• Өнөөдөр 2025-02-05

Шүүгчдийн луйвар, хансоку макэ нь “хэтэрсэн” Анатальяагийн “Гран слам”

2023-04-03,   4317

Турк Улсын Анаталья хотод  IJF-ийн “Гранд слам” тэмцээн гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээн ДАШТ-ий өмнө болж буй гэдгээр өвөриөц онцлогтой, өрсөлдөөнтэй боллоо. Анатальяагийн “Их дуулга” тэмцээнд 83 орны эрэгтэй 337, эмэгтэй 263 нийт 600 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 40 бөх, 66 кг-д 52 бөх, 73 кг-д 60 бөх, 81 кг-д 54 бөх, 90 кг-д 52 бөх, -100 кг-д 39 бөх, +100 кг-ын жинд 40 бөх барилдав. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 40 бөх, 52 кг-д 37 бөх, 57 кг-д 42 бөх, 63 кг-д 40 бөх, 70 кг-д 44 бөх, -78 кг-д 27,  бөх, +78 кг-ын жинд 33 хүч сорив.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хоёр бөх барилдлаа. Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан юм. Хоёрдугаар тойргийн барилдаанд Туркменстаны Hakberdi Jumayev-ыг, гуравдугаар тойрогт Молдавын Alehandri Tirsina-г, “С” хэсгийн аваргын төлөө Узбекистаны Dilshodbek Baratov-ыг ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдааныг Казахстаны залуу бөх Sherzod Davlatov- той хийсэн. Түүнийг вазари үнэлгээгээр хожиж яваад, шийдсэн тонгорох мэхэнд нь орж цэвэр ялагдан медальгүй үлдсэн. Э.Ариунболд 60 кг-ын жингийнхээ бусад бөхчүүдийг бодвол гадны бөхчүүдтэй хамгийн сайн, дайчин барилдаж байна.

Энэ жингийн “В” хэсэгт Бямбажавын Цогт-Очир хүч үзсэн. Тэрбээр эхний тойрогт Словяны David Starkel-ийг буулган авсан юм. Хоёрдугаар тойрогт Казахстаны Nurkanat Serikbayev-т хожигдож тэмцээнээ дуусгав. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү 66 кг-ын жингийн “С” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Германы Martin Setz-ийг ялаад, гуравдугаар тойргийн барилдаанд Францын залуу бөх Maxime Gobert-д ялагдсан. Тибилисийн “Их дуулга”-ын аварга Батзаяагийн Эрдэнэбаяр 73 кг-ын жингийн “А” хэсгийн эхний тойргийн барилдаанд Германы Gabler-ийг ялаад, хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, Heydarov-т хожигдов.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн “А” хэсгийн эхний тойргийн барилдаанд залуучуудын дэлхийн аварга Лхагвасүрэнгийн Сосорбарам, Киприйн Asvesta-д хожигдсон. Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн 57 кг-ын жингийн “D” хэсгийн эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Nan Wang-ыг ялаад, гуравдугаар тойрогт Словены Kaza Kajzer-т хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.  Тус жингийн “А” хэсэгт ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо Хятадын бөх Qi Cai-г вазари үнэлгээгээр тэргүүлж яваад hansoku make торгууль авч, харамсалтай ялагдал хүлээсэн. М.Ичинхорлоог  хөлд хүрсэн, Б.Эрхэмбаярыг сүлбэсэн, Ц.Цогтбаатарыг толгой дээрээ тулсан гэж hansoku make торгуулиар хөөж, өрсөлдөгч бөхөд ялалтыг өгсөн нь эргэлзээтэй шүүлт яах аргагүй болсон. Гэтэл зарим орны бөхчүүдийг толгой дээрээ тулж унахад торгууль өгөхгүй байв. Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн дүрэм тамирчин бүрт ялгавартай хэрэглэгдэж байгаа нь харамсалтай. Ер нь торгууль өгөөд барилдааныг зогсоож хөөх биш. Харин торгоод үргэлжлүүлэн барилдуулдаг байх нь зөв болов уу. IJF-ийн дүрмээ эргэн нэг харах байх гэж найдаж байна. Манай бөхчүүд үнэхээр сайн барилдаж байна. Харин 63, 70, -78 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан тун хангалтгүй хэвээр байсаар л байх юм. Энэ удаагийн тэмцээнд -78 кг-ын жинд бөх барилдаагүй.

Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч эхний тойрогтоо Узбекийн М.Нуроллоеваг итгэл төгс ялсан боловч хоёрдугаар тойрогт гартаа бэртэл авч, Туркийн бөх М.Акденизд ялагдав. Манай хоёр бөх 70 кг жинд зодоглосноос Б.Баасанжаргал эхний тойрогт Словен жүдоч А.Погакчикд ялагдав. Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекийн К.Разоккбэрдиеваг ялж улмаар гуравдугаар тойрогт Австрийн бөх М.Поллерест харамсалтай ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Болор-Очир барилдаж эхний тойрогт Испанийн С.Уркуизаг, дараагийн тойрогт  Английн Л.Мурхидийг буулган авсан боловч гуравдугаар тойргийн барилдаанд Азербайжаны Саид Моллайд ялагдлаа.

Манай улсаас тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн “С” хэсэгт ОУХМ Гантулгын Алтанбагана хүч үзсэн. Энэ жинд 54 бөх байгаа. Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Сербийн Darko Brasnjovic ялсан. Гуравдугаар тойрогт тэрбээр Перугийн Yuta Galarreta-д хожигдлоо. Эрэгтэйчүүдийн-100 кг-ын жингийн “А” хэсэгт Батхуягийн Гончигсүрэн өрсөлдөв. Тус жинд 40 бөх бий. Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Бразилийн Leonardo Goncalves-ийг ялсан. Гуравдугаар тойрогт Австрийн Aaron Fara-д ялагдав. О.Цэцэнцэнгэл эхний тойрогт хийлж, ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Алжирын Sofiane Mohamed Beirekaa-г ялсан. Гуравдугаар тойрогт Туркийн бөх Ibrahim Tatarogiu-д хожигдож тэмцээнээ өндөрлөв.

Ц.ЦОГТБААТАР ХАНСОКУ МАКЭГЭЭР ТОРГУУЛЬЖ, МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 60 бөх барилдсан. Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын.Цогтбаатар “С” хэсэгт барилдлаа. Тэрбээр Францын Орландо Казорла, Гүржийн Лука Капаназе, Азербайжаны Нурлан Османов, Германы Игор Вандтке нарыг тус тус ялсан. Шөвгийн дөрөвт Германы Igor Wandtke-г нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч  73 кг-ын жингийн алтан медалийн төлөө Италийн бөх Manuel Lombardo-той барилдах болсон. Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Ц.Цогтбаатар Ломбардогийн хийсэн мэхэнд хараа гаргаж гар дээрээ тулж эргэн үнэлгээ алдаагүй юм. Гэтэл шүүгчид түүнийг толгой дээрээ тулсан гэдэг үндэслээр хансоку макэ торгууль өгч, ялалтыг Ломбардоод өгөв.  

Ц.Цогтбаатар "Их дуулга"-аас  ийнхүү 13  дахь медалиа зүүгээд байна. Тэрбээр Абу Даби-2015 мөнгө, Парис-2018 хүрэл, Екатеринбург-2018 алт, Парис-2019 мөнгө, Парис-2020 хүрэл, Дюссельдорф-2020 хүрэл,Ташкент-2021 алт, Тбилиси-2021 алт, Баку-2021 хүрэл, Абу Даби-2021 алт, Парис-2022 хүрэл, Улаанбаатар-2022 мөнгө, Анталья-2023 мөнгө медаль аваад байна.

Б.ЭРХЭМБАЯР ХАНСОКУ МАКЭГЭЭР ТОРГУУЛЬЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Анаталья “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 52 бөх барилдсан. Манай тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр нэгдүгээр тойрогт Аргентины Kapin Adarvez-ийг, хоёрдугаар тойрогт Германы Lennart Slamberger-ийг, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Молдавын  Denis Vieru-г, ялсан юм.

   "А" хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Израилийн Tal Flecker-ийг ялсан. Улмаар шөвгийн дөрөвт дэлхийн аваргын хүрэл медальт Казахстаны бөх Gusman Kyrgizbayev-ийг ялж, аваргын алтан медалийн төлөөх барилдааныг Францын залуу бөх Maxime Gobert-той хийсэн. Түүнийг вазари үнэлгээгээр хожиж яваад хансоку макэ-ээр торгуульж, мөнгөн медаль хүртсэн.

Б.БААСАНХҮҮ,  Г.НАРАНЦЭЦЭГ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 40 бөх барилдсан. Манай улсаас тус жинд ОУХМ.Бавуудоржийн Баасанхүү, ОУХМ Ганбаатарын Наранцэцэг нар хүч сорьсон юм. Тэд сугалаагаар “С” хэсэгт хоёулаа орсон. Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөн ялалт авав. Хоёрдугаар тойрогт Испанийн бөх Eva Solar Ferez-ийг, гуравдугаар тойрогт Туркийн тамирчин  Merve Azak-ыг ялсан. “С” хэсгийнхээ аваргын төлөө Б.Баасанхүүтэй барилдаж гурван торгуулиар хожигдсон. Дагах барилдаанд Өмнөд Африкийн Geronay Whitebooi-ийг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд  Германы Katharina Menz-ийг хожиж хүрэл медаль авсан.

Харин ОУХМ Б.Баасанхүү эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Zongying Guo-г, гуравдугаар тойрогт Бразилийн Natasha Ferreira-г, “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Г.Наранцэцэгийг хожсон. Шөвгийн дөрөвт Францын Blandine Pont-д хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Amanda Lima-г ялж хүрэл медаль хүртлээ.

А.АДЪЯАСҮРЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +78 кг-ын жингийн “В” хэсэгт ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүч сорино. Энэ жинд 33 бөх бий. А.Адъяасүрэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Алжирын тамирчин Sonia Asselah ялсан. Гуравдугаар тойрогт Хорватын Helena Vukovic-тай барилдаж, даралтаар цэвэр ялалт авсан. А.Адъяасүрэн “В” хэсгийн аваргын төлөөх хариуцлагатай барилдааныг Украины Ruslana Bulavina-тай хийж мөн л түүнийг даралтаар хожлоо. Шөвгийн дөрөвт тэмцээнийг зохион байгуулагч, дэвжээний эзэн орон Туркийн бөх Kayra Sayit-тай барилдаж хожигдсон. Туркийн өөр нэг бөх Hilal Ozturk-тай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

 

 

 

 


Шүүгчдийн луйвар, хансоку макэ нь “хэтэрсэн” Анатальяагийн “Гран слам”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188