• Өнөөдөр 2024-04-25

Харанхуй хадыг зорихуй ба бүтээхүй

2021-02-02,   2329

       Францын философич, зохиолч А.Камю сэтгэлгээний нэн шинэ хандлага бүхий “Сизифийн тухай домог” эсээ, “Хөндлөнгийн хүн”, “Тахал”, “Уналт” зэрэг роман бичсэн бөгөөд үүндээ “Абсурд хүн”-ий тухай эргэцүүлж, С.Кьеркегорын “Хүний оршихуйг зовлон, утга учиргүй явдал хоёрын хольц, зан суртахууны зовлон утгагүй явдал хоёрын хольц хэмээн дүрслэхийг оролдож” (Р. Поупкин нар. Гүн ухаан. Орч Д. Дашжамц нар. УБ. 1998 он. 418 тал.) үндэслэсэн абсурд  философийг задлан тайлбарласан. Абсурд гэх үгийг монгол хэлнээ анх Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нар “Орос хэлний тайлбар толь”-доо “Утга учиргүй, шал дэмий” гэж тайлбарлан түүнээс хойш өдгөөг хүртэл “утга учиргүй” гэж ойлгосоор буй билээ. Үүний тухайд зохиолч Дарма Батбаяр “Абсурд бол зөвхөн утга учиргүй гэсэн утгатай үг бус. Абсурд бол бүхэл бүтэн философийн категори юм. Тийм ч учраас Камюгийн тууж, роман, философийн эсээнүүд нь абсурд гэж юу болохыг нээн харуулахад зориулагдсан байдаг” (“Ил товчоо” сонин. 1997 он. Дугаар 27.) гэжээ. Мөн абсурдыг “Утга учиргүй, шал дэмий” гэж орчуулан хэрэглэж байгааг “...Энэ хоёр утгын аль нэгээр орчуулъя гэхээр латин гаралт, уг үгийн философи утганд хараахан нийцэхгүй мэт санагдсан тул би уул үгийг орчуулалгүй тэр хэвээр нь хэрэглэсэн болохыг мэргэд болгоох биз ээ” (“Ил товчоо” сонин. 1997 он. Дугаар 27. ) гэж шүүмжилсэн байна.  Бид уг шинжлэлдээ чухам А.Камюгийн философид дулдуйдан их зохиолч Д. Нацагдоржийн ээдрээтэй өгүүллэгийн “би баатар”-ын дотоод ертөнц, сэтгэл зүйг абсурд шинжтэйг нотлохыг оролдох болно.

НЭГ. “Харанхуй хад” хэмээх нэр ба өгүүллэг дэх зарим бэлгэдлүүдийн тухай

       “Харанхуй хад” гэдэг нэр нь харанхуй буюу цаг хугацааны шинж байдлыг заасан тэмдэг нэрийг хад гэх жинхэнэ нэртэй холбосон гажуу тусгал” (Г.Батсуурь. Ерөөлчид ба шизофреникүүд. УЗСШ цуврал- Боть 20. УБ. 2018. 34 тал). Харанхуй гэх тодотголыг мөшгөн үзвээс: нэрт домог зүйч С.Дулам “Абай Гэсэр Богдо хаан” туульд “Саран нарандаа хариулав: “Миний туяа багахаан, тэнгэр газар хоёрыг гэрэлтүүлж чадахгүй, муу муухай, хүнээс нуух юмыг шөнийн харанхуйд хийцгээж байг” гэв. Түүнээс хойшид сайн сайхан хэргүүдийг гэгээн өдөр хийдэг, муу муухай нууц зүйлүүдийг шөнийн харанхуйд хийдэг юм гэж амьтан зон хэлэлцдэг юм” (С. Дулам. Монгол бэлгэдэл зүй. Дэд дэвтэр (өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй). УБ. 2007 он. 3 тал.) гэж байсныг “Хар өнгө нь шөнийн харанхуйн дохио төлөөлөл болж дүрслэгдээд тэр нь хүний нүднээс далдлах, эчнээ нууц, хар муухай хэргийн ёгтолмол болж дохио утга нь бүтэж бүрэлдсэн байна” (С. Дулам. Монгол бэлгэдэл зүй. Дэд дэвтэр (өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй). УБ. 2007 он. 4 тал.) хэмээн тайлбарласан байх ба “харанхуй” гэх тодотгол нь хэрхэвч сайн дохио болж чадахгүй.

Хад гэх нэр нь мөн сайны ёр биш ажээ. Монгол ардын зүйр, цэцэн үгсээс “хад” гэсэн үг орсон цөөнийг шүүрдэж үзвэл:

“Ханан гэр холдож
Хадан гэр ойртох” /Насан хутаг олохоо дөхөж өвчин зовлонд ороогдсон хүн буюу голдуу өвгөд хөгшид үхэхээ ийнхүү цээрлэн хэлэх нь олонтой/

“Ханын ёроолд төрж
Хадны ёроолд үхэх” /Гэрт төрж хээр оршуулагдахыг хэлж байна. Хүн бол хаана ч төрж, хаана ч үхэж мэдэх юм./

“Хад боловч хагардаг
Хаан боловч хальдаг” /Мөнхрөх хувьтай зүйл хорвоо дэлхийд үгүй. Төрсний эцэст үхэх нь жам юм/ (Н. Ням-Осор нар. Монгол хэлний зүйр цэцэн үгийн товч тайлбар толь. УБ. 2011 он.) гэх мэт төсөө утга санаа бүхий үгс байна. Үүнээс нэгтгэн харвал, "Харанхуй хад" гэсэн нь ямар нэг муугийн дохио, лавшруулаад хэлбэл үхлийг ёрлосон шинжтэй.

            Өгүүллэгт Данжаад үргэлжид баруун зүгийг (урд, хойд) чиглэн явдаг. Эрдэмтэн Б.Катуу “Гэрийн баруун талыг эрэгтэйчүүдэд хамааруулдаг ойлголтын агуулга ахуй амьдралын хүрээнээс хальж, ертөнц дэлхийг илч гэрлээрээ гийгүүлэгч нар баруун хойд зүг рүү орж алга болоход бүх юмыг харанхуй нөмрөн авдгаас тэгсэн байж болох юм. ...Улмаар энэ үзэл нь улам гүнзгийрч, нарыг залгиж хав харанхуйг нөмөргөдөг баруун, баруун хойт зүгийг эрэгтэйд хамааруулдаг нь эрэгтэйчүүдийн хүчинд дулдуйдаж, хав харанхуйг арилган чадаж магад хэмээн бодож баруун зүгийг эрэгтэйчүүдэд холбогдуулсан байж магад” (Б.Катуу. Монгол туульсын судалгаа (бэлгэдлийн судалгаа). Боть 2. Bibliotheca Oiratica XXXII. Уб. 2013. 59 тал.) гэснээс харахад баруун зүг нь харанхуйн зүг, харанхуй нь “Хар муухай зүйлийн ёгтолмол дохио” болж, хад нь үхэл орших газрыг бэлгэдэж байгаа зэрэг нь өгүүллэгийн уур амьсгал, ерөнхий санааг илэрхийлж байна.

ХОЁР: “Данжаад”-ын, утга учиргүйг хүлээн зөвшөөрөхүй буюу амиа хорлохуйн тухай

            А.Камю: “Үнэн хэрэгтээ, нэг л ноцтой философи асуудал байдаг нь амиа хорлохуйн тухай юм. Амьдрал нь туулан аж төрөхүйц үнэ цэнтэй юү, үгүй юү гэдгийг шийдэх нь философийн суурь асуудалд хариулна гэсэн үг” (А. Камю. Сизифийн тухай домог. Орч. Ж. Отгонбаяр. УБ. 2018. 17 тал.) хэмээжээ. Улмаар энэхүү онолдоо хүн төрөлхтний ямагт жигшин зэвүүцэж ирсэн амиа хорлох үйлдлийн тухай сонин санаа дэвшүүлсэн байдаг. Тэрбээр “Амиа хорлох явдлыг зөвхөн нийгмийн шинж бүхий хачирхалтай үзэгдэл байдлаар цаг ямагт авч үзэж” байсныг эсрэгээр нь “Амиа хорлохуйн асуудлыг анхнаас бодгаль хүний сэтгэхүйтэй холбон тавьж байна. Амиа хорлохуй нь сэтгэл зүрхний гүн дайдад алхимичдын их үйл хэрэг лугаа бэлтгэгдэж байдаг. Хүн өөрөө энэ тухай юу ч мэддэггүй” (А. Камю. Сизифийн тухай домог. Орч. Ж. Отгонбаяр. УБ. 2018. 18-19 тал.) гэж тайлбардаг.

            Дэвшилтэт хүн төрөлхтний амьдрал тэр чигтээ абсурд шинжтэй. “Харанхуй хад” өгүүллэгийн “Данжаад” (Бид “Данжаад”-ыг бодгаль хүн гэж харах, өгүүллэгийн дунд бид өөрсдөө оршиж буй мэт сэтгэх хэрэгцээ гарна. С.Б)-ын хийсэн үйл бүхэн үүнийг нотолж байна. “Наймдугаар сарын гучны Бямба гараг, Харанхуй хад Ина” (МУЗД 108 боть. 21-ээр боть. УБ. 205 тал.) гэсэн “Утга ба учир тодорхойгүй, юун тухай огт мартагдсан” бичгийг уншаад Ина хэмээх нь хуучин амраг охиных нь нэр хэмээн сэтгэж, “ухамсар авч бодон”, морь эмээллүүлэн мордож байгаа нь  “бид ухамсартай учраас амьдралыг утгатай хэмээн хүлээж авдаг” (DK. Monsudar. Философи. Орч Б. Батчулуун. УБ. 2014. 284 тал.) -тай холбоотой. Амьдралын утга учрыг эрэн хайх явдал нь философийн зорилго гэж үздэг хүмүүс бий. Үүний л адилаар Данжаад утга учиргүйгээс утга эрэн, танил ертөнцөөс танил бус ертөнц рүү одож байна. Үүнийг А.Камю “АБСУРДЫН АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ” гэж үзжээ. Чухам эндээс л  “АБСУРД МЭДРЭМЖ” үүснэ. “Абсурд мэдрэмж бол хүн амьдралтайгаа, жүжигчин тайз засалтайгаа эв эвдрэх явдал юм” (А.Камю. Сизифийн тухай домог. Орч. Ж. Отгонбаяр. УБ. 2018. 21 тал.). Ингэж амьдралтай эв эвдрэх нь хүн өөрийгөө бусадтай жишсэнтэй холбоотой. “Алив абсурд байдал нь нэг юмыг нөгөө юмтай харьцуулснаас урган гарна” гэж А.Камю бичсэн. Данжаад цаг хугацааг улируулан өнөө цагийг өнгөрсөнтэй жишиж буй бөгөөд “...Ина хэмээх миний хуучин янаг охины нэр, цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэрт тэврэн үнсэж агсан цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэрт үзэгдэхэд даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ, хол ба ойрыг улируулан бодох тутам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт болон зэрэглэсээр агшин зуур үүргэлсэн нь...” (МУЗД 108 боть. 21-ээр боть. УБ. 205 тал.) гэж одоо ба өнгөрсөн цагийг харьцуулан жишиж амьдралтайгаа эв эвдэрч байгаа нь мөн утга ба учир нь үл тодорхой бичигт утга өгөн одож буй нь “абсурд мэдрэмж” юм.

            Түүнд Инатай “янаглан ханилж” байсан цаг мөч нь үнэ цэнтэй, харин одоо цаг нь төдий л жаргалтай бус. Долоон жилийн турш санагалзан, эрж хайж байсан сэтгэлтэй хүнийх нь үлдээсэн байж магадгүй бичиг болзоо товлосон яг тэр өдрөө (Данжаадын фантази ч байж болно. Ерөөс одоогийн наймдугаар сарын гучин байх магадлал бага байна. С.Б) тааралдсаныг “...Бямба гариг гэсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар байж тохирох тул лав ийм газар уулзах юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэг удаа шалгаж бодвоос, ер үүнээс зайлахгүй агаад...” (МУЗД 108 боть. 21-ээр боть. УБ. 206 тал.) хэмээн баясаж байгаагаас харахад Данжаад “АБСУРД ХҮН” (абсурд мэдрэмж бүхэн абсурд хүн болгохгүй. С.Б) биш. “Камюгийн философийн үндэс нь хувь хүний гансрал, сэтгэлгээний ертөнц юм. Хоёрдмол нөхцөлийн дунд орчихсон тэрхүү хувь хүнээ “АБСУРД ХҮН” гэж нэрлэжээ. Абсурд хүн бол “...өөрийнхөө эр зориг, эргэцүүлэн бодох чадварт найддаг. Байгаа байдалд нь л сэтгэл ханаж чаддаг. Эрх чөлөөгөө хязгаарлагдмал болохыг мэддэг, элдвийн үймээн самуун тарьдаггүй, амьдралаар оноогдсон заяагаа л дагадаг. Бүхнийг өөрийнхөөрөө шүүн тунгаадаг тул, амьдралын урт богино урьд хойч ер хүртээлгүй гэжээ.” (Г.Аюурзана. Орчин цагийн аугаа их сэтгэгчид. УБ. 2010 он. 98 тал.) (Абсурд хүний төгс дүр нь “Этгээд хүн” романы Мерсогийн дүр болно. Эхийгээ нас барсан мэдээг  төдий л эмзэглэлгүй өнгөрөөж байгаа, хайр сэтгэлийг хэрэгцээ маягаар хүлээж авч байгаа, цаазаар авахуулах ялыг юман чинээ тоохгүй байгаагаас харагдана. Эхээс төрсөн хүн бүхэн үхэж үрэгдэх нь тодорхой болохоор амьдрах гэж шаналах хэрэггүй гэж байгаа юм шиг амьдралд ханддаг нь дээрх абсурд хүний тодорхойлолтод бүрэн нийцнэ. С.Б) Харин Данжаадад амьдрал үнэ цэнтэй, хайр сэтгэл эрхэм нандин зүйл болж байна. Инатай Харанхуй хад хэмээх үл мэдэгдэх газар уулзана гэх найдвар тээж, тэмүүлэн явах нь амьдралынх нь үндэслэгээ болдог хэдий ч угтаа энэ үндэслэгээ нь утга учиргүй, хуурмаг бодлын шинжтэй. Ийм найдвар нь дарамт болж, амиа хорлохуйн үүдэл болж болно. Данжаад, “Амьдралынх нь үндэслэгээ болж буй үзэл санаа буюу хуурмаг бодлоосоо болж өөрийгөө егүүтгэхэд бэлэн байгаа” (А. Камю. Сизифийн тухай домог. Орч. Ж. Отгонбаяр. УБ. 2018. 18 тал.).

       Инагийн тухай хүчтэй бодол сэтгэцэд нь хэрхэн нөлөөлж байгааг замд таарсан этгээд айлд саатаж бүхийд болсон дараах явдлуудаас харахад: “...Харанхуй хад хэмээгчийг хар хүнээс сурваас: “Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул ойр хавийн газрыг бараг мэднэ. (Энэ завсар миний сэтгэл дор баяр төрж авай.) Гэвч тийм газар сонссон үгүй” хэмээхүй дор миний урам хугарч, одоо хааш явахаа мэдэхгүй элмэрнэ. Алтан дэлхий уудам их, аль газар Харанхуй хад хэмээгч байхыг хэн яахан мэднэ. Дөрвөн зүг найман зовхисыг тойрон зуун жил, мянган он эрэвч, бас олдохгүй байж болно. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл хөдөлж, биеийг зовооно” (МУЗД 108 боть. 21-ээр боть. УБ. 207 тал.) гэж хуурмаг бодолдоо автагдан, шаналж байгаа мөн “Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс нэгэн юмыг аваад хар хүн дор өгч: “Хүү минь, энэ бол манай эцэг өвгийн үеийн юм. Энэ хүүгийн хэлж буй газар байх магад үгүй” (хэмээмэгц миний чих сортойж, нүдэн ширтэн санаа тавив). “Бараан цохио хэмээх нэгэн газраас олсон ховор юм гэнэ билээ” хэмээхүй дор хар хүн түүнийг авч үзээд: “Эмгээ зөнөглөх гэж, аяны хүнийг одоо төөрүүлэх нь” хэмээгээд ширээн дээр тавьсан дор би түүнийг яаран авсан нь тэр нэгэн хэсэг чулуу болох нь хүнд тул гараас мултран газар унамагц, хоёр хэсэг хагарсан, авч үзвээс, яах аргагүй хир болсон нэгэн чулуу буй. Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын үе дор оройн наран баруун хаяагаар тусаж буй гэрэл дор мөнхүү чулууны хагарсан тал дээр гилтгэнэмэгц гэнэт сонирхол төрж эгүүлэн ажиглаваас, харин чулуу чулуунаас онцгой өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь над дор хоёрдугаар тэмдэг болно хэмээн санаж, нэгэн талыг эмгэнээс гуйж аван өвөрлөөд баяртай байдал төрж мордов” (МУЗД 108 боть. 21-ээр боть. УБ. 207 тал.) Энэ хэсэгт Данжаадын сэтгэл суурин дээрээ хэдэнтээ холбирон, хүний хэлсэн үгэнд урам хугарч, элмэрэх удалгүй шаналсан сэтгэлд нь тэрхэн дор нотолгоогүй баримтад итгэн баяр төрж байгаа зэрэг нь одоогоор Данжаад бээр “абсурд хүн биш” (абсурд мэдрэмж нь хэвээр байгаа) болохыг баталж байна. Хэдий тийм боловч Данжаадын иймэрхүү сэтгэлийн олон янзын хөдөлгөөн, шаналал, хий хоосон найдвар нь амиа егүүтгэх үйлдэлд хүргэх шалтгаан болох магадлалтай. Ерөөс “Амиа хорлох нь рефлексийн (өөр лүүгээ хандсан гүн эргэцүүллийн -Орч) үр дүн байх нь ховор (гэхдээ тийм таамаглалыг үгүйсгэдэггүй). Шийдэл нь бараг л ямагт ухааны гадна, санамсаргүй хийгддэг.” (А. Камю. Сизифийн тухай домог. Орч. Ж. Отгонбаяр. УБ. 2018. 19 тал.)

Хүний ухамсарт танин баригдах юмсаас, ухамсарт танин баригдашгүй зүйлс нь хэдэн сая дахин илүү. Данжаад чулууны тэмдэгт баяссан энэ мөчөөс Харанхуй хадыг олох найдвар нь улам гүнзгийрдэг.

            “Тохиолдол бүрт абсурд байдал нь харьцуулалтаар үүсдэг. Мөн чанартаа, абсурд бол хагарал юм. Харьцуулагдаж буй элементүүдийн нэгэнд нь ч тэр байхгүй. Тэдгээрийн мөргөлдөөнд тэрбээр үүсдэг” (А.Камю. Сизифийн тухай домог. Орч. Ж. Отгонбаяр. УБ. 2018. 53 тал.). Данжаадын сэтгэц дэх хамгийн том хагарал, абсурд мэдрэмж нь сайн сайхнаар туйлчлан сэтгэж асан Харанхуй хадны газар нь тэвчихийн аргагүй бэрхтэй байсанд оршино (харьцуулалтаас абсурд үүснэ. С.Б). Үүнийг “Хэдийгээр “Харанхуй хад” хэмээх нэр нь энэ газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч ийм оронд энхрий хайрт Ина хэрхэн орших аж” (МУЗД 108 боть. 21-ээр боть. УБ. 209 тал.) гэсэн эргэцүүллээр илэрхийлжээ. Хүний хүсдэг ертөнц ба ертөнцийн үнэн дүр төрх хоёр зөрчилтэй байдаг. Зөрчилт байдлыг нэгтгэх хэрэгтэйн учир “АБСУРД ХҮН” байх ёстой.

 Дурдагдан буй өгүүллэгт хоёр хувилбар төгсгөл байна. Эхний хувилбар:

  1. “-Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү харанхуй хадны газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд чанга тэврэлдэж үнсэлдэв.” (МУЗД 108 боть. 21-ээр боть. УБ. 210 тал.)
  2. “-Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү Харанхуй хадны газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд харилцан чанга тэврэлдэж үнсэлдвэй.” 20.8.24-нээ (1930 оны 8 дугаар сарын 24-нээ) (87) 

(Д. Нацагдорж. Зохиолын цоморлиг. Тэргүүн дэвтэр. Удиртгал тайлбар бичиж хэвлэлд бэлтгэсэн Ч. Жачин. УБ. 2016 он. 87 тал.)

Удаах хувилбар:

  1.  “-Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү  Харанхуй хадын газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болно хэмээлцээд харилцан чанга тэврэлдэж гүнзгийгээр үнсэлцсэн амьсгал дор сочин сэрвээс яруу найруулга хэмээн томоор бичсэн нэгэн дэвтрийг үнсэн хэвтэх бөгөөд эргэцүүлэн бодвоос цөм нэгэн зүүд ажгуу.” (Д.Нацагдорж. Бүрэн зохиол. Тэргүүн дэвтэр. Оршил удиртгал бичиж, тайлбар, номзүй үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Д. Цэдэв. УБ. 2006. 218 тал.)

20 (1930).8.24
[Phantastische erzahlung (Novelle)]

  1. “-Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү харанхуй хадын газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд харилцан чанга тэврэлдэж гүнзгийгээр үнсэлцсэн амьсгал дор сочин сэрвээс, Яруу найруулга хэмээн томоор бичсэн нэгэн дэвтрийг үнсэн хэвтэх бөгөөд эргэцүүлэн бодвоос цөм нэгэн зүүд ажгуу.” (Г. Аюурзана. Монголын сонгомол өгүүллэг. УБ. 2014 он. 16 тал.)

гэсэн байна. Энэ хоёр хувилбар нь абсурдын үүднээс тус бүр өөр тайлалтай байна.

            Эхний хувилбарт: Данжаадыг амиа хорлосон тухай өгүүлж байна. Харанхуй хад хэмээх газар нь Данжаадын фантази ертөнц, амраг Ина бол фантази ертөнц дэх хайртай эмэгтэй бөгөөд ерөөс ийм газар болон эмэгтэй байхгүй. Энэ бол амьдралын абсурд шинж (Данжаадын итгэл ба бодит байдал). Данжаад харанхуй хад гэх газрыг хайгаад хайгаад олохгүй учраас өөрийнхөө фантази ертөнцөө бодит гэдэгт анх удаа эргэлзсэн. Ингэснээр тэр абсурдыг хүлээн зөвшөөрч буй хэрэг. Ихэд гилмэгдэн, айж цочоод ухаан балартан сэрэхдээ амраг Инатай ханилан байгаа мэт буй нь абсурдаас нэгэнт чөлөөлөгдсөн, угтаа амиа егүүтгэснийг илэрхийлж байна. Энэ хооронд тэрбээр “АБСУРД ХҮН” болжээ.

            Хоёр дахь хувилбарт: А.Камю “Энэ орчлонд ухамсарт бэхжин баталгаажих, хүсэл зоригоо ухамсарт буулгах цорын ганц боломж нь уран бүтээл юм. Урлан бүтээнэ гэдэг нь хоёр дахин амьдарна гэсэн үг” (А.Камю. 137.) хэмээжээ. Данжаадын “...үнсэлцсэн амьсгал дор сочин сэрвээс яруу найруулга хэмээн томоор бичсэн нэгэн дэвтрийг үнсэн хэвтэх бөгөөд эргэцүүлэн бодвоос цөм нэгэн зүүд ажгуу” гэснээс тэр бээр уран бүтээлч хүн болохыг амархан мэдэж болно. Өмнөх хувилбарын адил фантази ертөнц, бодит байдал хоорондын хагарал түүнээс үүсэх абсурд мэдрэмж, невроз бүхий бодгаль хэдий ч амиа хорлолтоос хол байна. Абсурд бол дур зоргоороо авирлаж болно гэсэн үг биш. Абсурд бол гажиг явдал биш. “Абсурд чөлөөлдөггүй, тэрээр хүлж орхидог. Абсурд нь ямар ч хамаагүй үйлдлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш” (А.Камю. 102). “Би баатар” абсурдыг хүлээн зөвшөөрсөн, абсурдаар амьдарч байгаа хүн. Түүний абсурдаар амьдрах арга зам нь урлаг (хоёр дахь амьдрал). “Урлагийн аугаа нь гоо сайхан ба гутрал шаналлын хооронд, хүмүүсийг хайрлахуй ба уран бүтээлд шунан адгахын хооронд ганцаардан зовохуй ба олноос төвөгшөөн залхахын хооронд, эсэргүүцэл ба зөвшилцлийн хоорондын энэ бүх хоёрдмол байдалд оршдог. Эсрэг тэсрэг зүйлсийг урлаг тэнцвэржүүлдэг” (Г.Аюурзана. Орчин цагийн аугаа их сэтгэгчид. УБ. 2010. 101 тал.) хэмээн А.Камю тунхаглажээ. Урлагийн бүтээл туурвих нь хавцлын эрмэгээр алхах мэт амь дүйсэн явдал гэх төдийгүй тэр л дэнчин болгосон амьдралд урлагийн эрх чөлөө оршдог гэжээ. Бид Данжаадыг амьдралаа ийн дэнчин болгосон хүн гэж сэтгэх бөгөөд зүүдлэн сэрээд “уран найруулал” гэх дэвтэртээ зүүдээ буулгаж буйгаар төсөөлж байна.

ДҮГНЭЛТ

            "Харанхуй хад" өгүүллэгийн би баатар буюу Данжаад бол өнгөрсөн ба одоо цагийн харьцууллаас үүдсэн абсурд мэдрэмжийн дунд оршин буй “АБСУРД ХҮН” юм. Өгүүллэгийн төгсгөлөөс шалтгаалан гол дүрийн “абсурд шинж” хоёр өөр янзтай байна. Эхнийх нь абсурдын хүлээсээс чөлөөлөгдөн, амиа егүүтгэдэг. Дараагийнх нь абсурдыг хүлээн зөвшөөрч, абсурдаар амьдарч, урлагийг бүтээж байна. “А.Камю амьдрал угаасаа утгагүй гэдгийг философи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Анхандаа энэ нь урам зориг хугалсан үзэл шиг санагддаг. Тэгвэл Камю энэ үзэл санааг хүлээн авсны үндсэн дээр бид боломжийн хэрээр бүрэн дүүрэн амьдарч чадна гэж үзжээ.” (DK. Monsudar. Философи. УБ. 2012 он. 284 тал.) Абсурд философийн үүднээс амьдрал гэдэг бол мөн чанараараа утгагүй үүрэг даалгаврыг биелүүлэх эцэс төгсгөлгүй тэмцэл юм. "Харанхуй хад" өгүүллэгт Данжаад утгагүй үүргээ биелүүлэхээр эцсээ хүртэл тэмцэж байна. “Бидний хийж буй зүйлийн ихэнх нь утгатай юм шиг байдгийг Камю хүлээн зөвшөөрсөн боловч түүний хэлээд буй санаа нь цаагуураа их нарийн ээдрээтэй. Нэг талаас, хэрэв амьдрал утгатай юм бол амьдралд хэн ч тусалж чадахгүй тийм оршихуй бол бид өөрсдөө юм. Нөгөө талаас, энэ ертөнцөд биш, бидний оюун санаанд оршдог аж. Ертөнцөд утга үгүй, зорилго ч үгүй байгаа нь энэ” (DK Monsudar. Философи. УБ. 2012 он. 285 тал.).Би баатар” ухамсартай учраас амьдралыг утгатай хэмээн хүлээн авч байна. Гэхдээ тэрбээр ертөнц бүхэлдээ утгагүй гэдгийг мэддэг. Түүний амьдрал бол зөрчил. Сайн сайхан амьдрахын тулд энэ зөрчлийг даван туулах ёстой. Оршихуйн утгагүй болсныг бүрэн дүүрэн хүлээн авсны үндсэн дээр “би баатар” зөрчлийг даван туулж чадна. Даван туулах хоёр арга зам байх бөгөөд 1. Абсурдаас чөлөөлөгдөн амиа хорлох 2. Абсурдыг хүлээн зөвшөөрч хоёр дахь амьдрал болох урлагийн ертөнцийг бүтээх зэрэг болно. "Харанхуй хад" өгүүллэгт энэ хоёр санааг хоёуланг нь дэвшүүлсэн төдийгүй  гол дүр болох “би баатар” буюу Данжаад бол А.Камюгийн Сизиф шиг хүчирхэг “АБСУРД БААТАР” юм.

 

Уран зохиолч шинжээч С.БАТЗОРИГ


Харанхуй хадыг зорихуй ба бүтээхүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-02 16:10:36
    L: Энэ нэг онол ч үгүй, философи ч үгүй, мэдлэг ч үгүй хэдэн хүүхэд шүүмж нэртэй дураараа дургиж ханахгүй боллоо. Ингэж дураараа улигчид олон болбол ч энэ монголын уран зохиолын шүүмж байхгүй болох нь ээ. Яана.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188