Төрийн түшээд саяны сар шинээр каракуль малгайгаар “формжив”. Ярилцаж тохирсон гэлтэй, Баянхонгорт Г.Занданшатар, Хөвсгөлд Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Увсад Ч.Хүрэлбаатар, Төв аймагт Ж.Батжаргал, Н.Энхболд, Ховдод Ш.Адьшаа, Өмнөгоговьд Н.Наранбаатар, Өвөрхангайд Д.Тогтохсүрэн, Г.Сайханбаяр, Дарханд Б.Жавхлан, Багануурт Ц.Сандаг-Очир, Баян-Өлгийд Бейсен, Ховдод Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, С.Бямбацогт гурав гурвуулаа каракулаар ижилсжээ.
Канондсон мэт ийм олуулаа каракулаар гангарахын цаана гурван л шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын даргаасаа эхлээд гангараад байхаар манай төрийн түшээд каракулыг зэрэг дэв, зиндаархал гэж ойлгоцгоосон бололтой юм. Тансаг хослолынхоо энгэрт зүүдэг түшээгийн очир тэмдгээ тойрогтоо очихдоо дээлийнхээ энгэрт зүүлтэй биш, каракулаар түшээ гэдгээ тодотгож явцгаадаг болж л дээ. Хоёрдугаарт, каракуль нь комминузмыг бэлгэ тэмдэг шахуу үүх, түүхтэй. МАН-ынхан голдуу каракулаар гангарч байгаагаас үзвэл, комминузмыг санагалзаад, тэр үеийг сурталдаад байх шиг. Үнэхээр ч бид ардчиллаас алхам алхмаар ухарсаар буй. Гуравдугаарт, манай төрийн түшээд өөрсдийгөө хууль батлагчид биш хууль сахиулагчид гэж шууд утгаар нь ойлгочихоод эрээн хувцасны “дон” тусчихсан. Эрээн хувцсыг эр, эмгүй тойргийнхоо томилолтын хувцас болгочихсон. Тэр нь багадаад, хурандаа, генералуудынхаа каракулыг “булаацалдаж” буй нь энэ.
Аль нь байлаа, каракуль малгай төрийн түшээдийн тойрогтоо өмсдөг гангараа байж нийцэхгүй. Учрыг нь хоёр өнцгөөр тодорхой тайлбарлъя.
АМААРАА АРДЧИЛАЛ ЯРИХ МӨРТӨӨ, ТОЛГОЙДОО КАРАКУЛЬ ДУХДУУЛЧИХСАН ЯВААГ НЬ ХАРААД ХОЙДУУД ШООЛДОГ БАЙХ ДАА
Оросоос олон “соёл” манайд нэвтэрсний нэг нь каракуль малгай. Өнгөрсөн зууны эхэн үеэс Орост каракуль “моод”-нд орж, коммунист намын дарга нар, хурандаагаас дээших офицеруудын “таних тэмдэг” болж жигдэрсэн. Каракуль өмссөн байвал комминуст намын удирдах албан тушаалтан, эсвэл цэргийн дээд офицер гэж хэлүүлэлтгүйгээр хараад ойлгоцгоодог байж л дээ. Бидний “танил”-уудаас Василий Чапаев, Владимир Ленин, Михиал Горбочев, Владимир Путин, Сергей Шойгу нарын томчуудын ид үеийн зургууд цөм хар, эсвэл саарал каракультай байдаг. Улаан армийн удирдагч Василий Чапаев л гэхэд одоогийн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ц.Сандагсүрэн гурвын гангарч яваа шиг хар каракуль духдуулсан дүрээрээ мөнхөрсөн.

Оросуудын каракуль коммунизмтай зэрэгцэн манайд нэвтэрч, өнгөрсөн зууны турш манай төрийн удирдагчид, “хурган” дарга нарын гол гангараа, басхүү форм байсан. “Ах нар” юу хэлнэ, юу өмсөнө, юу хэрэглэнэ, аялдан дагадаг үе байлаа, арга ч үгүй биз. Ардчилал гарснаар каракуль манай цэрэг, цагдаад л үлдсэн. Хурандаа, генералууд буюу дээд офицерууд каракуль малгай, каракуль захтай савхин дээл өмсөх Ерөнхийлөгчийн зарлигтай, дотоод журамтай. Энэ тухай Ерөнхий сайд асан С.Баяр “Каракуль малгай соц үед хурган дарга нарын форм шахуу байв. Би 1990-д оны дундуур БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал байхдаа ийм каракультай болсон. Ерөнхий сайд байхдаа 2008 оны цагаан сараар төрийн ёслолд өмсөж гангарсан. Түүнээс хойш шинэ цагийн улстөрчдийн дунд моодонд оруулсан нь миний буруу байх” гэж жиргэжээ.
Товчхондоо, каракуль бол комминизм нэвт ханхалдаг малгай. Тэгэхээр тусгаар тогтносон, ардчилсан улсын төрийн түшээд түүхийг нь бодсон ч каракулаар гангараад байх нь тийм ч нийцэлтэй “моод” биш. Магад, амаараа ардчилал ярьчихаад, толгойдоо каракуль духдуулчихсан явахыг нь хойд хөршийнхөн маань хараад шоолдог ч, бас баярладаг ч биз.
ХОЁРХОН ХОНОГТОЙ КАРАКУЛЬ ХУРГАНЫ АРЬС ӨМСЧИХӨӨД “МАЛ МЭНД ҮҮ” ГЭЖ МАЛЧИДТАЙ ЗОЛГОХ НЬ ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ
Төрийн түшээдийн жигдэрч буй каракуль малгай дунджаар 700 мянган төгрөгийн үнэтэй. Харин манай цэрэг, цагдаагийн хурандаа, генералуудын каракул малгайг, савхин дээлнийх нь каракуль захтай хосоор нь 800 мянган төгрөгөөр захиалж хийлгэдэг. Тэгвэл төрийн түшээдийн 700 мянган төгрөгөөр худалдан авч өмсдөг каракулийн цаана асар их харгислал бий.
Каракуль үүлдрийн хурга нь төрөөд 1-3 хоногтойдоо үс нь маш өтгөн, буржгар, торгомсог, гоёмсог байдаг. Харин гурваас дээш хонохоор буржгар нь тэнийж, үс нь шингэрч, торгомсог, гоёмсог байдал нь алдагддаг. Иймээс маш хэрцгий хоёр арга ашигладаг. Нэгдүгээрт, каракуль хургийг төрөхөөс нь өмнөхөн хэвлийд нь зулбуулж, кесарево буюу хийсвэр хагалгаагаар гарган авч арьсыг нь өвчиж авдаг аж. Хоёрдугаарт, төрснөөс нь хойш 1-3 хоногтойд нь нядалж, арьсыг нь өвчиж авдаг юм байна. Тэгэхээр төрөхөөс нь өмнө эсвэл төрмөгц нь нядалж, арьсыг нь авч, улмаар каракуль малгайг хийдэг гэсэн үг. Булганы арьсны сорыг нь алдагдуулахгүйн тулд амьдаар нь өвчдөгтэй авдагтай адил, магад тэрнээс нь харгис гэсэн үг. Бид хурган дээл өмсдөг ч арай ч арьсыг нь алж авдаггүй биз дээ.
Тэгэхээр зулбуулсан, эсвэл хоёрхон хоногтой хурганы арьсаар хийсэн каракуль малгай өмсчихөөд “Мал мэнд үү, төл бүрэн үү” гэж малчидтай золгож, өнөө малгайтай “”Зуданд мал, малчид зутарч байна” гэж ярилцлага өгч явах нь зүйд нийцэхгүй л санагдах.
Төрийн түшээдийн гангараа болсон каракуль малгайг шүүмжилсний гол учир энэ. УИХ-ын дарга нь ч, Увс, Хөвсгөл, Ховдын хууччуул нь ч толгойдоо углачихсан каракулийнхаа цаадах энэ бараан түүх, харгислалыг уг нь мэдэх л учиртай.
КОММУНИЗМЫГ САНАГАЛЗСАН КАРАКУЛЬ ЗИНДААРХАЛ |
|