Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Эх дэлхийнхээ насыг уртасгах асуудал хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж, олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хүрч чадахгүй байна.
Монгол Улсын хувьд уул уурхай түшиглэсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд болж буй өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж байна.
Үерийн асуудал ч дулааны улиралд нэмэгдэж, хот, барилгын стандартыг шинэчлэх шаардлага дагуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий даяар сорилт бэрхшээл болж буй томоохон гурван асуудлыг Нэгдүгээрт, цаг уурын эрс тэс байдал ба байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, далайн шуурга, хар салхи, хүчтэй аадар бороо, хэт халалт, ган гачгийн хор хөнөөл олон бүс нутагт хүмүүсийн амьдрах орчин, амьжиргаанд нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж байна.
Мөнх цас, мөсөн голын хайлалтаас шалтгаалж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувь эрсдэлд ороод байгааг олон улсын байгууллагууд сануулж байна.
Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зарим бүс нутагт хүн амыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдал үүсэж байна.
Далайн усны түвшин нэмэгдэн, арлууд, далайн эргийн хотууд усанд автах аюулд орж, ган гачгаас шалтгаалан хөрсний үржил шим буурснаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл доголдож, хүнсний хомсдол үүсэж байгаа тул хүмүүс аюулгүй, тайван газар амьдрахын төлөө дүрвэж байна.
Гуравдугаарт, биологийн төрөл зүйлийн хомсдол бий болж, экосистемийн тэнцвэр алдагдаж байна. Ойн түймэр, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтөөс болж зэрлэг ан амьтад устах аюулд орж, ургамал, амьтны амьдрах орчин өөрчлөгдөж, олон зүйлийн тархац хязгаарлагдмал болж байна.
Эдгээр асуудал нь зөвхөн байгаль орчинд төдийгүй дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрд хүчтэй нөлөөлж, тогтвортой хөгжлийг сааруулж, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн шийдлүүдийг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагыг бий болгож байна.
Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер ус, ган, зудын давтамж нэмэгдэж, цаг агаарын талаар уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн мал аж ахуйд түшиглэсэн малчдын амьдралд томоохон сорилт бий болгож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 хэмээр дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж байна.
Хүлэмжийн хийн нийт ялгарал 1990 оноос хойш 82.1 хувиар нэмэгдсэн нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн хэрэглээ, малын тоо толгойн өсөлттэй холбоотой байна.
Нийт хүлэмжийн хийн 51.1 хувийг хөдөө аж ахуйн салбар, 44.7 хувийг эрчим хүчний салбар, үлдсэн хувийг аж үйлдвэрийн болон барилга, тээвэр, хог хаягдлын салбар ялгаруулж байна.
Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эрчим хүч, усан хангамжийг сайжруулах чиглэлээр хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, тэр дотроо хамгийн их цөлжилттэй говийн бүс дэх эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.
Тиймээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, дасан зохицох асуудлыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийг бодлогын яамны түвшинд гарган тавьсан билээ.
Өчигдөрхөн Улсын Их Хурлын чуулганаар соёрхон баталсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээр нь манай улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломжийг нээж өгч байна.
Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөтөлбөрүүд ч уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Засгийн газраас “Атрын дөрөвдүгээр аян”-ыг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг 2019 онд баталж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.8 сая тонн нүүрстөрөгчтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах зорилт тавьсан.
Энэ зорилтын хүрээнд Засгийн газар 200 орчим га талбайд улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодит алхам болж, доройтсон газрыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тодорхой үр дүнд хүрч, 2024 оны байдлаар 84 сая мод тарьж, бэлтгэл үе шатны гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна.
Монгол Улсын баруун бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдгийн хайлалт явагдаж буй нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газраас “Нэг сум-Нэг нуур” буюу“333 нуур” хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлж байна.
Мөн ойн сан, хүлэрт намаг бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамруулсан 35.1 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан цаг уурын радарын станцын сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн манай улс "Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026"санаачилгыг НҮБ-ын түвшинд батлуулж, талуудын 17 дугаар бага хурлын үйл ажиллагааг уялдуулж, "Ирээдүйн төлөөх бэлчээрийн олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилгыг эхлүүлээд байна.
2024 онд Саудын Арабын хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдсан Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” арга хэмжээг зохион байгуулж, улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулж ажилласан.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг олон улсын тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн явдал юм.
Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулснаар:
Монгол Улс дэлхийн улс орнуудтай ногоон эрчим хүч, усны аюулгүй байдал, ногоон хөгжлийн зохистой менежментийн чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллах боломж нэмэгдэх,
Олон улсын анхаарлыг Монголын цөлжилт, усны асуудал руу татаж унаган байгалиа онгон дагшнаар нь хадгалж үлдэх,
Шийдвэр гаргагчид, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж, ногоон хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Талуудын 17 дугаар бага хурал буюу COP 17-г зохион байгуулах нь асуудлыг цогцоор нь харах боломж бөгөөд манай улс тус бага хурлыг даргалах эрхийг хүлээн авч НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын бодлогын чиглэлийг тодорхойлоход голлох үүрэгтэй ажиллана гэсэн үг юм.
Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд Монгол Улсад зохион байгуулах Талуудын 17 дугаар бага хурал дээр “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор нэгдэн ярилцахыг ч уриалж байгаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шинэ түвшинд гарган ирж, нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар шийдвэртэй алхмууд хийх цаг болсон. Энэ агуулгаар улс төр, хууль тогтоох байгууллагын анхааралд уг асуудлыг оруулах зорилгоор Засгийн газраас өнөөдрийн мэдээллийг хийж байна” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна |
|