• Өнөөдөр 2025-05-20

ТАЛИЙГААЧ ЭХНЭРИЙНХЭЭ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БОЛЗОШГҮЙ ТАЙЛАНД ДАХЬ ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ГЭЖ ХЭН БЭ

2025-05-20,   1898

      Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдаад 10 гаруй хонож буй. Талийгаач Л.Орхоны амиа алдсан шалтгаан нь санаандгүй осол уу, амиа хорлолт уу, эсвэл хүн амины хэрэг үү гэдгийг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа гэх. 
 
Талийгаач Л.Орхоны ар гэрийнхний зүгээс эл хэрэгт нөхөр буюу Элчин сайд А.Төмөрийг буруутгаж буйгаа илэрхийлсэн. Харин Гадаад харилцааны яамнаас “Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна. Дүгнэлт гарсны дараа Элчин сайд А.Төмөрийг хэрхэх асуудал яригдана” гэсэн товч тайлбар өгсөн. Өөрөөр бол, шүүх шинжилгээний дүгнэлтээс хамаарч Элчин сайд А.Төмөрийн эхнэрийнх нь хэрэгт холбогдуулж шалгах эсэх нь шийдэгдэх учраас эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудал одоогоор яригдаагүй байна гэсэн үг.
 
Тэгвэл талийгаач эхнэрийнхээ хэрэгт шалгагдаж болзошгүй Тайланд дахь Элчин сайд А.Төмөр гэж хэн бэ. 
 
     Элчин сайд А.Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй нэг төгсөлт, Х.Баттулгын хуульчаар ажиллаж асан Б.Гүнбилэгтэй нэг анги. 
 
Улмаар А.Төмөр 2003 ондоо Гадаад харилцааны яаманд анх атташегаар ажилд орсон. Дараа нь Австрийн  Вена дахь Элчин сайдын яаманд II нарийн бичгийн даргаар дэвшиж, 2012 оноос Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирлаар, 2014 оноос Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар томилогдож ажилласан. Мөн “Мон-Атом” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүний албыг давхар хашиж байсан. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөрийг томилох санал гаргаж, УИХ дэмжсэн. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, дэд сайдаар нь Б.Батцэцэг ажиллаж байлаа. Улмаар 2020 оны долдугаар сараас А.Төмөр албан ёсоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж эхэлсэн. 
 
Элчин сайд А.Төмөрийн Тайландад суух бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2024 оны долдугаар сард дууссан. Гэсэн ч Гадаад харилцааны яамнаас А.Төмөрийн бүрэн эрхийн хугацааг нэг жилээр сунгасан. Ирэх долдугаар сард “сунгалтын” хугацаа нь дуусна. 
 
      Харин Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа нь Увс аймгийн Давст сумын уугуул. 1990-1992 онд буюу Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт, 1996-1998 онд буюу М.Энхсайханы Засгийн газарт тус тус Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Улмаар 1998-2012 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, 2012-2016 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажилласан. 2016 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд хоёртой  "шөргөөцөлдсөн" шалтгаанаар ажлаа өгч байв. Үндсэн хуулийн цэцийн дарга байхдаа “Би Монгол Улсын дөрөвдүгээр хүн” гэж ярьж байсан нэгэн. 
Элчин сайд А.Төмөрийн төрсөн эгч А.Солонго нь “Аръяа мед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Л.Төр-Одын эхнэр. 
 
Харин хүргэн ах, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Л.Төр-Од нь Боловсролын сайд асан Ч.Лхагважавын хүү. Худууд буюу А.Солонгын аав Ж.Амарсанаа, Л.Төр-Одын аав Ч.Лхагважав хоёр Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт Хууль зүйн сайд, Боловсролын сайдаар хамтдаа ажиллаж байсан. Нэг Засгийн газарт тохой нийлүүлж суусан сайдууд хожим худууд болсон тохиолдол төрийн түүхэнд элбэг биш. Харин МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Л.Төр-Одын тухайд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шадар туслах, Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвлөх, сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 оны арваннэгдүгээр сард МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Бизнесийн салбарт, “Хас” банкны Дэд захирал, “Монгол даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. 
 
     Тэгвэл Элчин сайд А.Төмөрийн эхнэр, талийгаач Л.Орхон нь 2007 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Улмаар Австралийн Вени дахь Элчин сайдын яаманд атташегаар томилогдож очсон. Тухайн үед Вена дахь Элчин сайдын яаманд А.Төмөр II нарийн бичгийн даргаар томилогдож очиж таарсан. Товчхондоо, тэдний түүх анх тэндээс эхэлсэн.
Харин талийгаач Л.Орхоны эгч Л.Онон гэж эмэгтэй бий. Олны мэдэхээр, “Жигүүр гранд групп” ХХК, “Гранд мед” ХХК, “Гэгээнтэн интертайнмент” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Жигүүр гранд групп”-ийн Ерөнхийлөгч Д.Баттөрийн гэргий. Одоогоор Л.Онон төрсөн дүүгийнхээ амиа алдсан хэрэгт хүргэн буюу Элчин сайд А.Төмөрийг шууд буруутгаж буй бөгөөд түүнээс хариуцлага нэхнэ гэдгээ мэдэгдээд буй.  
 

ТАЛИЙГААЧ ЭХНЭРИЙНХЭЭ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БОЛЗОШГҮЙ ТАЙЛАНД ДАХЬ ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-20 11:08:07
    Зочин: Вена бол Австрийн нийслэл хот шүү. Австрали улсынх биш!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-20 10:27:29
    О: Авилга өгөөд гүтгээд хэргийг хүчингүй болгосон ч Бурхан тэнгэр өршөөхгүй шүү. Мансуурсан донтсон нөхөр нь аваад шидээ биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-20 09:33:20
    Ганаа: Элчин сайд нар даварсаан. Энэтхэгт суугаа Ганболд бас эхнэр хүүхдээ хаяж, баян хүүхэнтэй суугаад, ажлаа хийхгүй гадаадаар зугаалдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-20 07:56:25
    Зочин: SEKSEER VANXANDI80955877NZ AMRAG BILNO ANUSDI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188