-Чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэсэн. Яагаад жүдо бөх рүү орох болов?
-Тийм ээ. Би анх чөлөөт бөхөөр барилддаг байсан. 2002 онд “Алтайн барс” клубт П.Чулуунбаатар багшийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод хөл тавьсан. Афины олимпоос Цагаанаа ахын хүрэл медаль хүртсэн тэр барилдааныг зурагтаар үзсэн. Тухайн үед би дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байсан юм. Олимпын наадмаас медаль хүртсэн Цагаанаа ахаар бахархах сэтгэл төрж, надад жүдо бөх сонирхолтой санагдсан. Тэгээд л 2004 оны Афины олимпын дараа найзтайгаа цуг Спортын төв ордонд очиж “Женко” клубт бүртгүүлсэн. Надтай цуг Спортын төв ордон орох хүн олдоггүй ээ.
Манай найз боксоор хичээллэдэг байсан юм. Тэдний заалны хажууд жүдогийн секц хичээллдэг байв. Тэгээд найзыгаа боксын секцэндээ явах үед нь дагаж явсан. Одоогийн самбо бөхийн зааланд жүдогийнхон бэлтгэл хийж байлаа. Хаалгыг татсан чинь халуун чийг, хөлсний үнэр хан хийсэн. Заал дүүрэн битгий хүүхэд, цонхны шил, ханын толь нь хүртэл халуун уур амьсгалд хөлөрчихсөн байв. Секцны хүүхдүүдийн дунд нэг “сөөнгө, эршүүд” дуутай эгч байна аа. Түүнтэй эгчтэй уулзлаа. Тэр эгч МУГД Шархүүгийн Цэвэлмаа багш байсан. Секцэнд орох гэж яваа учраа хэллээ. Тэгсэн толгой оройноос, хөлийн ул хүртэл нэвт шувт харж байна. “Чамд тэгээд кимоно байгаа юм уу. Маргааш ирээд бэлтгэл ороорой ” гэсэн.
-Өөрт чинь тэгээд жүдогийн кимоно байсан юм уу?
-Надад ямар юмнынх нь кимоно байх вэ. Биеийн тамирын хувцсаа өмсөөд л маргаашнаас нь жүдогийн секцэнд явж эхэлсэн. Түүний дараа таэквондогийн кимоно олж авсан. Тэгсэн энгэр нь битүү байдаг байгаа. Энгэрийг нь задалж, зах оёулж ширээд өмссөн. Түүний дараа хаанаас, хэнээс ч билээ нэг самбын куртка олж авсан. Аав надад шөнөжин сууж борцовка эсгэн, оёж өгч байлаа. Тэр гар хийцийн борьцовкийг цоорж, урагдтал нь бэлтгэлд өмссөн.
Сүүлд нэг хуучин жүдогийн кимоно олж авсан. Тухайн үед шинэ кимоно гэж байхгүй. Тамирчдаас хуучин кимоно худалдан авч байсан үе. Японоос тусламжийн кимоно ирнэ. Азтай нэг авна. Эсвэл бидний дээд үеийн шигшээ багийн бөхчүүд авчихна. Тэдний багадсан хуучин кимоныг л бид авдаг байлаа. Кимоно байхгүй, олдохгүй байхын хяслан, зовлон их байсан ч дуртай, сонирхолтой зүйлдээ явж байгаа болохоор яаж, ийж байгаад болгодог байв. Одоо бодоход их ичмээр. Ямар инээдтэй, юу өмсөж, бэлтгэл сургуулилалт хийдэг байсан бол гэж боддог шүү.
-Одоогоос зургаан жилийн өмнө 2017 онд Будапештийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Бэлтгэл хэр таарсан үе байв аа?
-Миний бэлтгэл 2017 онд их сайн таарсан үе байлаа. Оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртээд “Ганзага хоосон” байгаагүй. Бэлтгэл сайн байсан болохоор сэтгэл зүй өндөр, өөртөө итгэлттэй, барилдаж байв. Дэлхийн чансааны гуравт жагссан. Тийм болохоор ДАШТ-ээс медаль хүртчих боломж надад бий гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Жингийн бөхчүүд “жижиг ч юм шиг” харагдаад байлаа.
-Өмнөд Солонгосын дэлхийн аварга Ан Чан Римыг ялсан бол медалийн өнгөө хувиргах байсан даа. Дэлхийн аваргын өмнөхөн түүнийг ялсан байх аа?
-ДАШТ-ий өмнөх тэмцээн дээр би түүнийг ялсан. Тэр мэхээрээ унагана гэж бодсон минь том эндүүрэл болчихсон. Татаж байгаад мордоод унагах юм бодоод дэвжээнд гарсан. Гэхдээ би хэтэрхий яарчихсан л даа. Мэхний барьц ороод ирэхээр нь хийсэн чинь сөрж хутгуулаад хожигдсон. Тэр хожигдолд маш их харамссан. Уг нь би түүнийг хоёр торгуулиар илүүрхэж явсан юм.
-2017 оны дэлхийн аваргын тэр барилдаанаас өөр ялчих боломжтой үед хожигдсон харамсалтай барилдаанууд бий биз?
-Рио 2016 оны олимпод АНУ-ын бөхөд хожигдсон. Түүнийг хожвол 16 рүү орох байв. Тэр барилдаан их харамсалттай санагддаг. Үндсэн цагт үнэлгээ аваагүй. Нэмэлт цагийн барилдаанд би идэвх санаачилга гаргавал түүнийг хожих боломжтой байсан юм. Дутуу мэх хийгээд үнэлгээ алдаж хожигдсон. Миний л хариуцлагагүй байдлаас болсон барилдаан байв. Олимпын тэр хожигдол, алдаа надад том сургамж болсон юм шиг санагддаг. Олимпын дараа бэлтгэлдээ, барилдааны арга барилдаа өөрчлөлт хийхийг хичээсэн. Тэр хичээл зүтгэл минь 2017 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэх боломжийг нээж өгсөн шүү.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн дурсамжтай барилдааныг хэзээ хийж байв?
-2009 оны дэлхийн цомын тэмцээнд 19 настай байхдаа анх удаа орж үзсэн. Тэр тэмцээнээс анхны хүрэл медалиаа авч байсан юм. АНУ-ын бөхтэй таарч, үндсэн цагт үнэлгээ авч чадалгүй цаг сунгасан. Тэр үед таван минут барилддаг байлаа. Ёстой хамаг байдгаа шавхаж, тамираа тасартал үзээд шүүгчдийн хантайгаар ялалт авч хожсон. Дэвжээнээс бууж ирээд толинд харсан чинь нүд хөхөрчихсөн, хөмсөг задарчихсан, хамаг бие хөх няц болчихсон байж билээ. Яг л тулааны тамирчид зодолддог шиг аймаар юм болсон байсан. Тэр дэлхийн цомоос анхны медалиа авсан барилдаан хамгийн дурсамжтай санагддаг. Үнэн хүчийг үзэж, шүүгчдийн хантайгаар ялалт авах их гоё байсан.
-Анх барилдаж байх үедээ ямар тамирчдаас үлгэр дуурайлал авдаг байсан бэ?
-Би жаахан байсан болохоор интернэт ашиглаж мэдэхгүй. Магадгүй тэр үед Монголд интернэт, цахим ертөнц төдийлөн бүх нийтийн хэрэглээ болж хөгжөөгүй байсан юм болов уу. Тийм болохоор жүдогийн тэмцээний бичлэг олж үзэж чадахгүй. Тэгээд “Үүрэх мэхний хаан” Кога аваргын бичлэгийг “CD”-ээр өдөр болгон үзнэ. Кога аварга шиг үүрэх мэхийг хийдэг болно гэж мөрөөддөг байсан. Тэгсэн “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгч шиг хоёр талдаа үүрдэг болчихсон. Кога аварга шиг мундаг бөх болох бөөн хоосон хийрхэл. Япон, Солонгосоос тусламжаар ирсэн кимоно дээрээ “Мизүно” гэсэн бичгийг их нааж оёно. Амьхандаа Кога аваргын кимоныг дуурайж байгаа нь тэр. Харин одоо үнэхээр их гоё болжээ. Хэрэглэл материал, кимоногийн сонголт ихтэй, интернэт цахим ертөнцийн хөгжил сайжирсан. Хүссэн дуртай бөхийнхөө бичлэг, барилдааныг харж, үзэх, судалгаа хий боломжтой болжээ.
-Ялалт, амжилтад шулуун, дардан замаар хүрэхгүй нь ойлгомжтой. Олон золиос гаргаж байж амжилтад хүрнэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Гэр орон, эхнэр, хүүхэд, хувийн амьдрал, сургууль соёл, мэдлэг боловсролын асуудал хаягдана. Сургуульд сураад , давхар бэлтгэл хийгээд олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргана гэдэг монголын нөхцөлд одоохондоо хүнд асуудал. Аль нэг нь орхигдох болдог. Тэгээд цаашилбал гэмтэл, бэртэл, бэлтгэлжилт, жин хасалт, витаминжуулалт, зөв хооллолт, тэмцээн уралдааны зардал мөнгө, сэтгэл зүй гээд асуудал их бий. Нэг бэртэл авчихад дор хаяхад хамгийн наад зах нь гурван сарын бэлтгэл тасарна. Тасарсан хугацааны бэлтгэлээ нөхөж гүйцэн авах гэж цаг хугацаа алдана. Ахиад л бүхнийг эхнээс нь хийх, эхлэх болдог. Тэгээд зарим тэмцээнд бэлтгэлтэй, гэмтэл бүрэн эдгээгүй үед ороод амжилт гаргаж чадахгүй. Амжилт гаргахгүй болохоор олны шүүмжлэлд өртөнө. Сэтгэл зүй тааруухан тамирчид бол сэтгэлийн гутралд орно. Стрессдэггүй тамирчин гэж байдаггүй байх. Стресс гэдэг хувь хүний бодлоос шууд шалтгаалдаг юм шиг санагддаг.
Миний хувьд сэтгэл хөдлөл багатай учраас тэмцээний үед харьцангуй бага хямардаг. Гэхдээ огт юм бодохгүй байна гэж байхгүй. Би тэмцээний талаар барилдааны өмнө бодохгүй байхыг хичээдэг. Огт өөр зүйлд сатаарч байгаад барилддаг. Тэмцээний өмнөх шөнийн бүтэн нойр амжилт гаргахын үндэс болох нь бий. Ер нь дэлхийн хэмжээний амжилт гаргах тамирчин болоход сэтгэлийн хат, сэтгэл зүй их чухал. Сайн бөх болох амаргүй, асуудал ихтэй шүү. Тэр бүхнийг даван туулах чадварт суралцах ёстой болдог.
-Өөрийн байгуулсан “Од академи” яагаад алс, захын гэр хороололд байгуулах болов?
-Миний бага нас Дамбадаржаагийг гэр хороололд өнгөрсөн. Тийм болохоор захын гэр хорооллын секц, дугуйланд явах боломжгүй хүүхдүүдэд боломж гаргах үүднээс хүргэн ахтайгаа хамтарч “Од академи”-ийг байгуулсан. Дамбадаржаа, Бэлх, Сэлхийн 5-6 настай хүүхдүүд хотын төв рүү ирж жүдогоор хичээллэх амаргүй. Жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой алслагдсан бүсийн хүүхдүүдийн хүсэл, мөрөөдлийг биелүүлэх гэж гэр хорооллыг сонгосон юм. Хүүхэд бүхэн алдартай тамирчин болох албагүй. Жүдо бөхөөр дамжуулан хүүхэд, багачуудыг зөв төлөвшүүлэх, боловсрол, хүмүүжилд нь эсрэг хандлага бий болгохыг хичээж байгаа. Би одоохондоо хувийн ажил ихтэй байгаа болохоор хүүхдүүдтэй тулж ажиллаж чадахгүй яваад л байна. Манай дүү Намуунбаяр хүүхдүүдэд жүдогийн хичээл орж байгаа.
-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Зав чөлөө гарвал хааяа нэг хөлбөмбөг тоглох дуртай. Ихэнх чөлөөт цагаа гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ өнгөрөөдөг.
-Одоогоос арван жилийн өмнө жүдо бөхийн төсөл хөтөлбөрт хамрагдаж Японд очиж бэлтгэл хийж байсан бил үү?
-Гавьяат тамирчин О.Ууганбаатар, ОУХМ Г.Хэрлэн, Б.Хишигбаяр багш,тухайн үед тамирчин байх даа сонгогдсон юм билээ. О.Ууганбаатар явах боломжгүй гээд оронд нь надад явах боломж гарсан юм. Бид Японы үндэсний шигшээ баг, том хотуудын их сургуулийн клубүүд дээр очиж нэг сарын хамтарсан бэлтгэл хийсэн. Тэр үед Жоширо Марүяама аварга жаахан хүүхэд байлаа. Бидэнтэй их барилдах дуртай. Барилдах уу гээд хүрээд ирнэ. Тэр нэг сарын бэлтгэл их үр дүнтэй болж өгөөжөө өгсөн шүү. Бидний мэдэхгүй, япончуудын хийдэг дасгал хөдөлгөөн, мэх техник маш их байдаг юм билээ. Япончуудын найрсаг, хүнд туслах дуртай халуун дотно сэтгэл бидэнд их таалагдсан. Биднээс өмнө гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, Дашням нар анхны төсөл хөтөлбөрт нь хамрагдаж байсан юм билээ.
Ясүхиро Ямашита аварга биднийг хүлээн авч уулзан “Та бүхнийг японд ирсэнд талархаж байна. Их юм сураад буцаарай” гэж захиж байсан.
-Дэвжээн гарахаас өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Миний хувьд сэтгэл зүй бэлтгэл хэр хангадсанаас амилт хамаардаг юм шиг санагддаг. Бэлтгэл, сургуулилалт бүрэн хангагдсан, бэртэл, гэмтэлгүй үед сэтгэл зүй 100 хувь л байна. Бэлтгэл тааруу үед сэтгэл зүй дагаад уначихаад байх нь бий. Анхаарлаа төвлөрүүлж сурах чадвар нь сэтгэл зүйг өргөж үндэс болдог юм шиг санагддаг. Анхаарал сарних, элдэв зүйлийн олон юм бодох нь сэтгэл зүйд дарамт болчихдог.
Г.ОДБАЯР: Дэлхийн хэмжээний амжилт гаргах тамирчин болоход сэтгэлийн хат чухал |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |