Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалтад зориулж 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Үүнээс СЕХ-нд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зарцуулахаар болсон байна. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнарангаас тодрууллаа.
-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж байна. Санал тоолох төхөөрөмжийн программ шинэчлэх ажилд төсвөөс санхүүжилт гаргаж байгаа гэсэн. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дуусаж байгаа. Уг машины техникийн үзүүлэлт бүрэн бүтэн байдалтай нэг бүрчлэн танилцсан. Ингээд 2243 төхөөрөмж хэвийн ажиллагаатай учир Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хандаж, ашиглалтын хугацааг гурван жилээр сунгахаар болсон. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар худалдаж авсан 250 төхөөрөмж бол шинээрээ байгаа. 200 гаруй төхөөрөмжийг сэлбэгээр болон акталж устгах шаардлагатай байгаа юм.
2024 оны сонгуулийг урьдчилсан байдлаар тооцоолоход сонгогчдын тоо нэмэгдэж, хэсгийн хороодын тоо нэмэгдэхээр байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 2081 хэсгийн хороо байсан бол 2024 онд 2100 гаруй хэсгийн хороог шинээр нэмэх байх. Тэгэхээр төхөөрөмжийн тоог нэмнэ гэсэн үг. Мөн дээр нь сонгогчдын тоо нэмэгдвэл хэсгийн хороод дээр төхөөрөмж нэмэх шаардлага үүснэ. Нөөцүүдээ нэмж болох ч тоо ширхэгийн хувьд дутахаар байгаа. Тиймээс төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж худалдаж авах бэлтгэл ажлаа хангаж байна.
-Хэдэн төгрөг төсөвлөх тооцоо байгаа юм бэ?
-Дан ганц төхөөрөмж ирдэггүй, дагалдах иж бүрдлүүд болон дүн дамжуулах төхөөрөмж хамт ирдэг. Тиймээс төсөвт 15 тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар тавьж байна. Удсын бүтгэл мөн хурууны хээ унших гэх мэт төхөөрөмж ашигладаг. Энэ төхөөрөмжийг мөн шинэчлэх шаардлага бий. Энэ асуудлыг шийдвэл 2024 оны сонгуульд техникийн боломжууд хангагдаж байгаа юм.
-Санал тоолох төхөөрөмжийн цаасны урт хэд юм бэ. Үүнээс шалтгаалж, намын жагсаалтын нэрийг нээлттэй болгох уу үгүй юү гэх асуудал яригдаж байна. Нээлттэй жагсаалтад техникийн боломж ямар байгаа юм бэ?
-Санал тоолох төхөөрөмж нэг удаад 22 инч буюу 56 см цаасыг унших боломжтой. Бид саналын хуудсыг техникийн үзүүлэлтийн хувьд авч үзвэл боломжтой. Гэхдээ бид эрсдэлээ сайн тооцох хэрэгтэй. Нэг хүнд 4-5 хуудас цаас уншуулаад эхэлбэл, буруу унших эрсдэл нэмэгдэнэ.
П.ДЭЛГЭРНАРАН: Санал тоолох төхөөрөмж худалдан авахад 15 тэрбум төгрөг төсөвлөсөн |
|