• Өнөөдөр 2025-02-06

Монголын ард түмэн У.Хүрэлсүхийг юугаар нь дурсаж магадгүй вэ

2021-02-16,   1189

Гурван жил гаруйн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын 4-нд У.Хүрэлсүхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилж байлаа. Тэр цагаас түүний хөлөглөсөн “галт тэрэг” хөдөлж, өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр тэрбээр Ерөнхий сайдаар улиран сонгогдсон ч саяхан өөрийн хүсэлтээр унаагаа зогсоосон юм. Тэрбээр Ерөнхий сайд болсон даруйдаа чуулганы индэр дээрээс “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг, зорьсноо хийж, хэлснээ  хэрэгжүүлдэг  Ерөнхий сайд байхыг хүсэж байна" хэмээж байлаа.

У.Хүрэлсүхээр овоглох Засгийн газрын өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн, хийсэн зарим ажлыг тоймлон хүргэж байна. Магадгүй иргэд түүний Засгийн газрыг эдгээр ажлаар нь дурсан санах байх.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн өмч болгов

Засгийн газрын шийдвэрийн дагуу уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2018 оны нэгдүгээр сарын 4-ны өдөр 100 хувь төрийн өмч болов. ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмент” ХХК-ийн 49 хувийг “Монголиан коппер” корпорациас төр буцаан авсан юм.

Улаанбаатарын утааг 50 хувиар буурууллаа

2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж, оронд нь сайжруулсан шахмал түлж хэрэглэх технологийг нэвтрүүлсэн нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсон юм. Нэг үгээр хэлбэл, тус шийдвэрийг хэрэгжүүлснээр Улаанбаатарын утаа 50 хувиар буураад байна. Үүний хүрээнд нийслэлийн баруун, зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр ч үйлдвэрийг байгуулаад байгаа билээ. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан шахмал түлшээр айл өрхийг бүрэн хангаснаар Улаанбаатарын утааг цаашид 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар тавиад байсан юм.

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг хийв

Төв цэвэрлэх байгууламжийг засаж, шинэчлэх ажлыг эхлүүлж лагийн үнэрийг дарах, халдваргүйжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэн тэргүүний зорилт байв. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд Засгийн газар ханцуй шамлан орсноор Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, 2020 онд амжилттай хэрэгжүүлж дуусав. Үүний хүрээнд хоногт 2500 шоо метр лаг усгүйжүүлэх байгууламж шинээр барьж, 2019 оны есдүгээр сард байнгын ашиглалтад оруулсан юм. Мөн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан 800 мянган шоо метр орчим лагийг байгаль орчинд ээлтэй технологиор үнэргүйжүүлэн хоргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг ашиглалтад хүлээж авав

Монголчуудын олон жил хүсэн хүлээсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлсэн. Энэтхэг улсын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлж буюу дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн аваад байгаа юм. Дэд бүтцийг байгуулах нь Монгол Улсын Засгийн газрын үүрэг байсан бөгөөд үүргээ цаг хугацаанд биелүүлж чадсан нь энэ. Үүнд төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, мөн ажилчдын орон сууц багтжээ. Ийнхүү БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүлэв.

100 сургууль, 147 цэцэрлэг байгуулжээ

Монгол Улсад 2016-2019 онд 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр, 52 эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулжээ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын ихэнхийг ерөнхийдөө У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед байгуулсан юм. Засгийн газар “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг дэвшүүлж ажилласан. Үүний хүрээнд боловсролын салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийг харьцуулахад хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийсэн байна. Түүнчлэн Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг түүхэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн Их эзэн Чингис хааны музейг энэ онд, Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байв. Харин эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, царцаад байсан эмнэлгийн барилгуудыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, олон жил царцсан Яармагийн хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж, коронавирусээр өвчлөөд эдгэсэн иргэдийг тусгаарлаж байна. Мөн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв, АШУҮИС-ийн эмнэлэг, хөдөө орон нутагт 30 гаруй эмнэлгийг шинээр ашиглалтад оруулжээ.

Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахад богино хугацаа үлдлээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад тун ойрхон байна. Тодруулбал, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хөл хорионы дэглэмийг цуцалбал нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж буй. Нисэх онгоцны буудлын барилга, дэд бүтцийг байгуулж, 2019 онд Шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлсэн. Ингэснээр манай улс жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудалтай болж байна. Улаанбаатараас шинэ нисэх онгоцны буудлыг чиглэсэн 32.2 километр урттай хурдны автозамыг ашиглалтад оруулсан юм.

Орос, Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах ажлыг шат ахиулав

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 оны есдүгээр сард ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монголоор дамжуулах төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын санамж бичигт ОХУ болон Монголын тал гарын үсэг зурсан. Энэ нь хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг дахин нэг шатаар ахиулсан юм. Ийнхүү Орос, Хятадыг холбох хийн хоолойг Монголоор дамжуулах тус төсөл яриа хэлэлцээрийн шатнаас ахиж, ажил хэрэг болох шатыг У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлүүлсэн.

Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлсэн

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлэх заалт биелэлээ олсон. Тодруулбал, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ 2017 оны зургадугаар сард баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны хуралдаанаар нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болсон юм.  

Айл өрх, зарим ААН-ийн дулаан, цахилгаан, хогны төлбөрийг долдугаар сар хүртэл тэглэлээ

Өмнөх Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж, гадаадын улс орнуудаас иргэдээ татан авч, дотооддоо халдварыг алдалгүй барьж чадсан юм. Засгийн газрын зүгээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг өнгөрсөн оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхэд бүрд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож, 59.3 мянган ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхдийн халамжийн мөнгийг 288 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлж сар бүр олгож, орлого багатай өрхийн хүнсний талоны мөнгөн дүнг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Мөн зарим төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг чөлөөлсөн нь хүнсний хангамжийг тогтворжуулах, хомсдол бий болохоос сэргийлэхэд эергээр нөлөөлсөн. Айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур, ус, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр нь айл өрх, ААН-ийн зардлыг бодитойгоор бууруулж орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалахад нэмэр болж байгаа.

Томоохон хөтөлбөрүүд баталлаа

Засгийн газар нэг жилийн хугацаанд томоохон хөтөлбөрүүд баталсан байдаг. Тухайлбал,

-"21:100 " Үйлдвэржилт хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа. Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад,  дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.

-"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилгоор баталжээ.

-Дөрвөн жилийн хугацаатай, хоёр үе шаттай хэрэгжүүлснээр  нэхмэлийн салбарт 5500 орчим ажлын байрыг тогтвортой хадгалах, 3600 гаруй ажлын байрыг шинээр бий болгох зорилгоор "Ноолуур" хөтөлбөрийг баталсан юм. Үүний үр дүнд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5.7 дахин өсөх бөгөөд жилд сүлжмэл, нэхмэл 19.8 сая ширхэг бүтээгдэхүүн экспортолж 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолжээ.

-"Малын эрүүл мэнд" болон "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөр юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу тэдний асуудлыг хариуцсан бие даасан агентлагийг байгуулав. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг" гэж үзэн Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг болох "Гурван тулгуурт хөгжлийн бодлого", Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Ийн салбар бүрт тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэх үүднээс Засгийн газар хэд хэдэн томоохон хөтөлбөрийг баталж, олон нийт үр дүнг нь хүлээж байна.

Энэ мэт олон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хийсэн. Мөн эхлүүлчихээд дуусгаж амжаагүй, цааш хугацаа шаардагдах ажлууд бий. Гэтэл коронавирусийн халдвар авсан дөнгөж төрсөн ээж, хүү хоёрыг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ёс зүйгүй , хүнлэг бус хандсан гэж иргэд төв талбай дээр жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Өглөөнөөс эхэлсэн тайван жагсаалд олон хүн ирж, эсэргүүцлээ илэрхийлснээр Улсын онцгой комиссын удирдлагууд болон Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдсэн юм. Түүний Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх үүрэг дараагийн Засгийн газарт үлдсэн юм. Дараагийн Засгийн газар эдгээр ажлыг хэрхэн үргэжлүүлэх, цаашид шинээр ямар ажил хийж, цар тахлын нөхцөл байдлын үед ямар арга хэмжээ авахыг ард иргэд тэсэн ядан хүлээж сууна.

 

 

 

 


Монголын ард түмэн У.Хүрэлсүхийг юугаар нь дурсаж магадгүй вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-16 10:57:36
    Zochin: Muulaad bga pisdanud uursduu tog us uurinha mungig tul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-13 14:59:52
    иргэн: хийсэн бүтээсэн юм их бнаа. хамгийн гол Хүүг танаас - ард түмэн шударга ёсыг маш их хүлээж байсан. гэвч сүүлдээ таны хий сэлэм далайх нь ихдээд ариун цэвэр тунгалаг монгол төрд : хулгайч офшорчин оймсчин луйварчидыг ихээр оруулж бузарласанд л ард бид бухимдаад байгаа юм. Eр нь удам дамжсан МАН-н БУЗАР МУУ УГШИЛ НЬ - АЛЬ Ч үeдээ арилдаггүй юм бна. ард угаадас идсээр байгаад залхлаа !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-13 11:45:07
    сарнай: хүний хтйсэн зүйлийг үнэлэх хэрэгтэй. энэ худлаа гэж хэлээд байгаа хүмүүс өөрсдөө ямар мэдлэггүй хүмүүс байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-13 11:39:24
    Батхүү: 30 жилд хийгээгүйг хийсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-13 08:49:16
    Zochin: Yaj ch bodson jiriin olnii dund hun dlegdej yvsan tsoriin gants erunhii said umniin goviihnii dund nutag usniihaa zon olnii tsenher tasalbariig ugsen huivaldaj huuramch gariin usgeer zarj ursen oron nutgiin nereer uul uurhaig deeremdsen asar ih mungu tsatsaj jinhen oligarhi mafijsan bulegee huduu oron nutagt mungu odon temdeg avarga malchin geh met eldev argaar turd irgen irhed ni hyzgaar hiij chadsanguidee l gedeg bodol orj irj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-11 11:31:53
    Zochin: Vnen ******** yum ta hed hediig awj engej bichdeg we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-11 10:01:26
    dsf: Битгий ШАА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188