• Өнөөдөр 2024-05-04

ЖҮЖИГЧИН Т.ЭНЭРЭЛ: БИ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖИЛТЭЙ, ЭМЗЭГ, ШАРТАЙ, ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ

2023-04-03,   2032

      Тэр 16 настай хараагүй охин Деягийн дотор орж, тэр л охины амьдралаар амьдраад сар шахмын хугацаа өнгөрчээ. “Дея гэж хэн бэ” гэж уншигч та асуувал Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романыг уншаагүй байна гэсэн үг. Харин түүнтэй зохиолоос нь хэдийнэ танилцсан хүний хувьд найруулагч Б.Даваасүрэн энэ зохиолыг хэрхэн найруулж, МУСТА, жүжигчин Т.Энэрэл дүрээ хэрхэн гаргасан бол гэж PRO театрыг зорьж очсон болов уу. Тэрбээр энэхүү бүтээлийнхээ талаар Инээмтгий хүн” жүжгээр олон шинэ сонин зүйлтэй танилцуулсан, уран бүтээлчийн хувьд нэгэн сайхан аялал болж байнагэж байв. Тэгвэл бид энэхүү аялал нь хэр адал  явдалтай, үр дүнтэй болсон талаар нь түүнтэй уулзаж, ярилцлаа.

       Тэрбээр өмнө нь “Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар”, “Амьдрал чиний төлөө”, “Сүрэг" зэрэг кино олон тайзны бүтээлд дүр бүтээсэн авьяаслаг жүжигчин билээ.

-“ИНЭЭМТГИЙ ХҮН” ГУРВАН БОТЬ РОМАНЫГ ЖҮЖГИЙН ЗОХИОЛ БОЛГОХ ХУВЬ НАДАД ТОХИОСОН-

     -Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжиг PRО театрт тавигдаад, уран бүтээлчийн хувьд нэгэн дүрийн аялал тань өндөрлөх гэж байна. Хэр үр дүнтэй, адал явдалтай аялал байсан бэ?

             -Тийм ээ, жүжиг минь өчигдөр дуусах байсан ч үзэгчдийн хүсэлтээр нэмэлт хэдэн тоглолт тавихаар болсон. Шинэ хамт олонтой, бүх зүйл нь шинэ, содон байлаа. Залуучууд оролцсон болохоор тэднээс сурах зүйл ихтэй, дурсамж дүүрэн, адал явдалтай, сайхан аялал болж байна. Визуал буюу дүрсний шинэ төрлөөр ажиллах сонирхолтой санагдлаа. PRO театрын уран бүтээлчид бүгд Санкпетербург төгссөн, ОХУ-д 6-8 жил ажилласан учир монгол зохиол дээр ажиллахад зарим асуудал тулгарч байсан. Тийм болохоор нэг тийм учрал тохиолоор “Инээмтгий хүн” гурван боть романыг миний бие жүжгийн зохиол болгосон. Нэг шинэ зүйл хийж үзсэндээ баяртай байгаа.

-Сарын хугацаанд Деягийн дүрд орлоо. Дүрээрээ амьдрах, тухайн дүрээсээ гарч чадахгүй байх тохиолдол бий юү?

           -жүжгийн дүрд ажиллана гэдэг тухайн дүрээ мэдрэх, амьдрах нь жүжигчинд тавигдах гол шаардлага. Гэхдээ уран бүтээлч бүр өөр арга барилтай. Дотроосоо гадагш ажилладаг хүн байхад гадна үйл хөдлөлөөр дотогш нэвтэрдэг хүн байна. СУИС-аас эзэмшсэн миний суурь бол дотроосоо ажиллах. Энэ ч утгаар энэхүү жүжигт дотроосоо ажиллахыг хичээсэн. Дея надаас бага насны буюу 15, 16 настай хараагүй охины дүр.Тэгэхээр чадан ядан ажиллаа.

-Таны тайз, дэлгэцийн уран бүтээл ихэнхдээ эерэг, гэгээлэг дүр байдаг. Эсрэг дүрд тоглох бодол байдаг болов уу?

             -Нэг удаа эсрэг дүрд сонгогдсон ч эерэг юм шиг харагдаж байсан. Энэ бол миний сонголт биш л дээ. Тухайн найруулагч намайг хэрхэн харж байна, тухайн хүнд байх царай, биеийн өгөгдлөөс хамаарах зүйл. Гэхдээ би эсрэг дүрд тоглолттой туслах дүрд тоглох дуртай. Жүжиг, киноны гол дүр үндсэн шугамаа хараад, жүжигчнийхээ хувьд тоглолт гаргахад бага, хурц биш байдаг. Харин уран чадварын хувьд туслах дүр илүү характер гаргах боломжтой.

-Та Төв аймгийн Монгол туургатан театрт арав гаруй жил ажиллаад саяхан ажлаа өгсөн. Магад та хотод байсан бол илүү олон уран бүтээлд ажиллах боломж байсан байх. Гэтэл орон нутгийн театрт чимээгүйхэн ажиллах болсныг анзаарахад амбиц бага уран бүтээлч юм болов уу гэж таамагласан?

                     -Би аливаа уран бүтээлд олны танил болох гэж тоглодоггүй. Би мэргэжлээрээ ажиллаж байхдаа агуу тансаг таашаал мэдэрдэг. Тиймээс амбиц, карьер, эго анхнаасаа хөөгөөгүй. Хүнд хамт олон, эцэг, эх, гэр бүл хамгаас чухал. Анх Төв аймгийн Монгол туургатан театрт орох шийдвэрийг ангийнхантай хамт гаргаж байсан. Тэгээд арав гаруй жил тухтай, сэтгэлийн амар амгалан байдалд уран бүтээлээ туурвисан.Театрынхаа уран бүтээлийн хажуугаар дэлгэцийн бүтээлүүдэд орсон. Урлагийн хүн гээд л байнга олны өмнө ил байгаад байх онцгүй санагддаг. Сайн жүжигчин байх нь чухал уу, сайн хүн байх нь чухал уу гэдэг хариултыг л олохын төлөө явсаар ирсэн. Энэ ч утгаар тухтай газраа 12 жилийг жаргалтайгаар өнгөрүүлсэн. Одоо харин уран бүтээлчийн хувьд сонголт хийх үе ирж байна. Тэгээд нэвтрүүлэг хөтөлж, модель болж, юм, юм л эрэлхийлж байна.

-Таны хөтөлсөн “Хөргөгчний тулаан” нэвтрүүлгээс өөр нэг Энэрэлийг олж харсан шүү. Хөтлөгчөөр ажиллах ямар санагдсан бэ?

        -Харахад боломжийн юм шиг мөртлөө хэцүү. Ер нь би хөтлөлт хийхээс их эмээдэг байсан. Энэ удаад харин өөрийгөө сорьж үзэхээр шийдэж нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж, айдастайгаа тулсан. 

-Та нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү?

        -Нээлттэй, их яриа, хүнтэй амархан учраа олдог. Хүн бүртэй нэг түвшинд харилцахыг хичээдэг. Гэхдээ уран бүтээлчийнхээ хувьд хүмүүст муу үлгэр дуурайлал болчихгүй юм сан гэж хичээдэг.

-"Хайр эргэсэн хавар” кинонд та сэргэлэн цовоо, галзуу эмэгтэйн дүрд тоглодог. Энэ дүр тань тантай зан чанарын хувьд төстэй болов уу гэж үзэгчийн хувьд анзаарсан юм?

     -"Хайр эргэсэн хавар" киноны Анка бол нэлээд хамаагүй ярьдаг эмэгтэй. Би арай ч тийм хамаагүй ярьдаг хүн биш л дээ. Гэхдээ хөгжилтэй зангаараа ижил байх. Би өөрийгөө хөгжилтэй мөртлөө эмзэг, шартай, хүчтэй эмэгтэй гэж боддог.

-Гэр бүлийнхээ хүнтэй "Инээмтгий хүн" жүжигт оролцож байгаа. Хамт нэг уран бүтээлд орсон анхны тохиолдол уу?

                  -Гэр бүлийн хүний маань хувьд PRO театрын хамт олонтой нэг анги. Ангийнхантайгаа ажиллаж байгааг нь харах гоё байна. Тэгээд учрал тохиолоор тус театрын найруулагч Б.Даваасүрэн надад санал тавьсан. Нөхөр минь “Би ороод чамтай хамт ажиллана гэхээр чамд ямар сэтгэгдэл төрж байна. Би чамайг санал болгоогүй. Найруулагч өөрөө чамайг тоглуулна гэж хүсэж байвал жүжигчний хувьд дүрээ судлаад, тоглох эсэхээ өөрөө шийдээрэй” гэсэн. Өөрөө болохоор “Инээмтгий хүн” жүжигт Баркельфедрогийн дүрд тоглохын зэрэгцээ ерөнхий продюсераар ажиллаж байгаа.

 -Ингээд хамт ажиллаж байхдаа нөхрийгөө ямар уран бүтээлч гэж ажиглаж, харсан бол. Өмнө нь магад уран бүтээлчийнх нь хувьд ойроос харж байгаагүй болов уу?

            -Манай нөхрийн хувьд УДЭТ-т олон жил туслах найруулагчаар ажилласан болохоор юм бүхэнд туршлагатай, олон ч зүйлийг сурсан юм байна гэдгийг энэ жүжигт хамт орсноор мэдэж авлаа. Мөн их суурьтай, буурьтай юм байна. Жүжигчний тал дээр ч мөн анх удаа л ингэж ойроос харлаа. Тэгэхээр нөхрөөрөө их бахархаж, уран бүтээлчийнх нь хувьд их үнэлсэн.

-Хоёулаа уран бүтээлч, тэгээд хамт нэг уран бүтээлд ажиллахаар гэр бүлдээ зарцуулах цаг бүр ч багасдаг байх. Ар гэрийнхээ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

    -Өмнө нь ингэж хоёулаа нэг уран бүтээлд ижил цагийн хуваарийн дагуу орж байгаагүй юм билээ. Өмнө нь нөхөр ачаалалтай үед би хүүхдүүдээ хараад, гэрийнхээ зүйлсийг амжуулчихдаг бол намайг ачаалалттай үед нөхөр хүүхдүүдээ хараад, гэр орныхоо ажлыг зохицуулдаг байсан. Энэ жил манай гэр бүлийн хувьд том хүү минь нэгдүгээр ангид орсон онцгой жил болж байгаа. Ер нь нэг тийм муу аав, ээж юм шиг мэдрэмж төрж байна. Гэхдээ аав, ээж нар гэж хамгийн том ар тал байна. Хүн эцэг, эхтэйгээ байх хамгийн сайхан тансаглал гэдгийг л мэдэрч байна. Нэгэнт хоёул нэг уран бүтээлд орсон болохоор ард нь гарахаас өөр аргагүй. Хааяа хүүхдэдээ цаг гаргаж чадахгүй болохоор жаахан гунигтай байдаг.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна вэ?

         -Би өөрийгөө их азтай гэж боддог. Учир нь, нэг тийм орох ёстой уран бүтээлдээ л ордог санагддаг. Одоо бол айхтар уран бүтээлд шаргуу орно гэхээс илүү ээжийнхээ үүргийг гүйцэтгэх ажилд түлхүү анхаарал тавихыг бодож байна. Уран бүтээлийн хувьд оноогдсон уран бүтээлдээ ажиллаад явна даа.

-ӨВӨӨ МИНЬ ДОТРООСОО ЖҮЖИГЛЭДЭГ, ӨӨРТӨӨ ТУН ИТГЭЛТЭЙ, АССАН ТОГЛОЛТТОЙ ХҮН БАЙСАН ЮМ БИЛЭЭ-

 -Одоо хоёул таны өвөө болох ард түмний хайртай жүжигчин Б.Дашдаваа гуайн талаар яриа өрнүүлье. Та өвөөгийнхөө тухай хэвлэлд ярьж байсан ч ямар хүн байсан тухай нь төдийлөн дэлгэрэнгүй яриа дэлгээгүй юм билээ. Өвөөгийнхөө ямар зан чанартай хүн байсан талаар нь сонсож байв уу ?   

               -Өвөөгийнхөө талаар нарийн сайн мэддэггүй. Аав өвөөгийн хамгийн бага хүү нь. Өвөөг 1965 онд зохиолыг нь бичээд, найруулаад, гол дүрд нь тоглосон “Сахиуст цэрэг” гэх жүжгээ хийж байх үед аав төрж, гол дүрийнхээ нэрийг хүүдээ өгсөн юм билээ. Аав минь аавыгаа таньж, мэдэж амжаагүй багадаа алдсан. Тэгэхээр бидэнд өвөөгийн талаар дурсамж, мэдээлэл бага. Хүний ярианаас л сонсоно. Өвөө минь их сайхан дуулдаг, гадаад төрхдөө их анхаардаг хүн байсан юм билээ. Уг гарвалаараа бол Төв аймагт олон хүүхэдтэй айлд төрсөн гэдэг. Гэхдээ хүүхэдгүй айлд өргөгдсөн байдаг. Өөрөө ч олон хүүхэдтэй. Хүүхдүүдээрээ их бахархдаг байсан гэсэн. “Та нар бод доо, энэ талд миний хоёр охин, нөгөө талд миний хөвгүүд зогсож байна гээд бод доо” гээд л ярьдаг байсан гэсэн. Аавыг төрөхөд цаасан дээр “Миний хүү Түмэн төрлөө” гээд бичсэн гэхээр би өвөөгөө их романтик хүн байж дээ гэж боддог. Харин уран бүтээлчийн хувьд өвөөгийн талаар үлгэр домог шиг л сайхан юм оныг сонссон. Огт бэлдээгүй юм шиг мөртлөө тайзан дээр гарахаараа яаж бодож олов, "Бэлдсэн юм байх даа" гэмээр хүний анхаарлыг өөр дээрээ татдаг, дотроосоо жүжиглэдэг, өөртөө тун итгэлтэй, ассан тоглолттой хүн байсан гэдэг.  Тэгээд би өвөөгөө  30 гаруйхан настайдаа өөд болсон ч гэсэн Монголын урлагт хийсэн, бүтээсэн зүйлтэй, Хийх ёстойгоо хийсэн болохоор тийм эрт явсан юм болов уу гэж хааяа боддог.

-“Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөө ч юм уу тоглосон уран бүтээлээс нь харахаар аавтай адилхан байна шүү, эсвэл миний ийм нэг Езан чанартай адил юм гэсэн зүйл буудаг болов уу?

               -Ер нь бол дүрээс нь хараад мэдэх боломжгүй байдаг л даа. Учир нь уран бүтээлч тухайн дүрдээ орсон байгаа учраас. Харин алхаа нь аавын ахтай их төстэй. Гадаад төрхөөс нь анзаарахад явж байгаа нь авга ахтай минь ижилхэн санагддаг.

       -Уран бүтээлч хүнд сурч, хөдөлмөрлөж тухайн дүрийг гаргах, авьяасаараа гаргах гэж хоёр зүйл байдаг шиг байгаа юм. Та тайзан дээр жүжиглэж байхдаа ч юм уу зарим тохиолдолд хурдан сэтгэх, тухайн нөхцөлийг авч гарахаараа надад тийм нэг удмын өгөгдөл, авьяас байна гэсэн мэдрэмж төрж байсан болов уу?

          -Сурахын хувьд би их шартай байсан учир сайн сурсан. Удмын хувьд өгөгдөл мэдээж бий. Үүнийгээ би сургуулиа төгссөнийхөө дараа илүү мэдэрч байсан. Учир нь бүх зүйл шинэ сонин, одооныхоосоо залуу ч байсан. Олон жил болоод ирэхээр харин туршлага гэх зүйл гарч ирдэг юм байна. Тэгэхээр туршлагадаа дулдуйдаад, анхны тэр нандин зүйл цөөрдөг юм шиг санагддаг. Түүний сацуу сайн байх ёстой гэсэн бодол төрүүлдэг зүйл бол өвөө минь. Тэгэхээр гайхалтай уран бүтээлч өвөөгийнхөө нэрийг муу хэлүүлэхгүйгээр авч явах хариуцлагын надад бий. Өвөө Төв аймгийн театрт ажиллаж байсан гэдэг. Тэгэхээр би Төв аймгийн театрт ажиллаж байхдаа “Өвөө энэ шалан дээр гишгэж, энэ хонгилоор алхаж явсан байх даа” гэж бодоход дотно санагддаг. Тайзны ард тоглолт эхлэхээс өмнө өөрийгөө бэлдээд сууж байхад ч хажууд байгаа юм шиг гоё мэдрэмж төрдөг байсан.

-Өвөөгийнхөө “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Түмний нэг”, “Салхины амт” кинонд хэрхэн тоглох болсон тухай сонсож байв уу, та?

    -Тийм нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй юм байна. Харин өвөөгийнхөө тэр бүтээлүүдийг үзэх дуртай. Багад “Өвөө нь гарч байна” гэж аав, ээжийг хэлэхээр нь их дуртай үздэг байлаа.

-Бидэнд өөрийн уран бүтээл болон өвөөгийнхөө талаар яриа дэлгэсэнд баярлалаа.

-Баярлалаа.


ЖҮЖИГЧИН Т.ЭНЭРЭЛ: БИ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖИЛТЭЙ, ЭМЗЭГ, ШАРТАЙ, ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-03 17:02:37
    зочин : өвөөтэйгээ их төстэй царайлаг .
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188