• Өнөөдөр 2025-07-18

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫН СӨҮЛЭЭС АВЧИРСАН АЙЛЧЛАЛЫН БОГЦООС...

2023-05-30,   780

УЛААНБААТАР, СӨҮЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАНА ГЭВ

     БНСУ-ын Сөүл хот Улаанбаатар хоттой ах, дүүгийн найрамдалт харилцаатай болоод 28 жил болж байна. Азийн орнуудаас хөгжлөөрөө тэргүүлж буй Сөүл хотын бүтээн байгуулалт, тохижилт, үйл ажиллагаатай танилцахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 14-нд албан айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд замын хөдөлгөөн зохицуулалтын ухаалаг систем болон нийтийн тээврийн өнөөгийн ашиглаж буй системийг шинэчлэх туршлага болон гол дауух бүтээн байгуулалт нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар туршлага судалсан билээ. Өнгөрсөн хугацаанд хоёр хотын худалдаа, эдийн засгийн эргэлт чамлахааргүй өндөр түвшинд байгаа. Гэхдээ цаашид илүү өргөн хүрээнд, бодлогын түвшинд хамтарч ажиллах олон боломж бүрдэх суурийг хотын дарга энэ удаагийн айлчлалаар бэхжүүлж байгаа нь онцлох үйл явдлын нэг байлаа. Хотын тулгамдсан асуудлыг шийдэх тодорхой ажлуудыг үе шаттай хийхээр болжээ.

Тухайлбал, БНСУ-д тэр дундаа Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, үүнд Улаанбаатарын зүгээс ямар байдлаар оролцож болох вэ гэдэг талаар тус хөтын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай ярилцсан юм. Энэ тухай Д.Сумъяабазар дарга "Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ удаагийн уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дараагийн  ажилд ахиц дэвшил гаргах суурь бүрдүүлэхэд бид анхаарч буй. Улаанбаатарын хувьд ч, Сөүлийн хувьд ч тулгамдаж буй нийтлэг асуудлууд бий. Тухайлбал, ажиллах хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрлийг дагасан асуудлууд байна. Тэгэхээр энэ бүхнийг шийдэхэд харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломж байгаа" гэсэн юм. 

СӨҮЛ ХОТООС 1200 АВТОБУС АВЧ, ТУС УЛСЫН УДИРДЛАГУУДТАЙ  ДӨРВӨН ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж байхдаа хоёр хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон бусад салбарт хамтран ажиллах  шинэ боломжийг нээх зорилготой тухайгаа ярьж байв. Тэрбээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хотын дарга нартай уулзахдаа хотод тулгамдаж буй асуудлыг шийдсэн жишиг шийдлүүдтэй танилцан, эдгээрийг Улаанбаатарт нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй тухайгаа дурдсан юм. Тодруулбал, "Улаанбаатарын нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбогдуулаад технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. Парк шинэчлэлийн хүрээнд дахин 1200 автобус оруулж ирэхтэй холбогдуулан нийтийн тээврийн төлбөрийн системийг шинэчлэх шаардлага гарч байгаа юм. Үүнд БНСУ-тай хэрхэн хамтарч болох вэ, ямар шийдлийг нэвтрүүлэх вэ гэдгийг судалж байна. Түүнчлэн Улаанбаатарын такси үйлчилгээг нэмэгдүүлэх, чанаржуулах хэрэгтэй. Энэ бол хотын соёлын чухал хэсэг. Орчин үеийн шаардлагад нийцсэн, чанартай такси үйлчилгээг бий болгоход нийслэл, хувийн хэвшил болон бусад байгууллага хамтарч болно. Энэ талаар мөн яриа хэлэлцээр үргэлжилж буй.

     Сөүлийн хувьд Хан мөрөн буюу гол дагасан эдийн засгийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийсэн байна. Өмнөд Солонгос төдийгүй Азийн бусад оронд ч энэ жишиг бий. Тэгэхээр Улаанбаатарын хувьд Туул голыг дагасан бүтээн байгуулалт, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх боломжтой гэж харлаа. Зөвхөн эдийн засаг гэлтгүй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын урсцыг сайжруулах талаасаа ч ач холбогдол нь өндөр юм. Үүнтэй холбогдуулан Хан мөрний бүтээн байгуулалт дээр ажилласан мэргэжлийн багийг Улаанбаатарт урьж, туршлагаас нь судлах хүсэлтээ илэрхийлсэн.

  Мэдээж, Улаанбаатарт тулгамдаж байгаа нэг асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд хоёр хот хамтарч ажиллах боломжтой. Улаанбаатар, Сөүлийн хамтын ажиллагааны бас нэг салбар  бол боловсон хүчин бэлтгэх. Хот тохижилт, үйлчилгээний салбарт боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах, туршлага солилцоход хамтарч ажиллана. Мэдээж, хотын томоохон бүтээн байгуулалт, хийж буй шинэчлэлүүдэд боловсон хүчин хомс. Тухайлбал, замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төвийг шинэчлэхэд яг энэ чиглэлээр ажилласан мэдээллийн технологийн мэргэжилтэн ховор байна. Тэгэхээр энэ хүрээнд сургалт зохион байгуулах зэргээр олон ажлыг шат дараатай хийж болно" гэдгийг айлчлалын үеэр онцолж байлаа. 

 НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГА С.ЖАВХЛАНТБААТАР “Т MONEY” КОМПАНИЙН ЗАХИРАЛТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 

Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээний бэлэн бус хэлбэр рүү үйлчилгээ нэвтрээд долоон жил болж байна. Тиймээс  "UB смарт" компанийн үндсэн  хөрөнгө оруулагч компани буюу "T monеу" компанийнхантай  санамж бичиг зурсан юм. Нийслэл хотын иргэдэд үзүүлэх үйлчилгээнд энэ жил  дэвшил их гарч байгаа гэдгийг албаныхан онцолсон. Тухайлбал, парк шинэчлэлтийн үндсэн бүрэлдэхүүн солигдохоор хэмжээний техник орж ирэхээр байна. Дээрх санамж бичгийн гэрээг нийтийн тээврээр зорчих иргэдэд ямар ч хүндрэл үүсгэхгүйн үүднээс байгуулж байгаа юм. Цаашлаад энэ үйлчилгээг ганц нийтийн тээврийн автобус гэхгүйгээр такси үйлчилгээ болон ирэх онд үзүүлэх дүүжин тээврийн үйлчилгээнд ч мөн оруулж ажиллах боломжтой юм. Мөн төлбөрийн системийг цахим карт гэлгүйгээр бусад бүх л төрлийн төлбөрийн хэлбэрээр тооцоо, төлбөр хийхийг ч багтаасан нь онцлог болж байгаа юм. 

ХОТЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛОВ

      2015 онд UB smart карт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тодорхой хугацаанд сайн, муу олон шүүмжлэлд өртлөө. Сөүл хот дахь айлчлалын үеэр  Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжүүлэлт, төлбөр тооцооны хөгжүүлэлтийн үүднээс толгой компани болох “T money” удирдлагуудтай уулзалт хийсэн. Улаанбаатар хот дэлхийн техникийн хурднаас хоцрох ёсгүй. “T money”компанийн технологийн шийдэл дэлхийн олон хотод амжилттай хэрэгжиж байгаа. Дотоодын  үндэсний компаниудтай хамтраад  Ухаалаг Улаанбаатар  төслийг  70 компани 1000 гаруй монгол инженерүүд Улаанбаатарын цахим, дижитал болгохоор ажиллаж байгаа. Үүний хажуугаар нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг  илүү ойлгомжтой, ахисан түвшинд гаргах ажлыг өргөн хүрээнд хийхээр ажиллаж байна. Энэ нь Засгийн газартай хамтраад нийслэл Улаанбаатар хотод 2110 автобусыг шинээр оруулж ирэхээр ажиллаж байгаатай холбогдуулан төлбөр тооцооны системийг энгийн хэрэглээтэй, утсаараа, жижиг үйлчилгээний газруудаар тооцоо хийдэг систем хэрэгжиж эхэлнэ. Цахим өөрчлөлт бодлогын түвшинд хийгдэх дараагийн алхам бол такси үйлчилгээний асуудал. Хотын такси гэдэг стандартад нийцсэн аюулгүй байдалд нийцсэн байх хэрэгтэй. Монголд явж байгаа таксины үйлчилгээг чанаржуулах хэрэгтэй.

    Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил 2024 оны зургадугаар сард эхний замаа дуусгахаар ажиллаж байгаа. Мөн багтаамж ихтэй автозогсоолын төлбөр тооцоо яригдана. КОЙКА олон улсын байгууллагаас сургуулийн 300 метрийн радиуст хэрэгжүүлэх зам гарц, явган хүний зам, гэрлэн дохио зэрэгтэй холбоотой шинэчлэлт, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах төсөл яригдаж байгаа. Монгол Улсад бүртгэлтэй байгаа том тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь нийслэл хотод байдаг. Солонгос Улсад хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган залуус энэ улсын бүтээн байгуулалтад нөлөө үзүүлж байгаа. Энэ иргэдийнхээ эрх ашгийг хангахад ирсэн дарга бүр нэг саналтайгаар саналаа өгөх ёстой гэдгийг хотын дарга онцолж байлаа.

ТУУЛ ГОЛЫГ ХАН МӨРӨНТЭЙ АДИЛ СУВАГЧИЛЖ, АМАРЧ, ЗУГААЛАХ ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРНА 

     Сөүл хотын дундуур 40 км орчим үргэлжилдэг Хан мөрний эрэг дагуу 11 цэцэрлэгт хүрээлэн байдаг. Жилд  дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог байна. Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах, бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газар болжээ. Одоо эдийн засаг, худалдаа, үйлчилгээний томоохон бүс болон өргөжсөн байна. Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Туул голыг Хан мөрөнтэй ижил байдлаар сувагчлах, амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх ёстой. Ингэснээр ундны усны нөөц нэмэгдэж, Улаанбаатар хотын хуурайшилт, тоосжилт багасч, агаарын чийгшил нэмэгдэж, гол дагасан газрын үнэлэмж өсдөг.            

    Анх Хан мөрний бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн хэвшилтэй хамтарч, хот нь санхүүгийн дэмжлэг үзүүлжсэн. Хан мөрний жилийн урсгал зардалд 123 тэрбум вон төсөвлөдөг юм билээ. Бүтээн байгуулалтыг хийхдээ 139 тэрбум воны төсөвт өртгөөр ТЭЗҮ-ийг гаргаж, хотоос нь 42 тэрбум воныг санхүүжүүлж, үлдсэнийг хувийн хэвшил гаргажээ. Ингээд иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг эрэг дагуу байгуулсан. Эхний 10 жил аж ахуйн нэгжүүдээс татвар, хураамж авалгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, сүүлийн 20 жилд татвар авч, 30 жилийн хугацаанд концесс хэрэгжүүлсэн байна. Засгийн газар, хотын түвшинд асуудлаа нэгтгэж, хувийн хэвшилтэйгээ хамтарч, гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ажиллаж байгаа.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ 

      Сөүл хот байгаль орчинд ээлтэй технологийг Засгийн газраас дэмждэг байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мөн Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвд зочилж, ногоон хөгжлийн бодлогын талаар санал солилцсон юм. БНСУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ногоон хөгжлийг дэмжих хууль батлан, байгальд ээлтэй технологи, бизнест Засгийн газрын түвшинд анхаарч ажилладгийг тус төвийнхөн онцолж байлаа. БНСУ-ын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа ч өрхийн тоо нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчин цагт залуус бие даан өрх тусгаарлаж амьдрах нь олширч, энэ нь эргээд нүүрсхүчлийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгааг Сөүл хотын Уур амьсгал, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Ким Жон Цан уулзалтын үеэр “Солонгост эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. Харин Сөүл хотын хувьд Байгаль орчны сантай хамтран ажиллаж, эко технологийн хөгжүүлэлтийг санхүүжүүлдэг” хэмээж байв. Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн хямрал, байгалийн гамшгийн хор хохирол бид бүгдэд хамаатай асуудал. Тэгэхээр байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломж бий” гэсэн юм.Байгаль орчинд ээлтэй технологийг Засгийн газраас дэмждэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мөн Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвд зочилж, ногоон хөгжлийн бодлогын талаар санал солилцсон. 

        БНСУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ногоон хөгжлийг дэмжих хууль батлан, байгальд ээлтэй технологи, бизнест Засгийн газрын түвшинд анхаарч ажилладгийг тус төвийнхөн онцолж байлаа. БНСУ-ын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа ч өрхийн тоо нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчин цагт залуус бие даан өрх тусгаарлаж амьдрах нь олширч, энэ нь эргээд нүүрсхүчлийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгааг Сөүл хотын Уур амьсгал, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Ким Жон Цан уулзалтын үеэр “Солонгост эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. Харин Сөүл хотын хувьд Байгаль орчны сантай хамтран ажиллаж, эко технологийн хөгжүүлэлтийг санхүүжүүлдэг” хэмээлээ. Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн хямрал, байгалийн гамшгийн хор хохирол бид бүгдэд хамаатай асуудал. Тэгэхээр байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломж бий” гэдгийг онцолсон юм.

 

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫН СӨҮЛЭЭС АВЧИРСАН АЙЛЧЛАЛЫН БОГЦООС...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188