Монгол бөхийн дэмжээнд үүрэх мэхээрээ үндэсний бөх сонирхогчдыг гайхшируулж, бөхчүүдэд эд хаваа гайхуулсан уран барилдаантай түүнийг Дэлгэрийн Цэрэнням гэдэг. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, сумын заан түүнтэй ярилцлаа.
-Сумын цолтой бөхчүүдийн гуравдугаар сарын барилдааны тавын даваанд Л.Чадраабалыг үүрэх мэхээр давж, олныг гайхшируулж буй. Түүнийг үүрэх мэхээр давна гэж тооцоолж байв уу, санаандгүй барилдаан болсон уу?
-Тус барилдааны тавын даваанд Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан Л.Чадраабалтай барилдсан.
Түүнийг мушгих, тонгорох гэтэл дагуулж тонгорох гээд байхаар нь нөгөө тийшээ хавирах гэтэл мордож унагаах гээд байсан. Тэгээд сэнжигнээс зуураад чангараад ирэхээр нь үүрээд унагаачихсан. Бөхийн өргөөнд цөөн харагддаг мэх хийсэн болохоор хүмүүс шуугиад байх шиг байна.
Би жүдогоор барилддаг болохоор бэлтгэлийнхээ үеэр үүрэх мэхийг их давтдаг юм. Ер нь миний хамгийн их давтсан мэх байсан. Тэгэхээр яг л бэлтгэлийн үр дүнг харуулсан барилдаан болсон гэж бодож байгаа.
-Тэгэхээр бэлтгэлээс гадна нөгөө бөхөө судалж, мэдэх нь чухал байдаг юм байна. Бэлтгэлээс гадна бусад тамирчдын барилдаан, онцлогийг нь судалдаг уу?
-Бусдын өмнө хэдхэн минутын дотор барилдчихаад орчихож байгаа юм шиг боловч тэнд ухаан, заль, арга мэх, овсгоо самбаа гээд олон зүйл зэрэг бодож, ухаанаа зарцуулж байдаг. Хэн нэгнийг бярдаж давахаас илүү ухаанаар давах нь чухал санагддаг.
-Хэдэн настайдаа жүдогоор хичээллэж эхэлсэн бэ. Үндэсний бөхөөр хожуу хичээллэсэн үү?
-Би 12 настайдаа жүдогоор хичээллэж эхэлсэн. Би гурван ахтай. Ах нар минь үндэсний бөхөөр барилддаг байсан. Ах нарыгаа дуурайгаад бөхөд сонирхолтой болсон. Одоо гэр бүлийнхнээсээ ганцаараа барилдаж байна. Харин үндэсний бөхөөр 2020 оны есдүгээр сараас хичээллэж эхэлсэн. Тууштай хичээллэж амжаагүй байтал коронавирусийн халдвар тархаж, завсарласан. Би Хилийн цэргийн 0257 ангийн Хилчин спорт хороонд харьяалагддаг.
-Танд бөхийн удам бий юү?
-Ээжийн удамд Даншигийн аварга Гүррэнцэн гэж бөх байсан. Харин аавын талынхныг нутгийнхан Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Мажаагийн өндрийнхөн гэж дууддаг. Тэд их өндөр хүмүүс байсан юм билээ. Миний аав эхээс 13 уулаа. Гэхдээ барилддаг хүн байхгүй.
-Ах нарыгаа дуурайгаад бөхөөр хичээллэж эхэлсэн юм байна. Харин одоо мөрөөдлийнхөө төлөө бэлтгэлээ хийж байгаа биз дээ?
-Харин тийм ээ. Улсын цолтой бөх болох мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхөө төлөө бэлтгэлээ сайн хийж, тууштай зүтгэж байгаа. Долоо хоногийн зургаан өдөр нь тасралтгүй бэлтгэл хийдэг. Би 15-18 настайдаа Япон Улсад жүдо бөхөөр хичээллэж байсан. Бөх хүн нутаг ус, аав, ээжийнхээ нэр алдрыг үеийн үед дуурсгадаг болохоор их сайхан байдаг.
-Таны үндсэн мэх юу вэ. Ямар мэхэд гарамгай сайн болохоор бэлтгэлээ хийж байна вэ?
-Жүдогоор барилддаг болохоор хутгаж, тонгорч, үүрдэг. Илүү сайн болохын тулд багш, ах нараасаа суралцаж байна. Жүдо бөх, үндэсний бөхийн бэлтгэл хийхэд зөрчилдөх зүйл байдаггүй.
-Бөхийн дэвжээн дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ. Өөрийгөө хэрхэн бэлдэж, хянадаг вэ?
-Бэлтгэлийнхээ үр дүнг гаргаж, харуулж барилдахыг хичээдэг. Анх барилдахаар дэвжээн дээр гарч байхад эвгүй, сандралтай, айдастай байдаг байсан. Одоо өөрийгөө хянаж сурсан. Мөн ямар ч айдасгүй, санаа зовох зүйлгүй, сэтгэл зүйн хувьд тайван болсон.
-Сум, аймаг, улсын цолтой бөхчүүд ижил түвшинд бэлтгэл хийдэг болсон байна. Тэгэхээр тамирчны амжилт тухайн хүнээс шалтгаална уу гэхээс цол хэргэмтэй холбоогүй болжээ?
-Тиймээ, бэлтгэлээ чанартай сайн хийж хөдөлмөрлөсөн нь амжилт гаргадаг болсон. Сумын цолтой байлаа гээд улсын цолтой бөхөд дандаа унана гэж байхгүй шүү дээ. Энэ бол тамирчны тэвчээр, сэтгэл зүйн байдалтай холбоотой асуудал.
-Сүүлчийн үед бөхчүүдийн дунд маргаантай асуудлууд үүсэж, үзэгч олны дургүйг хүргэж, шүүмжлэл дагуулж байна. Бөхийн нэр хүнд юунаас болж сэвтэж байна вэ?
-Бөхчүүдийн дунд найраа, допинг зэрэг асуудлууд их гарч, иргэдийн шүүмжлэлийг хүртэж байна. Тиймээс бөхөд дуртай, барилдах сонирхолтой дүү нар маань бөхчүүдийн талаар багаасаа сөрөг бодолтой болж байна. Тэгэхээр бидний залгамж халаа гэж үгүй болно. Бөхчүүдийн дунд үүсдэг янз бүрийн асуудлуудыг яаралтай зогсоохгүй бол үндэсний бөх үзэгчгүй болж байгаа. Тэгэхээр бөхчүүд ухамсартайгаар допинг хэрэглэхгүй байж, найраанд оролцдоггүй болмоор байна.
-Бөхийн жудаг гэж таныхаар юу вэ. “Бөхийн жудаг үгүй боллоо” гэж хүн бүр ярьж байна?
-Сайн барилдаж, алдар хүндтэй болох ёстой. Гэхдээ сайн тамирчин байхын зэрэгцээ сайн хүн байх нь чухал гэж боддог. Би Японд жүдогоор хичээллэж байгаад нэг бухимдаж, муухай үг хэлж байсан юм.
Түүнийг багш минь сонсчихоод “Чамайг сайн бөх болгох нь миний үүрэг. Гэхдээ чамайг сайн барилдахаасаа илүү сайн хүн болж хүмүүжээсэй гэж хүсдэг” хэмээн хэлж байсан юм. Тэр үг одоог хүртэл сэтгэл, зүрхнээс гардаггүй, амьдралынхаа зарчим болгож явахыг хичээдэг.
-Үндэсний бөхөөр ид хичээллэж эхэлж байна. Гэр бүлийнх нь юу захиж, хэлдэг вэ?
-Манай гэр бүлийнхэн намайг сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Би гурван ахтай, айлын бага. Том ах минь бурхан болсон. Бага ах минь малчин. Амралт, чөлөөт цагаараа ахындаа очих, морь, мал сургадаг. Адуу мал сургахад хөлс гарч, бие задардаг гэдэг шүү дээ. Тэгж хэсэг бэлтгэлээ хийдэг.
-Таныг бөх сонирхогчид сар шинийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэнэ гэж бодож байгаагүй гэдэг. Гэлээ ч цагаан сарын баяраар гэр бүлийнхнийгээ баярлуулж, өөрийгөө харуулж чадсан шүү дээ. Итгэл дүүрэн нутаг руугаа явсан сэтгэгдлээ хуваалцаач?
-Би шинийн 1-ний өглөө нутаг руугаа явсан. Уулзсан бүхэн баяр хүргэж, урмын үг хайрлаад сайхан юм билээ. Өнгөрсөн зургаадугаар сард ихэр охинтой болсон. Хамаатнууд минь охидыг минь ч мялаагаад, намайг ч мялаагаад сайхан байсан. Их урам зориг, эрч хүч авсан.
-Танд “Тэр бөх шиг болох юм сан” гэх хүсэл мөрөөдөл байдаг уу?
-Би Г.Эрхэмбаяр аваргыг хүндэлж, хайрладаг. Маш сайхан бөх. Намайг бага байхад миний бага ах нэгэн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж, “Зургаан залуу зааны 100 шилдэг барилдаан” гэх CD-гээр шагнуулж байсан юм. Тэдний барилдааныг үзчихээд Д.Сумьяабазар аварга шиг болмоор санагдаж байсан. Тэгээд л гэрийнхэндээ “Би энэ бөх шиг сайхан цээж, гуятай болмоор байна” гэж хэлж байсан юм. Гэтэл ах минь “Чи сунайгаад байвал ийм цээжтэй болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би хүүхэд байхдаа гэртээ сунайдаг, суулт хийдэг, ахаараа мэх заалгаж, бөхөд хайртай, сонирхолтой болж байсан юм даа.
-Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Д.ЦЭРЭННЯМ: Үндэсний бөхийн барилдаанд үүрэх мэхээр давсан чинь хүмүүс гайхаад, шуугилдаад байсан |
|
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |