-Үнэртэн цуглуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Анх үнэртэй ус энгийн, өдөр тутмын хэрэглээ байлаа. 2013 оноос сүрчиг гэдэг урлагийн бүтээл гэдгийг ойлгож, цуглуулж эхэлсэн. Брэнд, он, үнэрээр нь болон тухайн сүрчигтэй холбоотой түүх, мэдээллээр нь сонгон авч цуглуулах болсон.
-Цуглуулгынх нь хамгийн анхны үнэртэй ус ямар түүхтэй вэ?
-Анх нэг цуврал болгож цуглуулсан нь “Dior” брэндийн үнэртнүүд. Бүгдийг нь нэг дор аваагүй ч нэг нэгээр нь цуглуулаад л байсан. Тэр дундаас тус брэндийн хуучны ховор үнэртнийг Франц Улсад аялж байхдаа санаандгүй олж авсан нь их сайхан үйл явдал болсон. Тэр ховор, тансаг сүрчгийг цуглуулгадаа багтаасандаа их баяртай байдаг.
-Үнэртэн бүр нь нандин таны хувьд эрхэм байх. Гэхдээ одоо онцолж ярих дурсамжтай сүрчиг бий юү?
-1990 оны дундуур Их дэлгүүрийн хажуу талд “Yves Rocher” дэлгүүрт албан ёсны Францын үнэртнүүд худалдаалагдаж эхлэхэд “Cap nature vanilla” нэртэй цуврал үнэртэн авч байлаа. Оюутан байсан учраас мөнгөний боломж бага. Гэхдээ бага багаар нь цуглуулаад дуртай үнэртэнгээ авах их дуртай байж. Сүрчиг нь дууссан ч үнэр нь савнаасаа арилдаггүй юм. Ярихад хүртэл үнэр нь үнэртэх шиг болж байна.
“Dior” брэндийн “Oud Ispahan” гэх сүрчиг бий. Цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, сарнай, агар модны үнэртэй сүрчиг. Анх АНУ-д амьдардаг найз маань “Ийм үнэртэй ус байна” гээд жижиг тестийн саванд хийгээд илгээмжээр явуулж байсан юм. Үнэрлээд л шууд дурласан. Тухайн үед Монголд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн сүрчиг худалддаггүй байлаа. Жижигхэн савтай тансаг сүрчгээ байнга цацдаг боллоо. Тэгж явсаар яг нэг цацахыг үлдээгээд өмднийхөө халаасанд хийчихсэн байсан юм. Дараа нь мартаад өнөөх өмдөө угаалгын машинд хийгээд угаачихсан. Гэтэл угаагдчихсан хэрнээ л үнэртсэн хэвээрээ байсан. Тиймээс худалдаж авахыг бүр их хүсэж, боломжоороо хайж эхэлсэн. Тэгээд жилийн дараа найзаасаа илгээмжээр авч билээ.
-Цуглуулгад нь байгаа хамгийн үнэтэй сүрчиг нь?
-Тоологдох мөнгө бус, үнэ цэн нь миний хувьд их чухал. Үнэт тосоор хийсэн сүрчгүүд ер нь үнэтэй байдаг. Энэ төрлийн үнэртэн зөвхөн өтгөрүүлсэн үнэт тосоор хийдэг, спирт, ус ордоггүй гэсэн үг. Мөн сав, баглаа, боодол нь илүү чамин байх тусмаа үнэ нь нэмэгддэг. Миний цуглуулгад хэд хэдэн үнэт тосон сүрчиг бий. Үнэртэй ус бол хамраар таашаах урлагийн бүтээл. Үнэр зарим тохиолдолд дурсамж хадгалж үлддэг. Би тухайн өдрийн сэтгэл зүй, очих гэж байгаа газар, улирлаас шалтгаалаад үнэртэнгээ сонгож хэрэглэдэг. Миний хувьд ваниль орсон сүрчгээс хэзээ ч татгалзахгүй ээ.
-Үнэртэй ус түрхэх талаар их судалдаг байх. Үнэртэй усны зөв хэрэглээний талаар ярихгүй юу?
-Үнэртэй ус урлагийн бүтээлээс гадна хэрэглээ. Гэхдээ эвгүй үнэр дарах зориулалттай биш. Чийгтэй, цэвэрхэн арьсан дээр түрхэх тусам тухайн үнэртний үнэр хүний бие дээр илүү удаан тогтдог. Мастерууд сүрчиг бүтээхдээ ямар хугацаагаар ямар үнэр нь хэзээ, хаана үнэртэх вэ гэж бүтээдэг. Хувь хүний онцлог, түрхсэн хугацаанаас шалтгаалаад нэг сүрчиг гурван өөр үнэртдэг. Сэтгэл хөдлөлөө үнэртэй усаар нууж бас илэрхийлж болдог.
-Үнэртэй уснаас өөр цуглуулдаг зүйл бий юү?
-Би их сониуч хүн л дээ. Үнэртэй уснаас гадна өөр цуглуулдаг зүйл олон бий. Хэдий одоо шууд утсаар ярьж, харилцах боломжтой ч би захидлаар харилцаж, захиа бичих их дуртай. Дэлхийн олон улсын захидал бичих дуртай хүмүүсийн цахим хуудас гэж байдаг юм. Тэндээс нэгэнтэйгээ холбоо тогтоож, захиагаар харилцдаг найзууд бий. Ирсэн захиа бүрээ хадгалдаг.
-Үнэртэй усны талаар хүмүүсийн дунд байдаг түгээмэл буруу ойлголт нь юу вэ?
-Хүмүүсийн дунд 1-3 хоног үнэрээ барьж байвал сайн үнэртэй ус гэсэн ойлголт байдаг. Арьсан дээрээ түрхсэн сүрчиг тийм урт хугацаанд үнэрээ барьдаггүй. Зарим тохиолдолд үнэртний болон хувь хүний бие, хувцасны онцлогоос шалтгаалж үнэр нь удаан тогтох тохиолдол бий. Гэхдээ үүгээр сүрчгийн чанарыг тодорхойлох нь өрөөсгөл ойлголт юм. Мөн үнэртэн бүр сайхан үнэртэй байдаггүй. Загасны зах, хог хаягдлын үнэртэй сүрчиг хүртэл бий.
-Сүрчигтэй холбоотой нандин дурсамжаасаа хуваалцвал?
-Цэцэрлэгтээ явахаасаа өмнө ээжийнхээ үнэртэй уснаас жижиг амны алчууртаа цацаад аваад явдаг байсан. Ээж “Миний үнэртэй уснаас хэн цацсан бэ” гэхээр нь “Мэдэхгүй ээ” гээд инээгээд гардаг байлаа. Цэцэрлэг дээрээ ээжийгээ, гэрээ санахаараа гаргаж ирээд үнэрлэнэ. Их гэгээн дурсамжтай үлджээ. Жижигхэн шилтэй шидэт шингэн юм даа.
-Үнэртэй ус сонирхогчдод өгөх зөвлөгөө бий юү?
-Цуглуулах гэж байгаа бол брэндийн ус авах гээд хэрэггүй. Мөн үнэтэйг нь бус өөрт таалагдсан үнэртэйг нь цуглуулаарай. Мөн албан ёсны дэлгүүрээс нь авахыг зөвлөдөг. Учир нь, эрүүл мэндийн шаардлага хангаагүй үнэртнээс харшилж, эрүүл мэндээ хохироох эрсдэлтэй шүү дээ. Худалдан авалт хийхдээ цацаад үнэрлэсэн даруй битгий аваарай. Түр хүлээгээд дахин үнэрлээд арьсан дээр нь хамгийн сайхан үнэртэж, сэтгэлийг чинь сэргээсэн сүрчгийг сонгоорой.
Түүний хувьд сүрчиг жижигхэн савтай ид шид. Дуртай үнэртэй ус нь түүний сэтгэлийг сэргээж, дурсамжийг нь хадгалдаг ажээ.
М.ЭНХБАЯР: СҮРЧИГ БОЛ САВТАЙ ИД ШИД |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |