• Өнөөдөр 2026-06-25

ДУУЛИАНТ ТӨСЛҮҮДЭЭ ХАВ ДАРЖ, ХУГАЦААТАЙ ТӨСЛҮҮДЭЭ ШУУРУУЛАХ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ

          Хаврын чуулган хаалтаа хийхэд ганцхан долоо хоног үлдлээ. Ирцгүй шахам хуралдаж байгаа парламент энэ долоо хоногт хуулийн төслүүдээ шууруулж, шөнө дөлөөр хуралдах хүртлээ идэвхжсэн байх. Үндсэндээ өнгөрсөн гурван хугацаанд улс төрийн томилгоот асуудлаас бусдад нь ирцгүй хуралдаж, хэлэлцэх асуудлаа ч олигтойхон эрэмбэлж чадалгүй УИХ-ын хугацаатай хуулиуд нь шахагдаж, чуулганы завсарлагаантай давхцуулчихаад шөнө дөлөөр хуулийн төслүүдээ хэлэлцэж байгаа нь энэ.


Өнгөрсөн шөнө гэхэд л Эдийн засгийн байнгын хороо  12 цаг хүртэл хуралдлаа. Тодрулбал, энэ чуулганы хуралдаанаар хугацаанд нь батлах хууулийн төслүүдээ амжиж хэлэлцүүлэхээс гадна чуулганы хуралдаанд орох томилгоот асуудлуу нь оворчихсон байна. Улмаар өчигдөр 14:40 цаг ирцээ бүрдүүлсэн тус Байнгын хороо бүхэл бүтэн 10 цаг тасралтгүй хуралдаж, рекорд тогтоолоо.

Түүний араас Хууль зүйн байнгын найман цаг хуралдаж, 20 асуудал хэлэлцсэн байна.

ТӨРИЙН ТОМИЛГООГ ЦЭГЦЛЭХ ЧУУЛГАНЫ ХААЛТ

       Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэн томилдог хэд хэдэн байгууллагын томилгоог хэлэлцүүлэн батлах асуудал бий.

Цэцийн томилгоо- Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг томилох асуудлыг  хэлэлцэв. Тодруулбал, ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил өнгөрч буй. Мөн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон тул Цэцийн бүрэлдэхүүнийг нөхөн томилох шаардлага үүссэн. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогт Цэцийн гишүүн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарын нэрийг санал дэвшүүлснээр Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болов.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн сонсгол: Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш Тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уг албан тушаалд хамгийн сүүлд томилогдсон УИХ-ын гишүүн асан С.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 2024 оны сонгуульд нэр дэвшихээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Ийн түүнийг УИХ-аар хэлэлцүүлж албан тушаалаас нь чөлөөлсөнөөс хойш өнөөдрийг хүртэл албан тушаалын томилгоо хийгээгүй юм. Улмаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарын нэрийг дэвшүүлсэн. Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцүүлэх байсан ч түр хойшлуулах санал гаргаад байна.

Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүд: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүний тавыг төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно гэж хуульд заасан байдаг. Энэ дагуу тус байнгын хорооноос Н.Мягмар, Ц.Уртнасан нарын СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлжээ.

ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭЭР ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН ДУУЛИАНТ ТӨСЛҮҮД ХАВ ДАРАГДАВ УУ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцүүлэн Ерөнхийлөгчийн яаралтай горимоор хэлэлцүүлэх хуулийн төсөл өнөөдрийг хүртэл чимээгүй байна. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг нэн яааралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулсан. УИХ-ын гишүүдийн дунд дуулиан тарьж, барьц алдуулсан хуулийн төсөл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын халаа сэлгээний асуудал нам дарагдаж, өнөөдрийг хүртэл сураг алдарлаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "УИХ-ыг эгүүлэн татах органик хуулийг хуулийнх нь хүрээнд тодорхой болгож байна. УИХ-ын тухай хуулийн 7.2-т УИХ-ын тангаргийг тусгасан байдаг. "УИХ-ын гишүүн би нийт ард түмний элчийн хувьд" хэмээн тангараг өргөдөг. Энэ тангарагт ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих гэдэг үг нэмж байгаа гэсэн үг.

       Ингээд УИХ-ын тухай хууьд өөрчлөлт оруулснаар УИХ-ын чуулганы хуралдааны 70 доошгүй хувьд нь оролцож, саналаа өгсөн байх шаардлага тавьж байгаа. Ингэж байж ард түмний элчийн хувьд төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх юм. Чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд нь суугаагүй бол эгүүлэн татагдах үндэс болно.

         Эгүүлэн татах үндэслэлийг иргэд сонгогчид Ёс зүйн хороонд гаргаж, Ёс зүйн хороо УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Улмаар Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргана. Мөн шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоовол эгүүлэн татах үндэс болно" хэмээн мэдэгдэж байлаа.

УИХ-ЫН ДАРГА НАМ БУС БАЙХ ХУУЛИЙН ТӨСӨЛ: МАН-ын дарга Ерөнхий сайд байх МАН-ын дүрмийн дагуу УИХ-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал Ерөнхий сайд болж, УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилсон. Тэгвэл УИХ-ын даргын томилгоотой зэрэгцүүлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын гишүүд УИХ-ын даргыг нам бус байх хуулийн төсөл өргөн мэдүүлж байлаа. Гэвч хаврын чуулганаар хэлэлцүүлэх товтой байсан уг хуулийн төслийг МАН-ынхан хэлэлцэхгүй гэдгээ илэрхийлсэн. Уг нь өнгөрсөн хаврын чуулганаар УИХ дахь АН-ын бүлгийн 42 ггишүүн УИХ-ын дарга намын дарга байх ннь зохимжгүй хэмээн чуулганы хуралдаандаа суухгүй бойкот хийсэн томоохон акц байлаа. УИХ-ын дарга С.Бямбацогтыг томилоход ч энэ шаардлагыг тавьж, хуулийн төслийг хэлээлцүүлэхээр болсон ч МАН хэлснээсээ буцаж, АН-ын акц хүчгүйдэв.

ЧУУЛГАН ХААХААС ӨМНӨ АМЖИЖ БАТЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

Хаврын чуулган хаахаас өмнө хугацаандаа амжиж батлуулах шаардлагатай хуулийн төслүүд бий. Тухайлбал,

  •  Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028–2029 оны төсвийн төсөөлөл,
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл хүлээгдэж байна.

 

 

 

 


ДУУЛИАНТ ТӨСЛҮҮДЭЭ ХАВ ДАРЖ, ХУГАЦААТАЙ ТӨСЛҮҮДЭЭ ШУУРУУЛАХ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188