• Өнөөдөр 2025-02-05

О.ЕСҮГЭН: Бүсээ зүүгээд улсынхаа тугийг нөмрөөд зогсох агшин маш гоё байсан

2022-12-15,   1289

   Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Отгонцэцэгийн Есүгэнтэй ярилцлаа. Тэрбээр 2022 оны тавдугаар сард Туркийн Истанбул хотод болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Тайландын боксчин Прийдакамон Тинтбтайтай эн тэнцүүхэн тулаан хийж шүүгчдийн саналаар 3:2-оор харамсалтай хожигдон дэлхийн аваргын тавдугаар байрт шалгарсан. Йорданы нийслэл Амман хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Улмаар Мэргэжлийн боксын WBО”- холбооны Ази Номхон далайн орнуудын аварга болсон амжилт гаргаад байгаа билээ.

-Мэргэжлийн боксын WBО”- холбооны Ази Номхон далайн орнуудын аварга болсонд баяр хүргэе.

        -Та бүхэнд баярлалаа.

-Монголын боксын спортын түүхэнд анхдагчдын нэг болж байгаа байх аа. Өөрөөс чинь өмнө мэргэжлийн боксын рингэнд тулалдсан манай улсын эмэгтэй боксчин байдаг юм болов уу?

      -Монголын боксын спортын түүхэнд анхдагч болж байгаадаа баяртай байна аа. Өмнө нь мэргэжлийн боксын рингэнд тулалдаж байсан манай улсын эмэгтэй боксчид байдаг. Гэхдээ би Монголоос мэргэжлийн боксын бүсийг хүртсэн анхны эмэгтэй боксчин болсон байгаа.

-Өөрт чинь ялагдсан японы боксчин Аканэ Фүживара мэргэжлийн боксын рингэнд тав ялж, нэг тэнцэж, нэг ялагдсан асар их туршлагатай тамирчин байсан. Түүнтэй ямар тактикаар тулалдаж ялалт авав?

     -Тийм ээ. Надтай тулаан хийхээс өмнө хэд хэдэн тулаан хийсэн харьцангуй туршлагатай тамирчин байсан. Мэргэжлийн боксын тулаан сонирхогчдын боксоос ялгаатай нь толгойны хамгаалалт, дуулга байхгүй, нимгэн бээлийтэй. Олон раунд тулалддаг учраас аль болох хашир болгоомжтой тулалдсан. Бэртэл гэмтлээс сэргийлж сайн харж тулалдахыг хичээсэн. Хамт явсан шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр багштайгаа ярилцаж раундуудынхаа хүчний хуваарилалт техник тактикийг зөвшилцөж бэлтгэл дээрээ бэлдэж байсан шигээ л тулаан хийсэн.

эргэжлийн боксын бүс зүүсний дараах мэдрэмж ямар байсан бэ?

     -Яг рингэн дээр бүсээ зүүгээд  улсынхаа тугийг нөмрөөд зогсох тэр богинохон агшин маш гоё байлаа. Олон зүйл мэдрэгдсэн шүү. Ахиад ингээд тугаа нөмрөөд зогсоно шүү гэж өөртөө дотроо хэлсэн.

-Та мэргэжлийн боксын тулаанаас өмнөхөн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Азийн аваргын медалийн өнгөө хувиргах боломжийг юунаас болоод алдав аа?

      -Тайландын тамирчинд 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Бага зэрэг тактикийн алдаа гарсан. Гэхдээ дараа өөр тэмцээнд учраа таарвал ахиад ялагдал хүлээхгүй ээ. Энэ ялагдал надад олон зүйл ухааруулсан намайг хурцалсан хожигдол болсон.

-Ер нь боксын тэмцээний шүүлт шударга бус харагдаад байдаг. Илт давуу л тулалдахгүй бол тэнцүү тулаанаас ялалт авах амаргүй биз?

     -Тийм шүү. Үнэхээр илт давуу, илүү гэдгээ мэдрүүлж л хожих хэрэгтэй. Үнэхээр эн тэнцүү тулаан дээр аль нь ялалт авахыг шүүгчид л шийднэ. Тиймээс цааш цаашдын тэмцээн, уралдаанд маргахын аргагүй илт давуу ялалт авахын тулд бэлтгэл сургуулилалтаа хичээж хийнэ ээ.

-Уншигчдад өөрий­гөө танилцуулахгүй.  Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс клубээс боксын гараагаа эхэлсэн гэв үү?

      -Би анх 2016 оноос боксын спортоор тууштай хичээллэж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клуб дээр 2018 оныг хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийдэг байлаа. Амжилтын минь гараа тэндээс эхэлсэн.

-Охин хүүхэд тулааны спортыг  сонирхох болсон нь сонирхолтой санагдлаа. Боксчин болъё гэдэг бодол хэдий үеэс төрөв. Танай гэр бүлд спортын хүн бий юу?

  -Би Сэлэнгэ айгийн Жавхлант сумын ЕБС-д сурч байхдаа л боксыг сонирхож эхэлсэн. Би ер нь аливаа юманд идэвхтэй, нийгмийн идэвхи сайн сурагч байлаа. Тухайн үед манай суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан О.Болдбаатар цагдаа намайг боксын спортод хөтөлж оруулсан хүн дээ. Нэг  л мэдэхэд энэ спорт миний амьдралтай холбогдсон. Харин манай аав, дунд ах хоёр маань үндэсний бөхөөр хичээллэдэг байсан.

-Боксын спортыг сонгоход тань  аав, ээж, найз охидууд чинь хэрхэн хүлээж авав?

      -Эхэн үедээ их дургүйцдэг байлаа. Юуны чинь бокс, охин хүүхэд юу яриад байгаа юм, болохгүй, явуулахгүй гээд их гүрийдэг байв. Би ч тэр чинээгээр явна гэж зөрүүдлэнэ.

-Одоо 21 настай гэв үү. Хэдэн жил боксоор хичээллээд Азийн аваргаас медаль хүртэв ээ?

    -Би зургаан жил боксын спортоор тууштай хичээллээд Ази тивийн аваргаас медаль хүртлээ.

-Чех Улсын Усти-Над-Лабем хотноо зохион байгуулагдсан 51 дэх удаагийн  олон улсын гран при тэмцээнээс алтан медаль хүртжээ. Тэр анх удаа оролцож үзсэн гадаадын тэмцээн байсан уу?

          -Манай боксын спорт дөрвөн насны ангилалтай. Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бий.  Харин Чехийн тэр тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд гадагшаа оролцож байсан анхны тэмцээн байлаа. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубт байхдаа өсвөр үе, залуучуудын Европын цуврал тэмцээнүүд, Азийн хүүхдийн их наадам, “Алтан охин” гэх мэт олон улсын тэмцээн уралдаанд хүчээ үзэхээр олон орноор явж тулаан хийж байсан.

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэл хийж байна вэ. Шантарч няцах үедээ өөрийгөө хэрхэн сэргээж урам зориг, эрч хүч авдаг вэ?

   -Өдөрт дунджаар 1-2 цагийн бэлтгэл хийдэг. Шантрах үе мэдээж бишгүй л тохиолддог байлаа. Тэр болгонд өөртөө өгсөн амлалтадаа хүрэхийг хүссэн зорилгоо бодож түүнээсээ эрч хүч авдаг байв.

-Боксоос гадна өөр ямар зүйлд сонирхолтой вэ. Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөх дуртай вэ?

     -Ном унших, лааны гэрэлд суух, хүүхэлдэйн кино үзэх маш дуртай. Мөн найз нөхөдтэйгээ хамт халуун сүү, кофе уугаад, дотно яриа өрнүүлэн, сэтгэлээ хуваалцан суух дуртай.

-Ярилцсанд баярлалаа.

       -Баярлалаа.

 

 


О.ЕСҮГЭН: Бүсээ зүүгээд улсынхаа тугийг нөмрөөд зогсох агшин маш гоё байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 22:36:46
    В.Шинэнгэрэл: Хол явж их амжилт гаргах болноо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 22:36:46
    В.Шинэнгэрэл: Хол явж их амжилт гаргах болноо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 22:36:46
    В.Шинэнгэрэл: Хол явж их амжилт гаргах болноо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 12:00:02
    Zochin: Oyuntsetsgiin esvgen shvv
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188