• Өнөөдөр 2025-10-02

МАН-ЫН ЦАГААН БАЙШИНГИЙН ЗОДООН АТГ-ЫН СААРАЛ БАЙШИНД ҮРГЭЛЖЛЭХ НЬ

2025-10-01,   843

           МАН-ын даргын сонгуулиас хойш хоёр хоног хэл чимээгүй байсан Засгийн тэргүүн Г.Занданшатар зангидсан хөмсөгтэй гарч ирээд, зургаахан минутын мэдэгдэл хийж, засагтаа Б.Энхбаярыг залж буйгаа зарлав. Тэр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-аас авлига авсныг нь тогтоох, агсан захирлынх нь үхэлд буруутайг нь батлах үүрэг, үндсэн ганц “даалгавар”-тайгаар Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор болжээ. Ингэснээр Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёрын намын даргын төлөөх зодооны “ринг” өөрчлөгдөж, Ардын намын цагаан байшингаас АТГ-ын саарал байшин руу албан ёсоор шилжив. Даамжирвал, прокурорын шилэн барилга, шүүхийн шар байранд үргэлжилнэ гэсэн үг. 

Нэг. Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдэгдлийн муу мессеж

       Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Яам ямар ч хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй, бодлогоо л тодорхойлох үүрэгтэй” гэж байлаа. Хэл үггүй чөлөөлөгдөж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Хууль зүй, дотоод хэргийн сайд бол хэрэгт хөндлөнгөөс нөлөөлдөг, хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцдог субьект биш” гэж байв. Хоёр дахиа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож буй Б.Энхбаяр ч “Гэмт хэргийг улс төрийн аргаар шийддэггүй юм. Гэмт хэргийг хууль хяналт, шүүх шийддэг юм” гэж ярьж байлаа.
 
Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ба“Админерал”-ын хэргийг эцэслүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж буйгаа зарласан нь нийгэмд хоёр муу мессеж өгөв. 
 
Нэгт, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хараат бусаар ажиллах ёстой цагдаа, авлигатай, прокурор, шүүх бүгдийг нь баздаг буюу тэднээр хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг гэж ойлгогдов. 
 
Хоёрт, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Ерөнхий сайдынхаа захиалгаар хууль хяналтынхныг хөдөлгөж, өрсөлдөгчийг нь намнаж, яллаж, зайлуулж өгч болдог гэж ойлгогдов. 
 
      Уг нь Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдаар томилогдохдоо “Хүн биш, хууль засагладаг байхад анхаарч ажиллана” гэх амлалт өгч байлаа. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр эсрэгээрээ хууль биш, хүн засаглах буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар өөрийн хүнээ томилчихвол хүссэн хүнээ шалгаж, яллаж болдог гэх маш ноцтой мессежийг нийгэмд өглөө. Хатуухан хэлэхэд, МАН-ын даргын сонгуульд хэт улайрч, саналаар авч чадаагүй сэнтийгээ “сэлэм”-ээр авах гэж байгаа мэт дүр зураг бий болголоо, тэр өөрөө. 

Хоёр. Улсын төсвийн “үнэ”-тэй Хуулийн сайдын томилгоо

       МАН-ын даргын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярилцлаганд өгөхдөө “Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар анх танхимаа бүрдүүлэхдээ намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох гэж байсан. Гэтэл Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр “Хэрвээ Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилбол 2025 оны төсвийн тодотголыг чинь гацаана, 2026 оны төсвийг чинь унагаана” гэж шантаажилсан. Тэгээд намайг томилоогүй. Би бүхэл бүтэн улсын төсөвтэй дүйх үнэтэй, улсаасаа том амбицтай хүн биш”  гэж ярьж байв. 
 
Хэрвээ энэ шантааж үнэн бол Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай хийж буй зодоондоо 2026 оны улсын төсвийн 31 их наяд төгрөгийг дэнчин тавьж, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна гэсэн үг. Нэгэн цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэлэмний ир, жадны гилбэр байхаа амлаж, нүүрсний хулгайн нарийн ширийн нууцад нэвтэрсэн Б.Энхбаярт Д.Амарбаяслангийн ч, “Админерал”-ын ч асар баялаг архив байдаг гэх. Тиймдээ ч Б.Энхбаяр одоо Ерөнхий сайд Г.Занданшатар ч, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ч ийм их үнэ хүрч буй биз. 

Гурав. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хариу нүүдэл

      УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүргүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлж, харин Улсын дээд шүүх 30 хоногийн дотор шийдэж батламжлах хуультай. Өөрөөр бол, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Ардын намын дарга болж, арслантай тамгаа албан ёсоор гардахад уртдаа гурван сарын хүлээх хугацаа хэрэгтэй гэсэн үг. 
 
Тиймдээ ч Ерөнхий сайд Г.Занданшатар тахимаа өгөхгүйгээ илэрхийлэн, нүүрсний хулгайн хэрэг хэмээх “Б” төлөвлөгөөндөө шилжчихлээ. Шуудруулах даалгаварыг Д.Амарбаясгалангийн “эрлэг” шахуу Б.Энхбаярт өгчихлөө. Дээр дурдсанчлан, нүүрсний хулгайн сонсголыг ахалж асан, “Админерал”-ын арвин архивтай Б.Энхбаярын хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүхэд очих хүртэл нь АТГ-т албан ёсоор “данслах”, араас нь прокурор, шүүхэд аваачих хангалттай хугацаа бий. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд хууль хяналтын байгууллагууд дахь асуудал нь хүндрэхээс өмнө хугацаа хожихын тулд нэн даруй хариу нүүдэл хийх шаардлагатай болж байна гэсэн үг. 
 
Тэгэхээр тахимаа өгөхгүй, танхимын сайдуудтайгаа хүч хавсрах нь тодорхой болсон Г.Занданшатарыг засагтай нь огцруулах замаар хугацаа хожих хариу нүүдэл л Д.Амарбаясгаланд үлдэж буй бололтой. 
 

МАН-ЫН ЦАГААН БАЙШИНГИЙН ЗОДООН АТГ-ЫН СААРАЛ БАЙШИНД ҮРГЭЛЖЛЭХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-01 09:16:36
    Зочин: BOOW XXI ANUSDAAD XUCHINDUULEED BOOW XXN BOOB DOLOON ALNI SEKSDI VANXANDAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-01 08:15:09
    Зочин: МАН ы нүүрсний хулгайчдын тхлынхан сандрах хэрэггүй Хуулийн яам мөрдөх ажилд оролуохгүй АТГ ын мөрдөгчид прокурор шүүгчдийг доошоо хийж болохгүй Тэд мэргэжлийн хүмүүс Хуульчдыг басдагаа өолих хэрэгтэй Амарбаясгалан буруутай эсэхийг Ганхуяг Чулуунзагл нар үнэнээ нь ярих бизээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188