• Өнөөдөр 2024-04-26

ВЛАДИМИР ПУТИН: Миний амьдралын зорилго зөвхөн ОХУ-ын төлөө биш, түүнээс ч илүү зүйл бий

2023-07-21,   1661

                         NBC News” агентлагийн сэтгүүлч Кейр Симмонс 2021 оны зун Москва хотод албан ажлаар очихдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн нэгэн ховор, сонирхолтой ярилцлагыг товчлон, хөрвүүлэн хүргэж байна.

-ТРАМП АВЬЯАСЛАГ, БАЙДЕН КАРЬЕР ХӨӨСӨН НЭГЭН-

-ОХУ ойрын хэдэн сарын хугацаанд Иранд хиймэл дагуулын дэвшилтэт технологи нийлүүлэх талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Америкийн хэвлэлийн мэдээгээр ОХУ цөмийн хөтөлбөртэй тусгай цэргийн байгууламжуудыг хакердах гэж байгаа гэх байгаа. Энэ үнэн үү?

-Асуултаа дахиад давтаад хэл дээ.

-Барууны хэвлэлүүдээр ОХУ Иранд хиймэл дагуулын дэвшилтэт технологи нийлүүлнэ. Гэсэн ч тус улсын цэргийн байгаа болгохоор зэхэж байгаа тухай мэдээлэл гарж байгаа юм?

                         -Үгүй ээ, үгүй. Манайх Ирантай тийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэггүй. Наадах чинь ердөө л хүмүүсийн дэмий хоосон яриа. Харин ОХУ болон Иран цэрэг, техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөөг цуцлах эрх ч Иранд бий. Манай талд энгийн зэвсэгтэй холбоотой тодорхой хэдэн хөтөлбөр байгаа юм. Гэлээ ч ОХУ, Ираны аль нь ч төлөвлөгөөний ажлын шатандаа орж амжаагүй байгаа. Хэн нэгэн хиймэл дагуулд суурилсан орчин үеийн технологи бүтээж, Иранд нийлүүлнэ гэж байгаа бол наадах чинь зүгээр л үлгэр.

-АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европт хийсэн айлчлалынхаа үеэр “Их долоо”-гийн бүлгийн уулзалтад дэлхийн ардчилсан орнуудыг нэгтгэх тухай ярьж байлаа. Тэгэхдээ таныг ардчилсан дэг журмыг сүйрүүлэхээр шийдсэн автократуудын удирдагч гэж үздэг. Энэ тал дээрх таны бодол юу вэ?

                         -Сайн хэлж мэдэхгүй л юм. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж байгаа. Олон улсын хөгжил, нөхцөл байдлыг, таныхыг ч (хоолойгоо засаад) гэсэн өөр өнцгөөс харж байна. Байден холбоотнуудтайгаа уулзаж, тийм зүйл ярьж байгаа нь ер бусын зүйл биш шүү дээ. “Их долоо”-гийн бүлгийн уулзалтад ер бусын зүйл юу ч үгүй. “Их долоо” гэж юу, хэн болохыг би мэднэ шүү дээ. Хүмүүс нэг дор цуглаад нэг асуудлаар ярилцах нь сайхан байдаг ч ярилцахгүй байсан нь илүү дээр.

-Ерөнхийлөгч Жо Байден тантай дээд хэмжээний уулзалт хийхийг хүссэн. Ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүй санал тавихад нь гайхсан уу?

 

-Үгүй. Манай хоёр талын харилцаа сүүлийн жилүүдэд хамгийн доод түвшиндээ хүртэл муудсан. Гэсэн ч хоёр талын ашиг сонирхолд нийцсэн асуудлаар ярилцаж, хэлэлцэх шаардлагатай. Дээд хэмжээний уулзалтын санаачилгыг Байден гаргасан. Уулзалтаар хэлэлцэх стратегийн довтолгооны зэвсгийг хязгаарлах чиглэл ОХУ-ын ч, АНУ-ын ч ашиг сонирхолд нийцэх байгаа. Тиймээс түүний саналыг сонсох болох л юм.

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден танаас тогтвортой байх, гэрээ, хэлэлцээг урьдчилан таамаглах боломжтой байхыг хүсэж байсан. Харин та тэгэхийг хүсэж байгаа юу?

                         -Тогтвортой байдал бол хамгийн чухал зүйл. Энэ зүйл олон улсын харилцааны үнэ цэн.

-Таны яриаг тасалдуулсан өршөөгөөрэй. Гэхдээ таныг маш тогтворгүй гэдэг шүү дээ?

                         -Би чамд өөр зүйл хэлье. Аль цагт хүний яриа, оюун бодол харьцангуй байдаг. Яг одоо чи сууж байгаад асуувал одоогийн би л хариулна. Гэхдээ чи хариултыг маань урьдчилан таамаглаж чадна гэж үү.

-Та Хельсинкийн дээд хэмжээний уулзалтын үеэр экс Ерөнхийлөгч Дональд Трампыг авьяаслаг, цовоо сэргэлэн гэж тодорхойлсон байдаг. Харин Ерөнхийлөгч Жо Байденг хэрхэн тодорхойлох вэ?

                         -Би одоо ч АНУ-ын Ерөнхийлөгч асан ноён Дональд Трампыг гайхалтай авьяастай хүн гэж боддог. Хэрэв тийм биш байсан бол тэр АНУ-ын Ерөнхийлөгч болж чадахгүй байсан шүү дээ. Харин Байден Трампаас эрс яалгаатай. Байден бол карьер хөөдөг хүн. Тэр бараг бүх насаа улс төрд өнгөрүүлсэн шүү дээ.

-Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тантай уулзаж байсан талаараа “Би түүний нүд рүү харж байсан ч сүнсийг нь харж чадахгүй байна” гэсэн. Харин тэр уулзалтаар та “Бид бие биенээ сайн ойлгодог” гэсэн юм билээ. Тухайн уулзалтын талаар санаж байна уу?

                         -Эхлээд хүний сүнс гэж юу вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Гэхдээ үнэнийг хэлэхэд, бид тэгж нэгэнтэйгээ ойртож, ярилцсан эсэх талаар санахгүй байна. Бид бүгд л уулзаж, ярилцахдаа тус тусын улс, орныхоо эрх ашгийг л эрхэмлэж байгаа.

-БИ СӨРӨГ ХҮЧНИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН ГЭЖ ХЭН ХЭЛЖ БАЙНА. ХАРИН СӨРӨГ ХҮЧИН Л НАМАЙГ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА-

-ОХУ-ыг олон тооны кибер халдлага үйлддэг, зарим орны сонгуулийн үр дүнд хүртэл нөлөөлдөг гэдэг. Та энэ асуудалд тайлбар хэлэхгүй юү?

                         -Ноён Кейр, та надад ОХУ-ын кибер халдлагыг нотлох баримт үзүүлэхгүй юү. Эсвэл АНУ-ын хэвлэлийнхний шар мэдээг надад үзүүлэх гэж байна уу.

-Ноён Ерөнхийлөгч өө, би танд энэ мэдээллийг хэн өгсөн талаар хэлбэл та хариулах уу?

                         -Хэн тэгж хэлсэн талаар надад мэдээлэх нь өөр асуудал. Гэхдээ манай орныг кибер халдлага хийсэн гэх нотлох баримт болохгүй. Нэг хүн тэгж ярилаа гээд ОХУ-ыг бүхлээр нь буруутгаж болохгүй. Үнэхээр маргаан хиймээр байгаа бол нотлох баримттайгаа байх ёстой.

-Гэсэн ч ОХУ-аас кибер болон бусад төрлийн халдлага, дайралт хийж байдаг нь үнэн үү?

                         -Миний санахын манай хамгийн сүүлийн дайралтуудын нэг нь АНУ-ын дамжуулах хоолойн системийн эсрэг байсан. Тэгээд юу гэж...

-Хэрэв та кибер халдлага болон сонгуульд хөндлөнгөөс оролцох асуудлаар тохиролцож чадвал сонгуульд хөндлөнгөөс оролцохоо болих уу?

                         -Миний бодлоор аль ч улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй ёсгүй. Бид ч, АНУ ч тэр. Бид дэлхийн аль ч үндэстэн тайван хөгжиж цэцэглэх боломжийг олгох ёстой

-АНУ-ын тагнуулууд ч ОХУ-ын системд гүн орсон талаар та хэлдэг. Тэр тагнуулууд ОХУ-д их хэмжээний хохирол учруулах вий гэхээс айж байна уу?

                         -Би тэднээс яагаад айна гэж. Гэхдээ их хэмжээний хохирол учруулах чадамжтай гэдгийг нь мэдэж байгаа.

-Гэхдээ нэг асуудал сүүлийн үед хөндөгдөж байгаатай холбоотойгоор би танаас хүний эрхийн асуудалтай холбоотой асуулт асууя. Энэ маань яг одоо шоронд хоригдож байгаа Алексей Навальныйтай холбоотой юм л даа. Ноён Ерөнхийлөгч өө, та яагаад сөрөг хүчнийхээ удирдагчид ингэж хандаж, сөрөг хүчнийг бүхлээр нь сүрдүүлж байгаа юм бэ?

                         -Чамд хэн намайг сөрөг хүчнийг заналхийлж байна гэж хэлээд байгаа юм бэ. Харин сөрөг хүчин л намайг заналхийлж байна.

-ОХУ-ын дээд шүүхээс дөнгөж саяхан Алексей Навальныйтай холбоотой бүх байгууллагыг хууль бус гэж үзлээ. Шууд утгаараа сөрөг хүчний хүн бүр хариуцлага хүлээж, ОХУ сөрөг хүчингүй болно. Эсвэл та зүгээр л сөрөг хүчин байлгахыг харж тэвчдэггүй хүн юм уу?

                         -Та намайг яриулахыг хүсэж байгаа юм уу эсвэл би гараад явах ёстой юу...

-Та асуултад хариулахгүй байх арга сэдэж байгаа юм уу. Тэгвэл би танаас асууя. Та...

                         -Миний хариулт таалагдахгүй байгаа болохоор чи миний яриаг тасалж байна. Ингэх чинь зохимжгүй шүү. Хэрэв чи тэвчээртэй байх юм бол би хэлэх гэсэн зүйлээ хэлж дуусгая. Харин чи миний хариулт таалагдахгүй байлаа гээд зогсоож болохгүй. Ингэж байгаа чинь миний хариултыг үзэгч, уншигчдад хүргэхийг хүсэхгүй байгаа хэрэг. Энэ чинь тэгээд чөлөөт ярилцлага гэж үү?

-Ноён Ерөнхийлөгч өө, та зүгээр хариулж болохгүй гэж үү?

 

-Нэг прокурор “Хэдхэн метр дөхсөн бол шоронд хоригдоно. Энэ орчин үеийн нийгмийн ардчилал мөн үү” гэсэн юм ярьсан байна лээ. Гэсэн ч манай оронд лав тийм зүйл байхгүй. Би улс орны хууль, шийдвэрт хөндлөнгөөс оролцдоггүй.

 

-Олон хүн нэг асуудлаар санаа, бодлоо дэвшүүлж байгаа. Тэгвэл би танаас шууд асууя. Та Алексей Навальныйг хөнөөх тушаал өгсөн үү?

                         -Мэдээж үгүй. Надад хэн нэгний аминд өөрийн ашиг сонирхлын улмаас халддаг зуршил байхгүй, энэ бол нэг. Хоёрдугаарт, би чамаас асууя л даа. АНУ-ын Конгрессын танхимд орж ирээд цагдаад буудуулж амиа алдсан эмэгтэйн амийг хөнөөх тушаалыг хэн өгсөн юм бэ. Капитолын үүдийг эвдэж орж ирсэн 450 хүнийг баривчилсан гэдгийг мэдэх үү. Тэгээд улс төрийн шаардлага тавьсанаас зөөврийн компьютер хулгайлах гэж очоогүй шүү дээ.

-Та 2021 оны нэгдүгээр сард болсон Капитолын үймээний талаар ярьж байна уу?

                         -Баривчлагдсан хүмүүс шууд 15-25 жилийн хорих ялтай тулгарсан юм билээ. Улс төрийн шаардлага тавьсаныхаа улмаас олон жилийн хорих ял сонсох нь болсон нь танай АНУ дахь үзэл бодлын хавлага биш гэж үү.

-Ноён Ерөнхийлөгч өө, та АНУ-ын Конгрессын талаар яриа эхлүүлснийх танаас нэг юм асууя. Сенатч агсан Жон Маккейн таныг “Алуурчин” гэсэн. Экс Ерөнхийлөгч Дональд Трампаас таны алуурчин эсэх талаар асуухад тэр үгүйсгээгүй. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байденаас таныг “Алуурчин гэдэгт итгэж байна уу” гэж асуухад тэр “Итгэдэг” гэсэн. Та үнэхээр алуучир мөн үү?

                         -Би олон жил төрийн тэргүүнээр ажиллахдаа янз бүрийн олон дайралт, довтолгоонд дассан. Тэдний хэн нь, юу гэж ярьсан нь ч намайг гайхашруулахаа больсон. ОХУ мөнхийн найз, нөхөрлөлийг тангарагладаггүй. Бид ямар ажиллахдаа ажиллаж, маргалдахдаа маргалддаг сүйт залуус байгаа биш дээ. Дэлхийд, олон улсын харилцаанд өрсөлдөгч мөн өрсөлдөгч гэсэн сонголт л бий.

-Гэхдээ та яг асуусан асуултад хариулсангүй шүү дээ?

-Би хариулсан.

-Өмнө нь таны эсрэг үг дуугарч байсан Анна Политковская буудуулж, Александр Литвиненко хордож, Сергей Магнитский шоронд байхдаа бусдад зодуулж, Борис Немцов Кремлийн орчимд буудуулж, Михайл Лесин ч мөн тодорхойгүй шалтгааны улмаас амиа алдсан. Энэ бүхэн санамсаргүй тохиолдол байж болно гэж үү, ноён Ерөнхийлөгч өө?

                         -Чи янз бүрийн хүний гарт өөр өөр олон шалтгааны улмаас өөр өөр цаг үед амиа алдсан хүмүүсийн талаар ярьж байна шүү дээ. Юу гээч, чиний хэлсэн Лесин миний удирдлага дор ажиллаж байсан. Түүнтэй хамгийн сүүлд АНУ-д байхад нь холбоо тогтоосон. Би одоо болтол үхсэн, амьдыг нь мэддэггүй. Харин нэр дурдсан бусад хүнийг хөнөөсөн, хөнөөлгөх захиалга өгсөн хүнийг нь олж тогтоон ОХУ-ын хуулийн дагуу шийтгэсэн.

-Та Алексей Навальныйг шоронгоос амьд мэнд гарна гэдгийг биечлэн баталгаажуулж чадах уу?

                         -Чи ойлго, манай улсад тийм шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаггүй. Хэн нэгнийг хорих, суллах эсэхийг шүүх шийддэг. Харин шоронд хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насны хариуцлагыг тухайн хорих анги, хорих ангийн захиргаа хүлээнэ. Мөн хорих ангиудын дэргэд байдаг тийм ч чадвартай бус эмнэлгүүд бий. Гэхдээ таны хэлсэн хүнийг бусдын адил үзэж, ижил төрлийн арга хэмжээ, тусламж авах байх гэж бодож байна.

-Түүнийг Алексей Навальный гэдэг. Та мэднэ шүү дээ...

                         -Надад хамаагүй. Чи анхааралтай сонсож бай. Түүний нэр юу ч байж болно. Гэсэн ч тэр бол шоронд гэм буруугийнхаа улмаас хоригдож байгаа хүмүүсийн нэг. Тэр хэн ч бай, ямар ч нэртэй байсан миний хувьд ОХУ-ын шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, шоронд хоригдож байгаа манай орны иргэдийн нэг. Тийм хүн олон байгаа шүү дээ.

Ташрамд хэлэхэд, манай улсад шоронд хоригдож байгаа хүмүүсийн тоо сүүлийн нэг жилд 50 гаруй хувиар буурсан. Би хувьдаа үүнийг том ялалт гэж харж байгаа. Манай орон, хууль, хүчний байгууллага илүү хүнлэг болж байгаа. Гэлээ гээд чиний хэлсэн хүнд бусдаас нь илүү муу хандахгүй, бусдаас нь илүү онцгой эрхтэй байлгахгүй. Тэр ОХУ-ын иргэн, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсоныхоо хувьд бусдынхаа л эдэлдэг эрхийг эдлэх болно.

-БУСАД ОРОН ОХУ, БНХАУ-ЫН ХАРИЛЦААГ ТАСЛАХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙНА-

-Сүүлийн жилүүдэд илүү хурдацтай хөгжиж байгаа БНХАУ ОХУ-ыг дээрэнгүй бодлогоор шахаж байгаа гэх мэдээлэл ч бас гарсан. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?

                         -Би БНХАУ манайхыг заналхийлж байгаа гэдэгт итгэхгүй байна. Хятад бол найрсаг ард түмэн. Ядахнаа л АНУ шиг биднийг дайснаа гэж зарлаагүй. БНХАУ хөгжиж байна. ОХУ БНХАУ-тай олон жил хамтын ажиллагаагаа эрхэмлэж ирсэн. Энэ хамтын ажиллагаагаа ирээдүйд ч эрхэмлэх болно.

-БНХАУ-ын Шинжаан, Уйгурт хандаж байгаа хандлагыг та юу гэж боддог вэ?

                         - (хоолойгоо засаад) Эрх баригчдыг шүүмжлэх хүн хаа сайгүй л байдаг шүү дээ. Би БНХАУ-д айлчлахдаа уйгурчуудтай уулзаж байсан. Тэд ч БНХАУ-ын эрх баригчдын барьж байгаа бодлогыг сайшаан дэмжиж байгааг өөрийн чихээр сонсож баталгаажуулсан. Тэгж баталгаажуулчихаад би яагаад баталгаагүй мэдээлэлд байр сууриа хэлэх ёстой юм бэ?

-Та “БНХАУ-ын шүүмжлэхэд бэлэн үү” гэдэг л асуудал. Тухайлбал, БНХАУ НҮБ-ын Аюулгүй зөвлөл дээрх хуралд Крымийн асуудлаар түдгэлзсэн санал өгсөн. Нөгөөтээгүүр, БНХАУ ОХУ-ыг санхүүжүүлдэг гэх ч юм билээ. Та БНХАУ-аас дэмжлэг авдаг юм уу?

                         -Чи мэднэ дээ, бид хөрш орнууд. Хүн, ялангуяа улстөрч хэзээ ч хөршөө сонгодоггүй юм. Яах вэ, сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ-ын харилцаа урьд өмнө нь байгаагүйгээрээ хөгжиж, илүү нөхөрсөг болсон. Зарим орон ОХУ, БНХАУ-ын харилцааг таслах оролдлого хийж байгааг би мэдэж л байгаа.

-Хэрэв БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Тайвань руу довтолбол та ямар хариу үзүүлэх вэ?

 

-БНХАУ Тайванийн асуудлыг цэрэг, хүчний аргаар шийднэ гэж хэн танд хэлсэн юм бэ. Би лав ийм зүйл сонсоогүй.

 

-Та ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноосоо хойш Үндсэн хуулиа өөрчилж, 2036 он хүртэл Ерөнхийлөгчийн албанд ажиллах боломжтой болсон. Засгийн эрхэнд нэг хүн удаан суух тусад эх орны тогтворгүй байдал нэмэгдэнэ гэж санаа зовохгүй байна уу. Хэзээ ажлаа хүлээлгэж өгөх вэ?

                         -Нэг шөнийн дотор юу болох бол... 2000 онд ОХУ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, бүрэн эрхт байдлаа хадгалах эгзэгтэй үед ядуу гэх ангиллаас ч доогуур түвшний хүн үй олон болсон. ДНБ-ий түвшин хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс ч буурсан байсан. Манай орны валют, алтны нөөц 12 тэрбум ам.доллар байсанч гадаад өр нь 120 тэрбум ам.доллар байсан. Харин одоо тэр асуудлуудын аль ч нь үгүй. Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн.

Мэдээж хэрэг, хэзээ нэгэн цагт хэн нэгэн гарч ирж, намайг орлох л байх. Гэхдээ тэглээ гээд би, миний амьдрал нурна гэж байх уу. Миний амьдралын зорилго зөвхөн ОХУ-ыг хөгжүүлэх, эх орныхоо төлөө бус, түүнээс ч илүү зүйл бий. Хэрэв би өөр дотроосоо хэн нэгэн, улс орныхоо төлөө тууштай байж чадах тэр нэгнийг олж харвал ОХУ-ын төлөө бүх амьдралаа зориулахад бэлэн байна. Зөвхөн өөрийгөө ч гэлтгүй ОХУ-ын төлөө тууштай байж чадах хэнд ч би тусалж, дэмжлэг үзүүлэх болно.

                         Байгалийн процесс явагддаг шүү дээ. Хэзээ нэгэн цагт л бид бүгд солигдоно. Чи ч ажиллаж байгаа газраасаа солигдож, би ч Ерөнхийлөгч байхаа болино. Гэхдээ намайг үгүй болсон ОХУ хөл дээрээ бат зогсож, ирээдүйгээ итгэлтэйгээр харах болно гэдэгт итгэлтэй байна.

-Та анх Ерөнхийлөгч болохдоо өмнөх төрийн тэргүүн Борис Ельфинд хамгаалалт санал болгож байсан шигээ ажлаа өгөхдөө өөртөө ямар нэгэн хамгаалалт хүсэх үү?

                         -Тэр талаар бодоогүй юм байна. Хамгаалалт бол гурав дахь шатны асуудал. Хамгийн гнол нь улс орон, ард түмний хувь заяа.

 

“NBC News” 2021 он.

 


ВЛАДИМИР ПУТИН: Миний амьдралын зорилго зөвхөн ОХУ-ын төлөө биш, түүнээс ч илүү зүйл бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188