• Өнөөдөр 2025-06-25

Ж.ОЮУНЧИМЭГ: ТҮҮХИЙН МУЗЕЙД ХАДГАЛЖ БАЙГАА ЧИНГИС ХААНЫ ДЭЭЛНИЙ ЭХ ЗАГВАРААР ЗУРГААН ДАВХАР БАЙШИНТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ХҮННҮ ДЭЭЛ УРЛАСАН

2025-06-25,   346

        Дэлхийн хамгийн том хүннү дээл урлах санааг гаргаж, 50 мастер оёдолчинтой хамтран бүтээсэн Ж.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр хүүхдийн дүрэмт хувцасны "Бат зүү" ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. 

-500 метр давуугаар зургаан давхар байшинтай тэнцэхүйц хүннү дээл урласан гэж сонслоо. Хэрхэн санааг нь олж энэхүү дээлийг урлах болов?
 
     -Хэнтий аймгийн Дэлгэрэх сумын Бухын хошуу гэх газраас Чингис хааны өмсөж байсан хүннү дээл олдож, өдгөө түүхийн музейд хадгалж байдаг. Бид тэрхүү дээлний эх загварыг барьж, том хэмжээний дээл урласан. Хамгийн гол нь бид тэр түүхт дээлийг дэлхий нийтэд таниулъя, цаашлаад дээлний соёлыг түгээхийг зорьсон. Монгол хүн дээл, морь хоёроороо дэлхийд онцгойрдог. Дээл бол шинжлэх ухааны үндэстэй, оёо, нугалаас, шаглаа бүр нь утга учиртай зүйл. Тиймдээ ч бид хүннү дээлээ бүтээхдээ олон түүхч, судлаачидтай уулзаж, утга бэлгэдлийг нь судалж, хаан хээний нарийн ур, хийцийг илүүтэй тодруулан гаргахыг зорьсон. Тэр дундаа Өвөр Монголын судлаач хаан хээ их учиртай гэж үзсэн юм билээ. Учир нь, энэ хээнд эр хүний хийморь лундаа, бадрангуй байдал, засаглалын агуу соёлыг агуулж байж л дээ.  Энэ ч утгаар Чингис хаан хаан хээгээр шагласан дээлээ өмсөөд дайнд мордоход хийморь сүлд нь сэргэж байжээ гэдгийг судлаачид тайлсан.
-Дээлний өнгө, оёдлын төрөл байдлын хувьд ямар байна вэ?
 
      -Зээгт наамлыг олсоор дарж, шаглаж оёсон. Дээлний өнгийг бид тэнгэрийн өнгийг бэлгэдэж цэнхрээр сонгосон. Түүн дээр алтан шаргал зээгт наамал хаан хээ хийсэн нь төгс хослол байсан. Хамгийн гол нь бүсний дотор талыг бүсэлхийг нь бариулсан нарийн оёдлоор шийдэж өгсөн. Энэ нь морин дээр мордоод удаан явахад бөөр, нуруу нь чилж, гэдэс их унжихаас сэргийлж, таван цул эрхтнийг тэгшитгэж өгч, хамгаалдаг байжээ. Ингээд үзэхээр дээл хүнийг эмнэдэг, элдэв өвчнөөс сэргийлдэг зүйл гэдгийг харж болохоор байгаа юм. Мөн Чингис хаан хүннү захтай дээлийг онцолж байсан нь зорьсон зорилго, үйл хэрэг нь шулуун дардан зам шиг байж биелж, бүтнэ гэсэн санааг бэлгэдэж байсан юм билээ. Энэ мэтчилэн дээл бол энгийн нэгэн хувцас биш бүх тал нь утга учиртай, шинжлэх ухааны мэдээллийн том сан гэдгийг хүмүүс ч мэдэж аваасай гэж хүсэж байна. Тэгээд бид энэхүү хүннү дээлээ геннисийн номд бичүүлэх гээд материал юмнуудаа бэлдчихсэн өгөх гэж байгаа. Дараа нь Чингис хааны музейд гардуулна. Энэ бол дэлхийн анхны том дээл.
 
-Хэчнээн оёдолчин хэдий хэр хугацаанд энэхүү дээлийг бүтээсэн бэ?

    -50 оёдолчин хоёр сарын хугацаанд оёж, бүтээсэн. Дандаа мастер оёдолчид оёсон. Тэр дундаа насыг нь хүндэлж, настай оёдолчдоор оёулсан. Үнэхээр бид энэ гайхамшигтай бүтээлийг хийж байхдаа гайхан бишрэх сэтгэл ямагт төрж байлаа. Монгол хүний үндсэн дээлийг арав дахин томруулсан гэхээр ханцуй, зах, шилбэ гээд цөм аварга том болоод ирж байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь бүгдийг нь хэмжээнд нь тохируулна гэдэг нарийн технологи. Энэ ч утгаар олон хүн баяр хүргэсэн. Гадны улс ч их сонирхож байгаа. Миний хувьд бидэнд хандаж байгаа хүмүүсийг "Монголд ирж үз" гэж байгаа юм. Том хэмжээний учир тэр бүр авч явахад хэцүү шүү дээ. Дэлгээд үзэхэд үнэхээр л Ш.Гүрбазар найрагчийн  "Дэлгэсэн тэрлэг шиг нутаг" гэх шүлгийн хэсэг санаанд буумаар, харахад огшин баярламаар тийм сайхан. Харсан олон ч хүн уйлсан. 

-Магадгүй та энэ олон жил оёдлын салбарт ажиллаж, энэ сайхан мэргэжлийг эзэмшиж явахдаа ганц сайхан том бүтээл хийе гэж бодож явсан байх. Тэр бодол энэ гайхамшигтай хүннү дээлээр биелэлээ олж байгаа болов уу?
 
      -Тийм ээ. Анх оёдолчноос эхлээд, одоо компанийн захирал болтлоо явж байна. Энэ хугацаанд нэгэнт би оёдлын мэргэжил сонгосон учир түүхэнд үлдэцтэй бүтээл хийе гэж бодож байсан. Гэхдээ арай ч Чингис хааны дээл гэж бодоогүй. Үүний өмнө би өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Ээж хайрханд 13 жилийн хугацаанд бүх өнгөөр олон сайхан дээл хийж өгсөн. Хэдий хад ч гэсэн амьтай. Тэр ч утгаараа эмэгтэй хүн байсан юм чинь дээл нөмрөе гэж бодож байгаа байх гэж бодож, дээл урласан. Хамгийн сүүлд газар болон тэнгэрийн өнгөөр дээл оёж өгсөн. Тэндээс би дээлийг янз бүрээр, ямар л бол ямар өнгө, загвар, хийцээр хийж болох юм байна гэдэг санаа, урмыг авсан. Тэгээд л түүхийн музейд байгаа Чингисийн дээлний загвараар дээл хийж үзье гэж зорьсон. Гол нь хийхдээ яаж хийх үү, энгийн нэг дээл шиг хийвэл сонирхолтой биш байх гэж бодож байгаад нэгэнт хийж байгаа юм чинь томхон дээл хийе гэж зориглосон.
 
-Та бүхний бүтээсэн хүннү дээлний тухай мэдээллийг сонслоо. Удахгүй ёслол төгөлдрөөр их музейдаа залах юм байна. Одоо харин таны удирдаж буй "Бат зүү" компанийн талаар хоёул яриагаа үргэлжлүүлье. Анх хэрхэн үүсгэн байгуулж байв?
 
       -Манай компани 1996 онд байгуулагдсан. Хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. Дараа жил бид 30 жилийнхээ ойг хийнэ. Энэ хугацаанд 21 аймаг, 300 гаруй сумаар хүүхдийн хувцасны тухай яриа, мэдээлэл хийж явсан. Би өөрөө олуулаа өссөн учир дүрэмт хувцасны зовлонг сайн мэднэ. Тиймээс ч хүүхдийн хувцсыг ижил болгоё гэх зорилгоор анх санаа гаргаж, эхлээд дүрэмт хувцасны ач холбогдлын тухай ярьж байгаад дараа нь үйлдвэрлэж эхэлсэн. Мөн үүний хажуугаар манай компани төрийн албан хаагчдын хувцсыг ч оёж байна. Үндэсний хувцсаа ч хийдэг. Хамгийн гол нь манай улсад оёдлын үйлдвэрийн хөгжил тааруухан байна. Тиймээс яагаад Монголдоо даавуу үйлдвэрлэж болохгүй гэж,
яагаад монгол хүн гадны хараат байх ёстой юм гэх үүднээс бид 2020 онд Герман Улстай харилцаж байгаад тус улсын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирээд, поло богино цамцны даавууг үйлдвэрлэх болсон. Энэ бүхэн минь Монголын төдийгүй манай компанийн нэгэн том дэвшил гэж бодож байна.
 
       Ж.Оюунчимэг эгч ОХУ-д оёдлын технологичоор сургууль төгсөж ирээд, ахуйн хувцасны тасагт ажиллаж байгаад хувьдаа компани байгуулж,  дүрэмт хувцас болон бусад олон төрлийн хувцас үйлдвэрлэсээр өдгөө 30 гаруй жилийг ардаа үджээ. 13 хүүхэдтэй айлын 9 дэх хүүхэд тэрбээр гэрээсээ ганцаар оёдлын мэргэжил сонгон ийнхүү улсдаа нэртэй оёдлын компанийн эзэн, бүтээн байгуулагч болж чадсан байна. Хамгийн гол нь дэлхийд цор ганц том хэмжээний хүннү дээлийг оёдолчдын хамт урлаж, тун удахгүй дотоод, гадаадын хүмүүст дэлгэн үзүүлж, өөрийн орны музейн үнэт нэгэн үзвэр болгохоор бахархал дүүрэн сууна. 
 
        Түүний ажлын өрөөнд бидний яриа өрнөсөн бөгөөд тавиурт нь өрөөтэй байх орон орны оёдлын машин, хайч, индүүний жижиг хувилбар болох сувинерүүд эрхгүй анхаарал татаж байв. Энэ талаар тэрбээр "Эгч нь гадагшаа явах бүрдээ цуглуулгадаа заавал нэг шинэ зүйл нэмдэг юм. Ээжийн минь үед хэрэглэж байсан индүү хүртэл энд бий шүү дээ. Өрөөгөөр минь орж ирсэн зарим хүн миний цуглуулгыг хараад, оёдол, загварын хүн болох хүсэлд хүртэл хөтлөгддөг гэж хэлж байсан" гэнэ. 
 
 

Ж.ОЮУНЧИМЭГ: ТҮҮХИЙН МУЗЕЙД ХАДГАЛЖ БАЙГАА ЧИНГИС ХААНЫ ДЭЭЛНИЙ ЭХ ЗАГВАРААР ЗУРГААН ДАВХАР БАЙШИНТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ХҮННҮ ДЭЭЛ УРЛАСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188