• Өнөөдөр 2025-04-02

БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ, ЧИНГЭЛТЭЙ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

2024-09-07,   754

      Эргэлт.мн мэдээллийн сайт өнөөдрийн дугаартаа НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй 45 нэр дэвшигчийг танилцуулж буй. Гэхдээ тэдний намтрыг тоочихоос илүүтэй, хэнээс хормойдож анх улс төрд хөл тавьсан, басхүү 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотыг удирдах буюу НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох мандатыг яаж олж авсан нь илүү сонирхолтой болов уу. Тэгвэл Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргээс НИТХ-д нэр дэвшигчдийг цүнх-чид, нам-чид, тендер-чид гэсэн гурван ангилалд багтааж болж байна. 

ЦҮНХ-ЧИД

 
Ж.Батбаясгалан- НИТХ-ын дарга \БГД-ээс нэр дэвшигч\
 
     Алдарт Т.Бадамжунайг 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхад туслахаар нь дөрвөн жил ажилласан. Улмаар 2008 онд Т.Бадамжунай туслах Ж.Батбаясгалангаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргаар томилуулсан. Тэр цагаас хойш Хотын захиргаа, Хангарди ордноос гараагүй бөгөөд Засаг даргын орлогч, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, НИТХ-ын дарга гэх мэт хотын бүх өндөр албан тушаалыг хашиж яваа. 
 
Э.Энхтөр- Нийслэлийн өмчит “Асралт” үйлдвэрийн захирал \БГД-ээс нэр дэвшигч\
 
    2010-2016 онд УИХ-ын гишүүн Су.Батболдын туслахаар ажиллаж байсан. Улмаар 2016 онд Су.Батболд Нийслэлийн Засаг дарга болмогцоо Э.Энхтөрийг Нийслэлийн ЗДТГ-ын харьяа “Асгат” үйлдвэрийн захирлаар томилсон. Э.Энхтөр одоог хүртэл найман жил “Асгат” үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа. “Асгат” үйлдвэр нь Баянгол дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийг мах, сүү, ногоо, бусад хүнсээр хангадаг. 
 
Ө.Сумъяабаатар- БГД-ийн Засаг дарга \БГД-ээс нэр дэвшигч\
 
     С.Баяр, М.Энхболд хоёрын туслахаар ажиллаж, улс төрд орж ирсэн. Дээрээс нь, Ө.Сумъяабаатар Архангайн уугуул бөгөөд “Нүүрсний хулгай”-н хэргээр “шувуу” болсон УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 10 жилийн ч, их сургуулийн ч дотнын ганц найз нь. Тиймдээ ч Ж.Мөнхбат 2016 онд ЗГХЭГ-ын дарга болмогцоо Ө.Сумъяабаатарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргаар томилж байв. 
 
Н.Мандуул- Хотын дарга Х.Нямбаатарын орлогч \Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч\
 
     УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн хүргэн. Эхнэр Д.Энэрэл нь аав С.Дэмбэрэлийнхээ төрсөн дүү С.Отгондуламын “Корпорейт” сүлжээ зочид буудлын Ерөнхий менежерээр ажиллаж ирсэн. Харин хадам аав С.Дэмбэрэл нь Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Мандуулыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж, мөн С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүнийг Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөрөө томилж байв. 
 
З.Төмөртөмөө- НИТХ-ын төлөөлөгч \Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч\
 
     Баянхонгор аймгийн уугуул. Тиймдээ ч 2016-2019 онд Г.Занданшатарын зөвлөхөөр ажилласан. Улмаар 2020 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх сэтэртэйгээр НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Хотын дарга Д.Сумъяабазарын орлогч болтлоо дэвшсэн байдаг. 
 
Д.Ихбаяр- НИТХ-ын төлөөлөгч \БГД-ээс нэр дэвшигч\
 
     ЗГХЭГ-ын дарга Н.Учралын эзэмшдэг "Их засаг" их сургуулийн Лицей сургуулийн захирлаар дөрвөн жил ажилласан. Улмаар 2016 онд Н.Учрал СХД-ээс УИХ-ын гишүүнээс сонгогдож, Д.Ихбаяр СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон очиж байв. Дараа нь, 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, СХД-ийн угшилтай Д.Сумъяабазар өөрийнхөө орлогчоороо авч өөд нь татсан ч нэг их удаагүй унасан байдаг. 
 
Т.Отгонболд- НИТХ-ын төлөөлөгч \Багануур дүүргээс нэр дэвшигч\
 
    УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн Засаг даргаар хоёр удаа сонгогдож, найман жил засагласан. Эхний удаа 2008-2012 онд Засаг дарга байхад нь Т.Отгонболд Хөдөлмөр халамжийн хэлтсийн даргаар нь дөрвөн жил ажилласан. Дараагийн удаа 2016-2020 онд Засаг дарга байхад нь орлогчоор нь дөрвөн жил ажилласан байдаг. Мөн Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар, Т.Отгонболд дэд даргаар нь ажиллаж ирсэн. 
 
Ч.Батзориг- Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал \БЗД-ээс нэр дэвшигч\
 
     Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын шавь. Тодруулбал, Ж.Сүхбаатар 1997-2005 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд эрх зүйн багшаар ажиллаж байсан. Харин Ч.Батзориг 2001 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр Ж.Сүхбаатарын удирдлага доор төгссөн байдаг. Тиймдээ ч Ж.Сүхбаатар Түгжрэлийн сайд болмогцоо Ч.Батзоригийг Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирлаар томилж байв. 
 
Г.Ууганбаяр- “Тавантолгой төмөр зам” ХК-ийн дэд захирал асан \БЗД-ээс нэр дэвшигч\
 
    Хотын дарга асан Д.Сумъяабазарын хүн гэх шошготой. Тодруулбал, 2012 онд Д.Сумъяабазарыг СХД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдох үед Б.Ууганбаяр СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2016 онд Д.Сумъяабазар хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоход Б.Ууганбаяр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн даргаар дэвшсэн. 2017 онд Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдож, харин Б.Ууганбаяр “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдсон байдаг. 
 
Б.Галцог \БЗД-ээс нэр дэвшигч\
 
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажилладаг. Хоржоонтой нь, Э.Бат-Амгалан, Б.Галцог хоёр хоёулаа Баянзүрх дүүрэгтээ диско баарны бизнестэй найзууд. 

ТЕНДЕР-ЧИН

А.Баяр- БЗД-ийн ИТХ-ын дарга \БЗД-ээс нэр дэвшигч\
 
    “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер асан, “Эрчим” хөлбөмбөгийн клубийн эзэн М.Амарбаясгалангийн хүү. Ээж Х.Сарангуа нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн орлогч дарга, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч даргаар ажиллаж байсан. А.Баярын тухайд, аав М.Амарбаясгалангийнхаа хятад найз, бизнесийн хамтрагчийн “Хүрэл-интернэйшнл” ХХК-ийн охин компани “Хүрэл интернэйшнл транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ээж Х.Сарангуагийнхаа “Биг Виг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч болж улс төрд орж ирсэн. Ноцтой нь, “Хүрэл интернэйшнл” ХХК нь эрчим хүчний салбарын, “Биг Виг” ХХК нь эрүүл мэндийн салбарын тендерүүдийг түүдгээрээ  зартай. Бид дэлгэрэнгүй танилцуулах болно. 
 
Б.Мөнхбаатар- “Мон бийф катл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга \БЗД-ээс нэр дэвшигч\
 
2010-2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д ерөнхий инженер, уурхайн дарга, Уул уурхайн газрын захирал, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажилласан. Б.Мөнхбаатар нь Энхболдын Оюутцэцэн гэгчтэй “Си Эйч Өү Эм констракшн” ХХК-ийг 2018 оноос хойш хамтран эзэмшиж байгаад өнгөрсөн онд татан буулгасан. Гэтэл Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байх үед буюу 2021 онд Э.Оюунцэцэн нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн нүүрс олборлолтыг гүйцэтгэх 2.2 их наяд төгрөгийн тендерт шалгарсан байдаг. Бүр цаашилбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-иас нүүрс зөөдөг гурван компани ч Б.Мөнхбаатартай хамааралтай байна.
 
Т.Даваадалай \БЗД-ээс нэр дэвшигч\
 
 “Бодь интернейшнл” ХХК-ийн “Тавантолгой нүүрс ачих логистикийн төв” төслийн захирлаар ажиллаж ирсэн. “Бодь интернэйшнл” ХХК-ийн тухай нурших илүүц биз. 

НАМ-ЧИН

Б.Сэмжидмаа- БГД-ийн ИТХ-ын дарга \БГД-ээс нэр дэвшигч\
 
     Уг нь багш мэргэжилтэй. Гэхдээ 2013 онд БГД-ийн МАН-ын хорооны дэд даргаар томилогдож, энэ албан тушаалаа 11 жил хашиж буй. Дүүргийн МАН-ын хорооны дэд даргын сэтэрийн буянаар 2018 оноос одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга, 2018 оноос одоог хүртэл “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2020 оноос БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын даргын албыг хашиж буй. 
 
Ч.Мэндбаяр- НИТХ-ын төлөөлөгч \БГД-ээс нэр дэвшигч\
 
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, БГД-ийн НАМЗХ-ны дарга, БГД-ийн МАН-ын хорооны VI үүрийн даргын албыг хашиж ирсэн. 
 
О.Гэрэлт-Од \БЗД-ээс нэр дэвшигч\
 
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үедээ УИХ-ын гишүүн асан, “бандааш” хочит Д.Гантулгыг МЗХ-ныхоо Хүндэт ерөнхийлөгчөөр залж, Хэнтийн гаралтай МАН-ын ах нартаа магтуулж байсан. 
 
Ү.Оюунзул- “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал \БЗД-ээс нэр дэвшигч\
 
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Нарийн бичгийн даргаар 2010 оноос, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Нарийн бичгийн даргаар 2019 оноос хойш ажилласан. Улмаар 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар томилогдон ажиллаж буй. 
 
Л.Ариунтуяа- НИТХ-ын төлөөлөгч \Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч\
 
Чингэлтэй дүүргийн МАН-ны хорооны даргаар УИХ-ын гишүүн асан Д.Ганболд, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарыг ажиллаж байх үед дэд даргаар ажиллаж байсан. Улмаар 2020 онд НИТХ-ын төлөөлөгч болж, 2022 оноос Геодези, усны барилга, байгууламжийн газрын даргаар давхар ажиллаж буй. 
 
Б.Мөнхбат- НИТХ-ын төлөөлөгч \Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч\
 
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан. 
 
С.Даваасүрэн- Багануур дүүргийн Засаг дарга \Багануур дүүргээс нэр дэвшигч\
 
2013 оноос хойш Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаа. 
 
С.Эрдэнэбаяр- НИТХ-ын төлөөлөгч \Багахангай дүүргээс нэр дэвшигч\
 
2013 оноос хойш Багахангай дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа. 
 
 

БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ, ЧИНГЭЛТЭЙ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-07 18:01:08
    Пост: Хогнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-07 11:22:39
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-04 09:25:52
    зочин: эдгээр хүмүүст ганц л нөхцөл шаардлага тавих хэрэгтэй, тэр н УБ хотод төрж өссөн, өнөөг хүртэл УБ хотод амьдарч ирсэн байх......
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188