• Өнөөдөр 2024-12-12

Д.МӨНХӨӨ: ЦАГ ХУГАЦААГ ЮУНД ЗАРЦУУЛАХААС БҮХ ЗҮЙЛ ХАМААРДАГ

2024-09-22,   429

-ШИЙДВЭР АМЬДРАЛД ОЙР БАЙХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ-

Үндэсний их баяр наадмын өмнө Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны хүндэт ерөнхийлөгч, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулах үеэрээ түүний нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний эрхийг хамгаалах, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, гэр бүлийн үнэ цэн, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тодотгон онцолсон юм.

“Хоёулаа хүнд хэрэгтэй л юм ярья. Тэрнээс миний туулсан амьдрал хэнд ч сонин биш. Тэгээд ч миний туулсан бүхнийг одоо туулах хүн гэж юу байх вэ” гэснээр бидний яриа эхэллээ. Гэвч түүний туулж өнгөрүүлсэн бүхэн өөрөө түүх юм. Д.Мөнхөө гуай өдгөө нас сүүдэр 80 гарсан хэдий ч залуугийн төрх яг янзаараа, эрч хүч дүүрэн хэвээрээ. Түүний ярианы  хэмнэл, хоолойны өнгө нэвтрүүлэгч, эс бөгөөс улстөрч телевизээр ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

-Та Увс аймгийн Өмнөговь сумын хүн юм билээ. Наадмын дараахан нутаг явна гэж байсан. Энэ жил өнтэй сайхан зун боллоо. Нутаг орон нь сайхан байна уу?

-Өө үнэхээр сайхан зун боллоо, нутаг орон ч сайхан байна. Нутаг руугаа явсан нэг шалтгаан нь сумын эмнэлгийг миний нэрэмжит болгож байгааг сумын удирдлагууд хоёр жилийн өмнө дуулгаж байсан юм. Би харин санаа зовоод төдий л хариу өгөхгүй байлаа. Манай аав Өмнөговь сумын анхны бага эмч, эмнэлгийн барилгын шавыг тавьж байсан хүн. Сумын удирдлагууд “Таны аав манай сумын анхны бага эмч, барилга барихад гар бие оролцож явсан хүний нэг. Таны аавын нэрэмжит болгоё гэхээр хүмүүс сайн мэдэхгүй юм. Таны нэрэмжит болгоно гэдэг аавын тань нэрэмжит болгож байгаагаас ялгаагүй” гэхээр нь “Наадахаа эртхэн хэлж байхгүй” гээд энэ жил очиж, нээлтийн арга хэмжээнд нь оролцоод ирлээ.

-Та эмэгтэйчүүдийн байгууллагаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар. Танд баяр хүргэхийн чацуу шагнал авах мөчид төрсөн сэтгэгдлийг сонсмоор байна?

-Баярлалаа, би Хөдөлмөрийн баатар болно гэж бодож, зүүдэлж байсангүй. Өөрийгөө ч шагналд тодорхойлж байгаагүй. МЭХ намайг тодорхойлсон шиг байна лээ. Би Монголын төрд 50 орчим жил сумын эмчээс Эрүүл мэндийн яамны орлогч сайд, УИХ-ын гишүүн хүртэл алба хашиж зүтгэсэн. Миний ард түмний төлөөх зүтгэлийг төр засаг үнэлсэнд талархаж байгаа. Авах ёсгүй зүйл авлаа, эсвэл надад ташуур боллоо гэж хэлж чадахгүй нь.  Би хийх ёстой зүйлээ хийж, нам, засгаас өгсөн даалгаврыг биелүүлж, өгсөж, уруудан өнөөдрийг хүрсэн. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн анхны бие даасан дарга нь болж, таван жил ажилласан. Энэ хугацаанд олон улсын харилцаа, энэрэнгүй үйлсийн талаар олон зүйл сурах боломж олдсон. Энэ бол зүгээр нэг сайхан сэтгэлтэй хүний хийдэг ажил биш, туршлага, мэдлэг, сэтгэл хэрэгтэй. Тэгж байж хүн ардын төлөөх энэрэнгүй, хүнлэг сайхан үйлс бүтээдэг. Энэ нь төрийн хүнд маш чухал зүйл. Төрийн албан хаагчдыг үнэлэх үнэлэмж, дэмжлэг төрийн бодлогод байх учиртай. Төрд 40 жил зүтгэсэн болон дөрвөн жил хувийн байгууллагад ажилласан хүний нийгмийн баталгаа ямар ялгаатай байна вэ. Төрд олон жил ажилласан хүн үр хүүхдээ сургах, тэтгэвэрт амар тайван гарах боломж байна уу? Иймээс төрд удаан хугацаагаар үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг дэмжих бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, Япон Улс төрийн албан хаагчийн гэр бүлд төрж, өссөн хүн энэ албанд ажиллах нь төрийн тогтвортой, сайн ажилтан байх нэг шалгуур гэж үздэг юм билээ. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Манайд сонгуулийн дараа бүх хүнийг сольдог гэхэд хилсдэхгүй. Энэ бол буруу. Хөгжсөн орнуудад улс төрийн албан тушаалтан солигддог болохоос төрийн албан хаагч ямар нам, хүн ялахаас үл хамаарч ажлаа хийсээр байдаг. Манайхан өнөөдөр сонгуульд ажилласан хүнээ л албан тушаалд тавьж, өнөөх хүнд нь туршлага, сэтгэл, чадвар дутаж, төрийн залгамж халаа устаж байна. Монголын төр тогтвортой, мэргэшсэн байж хөгжлийн хийгээд ард түмэнд ээлтэй бодлого явуулах боломж бүрдэнэ.

-Хүүхэд ахуй цагийнхаа дурсамжийг хуваалцахгүй юу. Ямар хүүхэд байв?

-Миний хүүхэд нас аз жаргал дүүрэн өнгөрсөн. Би гурван хүүхэдтэй айлын отгон, ганц охин, эрх гэж жигтэйхэн. Ээж маань гэрийнхээ хамаг ажлыг хийж, аав маань улсын ажил гээд бараа нь үзэгддэггүй хүн байлаа. Авга ах маань арын албыг даадаг байв шүү. Дунд ах эрт бурхан болсон, том ах маань ОХУ-д инженер мэргэжил эзэмшсэн, олон жил гурил, тэжээлийн үйлдвэрүүдэд ажилласан, 80 нас гарсан хүн бий.

Миний аав цэргийн бага эмч. Баян айлын хүүг бичиг үсэг сургахаар дуудахад хонийг нь хариулдаг аавыг маань оронд нь явуулсан байдаг. Энэ буянаар аав маань бичиг үсэг тайлагдаж, багийнхныхаа цэрэгт явсан хүмүүсийн захиаг уншиж өгдөг болсон. Тэгээд хожим өөрөө цэрэгт явж, бичиг үсэг мэддэг тул бага эмчийн курсэд сурч, Халх голын дайнд оролцсон. Аав цэргээс халагдаж ирээд сумандаа бага эмчээр ажиллаж байгаад намайг нэгдүгээр ангид ордог жил аймгийн гүйцэтгэх захиргааны эрүүл мэндийн асуудал хариуцсан байцаагчаар дэвшиж, манайх Өмнөговь сумаас тэмээгээр хоёр хоног нүүж аймгийн төв орж байлаа.

Би аймгийн төвдөө арван жилээ төгсөж, Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн эмчээр сурсан. Сургуулиа төгстөл багш нар сургуульд багшаар үлдээх гэхэд “Би амьдрал мэддэг хүн” гээд Сэлэнгэ аймгийн Орхон сум руу хуваарилагдсан. Сайндаа биш л дээ. Би ээж, аав, авга ахаа тэжээхийн тулд  эмчийнхээ мэргэжлээр ажиллах нь зүйтэй гэж бодсон юм. Ингээд Орхон сумын их эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Сая хүү маань намайг дагуулж, би ажил, амьдралын гараагаа эхэлсэн сумандаа, эмнэлэгтээ очоод ирлээ. Дөнгөж сургуулиа төгсөөд очиж байсан охины дурсамжууд сэргэх нь 80 нас хүрсэн надад ч сонин байлаа.

БИ МОНГОЛЫН ТӨРИЙН БОДЛОГОД ЖЕНДЕР, ГЭР БҮЛИЙН АСУУДЛЫГ ОРУУЛАХ ГЭЖ АМЬДРАЛЫНХАА ОЛОН ЖИЛИЙГ ЗАРЦУУЛСАН

Тэрбээр үргэлжлүүлэн “Би бол азтай хүн. Эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л зүйлийг төр хариуцаж байсан үед төрж өсөн, үнэ төлбөргүй боловсрол эзэмшиж, өдий зэрэгтэй яваа. Ингэж ярихаар социализмыг магтсан хэрэгт орох байх. Гэхдээ үнэн л юм чинь яах вэ дээ. Хязгаар нутгийн малчин ээжийн охин энэ хэмжээний боловсрол эзэмших боломжийг тухайн үеийн төр засаг л олгосон. Одоо бол мөнгө л байхгүй бол хэчнээн мундаг толгойтой байгаад нэмэргүй болсон юм шүү дээ. Тиймээс би боловсролын системийг хэтэрхий мөнгөжиж байгаатай санал нийлдэггүй. Тэр тусмаа цөөхөн хүн амтай, аугаа их түүхтэй энэ ард түмэн залуу үеийг боловсруулж, үндэсний бахархах үзлийг төлөвшүүлж байж “амьд” үлдэнэ. Бүхэл бүтэн залуу үе гаднын соёл, хэлийг сүсэглэх юм бол энэ эх орон үлдэх үү. Бид бол хүн төрөлхтний өмнө нэр төртэй, бахархах зүйлтэй, туулсан түүхтэй ард түмний үр сад. Нөгөө талаас төрт улсыг анх байгуулж, хүн төрөлхтний өмнө гавьяа байгуулсан үндэстний хойч үе. Тиймээс үүнийг залуучуудад зөв ойлгуулах юмсан гэж боддог. Залуучууд гадаадад боловсрол эзэмшилгүй яах вэ. Гэхдээ гаднын соёлыг тахин шүтэж болохгүй. “Би монгол хүн” гэдэг мэдрэмж, бахархлыг бид өнөө үеийнхэнд ойлгуулахгүй бол монгол хэлээрээ ярьж чадахгүй бүхэл бүтэн үе төрөх нь. Энэ бол монгол орших уу, эс орших уу гэдэгтэй холбоотой асуудал. Хэлээ мэдэхгүй бол бид хэчнээн монгол гээд яах вэ. Тиймээс төр засаг, улс төрийн намууд, монголчуудын хүлээх хамгийн чухал үүрэг бол  “Би монгол хүн” гэх бахархлыг өнөө үеийнхэнд ойлгуулж, төрөлх хэлээ бүрэн сургахад анхаарал хандуулах явдал юм” хэмээсэн.

Түүний ярианд “Би бол азтай хүн. Эх орны минь заяа намайг түшиж, өдий зэрэгтэй яваа” гэх үг хэдэнтээ давтагдсан. Харин би түүнийг аз гэхээсээ илүү хичээл зүтгэл, хөдөлмөрч зан, зарчимч, шударга, өөртөө үнэнч байсны шагнал гэж бодож байна. Гэсэн ч түүний яриаг сөрж, бодлоо хэлж зүрхэлсэнгүй.

-Аав тань Халх голын дайнд оролцож байсан тухайгаа ярьж байв уу?

-Аав маань ажилдаа дарагдаад энэ тухай ярьж байсангүй. Би ч асууж байгаагүйдээ жаахан харамсдаг юм.

-Та МЭХ-ны ерөнхийлөгчөөр хэр удаан ажилласан бэ?

-Ардчилсан хувьсгал болж, өөрчлөлт гарахад би хоёр жил МЭХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан. Гэхдээ 1972 оноос хойш энэ байгууллагын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, амьдралаа холбож, жендер, гэр бүлийн асуудлыг Монголын төрийн бодлогод оруулах гэж амьдралынхаа олон жилийг зарцуулсан. Тиймээс намайг МЭХ-ны хүндэт ерөнхийлөгч болгосон гэж боддог. Дараа нь Монголын Улаан загалмай нийгэмлэгийг бие даалгаж, даргаар нь таван жил ажиллаж, түүний дараагаар ЭМЯ-ны Эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайдаар таван жил ажиллаж, УИХ-ын гишүүнээр ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Мөн НҮБ-ын Хүн амын санд долоон жил ажилласан нь дэлхийн 30 гаруй оронд очиж, олон улсын туршлагыг судалж, амьдралтай нь танилцах боломж олгосон гэлээ.

ИЖИЙ, ААВДАА СЭТГЭЛИЙН АМГАЛАНГ ЭДЛҮҮЛЭХ НЬ ҮР ХҮҮХДИЙН ХАМГИЙН ТОМ БУЯН

Өөрийгөө шагналд тодорхойлох, магтах нь түүний хувьд өөрийгөө үгүйсгэж байгаагаас ялгаагүй мэт. Тиймээс ч тэрбээр “Намайг магтаж болохгүй шүү. Би бол боловсон хүчнийг судалж, хөгжүүлж, зохих шатаар нь явуулж, туршлагажуулж, төрийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг байсан үеийн хүн” хэмээв. Түүний эмэгтэйчүүдийн төлөө зориулсан чин сэтгэл, хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг Монголын төр засаг хийгээд олон улсын байгууллагууд үнэлсэн байдаг.

Тэрбээр “Аав, ээжийнхээ хайр хишиг, буянд төрийн албыг энэ зэрэгтэй хашиж, нэр төр олж, нийгэмд үнэлэгдэх боломж олдсон. Тиймээс залуу үедээ эцэг эхийнхээ буян, чиний төлөө зориулсан сайхан сэтгэлийн хариуд сэтгэлийн амар амгаланг эдлүүлж байгаарай гэж захимаар байна. Сэтгэлийн амар амгалан гэдэг бол зөв явах, сайн хань ижил, үр хүүхэдтэй болох, ажилтай, мэргэжилтэй байх юм. Энэ бол эцэг эхийн аз жаргал, сэтгэлийн амгаланг эдэлж буй хэрэг. Мөн үр хүүхдийн хамгийн том буян. Тэрнээс байр, мөнгө чухал биш шүү дээ. Архи уугаад, гэр бүлээсээ салж, үр хүүхдээ өнчрүүлээд байвал эцэг эхийн сэтгэлд гуниг хурж, бүх зүйл нь хямарч байдаг” гэв. Тиймээс би түүнээс ийн асуусан юм.

-Та эцэг эхийнхээ ачийг хариулж чадсан уу?

-Чадсан гэж хэлэхээс санаа зовж байна. Ямар ч гэсэн ээж, аавтайгаа ойр байж энэ ертөнцөөс үдсэн. Үүнийгээ л эцэг, эхийнхээ ачийг хариулсан үйлс гэж бодож байна. Мөн би сэтгэлийг нь чилээж байсангүй. Эцэг эхэд сэтгэлийн их дэмжлэг, халамж, анхаарал хэрэгтэй байдаг гэдгийг залуу үе маань бодож явах хэрэгтэй.

Ингэж хэлэхдээ түүний хоолой бага зэрэг зангирч байв. Гэсэн хэдий ч олон жил олны өмнө амьдарч, үг хэлсэн болохоороо ч тэр үү, тэр бүхнийгээ “залгиж” орхилоо.

-Та Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд орсноор эмчийн ажлаа орхисон юм билээ. Эмчээрээ ажиллаж байсан бол гэж харамсах үе байсан уу?

-Харамсаж байгаагүй ээ. Тухайн үед хэн хаана ажиллабал үр дүнтэй вэ гэдгийг  төр, нам засгийн боловсон хүчний бодлогоор судалж, томилдог байлаа. Намайг гавьяат болоход багш маань “Миний хүүгийн явсан зам зөв байна. Багш болсон бол өдийд доктор, профессор цолтой байх байсан болов уу. Гэтэл одоо чамайг Монголын нийгэм тэр аяараа, мөн олон улсын байгууллага таньж байна. Энэ бол чиний сонгосон зам зөв байсныг харуулж байна” гэж хэлж байлаа. Тэгэхээр миний зам зөв байгаа биз.

-Та Үндсэн хууль батлалцсан АИХ-ын есөн эмэгтэй депатутын, мөн анхны УИХ-ын гурван эмэгтэй гишүүний нэг. Тэр үеийнхээ дурсамж, үйл явдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар тэмцэж байсан тэмцлүүдийнхээ талаар хуваалцахгүй юу?

-АИХ-ын 400 депатутын ес нь эмэгтэй байлаа. Чуулган дээр эмэгтэйчүүдийнхээ үг хэлэх боломжийг хангаж өгөхийн тулд “Есөн хүн үг хэлсний дараа заавал эмэгтэй хүнд үг хэлэх эрхийг нь өгье” гэж санал тавьсны дагуу болсон. Эрчүүд үүнийг эсэргүүцэж байгаагүй. Эмэгтэйчүүдийн бүлгийг би ахалж байсан. Тухайн үед жендер цоо шинэ сэдэв байлаа. Би олон улсын байгууллагын буянаар сургалтад хамрагдсан, тэр талаар багагүй туршлагатай байсан. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд миний хувь нэмэр тодорхой хэмжээгээр тусгалаа олсон гэж боддог. 

-Олон эрчүүдийн дунд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэр хэцүү байсан бэ?

-Монголчууд хаан, хатан ухааныг төрийн бөгөөд гэрийн хэрэгт хэрэглэж ирсэн уламжлалтай ард түмэн. Их хаан өөд болоход дараагийн хааныг томилтол хатад төр барьж байсан гурван тохиолдол бий. Эндээс нүүдэлчдийн соёлд хүйсийн ялгаа төдий л хүчтэй байгаагүйг харж болно. Гэрийн доторх шийдвэрийн 70-80 хувийг эмэгтэй хүн гаргадаг биз дээ. 

-Таны Монголын төрд зүтгэсэн 50 гаруй жилийн хугацаанд хамгийн хүнд, хэцүү үе хэзээ байсан бэ?

-Хүнд хэцүү цаг хугацаа надад тохиогоогүй. Ажлаа сайн хийж, боловсролоо дээшлүүлж, хүн ардтай зөв харьцаж явах ёстой л гэж бодож ажиллаж ирсэн. Олон улсын байгууллагад ажиллахад гадаад хэлний мэдлэг шаардлагатай. Иймээс их сургуулийн дэргэдэх курсэд сурснаар ойр зуур ярьдаг болсон. Гэхдээ би хэлний авьяастай хүн биш ээ.

-Таны байгуулсан, хийж бүтээсэн хамгийн том гавьяа юу вэ гэвэл хэрхэн хариулах бол?

-Гавьяа гэж өөрийгөө магтах хэрэг байна уу? Эх, хүүхдийн эрүүл мэнд хамгааллын асуудлыг төрийн бодлогын төвд оруулах гэж зүтгэсэн зүтгэл юм болов уу. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээ, сургалтын нэгдсэн төвийг тэр үеийн улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар оруулж байгуулж байлаа. Жендерийн хууль батлуулах гэж УИХ-ын 40-өөд гишүүнтэй биечлэн уулзаж, заримтай нь муудалцаж, заримтай нь найз болж, батлуулж байсан. Энэ хуулийг зөвхөн боловсруулахад долоон жил зарцуулсан.

АМЬДРАЛ ӨДӨР ТУТАМ ӨӨРЧЛӨГДӨЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ

-Та нэгэн ярилцлагадаа байнга тэмдэглэл хөтөлдөг гэсэн байсан. Тэмдэглэлдээ тухайн өдрийн үйл явдлаа бичдэг үү, аль эсвэл улс оронд чухал нөлөө үзүүлсэн шийдвэрүүдийг тэмдэглэдэг үү?

-Амьдралд тохиолдсон шинэ сэргэг, анхаарал татсан зүйлсээ тэмдэглэдэг юм. Дараа нь тэр бүхэн хэрэг болдог. Жишээ нь, өнөөдөр чамтай ярилцахад санаа авах асуултууд олон байна. Амьдрал өөрөө өдөр тутам өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг шүү дээ. Хүмүүс, хүмүүсийн харилцаа ч алхам тутам өөрчлөгдөж байдаг. Хагас сарын дараа чи бидний ярилцах сэдэв ч өөрчлөгдсөн байна. Үүнтэй зохицоно гэдэг амаргүй. Одоо ч тэгээд хөгшин хүнийг хоцрогдсон гэж “хаяг” зүүдэг болж дээ.

-Эмэгтэйчүүд амжилтад хүрэхэд үр хүүхдээ өсгөхөөс эхлээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших байдал эрчүүдээс өндөр байгаа хэдий ч гүйцэтгэх түвшинд илүү ажиллаж, шийдвэр гаргах түвшинд оролцоо муу байна. Энэ юутай холбоотой вэ?

-Нэг үеэ бодвол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа. Эмэгтэй хүн бол үр хүүхдээ тээх, өсгөх, хүмүүжүүлэх, гэрийнхээ арын албыг хариуцах гээд байгаль, нийгмийн олон үүрэг хүлээдэг. Энэ нь эмэгтэйчүүдийг нийгэм, улс төрд ороход тодорхой хэмжээгээр хязгаарладаг. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн энэ үүргийг хэрхэн хөнгөлөх, төрийн бодлогоор дэмжиж, туршлага, мэдлэгийг ашиглах нь хүн төрөлхтний том асуудал болсон. Эмэгтэйчүүд бол праграматик буюу болж байгаа нөхцөл, үйл явдлыг судалж, шийдвэр гаргадаг. Харин эрчүүд онол, сургаалд үндэслэсэн хүмүүс. Төрийн бодлогод аль алиных нь оролцоо хэрэгтэй. Шийдвэр амьдралд ойр байхад эмэгтэйчүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Жендерийн тэгш байдлыг хангах нь хүн төрөлхтний хөгжлийн нэг чухал асуудал болсон. Эмэгтэйчүүдийг бэлтгэх, туршлага, мэдлэг хуримтлуулах, хөгжүүлэх, бодлого боловсруулахад улс төрийн нам, жендерийн хасуудал хариуцсан байгууллага нь анхаарах хэрэгтэй. Тэгж байж төрийн бодлого жендерийн мэдрэмжтэй, гэр бүл, эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхэд, өндөр настнуудад ээлтэй болно.

-Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй болж, мөн анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдлоо. Таны хувьд эмэгтэй гишүүдээс хүлээх хүлээлт юу байна вэ?

-Монгол Улсын төрийн бодлогыг, эрх зүйн орчныг жендерийн мэдрэмжтэй болгоход энэ хүмүүс хувь нэмрээ оруулах учиртай. Үүний тулд энэ чиглэлийн боловсролоо дээшлүүлж, нийгмийн амьдралыг өшөө илүү нарийн мэдэх, судлах шаардлагатай. Тэр тусмаа гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдэд тохиолдож байгаа асуудлуудад шийдэл эрэлхийлэх хэрэгтэй. Нөхөр нь мөнгө олох гэж гадаад явснаар хэчнээн эмэгтэй өрх толгойлж, хэчнээн хүүхэд өнчирч байна вэ? Мөн хүүхдийн тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн 70 хувь нь мөнгөө төлөхгүй байгаа гэх мэдээлэл байна.  Үүнийг шийдэх ямар механизм байна вэ? Зарим оронд хүүхдийн мөнгө төлдөг ажилтнуудын удирдлага нь хүүхдийн данс руу мөнгийг шууд шилжүүлдэг жишиг бий. Гэр бүл, үр хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд яавал аз жаргалтай байх вэ гэдэгт эмэгтэй гишүүд ур ухаан, мэдлэг, чадвараа “зарж”, хамгийн боломжит, сайн хувилбар бүхий эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх учиртай. Эмэгтэй гишүүдийг олноор сонгохын учир холбогдол энд л оршино.

-Таны “Гал голомт” үндэсний хөдөлгөөнийг байгуулах болсон шалтгаан энэ үү. Тус хөдөлгөөн байгуулагдаад удсан. Ойрын үед ямар ажил хийж байна вэ?

-“Гал голомт” үндэсний хөдөлгөөнийг 20 гаруй эмэгтэй нэгдэж, санаачилж байгуулж байлаа. Одоо байгуулагдаад 30 орчим жил болж байна, 10 орчим аймагт салбартай байсан. Коронавирусийн нөхцөл байдлаас хамаарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, одоо зогсонги байдалд орсон. Бид гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан гэж боддог. Монгол гэр бүлийн ширээний номыг 2000 хувь хэвлүүлж, иргэдийн гарт хүргэсэн. Мөн хилийн цэргийн бүх ангид очиж, эрчүүдэд хичээл заасан. Энэ бүгдийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй хийж байлаа. Төр засаг, аймгийн удирдлагууд, төрийн тусгай байгууллагууд ч  гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах байх гэж найдаж байна. Одоо өндөр настай болсон миний санаачлах, хийх зүйл гэж юу байх вэ?

“АМЬДРАЛЫНХАА БҮХ ЗҮЙЛИЙГ УУДЛААД ЯАХ ВЭ”

Д.Мөнхөөгийн эх хүүхдийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр, Жендерийн хуулийг батлуулахад гар бие оролцсоныг монголчууд андахгүй. Гэхдээ түүний хувийн амьдралын талаар тэр бүр мэдэхгүй. Тиймээс дараагийн асуултаа үүн рүү чиглүүлэхэд тэрбээр Би хувийн амьдралаа ярих дургүй хүн шүү дээ. Амьдралынхаа бүх зүйлийг уудлаад яах вэ. 80 нас хүрчихсэн хүн хувийн амьдрал, гэр бүл яриад байх шаардлагагүй болов уу” хэмээлээ.

-Та хэр сайн гэрийн эзэгтэй байсан бэ?

-Төрийн ажил гээд гэрийн сайн эзэгтэй байж чадаагүй ээ. Гурван хүүхэд төрүүлсэн, ээж, аав маань л өсгөж өгсөн. Би чинь төрийн мундаг ажилтай амьтан, гэрийн бараа хардаггүй байлаа. Хуралтай, завгүй гээд хүүхдээ ч хөхүүлж амждаггүй хэнхэг намайг ээж маань орлож, хүүхдүүдийг маань угжаад хүлээгээд сууж байсан нь ч олон. Ээждээ бууз л хийж тусалдаг байлаа. Дараа нь хүүхдүүд маань томорч, өөрсдөө гэрийнхээ ажлыг хийх болсон. Би ач, зээ ч харж үзээгүй, ажил гэж явсаар өдий насаллаа.

Цаг хугацааг юунд зарцуулж байна гэдгээс бүх зүйл хамаарч байдаг. Зарим хүн эхнэрээ улс төрд оруулах дургүй байдаг нь үүнтэй холбоотой. Улс төрд орохоор гэр бүлдээ зарцуулах цаг багасаж, нийгэмд зарцуулах цаг нь нэмэгддэг. Тиймээс гэр бүлийн хүнээ төрийн ажил хашихад эрчүүд маань ч дэмжиж, бас ухаан зарах шаардлагатай. Туршлагатай, мэдлэгтэй, чадвартай, ард түмний дэмжлэг авч чадахаар бол ханиа дэмжиж, зөвхөн гэр бүлдээ бус, нутаг ус, улс орны хэмжээнд тэр хүний мэдлэг, хичээл зүтгэлийг дэмжиж байгаасай гэж хүсэх байна.

-Таныг гэр бүлийн хүн тань хэр дэмжиж байв?

-Би бол бүх хүний дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа.

-Хүүхдүүд нь таны үйл хэргийг үргэлжлүүлж байна уу?

-Улс төрд орсон хүүхдүүд бий. Би нэлээн хэдэн хүүхдийн хойт ээж шүү дээ. Гэхдээ би энэ тухай ярих төдий л сонирхолгүй.

-Эмэгтэй хүний гоо сайхан юундаа байдаг вэ. Хүмүүс харагдах байдлыг гоо сайхантай андуурдаг юм шиг санагддаг?

-Би энэ талаар их тааруухан мэдлэгтэй хүн. Хөмсөгөө зурж, уруулаа будна, тэгээд л бол оо. Ер нь байгаа нь л энэ. Хэтэрхий их зүйл хэрэглэх, нүүр царайгаараа оролдох сайн зүйл биш гэж би боддог. Гэхдээ хүмүүсийн гоо сайхны талаарх ойлголтыг буруушаах аргагүй.

-Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Хүүхдийн сайн эх, хүний сайн хань, сайн бэр байгаасай л гэж хүсдэг. Үр хүүхдээ сайн өсгөж, ханиа аз жаргалтай байлгаж, халамжилж, аав, ээжээ сэтгэлийн их амар амгалан байлгана гэдэг чинь их чухал шүү дээ. Монгол амьдралын суурь асуудал, аз жаргалын эрхэм дээд зүйл чинь энэ шүү дээ. Гэхдээ өөрийгөө золиосло гэж байгаа юм биш шүү.

-Таны өнөөдрийг бүтээсэн, өдий зэрэгт хүргэсэн нэг хүнийг нэрлээч гэвэл хэнийг хэлэх вэ?

-Ээж, аав, хань ижил, үр хүүхэд, багш нар, надтай хамт ажиллаж байсан үе үеийн хамт олон, найз нөхдийн буянд би энэ зэрэгтэй яваа. Тэрнээс нэг хүнийг онцолж хэлж чадахгүй. Миний ажиллаж, амьдарсан бүхий л орчин намайг энэ зэрэгтэй явах боломжийг олгосон.

-Ярилцлагын төгсгөлд та монголчуудад хандаж юу хэлэх вэ?

-Баян байх чухал байж болно, гэхдээ монгол хүн байж, үр удмаа монгол хүн байлгах нь түүхийн өмнө та бидний хүлээх хариуцлага шүү гэдгийг дахин хэлмээр байна. Аз жаргал гэдгийг зөвхөн өнөөдрийн эзэмшиж байгаа баялгаар биш, түүхэн үндэстний дараа үеийг хэрхэн бэлтгэж, цаашид өртөөлж явав гэдгээр хэмжих учиртай. Тэгж байж улс үндэстэн оршино, тэр тусмаа монголчууд цөөхөн шүү дээ.

-Таны одоо зорьж, хүсэж, хүлээж байгаа зүйл юу вэ?

-80 настай хүн одоо юу зорих вэ. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол Монголын залуу үе эх орныхоо тухай мэдэхгүй болж, гэр бүлийн бат бэх байдал алдагдаж, эх орон, аугаа түүхээрээ бахархах үзэл тасрах вий гэх болгоомжлол гэлээ.

Харин түүний бахархал бол Монгол эх орон, монголчуудын түүх, өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж байсан ажил, хашиж байсан албан тушаал, монгол гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө бүтээсэн үйл хэрэг, гаргасан үр дүн нь юм.


Д.МӨНХӨӨ: ЦАГ ХУГАЦААГ ЮУНД ЗАРЦУУЛАХААС БҮХ ЗҮЙЛ ХАМААРДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-30 08:43:17
    Жендэр гэж бич: ЖЕНДЭР гэж зөв бичнэ үү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-20 15:12:38
    Зочин зочин: Үнэхээр сайхан хүн шүү. Худлаа яриад өөрийгээ рекламдаад байдаггүй, боловсрол мэдлэг смйн, ухаантай хүн. Яасан ч сайхан өнөр өтгөн хүүхдүүдтэй хүн бэ дээ. Танд, танай гэр брлд аж жаргал, эрүүл энхийг хүсье. Танд эрүүл байж, урт наслахын сайхан ерөөл өргөн барьяа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-20 15:12:36
    Зочин зочин: Үнэхээр сайхан хүн шүү. Худлаа яриад өөрийгээ рекламдаад байдаггүй, боловсрол мэдлэг смйн, ухаантай хүн. Яасан ч сайхан өнөр өтгөн хүүхдүүдтэй хүн бэ дээ. Танд, танай гэр брлд аж жаргал, эрүүл энхийг хүсье. Танд эрүүл байж, урт наслахын сайхан ерөөл өргөн барьяа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-19 18:09:05
    Зочин : Монголын улс төрд Цэдэнбал -Филатова шиг Монголын хөгжилд гавъяа байгуулсан эмэгтэй урьд нь ч байгаагүй , одоо ч байхгүй. Монгол эмэгтэйчүүд улс төрд орохоороо хувийн эрх ашгаа 1-рт тавьдаг шуналтангууд байдаг учраас итгэл хүлээлгэх найдваргүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-19 15:03:44
    SS: Жендэр гэж бичээрэй сэтгүүлчээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-19 14:13:58
    Эмэгтэй: Эмэгтэй улс төрчдийн манлай хүн шүү дээ. Эмэгтэйчүүд, хүүхэд, жендэрийн бодлогод том хувь нэмэр оруулсан. Танаар байнга бахархаж, үлгэр дууриал авч явдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-19 14:13:36
    Эмэгтэй: Эмэгтэй улс төрчдийн манлай хүн шүү дээ. Эмэгтэйчүүд, хүүхэд, жендэрийн бодлогод том хувь нэмэр оруулсан. Танаар байнга бахархаж, үлгэр дууриал авч явдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-19 13:31:26
    Зочин: Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Хүүхдийн сайн эх, хүний сайн хань, сайн бэр байгаасай л гэж хүсдэг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-19 09:29:54
    zochin: өнтэй зун гэж ярьдаггүй санагдаж байна,
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188