-Таны бага нас хаана өнгөрөв. Багадаа ямар хүүхэд байв?
-Би Завхан аймгийн Нөмрөг сумынх. Багадаа би хичээл, ном хийх дургүй талдаа. Морь, малд л дуртай хүүхэд байсан. Морь, малтай ноцолдож өссөн дөө. Хөдөө байж, морь малд ойр байхыг л хүсдэг хүүхэд байлаа.
-Жүдо бөхөд хэзээнээс дуртай болсон юм бэ?
-Би Улсын гарьд М.Баяржавхлан ахын барилдааныг их хардаг байсан. Баяржавхлан ах шиг бөх болчих юм сан гэж боддог байлаа. Манай Нөмрөг суманд миний анхны багш болох Батцэрэн гэдэг хүн бий. Тэр хүн биднийг нэг ангид битүү эсгий дэвсчихээд барилдуулна. Хамаг, хувцас, үс толгой үс ноос, хялгас болоод хөлстэй зууралдана. Гэхдээ би дунд сургуулиа төгстөл нэг их барилдаагүй. Бэлтгэл сургуулилалт хийхгүй явж байгаад аймгийн аваргад орно. Бэлтгэлгүй, барилдаан, мэх мэдэхгүй хүн яаж медаль хүртэх вэ дээ.
Хөдөөнөөс хотод ирсний дараа ах намайг үндэсний бөхөөр барилдуулах бодолтой байсан юм билээ. Харин би ахад “Жүдо зүгээр юм шиг байна. Би жүдогоор хичээллэе” гэж хэлсэн. Баяржавхлан ах жүдо зүгээр гэж дэмжсэн. Харин Улсболд ах “Энэ Басхүү жүдогоор хичээллэж чадахгүй байх. Хэсэг явж байгаад шантраад гарна биз. Үндэсний бөх л зүгээр дээ” гэж бодсон гэнэ лээ.
-Хэдэн жил хичээллээд дэлхий медальтан болсон юм бэ?
-Би жүдо бөхөөр 18 настайдаа эхэлж хичээллэсэн. Жүдогоор 8-9 жил хичээллээд дэлхийн аваргаас медаль хүртсэн. Хүний хүссэн дуртай зүйлд хэзээ ч нас оройтохгүй юм билээ. Хамгийн чухал нь сайн сурах хүсэл тэмүүлэл, зорилго, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Би Налайхаас жүдогийн бэлтгэлд явдаг байлаа. Манай том ахынх Налайхад байдаг. Өглөө 9.00 цагт “Женко” клубийн бэлтгэл орно. Цасан шуургатай өдөр л явах хамгийн хүнд санагддаг байлаа. Ядаж байхад манай ахынх автобусны буудлаас хол. Том ах “Басхүү цасан шуургатай байна. Өнөөдөр бэлтгэлдээ явах хэрэггүй. Нэг өдөр сайхан амар” гэнэ.
Би “Үгүй ээ. Бэлтгэл тасалж болохгүй. Багш нар загнана” гээд гүрийгээд алхдаг байв. Бараа, Энхбаяр хоёр багш биднээс түрүүлээд ирчихсэн хүлээж байна. Би өглөөний бэлтгэлд орчихоод хураалттай дэвжээний завсар ороод унтаад өгнө. Өглөө гэрээсээ хоол хийлгэж аваад гарна. Тэр хоолоо өдөр иднэ. Өдрийн хоёр цагийн бэлтгэлд орох хоорондоо унтаж амарч сэргээлт авч байгаа нь тэр. Тэгж явсаар хоёр жил болсон. Өсвөр, залуучуудын тэмцээнд ороод медаль хүртэх болсон. Тэгсэн ах чамайг хотод ойртуулж өгнө гээд Налайхаас Бэлхэд авчирсан. Ах “Чамайг өшөө илүү амжилт гаргавал бэлтгэлд чинь ойрхон газар байлгана гэж амласан. Би ч дажгүй амжилт гаргаж, хэд хэдэн тэмцээнээс медаль хүртэв. Ах хэлсэн амандаа хүрч III-IV хороолол рүү нүүлгэсэн.
-Бэлтгэлээ ер нь тасалж үзсэн үү?
-Ер нь би бэлтгэлээ таслах дургүй шүү. Ямар ч бэрхшээл тулгарсан ч бэлтгэлдээ явна. Бэлтгэл тасалж болохгүй гэдэг зантай. Бэлтгэлээ таслах юм бол миний амжилт буучих юм шиг санагдаад болохгүй. Сэтгэлийн мухарт байгаа амжилт гаргах юм сан гэсэн хүсэл мөрөөдөл маань бэлтгэл таслахад үгүй болчих вий гэж айна. Бэлтгэлээ таслахгүйн тулд аав, ээж хоёрыгоо хүртэл хуурч байсан гээд бодол доо. Ээж маань хагалгаанд орох болов. Би ээжийгээ бодохоор бэлтгэлээ таслах болчих гээд болдоггүй. Тэгээд л ээжийг эмнэлэг хүргэж өгөхдөө, ээжид хэлэлгүй машинд кимоногоо нууж хийгээд явлаа. Ээжийг өрөөнд нь оруулан хэвтүүлж өглөө. Хүү нь өнөөдөр бэлтгэлдээ явахгүй ээ. Түр гарчихаад ирнэ гэж хэлчихээд бэлтгэл рүүгээ гүйсэн. Бас нэг удаа аав хөдөөнөөс ирэв. “Зах гарна. Чи намайг дагуулаад яв” гээд болдоггүй. Би аавд “Та түр байж бай. Би бэлтгэлдээ явж ирчихээд цуг явна” гэлээ. Аав “Чи аавыгаа ганц удаа хөдөөнөөс ирж байхад бэлтгэл гээд байх юм. Нэг өдөр тасалж болдоггүй бэлтгэл юм уу” гэж байна. За, за цуг явъя. Гэж хэлчихээд сэмхэн гараад зугтсан.
-Хамгийн анх олон улсын ямар тэмцээнд орж байв. Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн тэмцээн гэвэл?
-Хөх хотын гран при хамгийн тод сэтгэлд үлдсэн тэмцээн байгаа юм. Уг нь тэр тэмцээнд гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх ах нар явах ёстой байсан. Тэр хоёр “Бид явахгүй, чи боломжтой бол явахгүй юу” гэхээр нь баярлаад, тэмцээнд явна гээд хөөрсөн. Тэгсэн надад Хөх хот руу явах зардлын 300 мянга дутчихдаг байгаа. Ээж хагалгаанд орсон үе таарсан. Ээж бид хоёр хуйвалдаж байгаад Улсболд ах руу ярилаа. Ах Сүүж-Уулын амралтад бэлтгэлд гарсан байсан. Ах Надад ямар мөнгө байдаг юм. Миний утсыг ирээд авахгүй юу” гэв. Тэгээд ээжийн утсыг ломбарданд тавьсан.
Би “Ингэж гэр орныхоо хүмүүсийг зовоож, тэмцээнд орж байгаа юм чинь хичээж, сайн барилдах хэрэгтэй шүү” гэсэн дотроо бодолтой. Хөх хотын гран пригийн сугалаа гарлаа. Оросын дэлхийн аваргын хүрэл медальтай Яков Шамиловтай таарсан байв. “Үүнийг хожих хэрэгтэй. Заавал хожино шүү. Тэгвэл би медаль хүртэж чадна” гээд өөртөө даалгавар өгөөд л дэвжээнд гарсан. Аз болж би хөх кимонотой барилдсаар тэмцээнээ дуусгасан. Оросын Яков Шамилов, Японы Такайчи нарыг ялж хүрэл медаль хүртсэн. Шагналын мянган долларыг аваад ямар их баярласан гэж санана. Ээж, ах хоёрыгоо зовоож ирснээ бодоод, хурдхан гэртээ очиж тэр хоёрыгоо баярлуулах гэж сэтгэл яараад байлаа. Тэр анхны гран при үнэхээр мартагдашгүй, сэтгэлд хоногшин үлдсэн тэмцээн.
-Тэр бүх хүндрэл, саад бэрхшээлийг даван туулж анхны гран при тэмцээнд оржээ. Тэгсэн хэрнээ сэтгэл санааны ямар ч дарамтгүйгээр дэлхийн шилдэг бөхчүүдтэй сайн барилдаж ялжээ. Таны сэтгэл зүй их тогтвортой хүчтэй юм биш үү?
-Би ер нь өрсөлдөгч бөхчүүдээ өөрөөсөө дээгүүр илүү гэж боддогүй. Мөн хэт доогуур ч гэж басамжилдаггүй. Адилхан бөхчүүд, өөртөө байгаа бүхнээ шавхан гаргаж, хичээж барилдах ёстой гэж л боддог. Ямар ч тэмцээн дээр элдэв юм бодож өөрийгөө зовоогоод байдаггүй. Бэлтгэл дээр барилдаж байгаа юм шигээр тайван байж чаддаг. Үнэхээр миний хүч чадал хүрэхгүйгээр ялагдах, алдаа гаргах тохиолдол бол зөндөө бий. Гаргасан алдаагаа дахин гаргахгүй байх, засахыг их хичээдэг.
-Та жүдо бөхийн Будапешт 2021 ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тиймээс “Токио 2020” олимпын наадмаас медаль хүртэх болов уу, гэж олон хүн харж, хүлээж байлаа. Олимпод японы бөх олимп, дэлхийн аварга Абэтэй хийсэн барилдаанаа эргэн дурсахгүй юү?
-Италийн шилдэг бөх Ломбардотой олимпод хэрхэн барилдсан бэ?
-Италийн бөх Мануель Ломбардотой харин өөрийн санаж, бодсон хэмжээгээрээ барилдаж чадсан. Багш нартайгаа ярилцсан. Ломбардогийн баруун гарыг салгаж даръя, тэр миний зүүн мөрнөөс барьц аваад өмсөх мэх хийнэ. Түүнийг нь анхаарах ёстой гэсэн бодолтой барилдсан. Ломбардо идэвхгүй барилдаж байхад шүүгч түүнийг торгохгүй байлаа. Ер нь урагшаа явж мэх хийж барилдахгүй бол торгуулиар Ломбардог хожих боломжгүй юм байна гээд барилдааны тактикаа өөрчилсөн. Ломбардо урд нь намайг нэг тэмцээнд ялсан юм. Түүнээс хойш намайг харахаараа духаа үрчийлгээд, хөмсгөө зангидаад ярвайгаад их баавартай хардаг болсон юм. Би “За яах вэ чамайг тэгж байгаад нэг сайн шиднэ ээ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтны аль нь илүү байдгийг үзүүлнэ дээ” гэж бодоод явдаг байв. Тэгсэн олимпын барилдаанд таарчихлаа. Бэлтгэл дээр маазарч хийж үзэж байсан тэр мэхний барьц ороод ирэхээр нь шийдэж хийгээд шидсэн. Би өөрийгөө ялчихлаа гэж бодсон. Тэгсэн намайг хөлд хүрсэн гээд Ломбардоод ялалтыг заахад уйлмаар л байсан. Олимпын дэвжээнд ялагдлын нулимсаа харуулаад яах вэ гэж бодоод нулимсаа залгиад л буусан даа. Бэлтгэл, сургуулилалтаа улам сайн хийж байгаад дахиж олимп, дэлхий аваргад финалдаж, тэр ялагдлын нулимсыг ялалт, амжилтын баярын нулимсаар солихыг одоо хүртэл бодож яваа.
-Тамирчин хүнд сэтгэл зүй их чухал, таны ах сэтгэл зүйг тань их өргөж, дэмждэг гэж сонссон тэр үнэн үү?
-Би ахынд амьдардаг байсан юм. Намайг бөх болох гээд Улсболд ах Спортын төв ордон дээр дагуулж очиж байлаа. Ах “Чи зүгээр барилд юунаас нь айж эмээгээд байгаа юм. Чамайг ямар зодож, нүдэх гээд байгаа биш. Өөрийн хийхийг хүссэн мэхээ хийгээд барилд. Ялж, ялагдах нь одоохондоо чухал биш. Зүгээр чөлөөтэй биеэ барилгүйгээр барилдаж сур” гээд зөвлөгөөг ёстой нэг урсгаж өгнө шүү дээ. Ахтай бэлтгэл хамтдаа хийх биш. Баахан сургаал, зөвлөгөөг нь сонсоод гардаг байлаа. Ах хүн болохоор өөрийн гаргасан алдааг, намайг битгий давтаасай гэсэндээ тэгж үглэдэг байж л дээ. Тэр үед нь би төвөгшөөгөөд ямар их үглээ юм гэж боддог байж.
-Тамирчин хүн ялалт, ялагдлыг аль алийг нь хослуулж амжилтад хүрдэг. Будапешт 2021 ДАШТ-ээс медаль хүртсэн. Тэр дэлхийн аварга танд их дурсамжтай тэмцээн болсон биз?
-Тийм шүү. Дэлхийн аваргын тэмцээний сугалаа гардаг өдөр Дашдаваа багш “За чи Өмнөд Солонгосын дэлхийн аварга Ан Баултай таарсан байна. Сугалаа жаахан чанга таарчихлаа. Гэхдээ зүгээрээ сайн барилдана шүү” гэсэн. Харин би “Ан Баулд хэн болох оо харуулна даа” гээд нэг их юм бодохгүй байлаа. Харин хүмүүс миний өмнөөс айж сандраад л “Одоо яана аа, дэлхийн аваргатай чанга таарчихлаа “ гээд л сандраад байлаа. Би ямар, Ан Баулын дэлхийн аваргын алт, мөнгө, олимпын хүрэл медальтай нь барилдах гэж байгаа юм уу. Солонгосын нэг жүдочинтой л барилдана. Адилхан хүнээс юунаас нь айдаг юм. Ялж чадахгүй байсан ч хамаагүй.
Өөрийн барилдаанаа гаргаж шазайтал үзнэ дээ гээд зөвхөн барилдаандаа төвлөрч тайван байлаа.
Тэгээд өрөөндөө очоод унтах гэсэн чинь ОУХМ Л.Сосорбарамын багш Луяа ах хурхираад болдоггүй ээ. Арай гэж унтсан чинь өглөө эрт Луяа ах Л.Сосорбарамд хоол хийж өгнө гээд төмпөн, сав түчигнүүлээд унтуулдаггүй. Би өглөө хоол иддэггүй. Хөнгөн цай уугаад барилддаг онцлогтой. Харин Л.Сосорбарам хоол идэж тамир, тэнхээ, хүч орж, сэргэдэг юм билээ. Тэгээд би олигтой амарч чадалгүй тэмцээн болж буй заал руу явлаа. Тэмцээн хоёр цагийн дараа эхлэх байв. Хөнгөн бие халаалт хийдэг юм билүү гэсэн чинь бие нозоороод залхуу хүрээд болдоггүй ээ. Хэсэг биеэ амрааж байгаад бэлтгэл хийе гээд хэвтэж байсан чинь нам унтаад өгсөн байлаа. Тэгсэн чинь Балжаа багш уурлаад “Бос чи, бие халаалт, бэлтгэл хий. Залхуурч унтаад” гэв. Бослоо, Ариукатай бие халаалт хийх гэсэн чинь бүр бие нозоороод залхуу хүрээд болдоггүй.
Тэгсэн Дашдаваа багш “Чиний бие чинь үнэхээр нозоороод хүнд оргиод байгаа бол бие халаалт, бэлтгэл хийх хэрэггүй. Чи зүгээр дэвжээ тойроод алх. Дэвжээгээ мэдрэх хэрэгтэй” гэлээ. Тэгээд л би тэмцээн явагдах дэвжээг тойрч алхаад, заалны тааз, үзэгчдийн суудлыг тойруулан харчихаад буусан. Дэлхийн аваргын тэмцээн дээр Ан Баултай ямар ч халаалтгүй шууд барилдлаа. Багш нар “Ан Баулын барьцыг салгаад давуулаад барь гээд хашхираад байсан. Тэр дагуу нь хэдэн ч удаа барьцыг нь салгаж давуулсан барьц авсан бүү мэд. Сүүлдээ ч цуцах шинжтэй болоод яг сөхөрч унах гээд болдоггүй. Ан Баулыг харсан чинь нэлээн муудаж байх шиг байна. “За ямар ч байсан Ан Баулд муудаж байгаагаа мэдэгдүүлж болохгүй шүү” гээд тэвчээд зүтгэж байгаад түүнийг ялсан даа.
-Дараагийн тойрогт нь хэнтэй таарсан билээ?
-Багш нар бидэнд барилдааны хуваарийг харуулдаггүй юм. Би Ан Баулыг хожиж бууж ирээд Балжаа багшаас “Одоо би хэнтэй барилдах вэ багшаа” гэв. Тэгсэн Балжаа багш “Аан нэг муу Гүрж байгаа” гээд тоомжиргүй хариуллаа. Нөгөө Гүржийг нь арай гэж ялчихаад, одоо хэнтэй вэ багшаа” гээд асуулаа. Багш “Сая Украины Зантарья, Израилийн Тал Фликер хоёр барилдаад Израиль нь ялчихлаа” гэв. Тэгээд би шөвгийн наймд дэлхийн аваргын хүрэл медальт Израилийн Фликерийг ялчихаад ирээд одоо хэнтэй вэ” гээд ахиад асуув. Багш ”Одоо Японы дэлхийн аварга Абэтэй” гэсэн. Би “Өө багшаа наадах чинь ямар аймаар сугалаа вэ” гээд өөрийн мэдэлгүй хэлчихсэн. Тэгээд аль болох хурдан сэргэлт авахыг хичээсэн.
-Абэтэй хэрхэн барилдав аа?
-Таны бодлоор жүдо бөх өндөр хөгжсөн Япон, Итали, Францын бөхчүүд онцлог нь юу байдаг вэ. Манай бөхчүүд бусад орны бөхчүүдээс юугаараа ялгаатай байдаг бол?
-Япон, Солонгосчууд сэрвүү барьц, энгэр, ханцуйнаас сайн барилддаг. Харин Европын бөхчүүд тактикийн аргалсан, торгуулийн барилдаанаар ялалт авахыг чухалчилдаг юм шиг санагддаг. Японы бөхчүүд мэдээж барьцны барилдаанаараа биднээс илүү. Барьцаа зөв олж барина. Барьцаа авсан бол мэхээ даацтай хийнэ. Тэр барьц, дархан хийдэг мэхийг нь мэддэг хэр нь ээ хамгаалж, хорьж барилдаад бусад орны бөхчүүд унадаг. Харин манай бөхчүүд тэднийг лав бариад авах юм бол үнэлгээ салгах, хожих боломж бий. Магадгүй манай бөхчүүдэд хорьсон ч хийдэг гаршсан дархан мэх байхгүй байж магадгүй. Энэ нь бэлтгэл сургуулилалт, сургалтын арга барилтай холбоотой байх.
Итали, Францын бөхчүүдтэй барилдах гайгүй. Харин надад эсрэгээр монгол бөхчүүдтэйгээ барилдах хамгийн хэцүү юм шиг санагддаг. Манай бөхчүүд хав барихаар яг адилхан л золгож барилддаг болохоор хэцүү. Гадны бөхчүүд хав золгооны барьцанд тааруу. Тэр нь надад амар байдаг.
-Таны зорилго мэдээж олимпын наадмын медаль биз?
-Тэгэлгүй яах вэ. Тамирчин хүн болгоны мөрөөдлийн ноён оргил нь олимпын медаль байдаг шүү дээ. Би өөрийнхөө авч чадаагүй тэр олимпын медалийг авахыг их хүсэж байна. Парисын 2024 оны олимпын наадамд барилдахын төлөө, олимпын эрх авахын тулд хичээж бэлтгэлээ хийж байгаа.
Ё.БАСХҮҮ: Тамирчны мөрөөдлийн ноён оргил нь олимпын медаль. Би ч тэр оргилд хүрэхийг хүсэж байна |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |