• Өнөөдөр 2024-04-26

АЗИ ТИВИЙН АВАРГА Б.ЗОЛЖАРГАЛ: Хожил бүр намайг чадна гэж цааш түлхэж өгөх урам болдог

2023-01-31,   695

         Тайланд Улсын Бангкок хотод “U22” хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн . Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд тулалдаж Ази тивийн аварга болсон Баттөрийн Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр Узбекистан Улсын тамирчин Турдивекова Ситоратай тулалдаж ялалт байгуулан “U22” насны Ази тивийн аварга болсон юм.

-Юун түрүүнд залуучуудын Ази тивийн аварга болсонд баяр хүргэе. Ази тивийн аварга болох мэдрэмж ямар байв. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Эхлээд ялалт аваад баярласан. Гэхдээ өөрийн ялалтад нэг л итгэж өгөхгүй байв. Медаль гардаж авахдаа хүртэл итгэж чадахгүй. Арай зүүд биш байгаа гэж хүртэл бодсон. Тийм нэг өвөрмөц өөр содон зүйл мэдрэгддэг юм билээ.

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Одоо хэдэн настай, аль клубт хичээллэдэг вэ?

-Намайг Баттөрийн Золжаргал гэдэг. Одоо 21 настай.  Орхон аймгийн “Хангарьд” клубийн боксын шигшээ багийн тамирчин.

-Ер нь энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд, алтан медалийн төлөө өөрөөс тань гадна манай нэг эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин шалгарч үлдсэн нь их сайхан байлаа. Гэхдээ өөрөөс тань бусад нь шүүгчдийн луйвраар ялагдчихлаа. Азийн аваргын тэмцээний зохион байгуулалт, шүүлт хэр шударга байсан бэ?

-Тийм шүү. Бид тав финалд шалгарч үлдэхэд их баярласан. Харин шүүлт шударга байсан эсэх тал дээр харах хүмүүс нь харах байх аа. Тамирчин бид чинь өрсөлдөгчөө хожихын төлөө тулалдаж байгаа шүү дээ. Бидний зорилго ялалт авах. Шүүгч нартаа заргалдаад бид дийлэхгүй. Тийм болохоор өрсөлдөгч тамирчнаа илүүрхэн хожихыг л хичээж тулалддаг.

 -Энэ удаагийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын боксчин байсан бэ?

-Энэ удаагийн ААШТ-ий хамгийн хүчтэй өрсөлдөгчийг Тайланд Улсын тамирчин байна даа гэж харж байсан. Тэгсэн тэр медалийн төлөөх тулаанд Казахстан Улсын тамирчинд хожигдсон.

-Азийн аваргын төлөө Узбекистан Улсын боксчинтой тулалдлаа. Узбек, Казах, Энэтхэг, Хятад, тэмцээн зохион байгуулсан Тайландын боксчдыг илт илүүрхэн ялахгүй бол тэнцүү тулаанаас ялалт авах хэцүү. Узбекүүд шүүгчдийн луйвар хийж ялалт авдаг алдартай улс. Тийм хэцүү улсын тамирчинтай ямар тактикаар тулалдаж ялалт авч чадав аа?

-Бие халаалтаа хийж байх үеэсээ эхлээд л "Би яаж хожих уу. Би энэ хүнээс яаж илүү хүчтэй байх вэ" гэх мэт элдэв зүйлийг аль болох бодохгүй байхыг хичээсэн. Тэгээд эхний раундад оноогоор хожигдож яваагаа мэдсэн. Тэгээд "Би заавал сүүлийн хоёр раундыг илүүрхэн авах ёстой.  Тиймээс яаж ч ядарсан бай хамаагүй, гараа сайн ажиллуулж, олон оновчтой, давтсан цохилт хийх хэрэгтэй" гэж бодсон. Мөн багш нартайгаа  сайн ойлголцож чадсан. Тэд надад маш хэрэгтэй сайн зөвлөгөө өгсөн.

 

-Тамирчин хүнд биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл их чухал байдаг. Тэмцээнд орохдоо сэтгэл зүйгээ хэрхэн хурцалж, биеэ бэлддэг вэ?

-Тэмцээн дөхсөн үед  тулааны талаар боддоггүй. Ер нь ингэнэ, тэгнэ гээд элдэв юм аль болох бодохгүй тайван байхыг хичээдэг. Мөн өрсөлдөгчөө хүндэлдэг. Бид адилхан л хүн, адилхан бэлтгэл хийж байгаа тамирчид, хэн нь хэнээсээ илүү гарах зүйл байхгүй гэж бодож л сэтгэл зүйгээ бэлддэг дээ.

-Азийн аваргын бэлтгэлээ хэрхэн хийв. Шинэ оны өмнөхөн болсон насанд . хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдсан уу?

-Азийн аваргын бэлтгэлийг маш сайн хийсэн. Бэлтгэл их сайн хангагдсан. Оны өмнөх насанд хүрэгчдийн ААШТ болон өөр тэмцээнд оролцоогүй ээ.

-Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д хэр өндөр амжилт гаргаж байв?

-Өсвөр үе, залуучуудын ангилалд тулалддаг байх үед миний хувийн амжилт сайн байсан. Залуучуудын хамгийн сүүлийн тэмцээн Азийн аварга байсан түүнээс хүрэл аваад залуучуудын наснаас хасагдсан байгаа. Харин насанд хүрэгчдийн ангилалд ороод ирэхэд тэс өөр ертөнцөд хөл тавьсан юм шиг санагдсан. Амжилт гаргах тийм амар биш. Их хүнд, өрсөлдөөн ихтэй, хэцүү юм билээ. Үнэндээ надад насанд хүрэгчдийн УАШТ-ий нэг ч медаль байхгүй. Гэхдээ улсын аваргаас өөр насанд хүрэгчдийн тэмцээний медаль бол байгаа.

оксын спортоор сонирхож, хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

-Яг одоо  долоо дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна.

-Яагаад боксын спортыг сонирхох болов. Спортын ямар зэрэг, цолтой вэ?

-Яагаад ч юм спортод багаасаа л дуртай байсан. Нилээн хэдэн спортоор хичээллэж үзсэн. Тэгээд хамгийн их таалагддаг нь бокс байсан учраас энэ спортыг сонгосон. Би спортын мастер цолтой. Саяхан Олон улсын хэмжээний мастер цолны болзолыг хангасан байгаа. Нэг их удахгүй ОУХМ-ын цол, тэмдгээ гардан авах байх гэж бодож байна.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө олон улс, тив, дэлхийн тэмцээнд ямар томоохон амжилтуудыг гаргаж байсан бэ?

-Дэлхийн цом, ОХУ-ын Хабаровскын олон улсын тэмцээн, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.

-Азийн аваргаас өмнө оролцож байсан тэмцээнүүдийнхээ хамгийн онцлох тулааныг одоо эргээд дурсвал?

-Дэлхийн цомын тэмцээнд би жиндээ хүрэхгүй ч жингээ нэмээд 60 кг-д орж тулалдсан. Мэдээж надаас том биетэй, бяртай хүмүүс байгаа болохоор өөртөө хүргэхгүйн тулд аль болох хөл дээрээ сайн ажиллан тулалдаж байж хожил авсан. Рингэнээс бууж ирээд анх удаа тэгэж их ядарснаа мэдэрч билээ. Толгой эргээд л биеийн бүх хэсэг хөндүүр болчихсон байв. Гэхдээ дээд жингийн хүчтэй тамирчдыг ялж чадсан минь гоё мэдрэмжийг төрүүлж, сэтгэл ханамжтай байсан.

-Боксын спортын шүүлт их маргаантай.  Илт илүү тулалдсан хэрнээ ялагдалд хүлээх нь байдаг. Хамгийн харамсалтай ялагдлыг хэзээ амсаж байв. Хамгийн бахархалтай, дурсамжтай ялалт гэвэл?

-Тамирчин хүнд бүх хожигдол нь харамсалтай хэцүү байдаг. Гэхдээ хамгийн их харамсдаг нь Хабаровскын тэмцээнд мөнгөн медалийн төлөө тулалдаад хожигдохдоо анх удаа сэтгэл санаагаар унаж нойр хүрэхгүй хэсэгтээ л хэцүү байсан. Харин хожсон хожил бүр минь намайг чаднаа гэж цааш түлхэж өгөх урам өгдөг. Тийм учраас хожил бүр минь надад дурсамжтай санагддаг гэж хувьдаа боддог.

-Анх рингэнд гарч тулаан хийхдээ хэр сандарч байв аа?

-Би яг энэ мэдрэмжийг мартдаггүй юм аа. Анхны тэмцээнээр рингэнд гарах гээд сууж байв. Тэгсэн гэнэт шээс хүрээд болдоггүй. Тулаан эхлэх цаг болчихсон байдаг.  Яах учраа олохгүй "Багшаа би шээлээ гэсэн чинь угаасаа ингэдэг юм аа. Бууж ирээд нойл ороорой" гэж хэлж байж билээ. Зүгээр сандрахаар тийм мэдрэмж төрдөг юм байна л даа. Одоо ч бас хааяа энэ мэдрэмжийг авдаг шүү. Бодвол сэтгэл зүйтэй л холбоотой байх.

-Ази тивийн аварга боллоо. Одоо дараагийн зорилт, зорилго тавин хүлээж буй тэмцээн гэвэл?

-Одоо ойрын зорилго гэвэл насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд ДАШТ-д оролцох зорилго тавьж байгаа. Их хичээх болно оо.


АЗИ ТИВИЙН АВАРГА Б.ЗОЛЖАРГАЛ: Хожил бүр намайг чадна гэж цааш түлхэж өгөх урам болдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188