• Өнөөдөр 2024-05-16

Боксчид дэлхийн аваргыг мөнгө, хүрэл медальтай өндөрлүүлэв

2023-05-16,   676

Cонирхогчдын боксын 2023 оны эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-ний өдрүүдэд Узбекистан Улсын Ташкент хотод болж өндөрлөв. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 107 орны 538 тамирчин оролцсон юм. Монгол Улсын арван тамирчин хүч үзэж нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багийн дүнгээр  долдугаар байрт жагсаж 100-н улсыг ардаа орхив. ДАШТ-ийг зохион байгуулагч, дэвжээний эзэн орон Узбекистан Улсын боксчид таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлэв.

Хоёрдугаар байрт Казахстан Улсын баг дөрвөн алт, нэг мөнгөн медальтайгаар оров. ОХУ-ын баг хоёр алт, дөрвөн хүрэл медальтайгаар гуравдугаар байрт шалгарсан. Куба Улсын хүчирхэг баг нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж дөрөвдүгээр байрт, Францын баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж тавдугаар байр, Гүржийн баг нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар зургадугаар байр, Монгол, Бразил, Азербайжан тус бүр нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар долдугаар байрыг хуваан эзэллээ.

2009 оны Миланы дэлхийн аваргад манай хоёр боксчин финалдаж, алтан мөнгөн медаль хүртэв байв. Бээжин 2008 олимпын мөнгөн медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба 48 кг-ын жинд алтан медаль хүртэж, дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирч байлаа. Мөн тус ДАШТ 17 настай Нямбаярын.Төгсцогт  мөнгөн медаль хүртэж байв.  Харин Б.Чинзориг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин боллоо. Өмнө нь Равсалын Отгонбаяр, Түмэнцэцэгийн Үйтүмэн, Энхбатын .Бадар-Ууган, Нямбаярын Төгсцогт, Лутсайханын .Алтанцэцэг нар дэлхийд үзүүрлэж байсан билээ.

Б.ЧИНЗОРИГ ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг-д Жакарта-2018 Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, цэхгийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг 63.5 кг-ын жингийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдсэн. Б.Чинзориг нэгдүгээр тойргийн тулаандаа Австралийн М.Маклериг 5:0-ээр буулган авсан. Хоёрдугаар тойргийн тулаандаа Камеруны М.Оумароуг мөн л  5:0-ээр ялсан. Гуравдугаар тойргийн тулаандаа Конго Улсын боксчин Ф.Мулумбаг 5:0-ээр хожсон.

Хүрэл медалийн төлөөх тулаандаа Куба Улсын Ласаро Альваресыг 4:1-ийн харьцаатай оноогоор буулгаж авсан. Харин мөнгөн медалийн төлөөх тулаандаа  Тажикстан Улсын 25 настай Усмонов. Баходур Усмоновыг ялсан. Тажикстаны боксчин Токио 2020 олимпын наадамд оролцож, наймны нэгийн финалд Узбекистаны Эльнур Абдураимовт ялагдаж байсан тамирчин юм. 2019 оны Азийн аварга,  2021, 2022 оны Азийн аварга шалгаруулах хос хүрэл медальтай, Тажикстан Улсын олон удаагийн аварга тамирчин байлаа. Б.Чинзориг Тажикстаны Усмонов. Баходур Усмоновтой хийсэн тулааны эхний үед илт илүүрхсэн. Харин хоёрдугаар үеэс Усмонов урагш дайрч эхэлсэн ч манай тамирчин туршлага заан, ялалт байгуулж чадсан юм. Ийнхүү Б.Чинзориг шүүгчдийн саналаар 4:1-ээр ялж, мөнгөн медалийн болзол хангасан билээ.

Харин медалийн өнгөө өөрчлөхийн төлөөх тулааныг Узбекистаны Руслан Абдуллаевтай хийсэн. Алтан медалийн төлөөх тулаанд 2022 оны Азийн аварга, эзэн орны 21 настай боксчин Руслан Абдуллаевт 5:0-ээр ялагдсан. Шүүгчид Узбекистаны боксчинг илт дэмжсэн шүүлт хийсэн. Бусад алтан медалийн тулааны шүүлт ч гэсэн Узбекистаны боксчдыг дэмжсэн байдлаар явагдаж өндөрлөсөн билээ.

Б.МИШЭЭЛТ ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Ташкент 2023 боксын ДАШТ-ий 67 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Мишээлт тулалдсан. Тэрбээр нэгдүгээр тойргийн тулаандаа  Алжирын Х.Крамауг 5:2-оор ялсан. Хоёрдугаар тойргийн тулаанд Армений Г.Мадояныг 4:3-аар буулган авсан. Хүрэл медалийн төлөөх тулаандаа Венесуэлийн Кристиан Паласиог ялсан билээ.

Харин мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдлөө.  Узбекистаны 22 настай Асадхужа том тэмцээнд түрүүлж байгаагүй ч наймны нэгийн финалд Куба Улсын олимпын хошой аварга, дэлхийн аварга Роньель Иглесиас Сотолонгог ялсан тамирчин байлаа. Тулаан манай тамирчны довтолгоогоор эхэлсэн ч аажимдаа Узбек тамирчин давамгайлж эхлэн, эхний хоёр үеийг Асадхужа Муйдинхужаев таван шүүгчийн санал нэгтэй 20:18-аар тэргүүлсэн.

Сүүлийн үеийн тулаанд Б.Мишээлт оноогоо нөхөх гэж дайрсан ч оноо авч амжилгүй 5:0-ээр ялагдал хүлээсэн юм. Ийнхүү Б.Мишээлт ДАШТ-ийг хүрэл медальтай өндөрлүүлж 50 мянган ам.долларын шагнал хүртсэн юм.

 

 

 

 

 


Боксчид дэлхийн аваргыг мөнгө, хүрэл медальтай өндөрлүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188