УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн ярилцлагагүй, ямар нэг мэдэгдэлгүй өдөр гэж байхаа болив. Арга ч үгүй, нас, намтрынхаа 28 жилийг зориулж, зүтгэсэн “MCS” компанийнх нь Тавантолгойн ордыг авах гэсэн, Гашуунсухайтын төмөр замыг эзэмших гэсэн туйлын хүсэл нэг мөр нурж унахдаа тулчихаад байна. Гэсэн ч хил холболтын төмөр замын төслийн гэрээ эцэслэн үзэглэгдээгүй байгаа учраас боломж бий гэж итгэж бүх хүчээл шавхаж буй бололтой юм.
Гол нь, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин гэдэг хувь хүнд өөрт нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг “Чайна энержи”-тэй хамтруулахгүй байх, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төмөр замгүй байлгах хувийн ашиг сонирхол байгаа юм биш биз дээ. Хэдий түүнд “МCS”-ийн ашиг сонирхлыг нь хамгаалах ясанд нь суусан зуршил, нэмээд авч амжаагүй 15 тэрбум төгрөгийн авлага бий боловч хил холболтын төмөр замын төслийг гацаах гэсэн хичээл зүтгэл нь арай л хэтийдчихээд байна. Тийм ч учраас Д.Энхтүвшинд өөрт нь “Эрдэнэс тавантолгой”-д ашиг сонирхол бий юм биш гэдэг эргэлзээ төрөөд байгаа юм. Тийм үнэр ханхлуулж буй олон сэжүүр ч байна.
ЗАСГИЙН ЭСРЭГ ЖАГСААЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧДИЙН НЭГ НЬ Д.ЭНХТҮВШИН ЮМ БИШ БИЗ
Он гарсны дараахан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хил холболтын төмөр замын хэлцлийг хиймэгц Засгийн газрын эсрэг жагсаж эхэлсэн. Энэ жагсаалыг П.Цагаан, түүний хүү, Р.Чингис, түүний дүү санхүүжүүлсэн. Харин тэдний ард “Эрдэнэс тавантолгой” компанийн өөрсдийн өрсөлдөгчөө гэж боддог компани бий” гэж мэдэгдсэн. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ “өрсөлдөгчөө гэж боддог компани бий” гэдэг энэ үгээрээ “Энэ жагсаалын ард “MCS” бий” гэж ойлгомжтой хэлсэн.
Тэгвэл Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэг нь “Ачит-Ихт”-ийн эзэн П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшинтэй “Бриджуотер” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэдний “Бриджуотер” ХХК нь “MCS”-ийн эзэмшлийн Shangri-La зочид буудал дотор “VAULT” гэх шөнийн клуб ажиллуулдаг. Цалингаараа амьдардаг хүмүүст огт хүртээлгүй ханштай клуб гэцгээх юм билээ. Дээр дурдсанчлан, Ц.Мөнхтүвшинх нь өнөөх жагсаалын “санхүүжүүлэгч”.
Цаашилбал, Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэгийн эзэмшдэг “Би тү брос” ХХК нь Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутгийн заагт, Эгийн голын эрэг дээр 5.0 га газарт “Butele resort” гэх тансаг зэрэглэлийн бааз барьж, 2024 оноос эхлэн ажиллуулж байгаа. Голдуу гадаадын жуулчид нисдэг тэргээр очиж амардаг. Энэ баазыг барьсан, одоо үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулж байгаа хүн нь Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэгийн төрсөн дүү Ц.Батноров. Өөрөөр хэлбэл, “Butele resort”-ийн эзэн нь Д.Энхтүвшин боловч хадам дүү Ц.Батноров нь хариуцан ажиллуулж байгаа гэсэн үг.
Тэгвэл Ц.Батноров нь 2018 онд “Сигирияа сервис” ХХК-ийг байгуулжээ. Харин “Сигирияа сервис” ХХК нь “Сигирияа суппорт” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл “Сигирияа суппорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ринчиндоржийн Саруул гэх залуу ажилладаг. Р.Саруул нь Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалаа өгөөд удаагүй байгаа Бригадын генерал Р.Чингисийн төрсөн дүү. Өөрөөр бол, өнөөх жагсаалын “санхүүжүүлэгч”.
Хил холболтын төмөр замын төслийг гацаах агуулгаар Засгийн газрын эсрэг жагсаалыг санхүүжүүлсэн гэх П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин, Р.Чингисийн төрсөн дүү Р.Саруул хоёр Д.Энхтүвшинтэй бизнесийн холбоотой байгаа нь, дээрээс нь Д.Энхтүвшин ам нээх бүрдээ хил холболтын төмөр замын төслийг шүүмжилж яваа нь санаандгүй давхцал байж болох уу.
Энэ бол Д.Энхтүвшинд эргэлзэх эхний шалтгаан.
2018-2020 ОНД “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ” ИД ГААРЧ БАЙХ ҮЕД Д.ЭНХТҮВШИНГИЙН ЭХНЭР Ц.НЯМЦЭЦЭГИЙН ТӨРСӨН ДҮҮ Ц.ГАНБОЛД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН БАЙЖЭЭ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Хил холболтын төмөр замын гэрээгээр “Нүүрсний хулгай”-г томоор хийх гэж байна гэж хардаж байна” гэж ярьж яваа. Гэтэл дуулиант “нүүрсний хулгай”-н хэрэг яг өрнөж, үйлдэгдэж байх хугацаанд Д.Энхтүвшингийн хадам дүү, Д.Энхтүвшингийн найз Л.Соронзонболдын хадам дүү хоёр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байсан, тэр бүү хэл “нүүрсний хулгай”-н хэрэгт Л.Соронзонболд нь дуудагдсан баримт бий. Өөрөөр хэлбэл, хил холболтын төмөр замын төслийн гэрээг байгуулчихвал “нүүрсний хулгай”-н хэрэг дахиад гарах гээд байна гэж ярьж яваа Д.Энхтүвшин өмнөх “нүүрсний хулгай”-н хэрэгтэй холбоотой болзошгүй сэжүүр байна.
Өөрийнх нь хэлснээр, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн ганц найз нь УИХ-ын гишүүн Л.Соронзонболд. Д.Энхтүвшин, Л.Соронзонболд хоёр нэг байранд, нэг давхарт амьдардаг байсан. Чойбалсан хотын 1-р сургуулийг нэг ангид 10 жил хамт сурч төгссөн. 1993 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд хамтдаа элсэж, оюутан ахуйдаа хамтдаа байр түрээсэлж амьдарсан. Хожим нь, “MCS”-т хамтдаа ажиллаж, одоо төрийн ордонд хамтдаа сууж буй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Д.Энхтүвшин Дорнод аймагт очиж, “Хүүхэд ахуйгаасаа нөхөрлөсөн ганц найз минь Л.Соронзонболд, түүнд итгэж болно” гэж сурталчилж явсан. Үнэхээр ч нас, намтраа хамт элээж буй найзууд.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Л.Соронзонболд хоёрт Дорнодын угшилтай өөр нэг дотно найз бий, тэр нь Т.Аюурсайхан. Ялангуяа, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин хоёр бүр ч дотно. Жишээ нь, Т.Аюурсайхан, Л.Соронзонболд хоёр МУИС-ийн ЭЗС-д хоёр жил хамтдаа сурч байлаа. Дараа нь, Т.Аюурсайхан, Л.Соронзонболд Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар МАН-ын дэргэдэх “Шинэчлэл хөгжлийн хороо” гэгчийг байгуулан, 2013-2016 онд АН-ын эсрэг жагсаал, цуглаануудыг утгаар нь хийсэн. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулиар Т.Аюурсайхан нь нэр дэвшиж, Л.Соронзонболд санхүүжилтийг нь босголцож, штабт нь хүчин зүтгэж байв. Өөрөөр бол, Т.Аюурсайханыг Төрийн ордонд ороход хамгийн их тусалсан хүн нь Л.Соронзонболд.
Тохироо гэх үү, тохиол гэх үү, 2018 онд Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Улмаар 2018 оны аравдугаар сарын 19-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх шийдвэр гарч, Ц.Ганболд, Х.Болор-Эрдэнэ, Р.Бурмаа гэх гурван хүн ТУЗ-ийн гишүүнээр шинээр томилдож, 2020 оны аравдугаар сар хүртэл хоёр жил ТУЗ-ийн гишүүнээр суусан. Яг энэ цагаас хожим хамгийн дуулиант сэдэв болох “нүүрсний хулгай”-н хэргийн түүх эхэлсэн гэж хэлж болно.
Хамгийн ноцтой нь, 2018 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр нэгэн зэрэг томилогдсон Ц.Ганболд, Х.Болор-Эрдэнэ, Р.Бурмаа гурав нь хоорондоо хамааралтай байж таардаг. Тодруулбал, Ц.Ганболд нь УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын багын найз, “MCS” гэх хос малгайтай Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэгийнх нь төрсөн дүү. Х.Болор-Эрдэнэ нь Л.Соронзонболдын төрсөн ах Л.Болдын эхнэр Х.Болорчимэгийн төрсөн дүү. Р.Бурмаа нь Дорнод аймгийн Баян-Уул сумынх, Л.Соронзонболд ч Дорнод аймгийн Баян-Уул сумынх буюу нэг сумын эгч нь. Энэ бол зориудаар зохион байгуулаагүй л бол, тохиолдлын байх боломжгүй томилгоо. Тиймдээ ч Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 холбогдогчтой “нүүрсний хулгай”-н шүүх хурлуудад Л.Соронзонболд гэрчээр дуудагдаж оролцсон байдаг.
Эндээс юу харагдаж байна гэхээр, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин найз Л.Соронзонболдоороо дамжуулан хадам дүү Ц.Ганболдыгоо “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн болгуулах замаар “нүүрсний хулгай”-н хэрэгт оролцсон байж болзошгүй сэжигтэй сэжүүр гарч ирж байгаа юм.
Энэ бол Д.Энхтүвшинд эргэлзэх шалтгаан мөн.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТҮВШИН ХАДАМ ДҮҮ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН БОЛСНООС САРЫН ДАРАА Д.ЭНХТҮВШИНГИЙН ОЮУТНЫ АНГИЙН НАЙЗ “ГРИЙТГОБИ ЛОЖИСТИКС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ БОЛЖ, НҮҮРС ЗӨӨЖЭЭ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн менежментийн ангийг төгссөн. Тэр жил менежментийн ангийг 19 хүүхэд төгссөн байдаг. Тэгвэл дээр дурдсанчлан 2018 оны аравдугаар сарын 19-нд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр “Эрдэнэс тавантолгой” компанид эзэн сууснаа баталгаажуулан, Д.Энхтүвшингийн хадам дүү Ц.Ганболд, Л.Соронзонболдын хадам дүү Х.Болор-Эрдэнэ, нутгийн эгч Р.Бурмаа гурвыг ТУЗ-ийн гишүүн томилогдсоноос сар гаруйхны дараа нэгэн хачирхалтай үйл явдал болжээ.
Тодруулбал, сар гаруйхны дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Д.Энхтүвшингийн оюутны ангийн найз, бараг л бизнесийн түүхүй Гэндэнжамцын Хишигдаваа гэгч “Грийтгоби ложистикс” ХХК-ийг эзэмшигч болжээ. Сонирхолтой нь, “Грийтгоби ложистикс” ХХК-ийн өмнөх эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүх байсан бөгөөд ийнхүү Г.Хишигдаваад шилжүүлсэн өгсөн байгаа юм.
Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Хишигдаваа хоёртой нэг төгсөлтийн найз буюу 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Нягтлан бодогчийн ангийг төгссөн. Дээрээс нь, Р.Саранцэцэгийн төрсөн ах Р.Ганболд нь 2011 оноос хойш одоог хүртэл MCS-ийн Мэдээлэл, харилцаа холбоо хариуцсан захирал, MCS-ийн харьяа “Юнител групп” ХХК-ийн Ерөнхий захирал, захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Ингэж харвал, “MCS”-ийн төлөөлөл гэх дототголтой явж ирсэн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүхийнх нь компани Д.Энхтүвшингийн оюутны ангийн найз Г.Хишигдаваад шилжиж ирсэн нь санаандгүй гэхэд бас л итгэмээргүй.
Гол нь, Г.Хишигдаваа “Грийтгоби ложистикс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг зөөдөг болсон байгаа юм. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн “Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан компаниуд”-ын жагсаалт дунд “Грийтгоби ложистикс” ХХК-ийн нэр дурайж байгаа нь баталгаа юм.
Ингэж явсаар 2022 онд бас нэг сонирхолтой үйл явдал болжээ. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Гэтэл тав хоногийн дараа буюу 2022 оны аравдугаар сарын 26-нд Д.Энхтүвшингийн найз Г.Хишигдаваа “Грийтгоби ложистикс” ХХК-аа Машбаатарын Сүхбат гэгчид шилжүүлээд, өөрийнхөө нэрийг хасуулчихсан байгаа юм. Бас л сонин тохиолдол байгаа биз. Өөрөөр хэлбэл, Д.Энхтүвшин оюутан ангийнхаа найз Г.Хишигдаваатай нийлэн нүүрс зөөж байгаад “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бужигнаад эхэлмэгц компаниа бусдад шилжүүлсэн байж болзошгүй гэсэн үг.
Энэ бол Д.Энхтүвшинд эргэлзэх бас нэг том шалтгаан.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТҮВШИНГИЙН ЭХНЭР Ц.НЯМЦЭЦЭГИЙН “БИ ТҮ БРОС” ХХК-ИЙН ДАНСАНД ОФФШОР БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ НҮҮРСНИЙ ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИАС 500 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОРЖ ИРЖЭЭ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин саяхан “Манай эхнэрийн компаниудад татварын шалгалт оруулж байгаа юм байна. Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах нь вэ дээ. Хулгай хийсэн биш, шалгаад ч юм гарахгүй. Намайг л дуугүй болгох гэж ингэж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэгийн компаниудыг шалгаж эхэлсэн нь ардаа маш ноцтой шалтгаантай ажээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэгийн “Би тү брос” ХХК нь Булган аймагт “Butele resort” гэх бааз ажиллуулдгийг дээр дурдсан. Тэгвэл үнэн хэрэгтээ “Butele resort” бааз нь “Би тү брос” ХХК-ийн нууц үйл ажиллагааны халхавч төдий бизнес байж болзошгүй сэжүүрээс хууль хяналтынхан атгачихжээ.
Тодруулбал, оффшорт бүртгэлтэй, нүүрсний томоохон худалдан авагч “Bless town limited” компаниас Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэгийн “Би тү брос” ХХК руу 500 мянган ам.доллар шилжүүлсэн нь баригдаад буй аж. Илүү ноцтой нь, оффшорт бүртгэлтэй “Bless town limited” компани нь “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсийг хятад руу зөөдөг “Талын хишиг транс” ХХК, “Их говийн жим” ХХК, “Мөнхийн буухиа” ХХК, “Дорнын өртөө” ХХК-иудтай холбоотой болох нь тогтоогтоод буй ажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эхнэр Ц.Нямцэцэгийн “Би тү брос” ХХК-д татварынхан шалгалт хийж буй нь энэ аж. Нөгөө талаас, оффшорт бүртгэлтэй, нүүрсний томоохон худалдан авагч “Bless town limited” компаниас орж ирсэн 500 мянган ам.доллар нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрөө нүүрсний бизнест гүнзгий гар дүрснийг илтгэж буй том баримт.
Нэгтгэж харвал, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өнгөн талдаа “MCS”-ийн өмнөөс хил холболтын төмөр замын төслийг эсэргүүцэж, Тавантолгойн ордыг авах, Гашуунсухайтын төмөр замыг эзэмших гэсэн ашиг сонирхлыг нь хамгаалаад буй боловч, давхар өөрийнхөө нүүрсний бизнесийн ашиг сонирхлын хамгаалж байж болзошгүй энэ мэт олон сэжүүр байна.
ТӨСВӨӨР АМИЛЖ, ХИЛ ХОЛБОЛТООР ХЭЛД ОРСОН Д.ЭНХТҮВШИНД ЭРГЭЛЗЭХ ШАЛТГААНУУД |
|