• Өнөөдөр 2025-02-05

ТАНИЛЦ: Монгол Улсын нэрийг паралимпад дуудуулах тамирчид

2021-08-23,   1551

          “Токио-2020” зуны олимпын XXXII их наадам энэ сарын 8-нд өндөрлөж, Монгол Улсаа төлөөлж, оролцсон баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар олимпод оролцсон 206 орноос 71 дүгээр байрт жагссан. Харин “Токио-2020” паралимпын наадам өнөөдөр буюу наймдугаар сарын 23-наас эхэлж байгаа юм. 16 дахь удаагийн паралимпын наадам наймдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулна. Ээлжит паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлж, нийт есөн тамирчин паралимпын зургаан төрөлд оролцох юм. Харин "Токио-2020" паралимпын наадмын нээлтийн ёслолыг маргааш буюу наймдугаар сарын 24-нд зохион байгуулна. Паралимпын наадмын нээлтийн ёслолд Монголын шигшээ багийн тугчаар пара жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Мөнхбат, пара байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ нар оролцоно. Монголын Үндэсний Паралимпын хорооны тамирчдаас Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Лхагважав "Сидней-2000", "Афин-2004", Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн "Бээжин-2008", Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат "Лондон-2012", Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав "Рио-2016" паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан түүхтэй билээ. Тэгвэл уншигч та бүхэнд энэ уадаад Монгол Улсынхаа нэрийг "Токио-2020" паралимпад дуудуулах есөн тамирчныг танилцуулж байна.

ПАРА БУУДЛАГА

З.ГАНБААТАР

          Ховд аймгийн харьяат, пара буудлагын спортын ОУХМ З.Ганбаатар АНЭУ-ын Аль Айн хотод зохион байгуулсан пара буудлагын дэлхийн цомд оролцож, 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 542 оноогоор шигшээ буудлагад шалгарч, “Токио-2020” паралимпад оролцох эрхээ авсан. З.Ганбаатар 2008 онд дасгалжуулагч В.Ганцоожийн удирдлага дор цэц сорьж, буудлагын спортоор хичээллэж эхэлжээ. Пара буудлагын спортоор хичээллэж эхэлснээсээ ердөө гурван жилийн дараа буюу 2011 онд З.Ганбаатар Дубайд зохион байгуулсан дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Түүнээс хойш пара буудлагаар идэвхтэй хичээллэж, “Инчон-2014” Азийн наадмын хүрэл медаль хүртэж, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт орсон билээ. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10 медаль цуглуулж, “Токио-2020” паралимпаас медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдын нэгээр нэрлэгдсэн З.Ганбаатар өдгөө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор ирэх паралимпын наадамд бэлдэж байгаа юм.

 

ПАРА БАЙТ ХАРВАА

Н.МӨНХБААТАР

          Пара байт харвааны спортын дэд мастер Н.Мөнхбаатар энэ жил Таиландын Бангкок хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, “Токио-2020” паралимпад оролцох эрхээ авсан. Тэрбээр тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.

 

ПАРА ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Э.СОДНОМПИЛЖЭЭ

          Ээлжит “Токио-2020” паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлж, гавьяат тамирчин, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ оролцоно. Тэрбээр энэ жил зохион байгуулсан пара хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 105 килограмм жингийн хэвтээ шахалтын төрөлд оролцож, алтан медаль хүртэж, олимпын эрхээ авсан билээ. Э.Содномпилжээ Казахстанд болсон Азийн наадмын үеэр 248 килограммыг өргөж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд түүний энэ амжилтыг Гиннесийн номонд бүртгүүлсэн юм.

 

ПАРА ТАЭКВОНДО

Г.БОЛОР-ЭРДЭНЭ

          Пара таэквондогийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнийг гаднын судлаачид “Токио-2020” паралимпын наадмаас медаль хүртэх өндөр магадлалтай тамирчнаар нэрлэжээ. Тэрбээр энэ жил Ливан Улсын Бейрут хотод зохион байгуулсан пара таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний К44 ангиллын 61 килограмм жинд оролцож, мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмын эрхээ авсан юм. Г.Болор-Эрдэнэ нь тивийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртэж, 2019 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж, Монгол Улсын гавьяат тамирчин цолны болзол хангажээ.

 

Х.ЭНХТУЯА

          2019 оны долдугаар сарын 18-23-ны өдрүүдэд Йордан Улсын Амман хотод зохион байгуулсан  пара таэквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Энхтуяа оролцож, аваргын алтан медаль хүртэж, Ази тивийн дөрвөн удаагийн аварга болсоор эх орондоо ирсэн билээ. Тэрбээр пара таеквондогийн спортоор хичээллээд зургаан жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Ази тивийн дөрвөн удаагийн аваргалж, 2017 оны дэлхийн аварга болж, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, “Токио-2020” паралимпын наадамд оролцох эрхээ авсан. Х.Энтуяа ээлжит паралимпын наадмын пара таэквондогийн төрлийн К44 ангиллын 49 килограмм жинд хүч үзэх юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би хүүгээ “Олимпын аваргын хүү” гэж дуудуулахын төлөө зүтгэнэ” хэмээн ярьж байжээ.

 

ПАРА ЖҮДО

А.МӨНХБАТ

          Пара жюү жицүгийн анхны дэлхийн аварга А.Мөнхбат Япон Улсын нийслэл Токио хотод зохион байгуулах 16 дахь удаагийн зуны паралимпад оролцоно. Тэрбээр дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг харааны бэрхшээлтэй иргэдийн пара жүдо бөхийн 2015 оны дэлхийн наадамд оролцож, мөнгөн медаль хүртэж, 2019 оны дэлхийн наадамд аваргалж, “Токио-2020” паралимпын наадмын эрхээ баталгаажуулсан. А.Мөнхбат өдгөө өөрийн 66 килограмм жингийн пара жүдо төрлийн дэлхийн чансааны долдугаар байрт эрэмбэлэгддэг. Мөн А.Мөнхбат 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан пара жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүлсэн юм.

 

С.ЯДАМДОРЖ

          Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 килограмм жингийн 22 настай залуу тамирчин С.Ядамдоржийн паралимпад оролцох эрхийг Олон улсын паралимпын хорооноос өнгөрсөн зургадугаар сард баталгаажуулснаар “Токио-2020” 16 дахь удаагийн зуны паралимпын наадамд оролцох эрхтэй болсон. Тэрбээр 2018 онд Португали Улсад зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долдугаар байрт шалгарч, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн долдугаар байрт шалгарсан амжилттай яваа юм.

 

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИК

Д.САРУУЛТӨГС

          Монгол Улсын Үндэсний паралимпын шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс 2018 оны аравдугаар сард Индонезийн Жакарта хотод зохион байгуулсан Азийн наадмын пара зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцож, 16 дахь удаагийн зуны паралимпад оролцох эрхээ авсан. Д.Саруултөгс нь 2019 оны таван сард БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан пара хөнгөн атлетикийн “Гранпри-2019” аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн билээ.

 

П.ЭНХМАНЛАЙ

          Монгол Улсын пара хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер П.Энхманлай “Токио-2020” зуны паралимпын наадамд оролцоно. Тэрбээр 2016 онд Дубай хотод зохион байгуулсан Ази тив, далайн орнуудын пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргэнцэртэй марафоны 100 метрийн зайд хүрэл медаль хүртсэн юм. П.Энхманлай өмнө нь Нью-Йорк, Дубай, Сөүлийн олон улсын марафонуудад амжилттай оролцсон түүхтэй билээ.

 


ТАНИЛЦ: Монгол Улсын нэрийг паралимпад дуудуулах тамирчид
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 19:20:09
    Энхээ: Тамирчиддаа амжилт хүсэн ерөөе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188