхэц үзүүлсэн. Тийм дээ ч Балдоржийн Мөнгөнчимэг, Ц.Мөнхзаяа эгчийнхээ итгэлийг алдалгүйгээр ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

 

 

 


 

 


ЖИЖИГ БИЕТЭЙ Ч ТОМ БАРИЛДААНТАЙ Ц.МӨНХЗАЯА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-23 13:48:47
    Jagaa: Мөнхзаяа сайн тамирчин.Цэдэвсүрэн ах охиноо бөх болгож байгаа талаараа ярьдаг байсан их сайхан зантай яриа хөөрөөтэй их түшигтэй хүн байсан.Хүүхэд байсан блохоор Мөнхзаяаг сайн танихгүй хожим нь ээжтэйгээ жигтэйхэн адилхан хөдөлмөрч дайчин зоригтой бөх болсонд талархан баярлаж явдаг.Сайхан ханьтай ээжийгээ сайхан асарч явааг сонсоод баярлаж явдаг.Амьдралд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-23 11:05:59
    Ард: Буядаа гэж дэлхийн бөх байсан даа. Ямар бөх байсныг нь Баянаа аварга сайн мэднэ дээ.Сэтгүүлчид нэг асуугаад үзээсэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188