• Өнөөдөр 2024-04-23

Монголын спортын түүхийг гэрэл зургаар мөнхлөгч

2020-09-02,   951

Монголын гэрэл зурагчин дэлхийд үнэлэгдлээ. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулдаг Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д манай гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл шилдгээр шалгарсан юм. Бүтэн жилийн турш шилдгүүдээ шалгаруулдаг тус уралдаанд дэлхийн 125 улсын гэрэл зурагчид 1700 гаруй уран бүтээлээ “сойжээ”. 
 
Харин манай гэрэл зурагчин Ч.Ганбатын “Уурга шүүрэх мөчид” бүтээл шилдэг 30-д шалгарсан хэмээх мэдээ хоёр сарын өмнө олон нийтийн сүлжээгээр цацагдаж, монгол хүн бүрийн ярианы сэдэв, омогших бахархал болж байлаа. Төд удалгүй шилдэг 10-т, тэгээд гуравт тунасан сайхан мэдээ ар араасаа “ундарсан”. Харин энэ сарын 3-нд Унгарын Будапешт хотноо болсон Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Их хурлын үеэр гуравдугаар байрт шалгарсан нь тодорхой болж, тэрбээр өөрийн биеэр шагналаа гардан авсан юм. Түүн шиг дөрвөн олимпыг очиж сурвалжилсан гэрэл зурагчин Монголд байхгүй. Монголын спортын сүүлийн 20 жилийн түүхийг гэрэл зурагт буулгасан тэрбээр “Спортын төрөлд мэргэжлийн гэрэл зурагчин болчихсон гэж би хааяа боддог” хэмээн даруухан гэгч нь өгүүлсэн. Монголын гэрэл зурагчдын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг  түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

Ч.ГАНБАТ: ОЛОН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ӨМНӨ ЭХ  ОРНОО СУРТАЛЧИЛСАН НЬ ЮУ ЮУНААС ЭРХЭМ

-Юуны өмнө танд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ бол дэлхийн шилдэг гэрэл зурагчид бүтээлээрээ өрсөлддөг том тэмцээн. Энд гуравдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байна. Шилдэг 10 гэрэл зураг шалгарахад Азиас Хятадын гэрэл зурагчин бид хоёр, бусад нь өөр тивийнх байсан. Сүүлийн шатанд Колумб, Хятад, Монгол үлдсэн. Надтай сүүлийн шатанд шалгарсан хоёр бол мэргэжлийн түвшний гэрэл зурагчид. Хятадынх л гэхэд “Синьхуа” агентлагт маш олон жил ажилласан туршлагатай, уран бүтээлч залуу, нөгөө нь Францын гэрэл зургийн агентлагийн гэрэл зурагчин, Колумбын иргэн. Тэдэнтэй өрсөлдөж, ийм амжилт гаргасандаа баяртай байна. Дэлхийн олон улсын гэрэл зурагчидтай өрсөлдөж, амжилт гаргаж байгаа нь асар том шагнал, нэр хүнд. 
 
-Та энэ уралдаанд хэчнээн зураг өгсөн бэ?
-Нэг л зураг явуулах боломжтой юм билээ. Анх би гурван зураг явуулсан юм. Гэтэл “Энэ гурван зурагнаас та алийгаа өгөх вэ” гэж хариу ирсэн. Ингээд хоёр зургаа хасаж, “Уурга шүүрэх мөчид” зургаа үлдээсэн. Энэ бол Монголд байдаг л нэг спортын арга хэмжээний үеэр авсан зураг. Гэхдээ үүнийг дэлхийд бол гайхаж хүлээж авч байгаа. Маш их эрсдэлтэй, адууны яг хажуунаас, хоёр төө хүрэхгүй газраас авсан зураг. Гэтэл гаднынхан бол аппаратаа тэгж эрсдэлд оруулахгүй. Морьтой хүн 40 км цагийн хурдтай давхиж ирээд, нэг удаагийн  үйлдлээр уурга шүүрдэг. “Зөвхөн бэлчээрийн монгол адуунд л байх чадварыг олж харсан байна” гэж шүүгчид намайг дүгнэсэн байна лээ. Учир нь манай адуу чулуу, тарваганы нүхэнд унадаггүй, дандаа тойрч, давхих явцдаа газрын бартааг харж явдаг. Хэрэв бэлчээрийн адуу биш бол намайг өшиглөх магадлалтай. Тийм ойроос, өргөн өнцгийн дурангаар авсан учраас гадныханд маш өвөрмөц, сонин, содон харагдсан. Мөн адуучны уурга шүүрч байгаа эмоц, хөх тэнгэр гээд бүх зүйлийг шүүлтэнд харсан гэсэн.
 
-Ийм зураг авах бодол яагаад төрсөн бэ. Зураг төрсөн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Энэ зургийг Төв аймгийн Лүн суманд болсон адуучны баяр дээр дарсан. Монгол зурагчдад адуучин уурга шүүрч байгааг холоос авсан зураг олон бий. Надад ч тийм зураг байгаа. Тэгээд өргөн өнцгийн дурангаа ингэж ашиглаж үзье гэж бодож, зургаа авсан. Хоккейн хаалганд аппаратаа углаж, сагсны шийдэн дээрээс авсан гээд спортын төрөл бүрийн гэрэл зураг байдаг. Тэрийг л монгол адуун дээр туршиж үзсэн юм. 
 
-Энэ тэмцээнд урьд өмнө нь монгол гэрэл зурагчид оролцож байв уу?
-Оролцож байсан. Гэхдээ ийм амжилт гаргасан түүх бол байхгүй. Манай ахмад үеийн гэрэл зурагчдаас спортын гэрэл зургаар шагнал авсан тохиолдол бий. 1980 оны Москвагийн олимпод социалист орнууд оролцож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Даваасамбуу гуай спортын гэрэл зургаа явуулж, цагаар шагнуулж байсан сайхан түүх байдаг. Мөн Цэрэнжамц гуай олимпын гэрэл зургийн уралдаанд оролцож, шагнал байрт шалгарч байлаа. 
 
-Та олон уралдаан, тэмцээнд шагналт байранд шалгарч байсан. Ер нь уралдаан, тэмцээнд шилдгээр шалгарах ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Олон улсын уралдаанд бол анх удаа л байр эзэлж байна. Монголд бол бүгд л хоорондоо өрсөлдөнө. Гран при, тэргүүн байр хүртэж байсан нь цөөнгүй. Дэлхийн хэмжээний уралдаанд анх удаа шагналт байр эзлээд, өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ олон улсын уран бүтээлчдийн өмнө эх  орноо сурталчилсан нь л юу юунаас эрхэм байна. Шилдэг 30-д шалгарснаас хойш л олны анхааралд өртсөн. Ганбат гэхээсээ илүү монгол хүн шилдэгт үлдлээ гэж ярьж байсан. 
 
-Ч.Ганбат гэх хүн яаж яваад гэрэл зурагт дурлав. Хэн нэгэн нөлөөлсөн үү?
-Арван  жилээс эхлэлтэй. Ингээд бодохоор гэрэл зураг аваад, 30 гаруй жил болж. Эрчимтэй зураг авсан нь сүүлийн 20 жил, тэр дундаа спортын гэрэл зураг авсан. Тухайлбал, 2009 оноос хойш спортын томоохон арга хэмжээний зургуудыг тасралтгүй авчээ. Энэ хугацаанд олимпын наадмыг дөрвөн удаа сурвалжилж, одоо тав дахь буюу Токиогийн олимпын наадамдаа явах гэж байна. Спортын зураг авдаг хүний оргил үе бол олимпын торгон агшнуудыг буулгах. Монгол Улсаа төлөөлж тэмцээн, уралдаанд оролцож байгаа тамирчдын түүхийг гэрэл зурагт үлдээсэндээ бахархдаг. Мөн би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зургийг сүүлийн 10 орчим жил авч байна. 
 
-Гэрэл зургийн тэр олон төрөл дундаас яагаад заавал спортыг сонгосон юм бэ?
-Спорт бол миний хобби. Үндэсний бөхийн гэрэл зураг авахаас эхлээд л энэ төрлөөр дагнасан. Сүүлдээ дэлхийн аварга, олимпод явж, тамирчдынхаа зургийг аль болох үлдээхгүй дарахыг хичээж, бүх төрлийн спортын гэрэл зургийг авах болсон. Зураг авахад хэн нэгэн гэхээсээ илүү үндэсний спорт надад нөлөөлсөн. Хүүхэд байхын наадмаар үндэсний бөх, морь уралдах, сум харвахыг үзэж, огшдог байлаа. Энэ бол Монголын ард түмний олон жил уламжлагдсан, асар их түүх. Бөхийг ойроос үзэх хүслээс энэ бүхэн эхэлж, цаашлаад тэмцээн, уралдаанд явж, зураг дарах болсон. Тэр үед олимпод явах хамгийн том мөрөөдөл байлаа. Мөрөөдлөө шат шатаар биелүүлсэн. 
Энэ бол өртөг өндөртэй хобби. Спортын гэрэл зураг бусад төрлийг бодвол сайн үзүүлэлттэй дуран, техник хэрэгсэл, аппараттай байхыг шаарддаг. Мөн тамирчдынхаа зардлыг яая гэж байгаа улсад байнга хувийнхаа зардлаар явах хэрэгтэй болно. 
 
-Тэгэхээр та ямар нэгэн сургалтад сууж, эсвэл энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаагүй байх нь ээ?
-Тийм ээ, энэ зураг авах миний цэвэр сонирхол. Сургууль соёлд сурч байгаагүй. Сүүлийн үед Монголд гэрэл зургийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуучууд олширч байгаа. Дээхнэ үед их ховор байлаа. Москва, Германд төгссөн цөөхөн мэргэжлийн гэрэл зурагчин байсан, бусад нь сонирхлоороо сурч, хоббигоо хөгжүүлж мэргэжлийн түвшинд очсон. 
 
-Та хамгийн анх ямар аппарат барьж байв?
-Анх хүн хүний аппарат гуйж, зураг авдаг байлаа. Сүүлд Орост нэгдүгээр курсэд сурч байхдаа стипендээ цуглуулж, Зенит гэж аппарат худалдаж авсан. Тухайн үедээ машин аваад уначихсан юм шиг л санагдаж байсан. 
 
-Та монголчуудын омогшиж, бахархахаар спортын олон зургийг түүхэнд мөнхөлсөн. Гэхдээ тэр дундаас хамгийн хайртай зураг аль нь вэ?
-Сэтгэлд хоногшсон олон зураг байгаа. Гэхдээ спортын бүх зургандаа хайртай. Дэлхийн хэмжээний уралдаанд анх удаа байр эзлүүлсэн энэ бүтээл маань миний амьдралын хамгийн дурсгалтай зураг. 
 
-Ийм л агшныг буулгачих юм сан гэж “шатдаг” уу?
-Тийм зүйл байхгүй. Спортын гэрэл зураг авахын тулд тухайн спортоо  мэдрэх хэрэгтэй. Тухайн тамирчнаас ямар эмоц гарах вэ гэдгийг анаж, бодож авна. Шатар тоглож байгаа мэт тамирчны дараагийн үйлдлийг төсөөлнө. Спорт бол маш их хурд шаарддаг. Би агшин бүрийг л алдахгүй байхыг хичээдэг. 
 
-Та олон тамирчны түүхэн мөчийг буулгасан. Талархсан сэтгэлээ мартахааргүйгээр илэрхийлсэн хүн байдаг уу?
-Манай олимп, дэлхийн аваргууд бүгд л дурсгалт мөчийг нь буулгасанд  талархсанаа илэрхийлдэг. Зарим нь уулзаж амжаагүй ч баярлалаа гэж хэлэхийг хүсдэгийг би мэднэ. Урьд нь манайхан медалийн тавцанд гарсныхаа дараа гадаадын зурагчдаас зураг гуйж авдаг байсан. Би дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байгаа тамирчдынхаа ачийг өчүүхэн ч гэсэн зургаар хариулж байна гэж боддог. Спорт бол залуу насных, зураг л үлдэнэ.
 
-Олимпын үеэр энэ л агшныг алдчихлаа гэж харамсах үе байсан уу?
-Байлгүй яах вэ. Одоо л зурагчид олимпод хоёр, гурваараа явах эхлэл тавигдаж байгаа болохоос анх ганцаараа явна.  Ганцаараа хүн чинь 100 хувь санаснаараа зураг авч чадахгүй. Зарим спорт байраа сэлгэж зураг авах боломжтой байхад зарим нь нэг л цэгээс авахаас өөр аргагүй байдаг. Жишээ нь, Д.Сумъяа аварга Бразилийн олимпод Японы алдартай бөхийг давчихаад цаад талд байгаа монголчууд руу харж орилж, эмоцио гаргасан. Гэтэл  би тэрийг авч чадалгүй, эргэж харахад нь л авсан. 
 
-Гэрэл зураг танд ямар тайтгарал өгдөг вэ?
-Хөлбөмбөг, сагс, жүдог маш үнэтэй тасалбар авч үздэг хүмүүс бий. Гэтэл би аппаратаа үүрээд л хамгийн нүүрэн талаас дуртай өнцгөөсөө, дуртай ажлаа хийнгээ үзэж байдаг. Спорт бол дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг. Ямар сайндаа л Дэлхийн II дайны үед тулалдаж байгаа цэргүүд дайн байлдаанаа зогсоож, хөлбөмбөг тоглож, дуусаад эргээд байлдаж байх вэ. Дэлхийн ард түмнийг арьс өнгө, хэл ялгахгүйгээр эвлэрүүлж, гар бариулж чаддаг зүйл бол спорт. Манайд л гэхэд 2008 оны долдугаар сарын 1-ний тэр хэцүү нөхцөл байдалд Н.Түвшинбаяр аварга олимпод алт авснаараа эв нэгдлийг бий болгож байлаа. Энэ бол спортын буян.
 
-Загасчны морь усгүй гэдэг шиг гэрэл зурагчдад өөрийнх нь зураг байдаггүй. Танд өөрийн зураг хэр олон байдаг вэ?
-Анх олимпод явахдаа өөрийнхөө нэг ч зураггүй ирж байлаа. Харин дараагийн олимпоос аль болох өөрийнхөө зургийг авахуулахад анхаарсан. Дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн талбай Бразилд байдаг. Тэр ногоон дэвжээнд хөл тавьж байж зураг авахуулахгүй бол болохгүй гэж боддог болдог юм билээ. Тэнд анх хөл тавьсан монгол хүн би байх. 

Монголын спортын түүхийг гэрэл зургаар мөнхлөгч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188