• Өнөөдөр 2024-04-26

ШИВЭЭГОВЬ СУМЫН ГАЗАР “ЭЙКҮСОРА” ХХК-ИЙН МЭДЭЛД ОРЖ, СУМААРАА ХӨӨГДӨХӨД ХҮРЧЭЭ

2023-11-30,   2263

      Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сум 85.4 мянга гаруй ам метр газар нутагтай. Түүнээс 30 мянга гаруй га газарт Хонконгийн хөрөнгө оруулалттай  “Эйкүсора” ХХК 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтын А лиценз авсан байдаг. Ингэснээр Сүмбэр сумын зарим нутаг, Шивээговь сумын төв бүхэлдээ уул уурхайн ашиглалтын лицензийн талбайд орж, сумын иргэд нь жорлонгийн нүх ч нэмж ухаж чадахгүй, шинээр нэг шон ч хатгах эрхгүй сууцгааж байгааг төрийн өндөрлөгүүд мэдэж байгаа болов уу. Бүр цаашлаад Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  газар ч уул уурхайн лицензийн талбайд орчихсон, гаднынханд хэзээ мөдгүй хөөгдөхөд бэлэн айж, мэгдэн сууцгааж байна. Ашиглалтын лицензтэй компанийнхан том, том техникээ асаагаад нэг л  өдөр ухаад эхлэх  нь тодорхой болсонд иргэд гомдолтой, айдастай байгаа ч “Арай  хашаа, байшинг минь хэмх дайраад газрыг минь ухахгүй байлгүй дээ” хэмээн өөрсдийгөө тайвшруулаад сууцгааж байна.

     Уул уурхайн компаниуд малчин айлын өвөлжөө, намаржаа, бүр сумынх нь шүтээн уулыг ухдаг. Орхон голоос эхлээд Туул голыг хүртэл ухаж, сэндийчиж ой модны сан бүхий газрыг сүйтгэж орвонгоор нь эргүүлдэг болоод олон жилийн нүүр үзэж байна. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвийг тулгаад  30-40 метрийн гүн карьер ухчихсан байдаг. Нутгийн иргэд ч нөгөө ухсан  нүх рүү унаж, амиа алдчих гээд хэцүүхэн  байдалтай байгаа. Гэтэл даварсаар Давгын орон дээр гэдэг шиг сумын төвийг бүхэлд нь хамруулаад уул уурхайн ашиглалтын зөвшөөрөл өгчихдөг болжээ. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрынхан дарга, цэрэггүй зөвшөөрөл өгчихсөн. Бүр уулын ажлын төлөвлөгөөг нь батлаад  өгчихдөг аж. Дээрх газрын үйл ажиллагааг хянах үүрэгтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Засгийн газрынхан хүртэл “Тэр муу сумыг ухсан ч яадаг юм” гэсэн байдалтай мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа нь харамсалтай. Тэгвэл үүний бодит жишээ болж буй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын төвийн газрыг бүхэлд нь ашиглалтын талбайд оруулан  хууль зөрчиж, “Эйкүсора” ХХК-д ашиглалтын зөвшөөрөл олгосон баримтыг ил болгож байна.

“ЭЙКҮСОРА” ХХК-ИЙНХАН ШИВЭЭГОВЬ СУМЫН ТӨВИЙГ БҮХЭЛД НЬ  УХАХ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАРААН ТҮҮХ

      Дорноговь  аймгийн Даланжаргалан сумын Хүрэн дух гэх газар 2004 оны наймдугаар сарын 13-нд иргэн Н.Мөнх-Эрдэнэ хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж байжээ. Мөн 2004 оны есдүгээр сарын 8-нд иргэн Б.Цэрэндолгор Шивээговь сумын нутагт “Шивээ-2” хэмээх 1584 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, албан бичиг хүргүүлж байсан баримт байдаг. Тэдний хүсэлтийг 2004 оны арваннэгдүгээр сарын 18-нд зөвшөөрч, хайгуул хийх эрх олгосон байна. Гэвч тэд хайгуулын зөвшөөрлөө 2004 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Шинэ шивээ” ХХК-д шилжүүлсэн гэдэг. Гэвч тус компани нь хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглан 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 31-нд Геологи уул уурхай, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тус компанид ашиглалтын таван төрлийн зөвшөөрөлтэй А лиценз олгосон байдаг түүхтэй. Ингээд тус компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан даруйдаа өөрийн толгой компани болох “Эйкүсора” ХХК-д шилжүүлснээр говьсүмбэрчүүд ажиллаж, амьдрах нөхцөлгүйд хүрээд байгаа нь энэ.

       Ингээд “Эйкүсора” компани нь төрийн өмчит “Шивээ овоо” ХХК-ийн газар нутаг болон Шивээговь сумын төвийг 800 айлын газартай давхардуулан авснаас шүүхийн маргаан үүсжээ. Тодруулбал, Ашигт малтмал газрын тосны газраас 2004 онд тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хоёр иргэний өргөдөлд зураг зүйн шүүлт хийхдээ “Говьсүмбэр аймгийн нутгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг хэмээн андуурсан тул Говьсүмбэр аймгийн даргаас зөвшөөрөл аваагүй” хэмээсэн байдаг. Төрийн өмчит “Шивээ овоо” ХХК 2005-2006 онд маргаан үүсгэж, хуулийн байгууллагад гомдол гаргаж байжээ. Мөн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн мэдээллээр “Шинэ шивээ” ХХК нь 2005, 2006 онд хайгуулын зөвшөөрөл авчихаад зөвшөөрсөн талбайд хайгуул хийгээгүй бөгөөд ажлын тайлангаа хуурамчаар бүрдүүлсэн, тайланг заасан хугацаанд гаргаж өгөөгүй” гэх мэт хууль бус асуудал үүссэн нь хэвээр байгаа. Нутгийн иргэд унаган нутгаа гаднын компанийнханд ухуулахгүй хэмээхээс гадна эзэмшил газраа ажиллаж, амьдрахын тулд өнөөдрийг хүртэл тэмцэж байна.

ИРГЭН Б.БАТТӨР : “ЭЙКҮСОРА” ХХК-ИЙНХАН  НУТГИЙГ МИНЬ ХУЛГАЙГААР УХАЖ БАЙГААД БАРИГДАХДАА “ХӨРСНӨӨС ДЭЭЖ АВЧ БАЙНА” ГЭСЭН

        Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын иргэд “Эйкүсора” ХХК-ийн ухсан талбайд газар авсан ч ашиглаж, амьдарч чадахгүй гаднынханд ухуулчихсандаа харамсаж, халаглаж байв. “Эйкүсора” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэн Ц-гээс тодруулахад “Эйкүсора” ХХК-ийн хууль бус ажлаас болж бидний эрүүл орчинд ажиллаж, амьдрах эрх зөрчигдөж байна. Тэд манай нутгийг хулгайгаар ухаж байгаад баригдахдаа хайгуулын судалгаа хийж, хөрснөөс дээж авч байна” хэмээсээр хэчнээн айлын газар ухчихсан юм бүү мэд. Удахгүй түүхий эд, нүүрс олборлож, том оврын автомашинаар Хятад руу зөөж эхэлбэл бид нутгаасаа хөөгдөнө гэсэн үг. Зөвхөн нутгийн иргэд хөөгдөөд зогсохгүй бидний үеийн үед шүтэж ирсэн Сансар, Чойрын богд хайрхны ай сав энэ газарт  зэрлэг амьтад амьдардаг. Үүнээс гадна түүхийн дурсгалт бүхий л газар устаж, хүн, амьтан усгүйдэж, үрэгдэхэд хүрнэ. Манай аймагт Хүрийн ногоо, Уулзварын гол, Цоорхойн рашаан гэх устай гурван л газар бий. Малчид эдгээр устай газраа түшиглэж нутагладаг юм.  Яг энд миний хүүхдүүд газар авсан. Гэвч тэдэнд гэр барих нөхцөл ч алга” гэсэн юм.

СҮМБЭР СУМЫН ИРГЭН Б: МАНАЙ СУМАНД “ЭЙКҮСОРА” ХХК ОЛБОРЛОЛТЫН АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ТЭСЭЛГЭЭ ХИЙНЭ ГЭСЭН

Мөн Сүмбэр сумын иргэн Б “Би таван хүүхэдтэй. Хүүхдүүдийн минь өсөж, хүмүүжих сумын ирээдүй сэтгэл эмзэглүүлж байгаа. 2013 онд манай сумын Засаг дарга 200 гаруй айлд газар өмчлөх эрхийг нь өгсөн. Гэтэл “Эйкүсора” ХХК-ийнхан зарим айлын газрыг ухаж, шороог нь бусад айлын эзэмшсэн газар зөөж асгасан байгаа юм.  Говьсүмбэр аймгийн  уурхайн ажлыг эхлүүлбэл  их хэмжээний тэсрэлт хийнэ гэсэн. Хэрвээ тэгвэл аймгийн төвийн байшингууд нурж, хүн, амьтан үлдэх эсэх нь тодорхойгүй. Бидэнд амьдрах баталгаа алга гэсэн юм” гэв.

ИРГЭН н.АРИУНАА: “ЧОЙРЫН БОГД МИНЬ ӨРШӨӨ” ГЭЖ ЧОНО НЬ ХҮРТЭЛ АМИА ДААТГАДАГ НУТГАА НЭМЖ УХУУЛЖ ЧАДАХГҮЙ

        Өехий цагааны эх гэх газар гаднынхан хууль бусаар ухсан шороог хэд хэдээр нь хамарлан асгажээ. Тэдний овоолсон шороо салхинд улаанаараа эргэлдэж, хуйлрах нь байгалийн гамшиг гэлтэй. Бидний алхаж буй энэ тал бол нутгийнхных нь үеийн үед шүтэж, хамаг бүхнээ даатгадаг Сансар хайрхан болоод домогт Чойрын богд хайрхны бэл. Тиймээс хээрийн зэрлэг амьтад болох цагаан чоно, үнэг, хярс, шилийн сар гээд цөм бий. Тус талбай нь усны хагалбар газар бөгөөд үнэт эдлэлийн чулуу гарах магадлалтай гэнэ. Тиймээс нутгийн иргэд “Хөрсийг нь сэндийчих төдийд л болор гарсан” хэмээн цуурах болж. Болор, гантиг, шүр гээд үнэт эдлэлийн чулуу гарсан эсэх талаар нутгийн иргэн Ариунаагаас тодруулахад Тэрбээр “Говьсүмбэр аймгийн иргэд 0.7 га газар авах гэж өдөр, шөнөгүй дугаарлаж байна. 2017 оноос уурхайн ам нээгдэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компани нутгийг минь ухаж байгааг мэдсэн. Бидний нэрлэж сурснаар энэ газрыг Алсын худаг гэдэг юм. Манай нутагт түүхийн дурсгалт олон сайхан газар бий. Үүний нэг болох  “Чойрын Богд минь өршөө” гэж чоно нь хүртэл амиа даатгадаг  нутаг бол энэ. Миний бодлоор усны эх хагалбар газраас шүр, сувд гээд үнэт эдлэлийн чулуу гарч магадгүй гэж бодож байгаа. Манайхан тэднийг “Хэдхэн хоног ухаад болор олоод явсан” гэх юм билээ. Юу ч гарсан байсан бид онгон дагшин байгалиа дахин хөндүүлж чадахгүй. Нутгийнхаа ширхэг чулууг хүртэл амь шигээ хайрлана” гэсэн юм6

“ЭЙКҮСОРА” ХХК ШИВЭЭГОВЬ СУМЫГ ЗЭРГЭЛДЭЭ ХОЁР СУМТАЙ НЬ ДАМНУУЛАН ХУУЛЬ БУСААР  АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ

         Тус компани нь Сүмбэр сумыг ухаад зогсохгүй Дорноговь аймгийн Даланжаргалан, Шивээговь сумын төвийг ухах эрхийг нэг өдөр авсан байдаг. Ингэхдээ 4000 хүн амьдардаг Шивээговь сумын төв, төмөр замын зурвасуудыг зэргэлдээ хоёр сумтай нь  дамнуулж  авчээ. Тус компани нь Шивээговь сумын 1868 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 124 айлын өвөлжөө, хаваржаа, 199 иргэний авто грашийн зориулалттай газар, 484 иргэн, аж ахуйн нэг байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, төрийн байгууллагын эзэмшил газрууд давхцалтай байгаа аж. Энэ талаар Шивээговь сумын Засаг дарга П.Ганчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Манай сумын төвийн газар бүхэлдээ “Эйкүсора” ХХК-ийн мэдэлд орсон. Тус компанийн мэдэлд орсноор бид ажиллаж, амьдрах боломжгүй нүүхэд хүрээд байгаа. Мөн сумын удирдлага болон нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн Төлөөлөгчийн хурлаас иргэддээ газар олгож чадахгүй нь харамсалтай. Тиймээс манай сумын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа. Манайх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийн 10 хувийг сум руугаа татах үүрэгтэй. Гэвч тэдний аж ахуйн нэгжийг суманд төвлөрүүлэхэд газрыг нь шийдэж өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Одоогийн байдлаар манай сумын газар нутгийг ухаж эхлээгүй байгаа ч хэзээд ухахад бэлэн болчихсон. Бидний амьдрах орчин, ашигтай талбайгаас гадна  бидний шүтдэг хайрхан, хаялга нуур, түүхийн үнэт дурсгалтай газар олон бий. Манай сумыг ухаад эхлэх юм бол түүхийн дурсгалт газар үгүй болно гэсэн үг. Бид шаардлагатай өргөдөл, гомдол, албан бичгүүдийг удирдлагуудад хүргүүлж байгаа. Бид “Эйкүсора” ХХК-ийн хоёр иргэнээр дамжуулж хууль бусаар авсан лицензийг бүрэн цуцлуулах хүсэлтэй байна” гэв. Харин Шивээговь сумын Иргэдийн Хурлын төлөөлөгч “Шивээговь сумын 29 мянган га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. Шивээговь сумын 4290 га талбайд “Шивээ овоо” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа. Үлдсэн 25.1 мянган ам метр буюу нийт компанийн эзэмшлээр 31 хувийг “Эйкүсора” ХХК эзэлж байгаа.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ: ХУУЛИЙН ДАГУУ 800 АЙЛД ГАЗАР ОЛГОСОН Ч “ЭЙКҮСОРА” ХХК-ИЙН АШИГЛАЛТЫН ТАЛБАЙТАЙ ДАВХАЦСАН

        Говьсүмбэр аймгийн иргэд давхцалтай газар байгааг мэдсээр байж бидэнд хуурамчаар газар олгож, бүтэлгүйтсэн хэмээж буй. Харин энэ талаар тус аймгийн  Засаг дарга Г.Батсууриас тодрууллаа. Тэрбээр “Эйкүсора” ХХК нь Сүмбэр, Шивээговь суманд ашиглалтын лиценз эзэмшдэг. Миний өмнөх Засаг дарга 200, би 600 айлд хууль, журмын дагуу олгосон. Биднийг газар олгоход Барилга хот байгуулалтын яамны газрын мэдээллийн санд “Эйкүсора” компанийн ашиглалтын компани байхгүй гэдгийг бидэнд танилцуулсан. Тиймээс тус компани Говь-Сүмбэр аймагт тайлан өгдөггүй, уулздаггүй байсан учир манай мэдээллийн санд бүртгэгдээгүй юм билээ. Тэдний эзэмших газар давхацсантай холбоотойгоор иргэд “Эйкүсора” компанийг хуулийн байгууллагад хандсан учир хуулийн байгууллага эцсийн шийдвэрийг гаргах байх. Тус компани 2017 онд манай сумаас онд дээж авна гэж байсан. Удахгүй нүүрс олборлож, Хятад руу зөөх магадлалтай байгаа” хэмээсэн юм. 

ШИВЭЭГОВЬ СУМЫНХАН  “ЭЙКҮСОРА” ХХК-ААС НУТГАА ГУЙСААР БАЙНА

      “Эйкүсора” ХХК-ийн 2019 оны эцсийн өмчлөгчөөр тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дэчинлхүндэвийн Төрболд гэх хүн бүртгэлтэй байдаг. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг “Эйкүсора” ХХК-д тухайн үеийн АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар  өгсөн гэдэг. Мөн Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдах газруудыг Ашигт малтмалын лицензийн талбайгаас хасалт хийлгэх хүсэлт явуулсан байдаг. Гэвч “Эйкүсора” ХХК-ийн тухайн үеийн захирал Д.Ганхолбоо тодорхой хариу өгөөгүй байдаг. Одоо ч сумын удирдлагууд холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хүсэлт явуулж, ядаж сумын төвийг иргэдэд үлдээхийг шаарддаг ч төрийнхөн болон холбогдох байгууллагын дарга нар ач холбогдол өгч, асуудлыг нь шийдэж өгч чадахгүй өнөөдрийг хүрсэн байна. Малчдын үеийн үед уламжлагдан ирсэн өвөлжөө, хаваржаа, малын бэлчээрийг нь танигдахааргүй болтол нь ухаж, амьдрах газар, уух усгүй болгох гэж буй эмгэнэлт явдлыг хэрхэн зогсоож, иргэдийг төрж өссөн нутагтай нь элэг бүтэн үлдээх вэ, дарга нар аа. 


ШИВЭЭГОВЬ СУМЫН ГАЗАР “ЭЙКҮСОРА” ХХК-ИЙН МЭДЭЛД ОРЖ, СУМААРАА ХӨӨГДӨХӨД ХҮРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-01 09:18:06
    Зоригт: Их суудаг дэлгэрсайхан л энэ компани ажилыг зохцуулж өгдөг дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-02 13:43:11
    Зочин: Леценз өгсөн луйвөрчдыг олж илэрүүлээд олон түмэнд ил болго. АТГ өгч шалгуул хахуулд идэгдсэн байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-02 13:39:00
    төр алга уу?: ТӨР л зохицуулж байх ёстойсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-02 10:02:02
    Зочин: Кадастрын хэлтсийн даргыг буудчих
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188