• Өнөөдөр 2024-04-26

ТҮҮДЭГ ГАЛ ШИГ НОЦОЖ ЯВСАН ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ

2022-09-23,   1053

     Халуун залуу, харц булаам бяр дархан аварга А.Сүхбат залуу насныхаа ааг омогт галын түүдэг шиг л “ноцож” явсан хүчтэн.

     Монгол бөхийн спортод залуу зургаан зааны эгнээнд явж байгаад улсын заан Б.Гантогтохоор ес давж, арслан цол хүртсэн цагаас эхлэн тэр бөхийн дэвжээнд илүүрхэж эхэлсэн. Дархан аваргын бөхөөр барилдсан хугацаанд цолоо ахиулаагүй бөх цөөнгүй бий. Харин тэр бүгдийг нь “түүчихээд” инээж зогссон нэгэн. Ерөөс тэр ерээд оны сүүл үеэс 2000 оны эхэн үе хүртэл л монгол бөхийн зүлэгт  ногоон дэвжээнд зодоглосон юм билээ. Ийм нэгэн бөхөд “босоо” явсан хүчтэнийг баяр наадам ойртож байгаа энэ л өдрүүдэд хөргийнхөө зочноор “амлан авч” уншигч тантай уулзуулж байна. Дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат “миний хөрөг”-т ийн бууж байна.

-БӨХӨД СОНИРХОЛТОЙ ХҮҮ-

       12 настай жаахан хүү 40 бидонтой савтай ус мөрлөөд гүйчихдэг байсан гэдэг. Хавь ойрын таних, мэдэх хүмүүс нь "Аргагүй Агваансамдан ахын хүү мөн дөө" гэж ярих бол, зарим нь "Пөөх, овоо бяртай хүү минь гээч" хэмээн уулга алдаж явсан байх даа  гэж бодогддог юм. Сүхээ хүү харин аавыгаа дагаж бөхөд хорхойсож эхэлсэн үе нь бөгөөд үеийнхэн дундаа бол ноцолдож, барилдаж, давж явжээ. Түүнтэй мөн адил таван заан хүчтэнгүүд ч мөн өөр, өөрийн гараанаас эхэлж, зарим нь хэдийн уралдаан, тэмцээнд орж, дугуйланд явдаг ч байсан үе нь биз. Аав нь хүмүүстэй барилдах сонин содон, том бөхчүүдийн тухай яриа сэм чагнадаг, "Сайхан бөх л болох юм сан" гэсэн оргилсон их хүсэлтэй жаахан хүү байсан тэр өдгөө харин дархан аварга бөх.

 

  Сайхан инээмсэглэл, дулаахан төрхтэй, сайхан монгол эр хүний нэг бол А.Сүхбат аварга мөн билээ. Тэр дундаа залуухан бөх гарч ирэхэд нь эмэгтэйчүүд эрхгүй " нүд унагаж" байсан ч гэдэг. Түүнийг ид барилдаж байх үед зургийг нь гэртээ "нааж" хардаггүй айл ч ховор байсан байх. Сайхан эр хүнээс гадна сайхан ч бөх байж. Олон ч хүүхэд Сүхээ аваргаас бөх болох хүслийг ургуулж, "Сүхбат аварга шиг бөх болно" гэж мөрөөддөг байсан байх. Эрхгүй тэр зодог тайлах хүртлээ тийм л сайхан бөх явсан. 

-ӨРГӨДӨГ А. СҮХБАТ БУЮУ АВИРГҮЙ БӨХ-

   Түүний зарим барилдаанаас нэхэн үзлээ.  “Баруун талд нь суугаад өргөлөө. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх А.Сүхбат улсын заан Б.Гантогтохоор тав давлаа” гэх л ерээд оны бичлэг нь ютүүб сувагт тэр хэвээр хадгалаастай байна. Бөхийн мэх, барилдаан мэдэхгүй ч “Баруун талд нь суугаад өргөлөө” гэсэн бөх тайлбарлагчийн үг хэд хэдэн барилдаанд нь давтаж сонсогдов. Үзэгчийн хувьд ажваас тэр их яарахгүй мөртлөө уддаггүй юм байна. Өнгө төгөлдөр гарч ирээд л өргөөд унагаачих шинжтэй. Тэгэхээр түүнийг би өөртөө “Өргөдөг Сүхбат” гэж нэрлэсэн юм. Харин дараагийн барилдаануудыг нь үзэхэд А.Сүхбат аваргад ааг омог гэхээс илүү нэг тийм хурд хүч их байдаг юм шигээ.

Түүний барилдааныг зүйрлэвэл яг ил галын түүдэг мэт.

   Нэг тийм харахад сайхан, хурд хүч нь ёстой л нэг цоролзож байна уу гэмээр. Тиймдээ ч би түүнийг ил галын түүдэг шиг дархан аварга гэж оноосон юм. Ааштай барилдаан түүнд бараг үгүй болов уу. Харин аядуу намдуу мөртлөө хэдэн хоромд л дүрэлзчихдэг гэмээр. Бөхөд нэг тийм өөрсдийн гэсэн зан чанар, өнгө төрх, тогтоц бий. Сүхээ аваргад харин нэг тийм элдэв зүйл байхгүй байна уу гэж харагддаг. Угаас намбалаг дөлгөөн түүний барилдаан ч намдуухан харагддаг. Харин давах ааг, омог, үе үехэн цухалзах бардамнал бол байсан гэдгийг хойно аваргын барилдааны тухайтай нь хамт өгүүлнэ.

-ЗУРГААН ЗАЛУУ ЗААНААС “АМЫГ ХАГАЛЖ” АРСЛАН БОЛСОН НЬ-

   Тэрбээр “1992 онд Хэнтийн аймгийн баяр наадамд түрүүлэн, аймгийн арслан, харин дараа жилийнх нь улсын баяр наадамд зургаа давж, өсөх идэр чимэгтэй улсын начин, 1997 онд улсын аварга О.Балжиннямаар давж, улсын заан, 2000 онд улсын заан Б.Гантогтохоор ес давж, улсын арслан цол хүртэж байсныг бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд андахгүй мэдэх байх. Эдгээрээс зургаан залуу зааны тунаж үлдсэн барилдааныг монголчууд өдгөө ч мартаагүй. Мартах ч аргагүй барилдаан болсон байдаг. Унтаа байсан монгол бөхийн дэвжээг ёстой нэг сэрээсэн идэр эрчүүд тэд байв. Нэгэн цагт нас, бяр, хүч, ир тэгшхэн зургаан заан наадмын дэнжид гарсан мөчийг бөх сонирхогч, хорхойтнууд бол ам уралдан ярих биз. 2000 оны улсын баяр наадам л даа. Тухайн үед Д.Сумъяабазар, Сүхбат нараас бусад нь нэгнийгээ амлан авсан болохоор тэр хоёр эрхгүй тунаж таарч. Энэ тухай хэвлэлд  Б.Бат-Эрдэнэ аваргатай ширүүн барилдаж, илт зузаарч, бие болоод сэтгэлийн тэнхээ нэмсэн А.Сүхбатыг тэр наадмаар хэн нэгэн зогсооно гэхэд хэцүү санагдаж байсан.Энэ ч утгаар тэр золгоод л ганцхан гар ачаад давчихлаа хэмээн бичиж үлдээсэн байдаг.

  Тэр үед А.Сүхбат аварга Б.Гантогтохтой үзүүр, түрүүнд үлдэж, түүний хөлийг гараараа сүлжин, дөрвөн хөллүүлж, өвдөг шороодуулсан гэдэг. Угаас тэр жилийн барилдаан үлгэр, домог шиг яригддаг болохоор, ийм тодорхой тайлбар байх аж.  Ингэж л зургаан залуу зааны “амыг хагалж”, арслан цол хүртэж байсан нь А.Сүхбат аваргын бөхийн замналд тод нэгэн үйл явдал болсон байдаг. Дээр өгүүлсэнчлэн,

Сүхээ аварга энэ үеэс л бөхийн ертөнцөд жигүүрээ дэлгэж, бяраа бэхэлсэн.

Гэхдээ тэр тухайн үед түрүүлж, арслан цол л авснаас найзуудаасаа илүүрхээгүй. Найзын хувьд тэр байрандаа л байсан. Мэдээж үлдсэн таван заан мөн л түүний араас нэхэн өөр, өөрдийн цолд хүрсэн байдаг. Энэ тухай А.Сүхбат аварга " Залуу зургаан зааныхаа тухай ярихдаа би их дуртай. Манай таван заан байсан болохоор миний амжилт ахисан. Биднийг аль нэгийг нь ярихгүйгээр түүх бичигдэхгүй. Бид бол нэгэн үед "чихэлдэж" төрсөн. Манайхан бүгд л цолоо ахиулсан" гэж баяр бахдал дүүрэн ярьсан байна лээ.

-АВАРГЫГ “ХАЯСАН” ААРХАЛ-

      Зургаан залуу заанаасаа түрүүлж арслан цол хүртсэн тэр дараа нь харин аваргыг “хаяж” аварга болсон. Арслан болсноосоо жилийн дараа улсын баяр наадамд Б.Бат-Эрдэнэ аваргаар арав давж, аварга болсон. Тухайн үедээ мөн Г.Өсөхбаяр заанд өшиглүүлж, барилдаан удааширч байсныг эс тооцвол, тэр жил “манай хүн” шуугиулсныг үзэгчид андахгүй болов уу. Харин тэр жилийн аваргын барилдаанаас илүү нэг зүйл нь анхлан барилдаж байсан үеийнх нь ааг, бардамнал шиг санагддаг юм. Юу гэвэл, тэр нэгэн хэвлэлд “Анх 1991 онд улсын баяр наадамд зодоглосон юм. Хэдийгээр тухайн үед хүүхэд байсан ч бэлтгэл дээр О.Балжинням аваргыг хаядаг л байсан” хэмээн ярьсан байна лээ. Мөн ч том байгаа юм шүү. Угаас бөхчүүдэд нэг тийм аархуу зан чанар байдаг шиг байгаа юм. Аархуу байх тэдэнд ч зохидог. 

Нэг тийм цээжнээс түлхсэн халуун омог, багтаж ядсан аархал, амжилтандаа зохисон бардамнал бөхөд байх шиг сайхан зүйл байхгүй болов уу. Аархлаараа дулаацаж, дахиад олон түрүүг авдаг болов уу. Сүхээ аварга ч мөн тэдний л нэг.

    Одоо харин тэр зүлэгт ногоон талдаа дэвж, зүүн, баруун магнайдаа зодоглохгүй байгаа. 2006 онд тэрбээр бөхийн спортоос зодог тайлж байгаагаа ард түмэндээ дуулгаж, олон ч хүнийг уйлуулж байсан тэр жилийн наадам монголчуудын сэтгэлд үүрд үлдсэн байх. Тугнаасаа айдас авч, тойрчихоод Даян аварга Х.Баянмөнх багшйинхаа өвдөгийг дэрлэн уйлж байсан түүний дүр төрх одоо ч тодхон. Өөрөөр ч тэр өдрийг бодохоор сэтгэл нь сэмэрч, дотогшоогоо уйлж байсан тухайгаа хожим ярьж сууна лээ. Түүнээс хойш найман жилийн дараа буюу 2014 оны наадамд дархан аварга цолтойгоор барилдаж, гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргыг амласан нь дархан аварга, дархан аварга цолтноо амалсан анхны тохиолдол болж байсан юм билээ. Ингээд тус барилдаанд тэр барилдалгүй тахимаа өгсөн. Идэр,их үеэсээ түүнтэй ана мана, ач тач “үзэж” ирсэн Г.Өсөхбаяр аваргыг уншигч та анзаарч байгаа болов уу. Тэр А.Сүхбат аваргын хамгийн том өрсөлдөгч, мөнхүү ирлэн хурцлагч, омог сүрийг нь өргөгч юм. Мөн бөхийн ногоон дэнжид нэгнээ амлаж, тунаж явсан найз нь юм. Зэрэг өсөж, зэрэг өндийж, ихэрлэж, заримдаа нэгнээсээ илүүрхэж явсан тэдний ааг омог, ая зан монгол бөхийн ертөнцийн том орон зайг дүүргэсэн. 

 

-ТЭР ХААНААС ЭХЛЭВ-

     Бяр удмаас өвлөгддөг журмаар ааваас нь эхлэлтэй бөхийн удам А.Сүхбатаар үргэлжилжээ. Аавынхаа бөх байсан тухай ч тэр ярьсан байдаг. Бөх рүү хөтөлсөн хүн нь ч аав нь. 1986 онд Монгол Улсын зууны манлай Х.Баянмөнх гэх домог шиг эрхмийн бөхийн дугуйланд орж байсан гэдэг. Ингэхдээ Политехникийн дээд сургуулийн нэр дээр өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ах нь 18, Сүхбат аварга харин 16 хүртэлх насны ангилд барилдаж, анх Х.Баянмөнх аваргад тоогдож, клубт нь явах болсон гэдэг. Тухайн үед давгүй дээгүүр байрт орсон түүнийг “Ээ дээ, чи том бөх болно шүү, бөхөө хаяж болохгүй шүү, хичээгээрэй” гэж У.Мижиддорж гэж арслан хүн түүнд урам өгсөн нь бөхийн спортод орох том түлхэлт болсон тухай мөн дурсаж байв. Ингэж л том аварга багшийн удирдлагад хичээллэж, хүч бяр, ухааны их спортод он жилүүдийг үдэж. Тэрбээр мөн багшийнхаа хүргэн нь, шавь нь болсон том хувь тавилантай. Багшийнхаа буян хишиг, хайр хүндэтгэлд талархдагаа ч нэг биш удаа ярьсан байдгийг энд дурдах нь илүү болов уу. Юутай ч түүнийг ирлэж, бэлдсэн нь их аварга Х.Баянмөнх мөнөөс мөн юм. Залуу таван заан өргөж, Х.Банмөнх аварга ирлэсэн ховор хувь заяа түүнийх.  Мөн А.Сүхбат аваргын анхны буюу бөхийн “А” үсгийг заасан багш нь О.Цэрэндагва гэж хүн бий юм билээ. Тэрбээр “Бөх хүн бол штанг шиг зангирсан тос булчинтай, гүйгч шиг огцом хурдтай, гимнастикийн хүн шиг уян хатан бие бялдарыг цогцлоож чадсан хүнийг бөхийн тамирчин гэдэг юмтүүнийг сургаж, суурийг нь тавьж, хүсэл мөрөөдлийг нь хөглөсөн байдаг.

 

    Дархан аварга А.Сүхбатаас орхиж, гээж боломгүй нэг зүйл бол чөлөөт бөх. Тэрбээр чөлөөт бөхөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр ч түрүүлсэн байдаг. Энэ нь магад түүний хурд, хүчтэй холбоотой байх. Хожим тэр чөлөөт бөхөөрөө тууштай яваагүйдээ жаахан харамсаж байгаагаа ярьж л сууна лээ. Дараа нь тэр зүлэг ногоон дэвжээнээс парламентын “бөх” гишүүн болж, зодог шуудгаа тайлан зангиатай гишүүн болсон. Үндэсний бөхөд ч, төрийн “дэвжээнд” удаан зодоглоогүй тэр өөр чухам юунд зодоглохоор зэхэж байгаа бол...


ТҮҮДЭГ ГАЛ ШИГ НОЦОЖ ЯВСАН ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-01 11:51:23
    zochin: Olon exneruudiinx ni olon xuuxduud aav shigee mundag bex bolj ard tumnee bayarluulax baix daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-01 02:03:15
    nar: za hulsni bichech min chamd yu ch helhew de domig vh geh shig em beldmel Doping hereglesen l archagui gar ch shde barildan bolgon n hel am dagulsan mongol buhin ulamjlalt yos zuig gutasan archagui erin orontsog shde heden ch awgai huhen solidin eehten n asudaltai suraltai bolod l neges hugu ru guiged bdag bhda urigu tuluwahulj chadagui bj eneni uls tur biznes gej yu bdin danda luiwar zalilangin har ********... nudend duöahan tsarailag gene u tataj unala haltaisan har malig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 10:47:22
    иргэн: ТҮҮДЭГ ГАЛ НОЦНО ГЭЖ ЯАДАГ ЮМ БЭ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 10:38:56
    ИХ МЭДЭГЧ: НУЛЬ ДОПИНГ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188