• Өнөөдөр 2025-02-05

ЧӨЛӨӨТИЙНХӨН АЗИЙН АВАРГЫГ АЛТАН МЕДАЛИАР ӨНДӨРЛҮҮЛЭВ

2023-04-16,   921

Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 9-14-ний өдрүүдэд  Казахстан Улсын Астана хотод боллоо. Манай улс чөлөөт бөхийн төрөлд Астанагийн дэвжээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаа илгээснээс нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртлээ.

Азийн аваргаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-ын жинд алтан медаль, Гавьяат тамирчин, дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон 62 кг-д мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-д мөнгө, залуу тамирчин Чинболдын Отгонтуяа 55 кг-д мөнгө, Токио 2020 олимпын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа 53 кг-ын жинд хүрэл,  ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга 61 кг-д хүрэл, залуу тамирчин Олонбаярын Сүлдхүү 74 кг-д хүрэл, ОУХМ Ганбаатарын Ганхуяг 92 кг-д хүрэл, ОУХМ Энх-Амарын Даваанасан 72 кг-ын жинд хүрэл медаль авав. Монголын эрэгтэй бөхчүүд 120 оноогоор багийн дүнгээр дөрөвдүгээр байрт, эмэгтэй бөхчүүд 117 оноогоор багийн дүнгээр зургадугаарт байрт орсон амжилт гаргав.

Үүнээс илүү өндөр амжилт гаргах нөөц, боломж, ур чадвар манай бөхчүүдэд байлаа. Монголын чөлөөт бөхийн холбоо УАШТ-ийг хэт оройтож, Азийн аварга шалгаруулах тэмцээн болохоос нэг сарын өмнө хийсэн нь тамирчдын амралт, сэргэлт авах боломжийг үгүй хийсэн шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Ганцхан сарын бэлтгэлтэй Азийн аваргын тэмцээнд орсон гэхэд боломжийн амжилт үзүүллээ.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-ын жинд улсын хошой аварга, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг барилдав. Тэрбээр 50 кг-ын жингийн тэгшитгэлийн барилдаанд өнгөрсөн жилийн Азийн аваргад финалдаж ялагдаж байсан. 2021 оны Ослогий дэлхийн аварга Японы Ремина Ёшимототой хийсэн. Тус барилдаанд манай бөх 10:0-ээр оноогоор цэвэр ялагдсан. Ц.Намуунцэцэгийн бэртэл нь барилдаанд нь муугаар нөлөөллөсөн тал бий.

Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг-ын жинд тун хүнд сугалаа татсан. Тэрбээр хэсгийн эхний барилдаанаа 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Саритатад ялагдав. Манай бөх хоёрдугаар тойрогт 2019 оны залуучуудын Азийн аваргын хүрэл медальт БНХАУ-ын Жуомалагад 6:4-өөр дийлдэж хэсгээсээ гарах боломжгүй болсон.

Өсвөр үеийн 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Эрдэнэсувд  Вьетнамын Thi Anh TRAN-тай таарсан. Манай бөх цэвэр ялж, дараагийн шатанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Японы Саэ Нанжотой барилдаж,  оноогоор цэвэр ялагдсан.

Б.Эрдэнэсувд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Аншу Маликтай өрсөлдсөн. Малик бол 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай бөх. Түүнд манай бөх 10:0-ээр оноогоор цэвэр ялагдаж, медаль авч чадсангүй.

Гавьяат тамирчин ДАШТ-ий гурван хүрэл медальт, Баатаржавын Шоовдор 65 кг-ын жинд барилдсан. Энэ жинд бөхчүүд хоёр хэсэг болон тойргоор барилдсан юм. Манай бөхийн хэсэгт Энэтхэг, Хятад, Узбекистаны бөхчүүд байлаа. Манай бөх эхлээд Энэтхэгийн Маниша Манишатай таарсан.  Тэд хэн хэнээ хянасан эхний үеийн барилдаанд  1:0-ээр Маниша тэргүүлсэн. Дараа нь нэмж торгуулиар нэг оноо алдан, нийлбэр оноо 2:1-ээр ялагдал хүлээсэн. Манай бөх дараа нь Хятадын бөхөд оноогоор цэвэр ялагдсан. Харин хэсгийн сүүлийн барилдаанд Узбекистаны Ariukhan JUMABAEVA-г цэвэр ялсан юм. Гэвч хоёр ялагдал, нэг ялалттай Б.Шоовдор хагас шигшээд барилдах боломжгүй болсон.

Насанд хүрэгчдийн Ази тивийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Ниша Нишатай учраа таарч, 10:10-аар ялагдал хүлээсэн. Хүрэл медалийн төлөө Хятадын Feng ZHOU-тай барилдлаа. Азийн наадмын хошой аварга, Азийн хошой аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай бөх Хятадын бөхөд 9:2-оор ялагдаж, медальд хүрч чадсангүй.   

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 86 кг-ын тэгшитгэлийн барилдаанд Иракын Мустафа Абдулбашит Абдуал Обаидиг 14:4-өөр ялснаар 1/4 шигшээд шалгарсан юм. Харин 1/4 шигшээд 2018 оны залуучуудын дэлхийн аварга, 2019 оны “U23” насны ДАШТ-ий хүрэл медальт Японы Хаято Ичигүрод 12:2-оор ялагдсан.

Эрэгтэйчүүдийн 79 кг-д ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж тэгшитгэлийн барилдаанд Иракын Мустафа Абдулбашит Абдуал Обаидиг 14:4-өөр ялснаар 1/4 шигшээд шалгарсан юм. Харин 1/4 шигшээ барилдаанаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны Азийн аваргын хүрэл медальтай Энэтхэгийн Депактай хийв. Тус барилдаанд Б.Бямбадорж 4:1-ээр ялагдсан.

 “Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ын жинд цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганхуягийн Ханбүргэд 1/8 шигшээ барилдаанд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Ёшиносүкэ Аоягид 9:19-өөр ялагдав.  “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баасанцогтын Өлзийсайхан 97 кг-ын жинд тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ираны бөх Можтаба Голейжтэй барилдаж 12:0-ээр оноогоор цэвэр ялагдсан.

М.ЛХАГВАГЭРЭЛ ХҮНД ЖИНД 22 ЖИЛИЙН ДАРАА АЗИЙН АВАРГААС АЛТАН МЕДАЛЬ АВЧИРЛАА

“Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Астанагийн дэвжээнд 125 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа нэг ялж, хоёр удаа ялагдаж байсан “U23” ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны бөх Юсуп Батырмурзаевыг нутгийн дэвжээн дээр нь хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нь 1:1-ээр сүүлийн оноогоор ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг найман жилийн дараа эх орондоо авчирлаа. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д хамгийн сүүлд 2001 онд гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр Азийн аварга болж байжээ. Харин М.Лхагвагэрэл ийнхүү 22 жилийн дараа Азийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ.

П.ОРХОН ЕСӨН ЖИЛИЙН ДАРАА АЗИЙН АВАРГААС ДАХИН МӨНГӨН МЕДАЛЬ АВАВ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга,  “Алдар” спорт хороо, “Аваргууд академи”-ийн бөх, Пүрэвдоржийн Орхон таван жилийн дараа Азийн аваргын дэвжээнд зодоглож мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Киргизстан Улсын бөх Айсулуу Тыныбековатай хүч үзэж 9:5-аар ялагдал хүлээв. Түүнийг ялсан киргиз бүсгүй тав дахь удаагаа Ази тивийн аварга боллоо. П.Орхон гавьяат Азийн аваргад гурван удаа финалдаж хоёр дахь мөнгөн медалиа зүүв. Тэрбээр 2018 онд Бишкект аваргалж, 2014 онд Алматад, 2023 онд Астанад мөнгөн медаль зүүж байна. П.Орхоны хувьд  бэлтгэл хийж, формдоо ороогүй байгаа гэхэд боломжийн хэмжээнд барилдлаа. Түүний барилдааны мэдрэмж сэргээгүй байгаа нь ажиглагдсан. Хөл авч байгаа бөхийг мэдэрч, хамгаалж чадахгүй байна. Хурд нь жаахан буурч, хариу үйлдэл, реакци үзүүлэх хурд сул байв.  

Т.ТУЛГА  АЗИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Астанагийн Азийн аваргы 65 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр үдээс өмнө нь эхлээд гоц мөргөж шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Киргизстан Улсын Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн болон Азийн аварга Ираны Рахман Амузадтай анх удаа таарч барилдан 3:1-ээр ялагдлаа. Т.Тулга Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 41 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирч байна. Иран бөх түүний гарт эргэх мэхийг дутуу хийсэн алдааг ашиглан оноо авч хожлоо.

Ч.ОТГОНТУЯА АЗИЙН  АВАРГАД АНХ УДАА ЗОДОГЛОЖ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн улсын аварга, өнгөрсөн жилийн МБАТС-ын наадмын аварга “Алдар” спорт хорооны залуу тамирчин, спортын мастер Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртэв. Азийн аваргад анх удаа зодоглосон, Дорноговь аймгийн уугуул 22 настай түүний хувьд Вьетнам, Казахстаны бөхчүүдийн ялсан бөгөөд шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Пан Чянь Юйд 6:2-оор ялагдсан. Манай бөх финалд өрсөлдөгчөөсөө айж бэргэлгүй зоримог дайчин барилдсан ч аргагүй туршлага дутаж ялагдлаа.

Б.БОЛОРТУЯА АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ АВАВ

“Токио-2020” олимпын наадмын хүрэл, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа Астанагийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2021 оны Азийн дэд аварга Тайваний Мэн Шуан Сиг 10:0-ээр ялсан. Б.Болортуяа гавьяат насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа зодоглож анхны медалиа зүүлээ.

Т.ТҮВШИНТУЛГА ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА МЕДАЛИА ИХЭРЛҮҮЛЭВ

“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Азийн аваргын сүүлийн өдөр 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Астанагийн дэвжээнд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Узбекистаны Сардор Рузимовтой хүндхэн барилдаан хийж 4:4-өөр ялснаар шагналын тавцанд зогссон. Т.Түвшинтулга 4:3-аар хожигдож яваад цаг дуусахаас дөрвөн секундын өмнө Узбекийн тамирчныг дэвжээнээс гаргаж ялалтын оноогоо авлаа. Узбекистаны бөх Т.Түвшинтулгын нүүр рүү мөргөж, хамраас нь цус гаргасан хэдий ч тэвчээр, туршлага зааж ялалтыг манай бөх авч чадлаа. Т.Түвшинтулга 2016 онд Бангкокт болсон Азийн аваргад энэ жинд анхны хүрэл медалиа зүүж байсан бол долоон жилийн дараа Астанад дахин медалийн тавцанд зогсч медалиа ихэрлүүлж чадлаа.

Э.ДАВААНАСАН ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ТИВЭЭСЭЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан өнгөрсөн жилийн Азийн аваргын хүрэл медалиа Астанад ихэрлүүлж хошой медальтан болов. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Азийн аваргын хүрэл медальтай Тайваний Пэн Цен Хуныг 11:0-ээр ялснаар шагналын тавцанд зогссон.

О.СҮЛДХҮҮ АЗИЙН АВАРГАД АНХ УДАА ОРОЛЦООД МЕДАЛЬТАН БОЛЛОО

Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд сүүлийн хоёр жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны залуу тамирчин, спортын мастер Олонбаярын Сүлдхүү хүрэл медаль авлаа. Тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 22 настай түүний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн ААШТ-д 79 кг-ын жинд Азийн аварга болж байсан БНСУ-ын Гон Бён Минтэй хүч үзсэн. О.Сүлдхүү өөрөөсөө 10 насаар ах Солонгос Улсын туршлагатай бөхтэй ямар ч хийгүй нягт барилдаан хийж 6:0-ээр ялсан юм.

Г.ГАНХУЯГ ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА МЕДАЛИА ИХЭРЛҮҮЛЭВ

2019 оны “U23” насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг 92 кг-ын жинд хүрэл медалиар энгэрээ мялаав. Г.Ганхуяг хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистан Улсын бөх Ажиняз Сапарниязовыг 10:0-ээр  оноогоор цэвэр ялсан. Тэрбээр 2019 оны Азийн аваргаас 86 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа жин өгсч медалиа ихэрлүүлэв.

З.ЗАНАБАЗАР ЭЦСИЙН МӨЧИД ЯЛАЛТАА АЛДАЖ МЕДАЛИАС МУЛТАРЛАА

“Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар 57 кг-ын хагас шигшээд өнгөрсөн жилийн Азийн аваргад хүрэл медаль хүртэж байсан Киргизстаны Алмаз Сманбековт 8:6-аар ялагдсан. Занданбудын Занабазар хүрэл медалийн төлөөх барилдаанд тун харамсалтай ялагдаж медалиас мултарлаа. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд эзэн орны Рахат Калжантай хийсэн бөгөөд 4:1-ээр илүүрхэж яваад эцсийн шүгэл дуугарахын өмнө хутгуулж дөрвөн оноо алдаж эцсийн мөчид ялагдаж медальгүй хоцорлоо.

Г.АРИУНЖАРГАЛ ЯПОНЫ БӨХӨД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭВ

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд 76 кг-д ОУХМ Ганбатын Ариунжаргал шөвгийн наймд Японы Мизүки Нагашиматай барилдаж 4:3-аар харамсалтай ялагдлаа. Г.Ариунжаргал Японы Нагашима Мизүкитэй эхний үеийг 3:0 тэргүүлсэн ч хоёрдугаар үед үүрүүлэн, хүнд байдалд орж, дөрвөн оноо алдсанаар 4:3-аар үнэхээр харамсалтай оноогоор ялагдсан. Ер нь манай  Г.Ариунжаргалд маш их нөөц, боломж харагдах юм. Цаашид илүү хичээхэд амжилт гаргах боломж байна.

 

 

 

 


ЧӨЛӨӨТИЙНХӨН АЗИЙН АВАРГЫГ АЛТАН МЕДАЛИАР ӨНДӨРЛҮҮЛЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188