• Өнөөдөр 2024-03-19

Хавтаст хэрэг: Гадаад эрийг хөнөөсөн монгол бүсгүй

2021-06-12,   2767

            2012 оны нэгдүгээр сарын 7-ны шөнө. Төв аймгийн нутаг дэвсгэрт АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг шунахайн сэдэл, өс хонзон, мөн өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар буюу “Сайга М3” маркийн буугаар буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Харин энэ аллагыг хэний ч санаанд оромгүй, 20 гаруйхан настай, Ч.Баттуул гэх бүсгүй үйлдсэн байдаг. Тэрбээр 1988 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, айлын отгон охин. Бүүр БНХАУ-д олон улсын харилцааны чиглэлээр сургуульд суралцах эрх хүртэл авч байжээ. Ч.Баттуул Тайваньд сурч байхдаа англи хэлний багш талийгаач Жон Мартин Кийнтэй танилцсан түүхтэй. Харин АНУ-ын Нью-Жерси мужийн Моунт Олив хотын харьяат, 45 настай Жон Мартин Кийн нь Тайваньд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан аж. Тухайн үед Тайваний технологийн их сургуульд англи хэл заадаг байсан бөгөөд Ч.Баттуул түүний шавь байжээ.

            Ч.Баттуул нь Жон Мартин Кийний ээжийн шилжүүлсэн 10 мянган ам.долларыг авахын тулд шунахайн зорилгоор энэ хэргийг үйлдсэн гэдэг. Тэрбээр талийгаачид “Би Монгол Улсад нэг ахтайгаа хамт “Телмон Монтаж” гэсэн компанитай. Манай компани дөрвөн давхар барилгатай бөгөөд нэг давхарт нь хүнсний дэлгүүр байдаг. Харин 2-4 давхарт зочид буудал, ресторан ажиллуулах гэж байгаа тул та Монголд очиж манай компанид эдгээрийг хариуцаж ажиллах уу. Манай ах бас Монголд уул уурхайн компанитай. Та ахын компанид менежерээр ажилласан ч болно. Тэгвэл нэг сард 3500 ам.долларын хөлс өгье” гэсэн байна. Мөн тэрбээр “Таныг Монголд ирэхэд байр болон машин бэлдэх хэрэгтэй. Танд долоон өрөө байр, "Камри" машин бэлдэнэ. Тийм учраас урьдчилгаа 20 мянган ам.долларыг Монгол руу шилжүүл” гэжээ.

            Үүний дараагаар Жон Мартин Кийний ээж Маргерит Ч.Баттуулын данс руу нь 10 мянган ам.доллар шилжүүлсэн байна. Ингээд Жон Кийн Ч.Баттуултай ярилцаж, тохирсны дагуу Монголд ажиллаж, их мөнгө олох зорилгоор Тайваниас 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Улаанбаатарт иржээ. Гэтэл Ч.Баттуул түүнийг хороох бэлтгэлээ базаан, ахынхаа нэр дээр “Сайга М3” маркийн ангийн буу худалдан авсан аж. Тэрбээр ахдаа “Америк найзыгаа Монгол урьсан. Найз маань ан хийх сонирхолтой тул ангийн буу хэрэгтэй байна. Мөн таны машиныг унаж, оронд нь шаардлагатай мөнгийг нь төлье” гэхэд ах нь зөвшөөрч, түүнд ангийн буу, сум худалдан авч өгөөд, өөрийн "Марк-2" машиныг ч өгсөн байна. Ч.Баттуул Жон Кийнийг нэгдүгээр сарын 5-нд нисэх буудлаас тосож, зочид буудалд хонуулжээ.

            Үүнээс хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 7-ны 02:00 цагийн үед түүнийг Төв аймгийн нутаг дэвсгэрт буудаж хөнөөсөн байдаг. Аллага үйлдсэнийхээ дараа хамт байр түрээслэдэг найз болох Б-д “Тайваньд сурч байхад танилцсан багштайгаа Цонжинболдогт очсон чинь тэр “Яасан сайхан агаартай юм бэ" гээд унтаж байгаад нас барчихлаа. Энэ хүн сахарын өвчтэй гэсэн. Миний бодлоор цочирдоод нас барсан байх” гэж хэлээд Б-ийн найз залуу О-г дагуулан хамтдаа хэрэг болсон газарт очсон байна. Ингээд тэд ахынхаа машины суудлын бүсийг тасдан авч, талийгаачийг хэргийн газраас 6.3 км зайд чирж, шатаажээ.  

            Харин тэр өдрөө Ч.Баттуул найздаа “Миний санаа амрахгүй байна, дахиж очъё. Хэргийн газарт очиж талийгаачийг дахин шатааж, нэг мөсөн алга болгоё” гээд шаталгүй үлдсэн яс, эд зүйлийг цасаар булсан талаар найз нар нь болох Б, О нар мэдүүлжээ. Ч.Баттуул мөн хэргээ нуун далдлахын тулд өөрийн унаж явсан машины бүсийг, хаалгыг шинээр худалдан авч, солиулжээ. Ингэхдээ машины хаалгыг сольсон засварчинд хандаж “Буугаар машинд нь нүх гарсан болохыг гараараа дүрслэн үзүүлсэн” талаар засварчин гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байна.

            Мэдүүлгийг газар дээр нь баталгаажуулах үед Ч.Баттуул нь мөрдөгч нарт хэргийн газар руу явах замаа ямар нэгэн саадгүй, эргэлзсэн шинжгүй, нэгд нэгэнгүй заажээ. Тэрбээр Жон Кийнийг алсан хэргийн газарт очоод машинаас бууж “Энд хохирогчийг бие засаж байхад нь машины багажаас “Сайга” маркийн буу авч найм бил үү, 10 сумаар буудсан”, дараа нь хохирогчийг тэнд нь цасаар булж орхисон. Маргааш нь 10 литр бензинтэй ирж, хохирогчийг машины суудлын бүсээр хөлнөөс нь уяж машинаар чирээд нэг газар аваачиж, дээр нь бензинээ асгаж шатаасан” гэжээ. Цогцсыг шатаасан гэх газарт очиж үзэхэд хэсэг газрын цас хайлсан, харласан байдалтай байж. Тэр дунд хүний гавал болон бусад яс, мөн Библийн дутуу шатсан судар, ууттай барьцалдаж шатсан кофе, юу нь мэдэгдэхгүй шатсан эд зүйл байсан аж. Ч.Баттуул буцах замдаа “Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Цаазын ял авмаар байна. Гэдэстэй бүдүүн гадаад монгол охидыг доромжлох нь сайхан байх уу, та нар бодоод үздээ” гэж цагдаа нарт хэлжээ.

            Жон Мартин Кийн амьддаа Ч.Баттуултай харьцаж байгаа тухайгаа ээждээ ярьж, түүний явуулсан фото зургуудыг мэйлээр илгээдэг байв. Жон Мартин Кийн "Монгол руу явлаа" гэсэн боловч эргэж ямар ч хариу өгөөгүй тул түүний ээж хүүгээ алга болсон гэж бодон Ч.Баттуул руу мэйл явуулжээ. Харин тэрбээр “Жон Мартин Кийн Монголд ирээд ажлаа сайн хийж байгаа. Энд ирээд шинэ, залуухан найз бүсгүйтэй болсон. “Тайваньд байгаа эхнэр, охиноо амьдралын нэг алдаа байсан” гэж хэлсэн. Би Жонд “Тантай холбоо барь” гэж зөндөө ятгасан боловч тань руу ярихгүй байна. Тэр маш их завгүй байгаа.  Жон цалин мөнгөө авч, байрандаа аз жаргалтай амьдарч байгаа. Удахгүй холбогдох байлгүй дээ” гэсэн хариу өгсөн байна. Үргэлж ээжтэйгээ холбоотой байдаг хүү нь нэг л өдөр газрын гаваар орсон мэт алга болж, утсаар ч ярихгүй болсонд гайхах, айх зэрэгцэв. Арга буюу ээж нь  Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам руу “Хүүг минь олж өгнө үү” гэж хоёр сар гаруй хугацаанд мэйл бичсэний эцэст АНУ-ын Элчин сайдын яамнаас Жон Мартин Кийнийг олуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоо руу хандаж уг хэргийг илрүүлжээ.

            Нотлох баримтуудад тулгуурлан Ч.Баттуулыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоон 23 жилийн ял оноосон. Өдгөө тэрбээр Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа юм.

Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо

 


Хавтаст хэрэг: Гадаад эрийг хөнөөсөн монгол бүсгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-10 07:06:15
    uuuu: hogiin shylam ydahgui garah ni deee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-04 12:52:25
    элбэгдорж хүүрийн хийсэн ажил байна.: Бас л үхэж далд орсон ардчилсан нам, ардчиллын гай байна даа. Үхээрийн ардчилал гараагүй бол есөн шидийн хулгайчууд янз бүрийн орноос Монголд ирж газар шороог нь хүн ард, ёс заншил, сайхан сэтгэлтэй нь булшилж эхлэхгүй байсан. элбэгдорж үхээрийг ардчилалтай нь булшил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-12 11:57:48
    МААМ.ГАНЦОГТ: Алуурчи хүүхниыг насаар нь гянданд хорих хэрэгтэй ял нь бгагадсан байшдээ .23 жил юу вэ удахгүй гарлаашдээ гяндлаач адгийн алуурчинг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-25 03:12:35
    Зочин: Мөнхнаран ээж залбирал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-24 22:10:13
    Hi : H
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188