• Өнөөдөр 2024-10-14

ХААДС-Д Ш.РАДНААСЭДИЙН ҮЕЭЛ 4.5 ТЭРБУМ, Л.ЧИНБАТ 302 САЯ, САНГИЙН ДЭД САЙД АСАН С.ПҮРЭВ 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛӨГДӨӨГҮЙ ЗЭЭЛТЭЙ БАЙНА

2023-04-13,   2113

     Засгийн газраас “шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 52.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөөгүй 6092 иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг нийтэд зарласан. Тухайн иргэн, аж ахуйн нэгжүүд 52.2 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөхгүй байгаагаас болж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас шинээр зээл олгох боломжгүй болчихоод байгаа юм. Тэгвэл ХААДС-гийн найдваргүй зээлдэгчдийн цаана өнөөх л төрийн томчууд, бизнесийн “акул”-ууд байдаг ажээ. Товчхондоо, ЖДҮХС, Хөгжлийн банкийг хуу тоносон технологиор ХААДС-г ч томчууд “цөлмөжээ” гэсэн үг. Иймд бид ХААДС-гийн найдваргүй зээлдэгчдээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн үеэл дүүгийн 4.5 тэрбум төгрөгийн, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг 302 сая төгрөгийн, Сангийн дэд сайд асан С.Пүрэвийн 1.8 тэрбум төгрөгийн зээлийг онцлон танилцуулж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН ҮЕЭЛ Д.ГАНЗОРИГИЙГ “АРОВАННА” ХХК ХААДС-ГААС 2017 ОНД АВСАН 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ОДООГ ХҮРТЭЛ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА

     ХААДС-гаас авсан зээлээ төлөөгүй 6092 иргэн, аж ахуйн нэгжээс “Арованна” ХХК хамгийн их буюу 4.5 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй зээлтэй байна. “Арованна” ХХК-ийг Дүгэржавын Ганзориг эзэмшдэг. Д.Ганзориг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн үеэл эгч Д.Хишигмаагийн хүү юм. Өөрөөр хэлбэл, “Арованна” ХХК-ийн захирал Д.Ганзориг ардаа Ш.Раднаасэд гэдэг ахтай, артай учраас ХААДС-ийн 4.5 тэрбум төгрөгийн зээлээ зургаан жил төлөхгүй гүрийж, гэдийж байгаа аж. 
 
Үүгээр зогсохгүй, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 2018 онд ЖДҮХС-гаас Д.Ганзоригийн “Алиман төгс буян” ХХК, Д.Ганзоригийн төрсөн дүү Д.Болор-Эрдэнийн “Гэрд сараа” ХХК, Д.Ганзоригийн эхнэр М.Нандинцэцэгийн төрсөн дүү М.Нямхүүгийн “Сэлши үүр” ХХК-д тус бүр 1.6 тэрбум төгрөгийн зээл олгуулсан байдаг. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн үеэл, "Арованна" ХХК-ийн захирал Д.Ганзориг, түүний эхнэр М.Нандинцэцэг
Илүү ноцтой баримт нь, өдгөө Д.Ганзориг, Д.Болор-Эрдэнэ нар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хадам аав Н.Бямбажавын “Energy residence” хотхоны барилга угсралт, борлуулалтын ажлыг нь хариуцан гүйцэтгэж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хадам аав Н.Бямбажав, хүргэн ах П.Ганбат хоёрын хамтран эзэмшдэг “Энержи минерал интернэшнл” ХХК нь Хан-Уул дүүргийн IV хороо, Богдхан уулын Арцатын аманд 1.2 га газартай. “Энержи минерал интернэшнл” ХХК энэ газар дээрээ 15 давхар, хоёр блок бизнес зэрэглэлийн “Energy Residence” хотхоныг барьж байгаа. Харин “Energy Residence” хотхоны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Д.Болор-Эрдэнийн “Хатан хишиг үндэс” ХХК ажиллаж байгаа. Харин  “Energy Residence” хотхоны борлуулалтыг Д.Ганзоригийн эхнэр Мөнхбаатарын Нандинцэцэг хариуцаж байгаа ажээ. 

"ЗЭЭЛГҮЙ" ХЭМЭЭН ГҮРИЙЖ БУЙ Л.ЧИНБАТЫН “МӨНХ УЛЗ” ХХК ХААДС-Д 302 САЯ ТӨГРӨГИЙН ТӨЛӨГДӨӨГҮЙ ЗЭЭЛТЭЙ БАЙНА

    Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар “ХХААХҮЯ-ны сангуудаас, тэр дотроо ХААДС буюу хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 230 тэрбум төгрөгийн талыг нь Л.Чинбат 14 охин компаниараа дамжуулаад авчихсан байна лээ” гэж мэдэгдэж байв. Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун өнгөрсөн долоо хоногт “Манай яам болон харьяа сангуудад “Гацуурт” компани болон охин компаниуд нь ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй. Харин ч өөрсдөө эрсдэлээ үүрч, газар тариалангийн салбарын түүчээ болж яваа “Гацуурт” компанид монголчууд баярлах ёстой” гэж мэдэгдсэн. Мөн Л.Чинбат “ХХААХҮЯ-ны сангуудад ямар ч өр төлбөр байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэх мэдэгдэл ч гаргаад буй. 
 
Тэгвэл Хөдөө аж ахуйг дэмжих санд “Мөнх-Улз” ХХК 302 сая төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй байна. “Мөнх-Улз” ХХК-ийг Лхагвын Чинбат, Жадамбаагийн Дашдэмбэрэл нар эзэмшдэг. “Мөнх-улз” ХХК нь Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багт тариалан нутагт хүнсний ногоо, улаан буудай тариалдаг ажээ. 
“Мөнх-Улз” ХХК-ийг хамтран эзэмшигч Ж.Дашдэмбэрэл нь Л.Чинбатын адил алтны бизнестэй. Тодруулбал, Ж.Дашдэмбэрэл нь “Ти Жи Вай” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Ти Жи Вай” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт MV-017018 дугаартай, 622.3 га талбай бүхий Их булаг хэмээх алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ж.Дашдэмбэрэл энэхүү Их булаг хэмээх алтны ордоо ухаж эхлэхийн тулд 2017 онд Хөгжлийн банкнаас “Ти Жи Вай” ХХК-аараа “Алт баяжуулах төхөөрөмж, экскаватор, дугуйт ачигч, авто дизель түлш авах” төслөөр 900 сая төгрөгийн зээл авч байсан. Улмаар өнгөрсөн сард УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан байдаг. 
Тайлбар: "Мөнх-улз" ХХК-ийг хамтран эзэмшигч Ж.Дашдэмбэрэл
 

САНГИЙН ДЭД САЙД АСАН С.ПҮРЭВИЙН “ХАРХОРИН” ХК ХААДС-Д 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛӨГДӨӨГҮЙ ЗЭЭЛТЭЙ

 
     ХААДС-д 1.8 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй зээлтэй “Хархорин” ХК-ийг Сүрэнжавын Пүрэв эзэмшдэг. С.Пүрэв нь Сангийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд Гааль, татварын ерөнхий газрын даргаар томилогдож байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ "Хархорин" ХХК-даа 1.8 тэрбум төгрөгийн зээл авсан. 
 
“Хархорин” ХК анх төрийн өмчийн компани байсан. Харин 2007 онд С.Пүрэв 100 хувь хувьчилж авсан бөгөөд өдгөө ТУЗ-ийн даргаар түүний хүү П.Бишрэл ажилладаг. Тус компани Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт чацаргана тариалдаг бөгөөд Монгол Улсын чацарганын хэрэгцээний 40 хувийг хангах хүчин чадалтай гэдэг. Гэвч одоог хүртэл 1.8 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй гэдийсээр байна. 
Тайлбар: "Хархорин" ХК-ийн ТУЗ-ийн дарга, С.Пүрэвийн хүү П.Бишрэл
Түүнчлэн С.Пүрэвийн “Эс Ай Пи Эс Монголиа” ХХК нь Хөгжлийн банкнаас “Угсармал бэлэн барилга үйлдвэрлэх төсөл”-өөр Улаанбаатар хотын банкаар дамжуулан 5.0 тэрбум төгрөгийн зээл авсан. Өнгөрөгч гуравдугаар сард УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсголоор С.Пүрэвийн “Эс Ай Пи Эс” ХХК-ийн 5.0 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцсэн. Түр хорооны шинжээч “С.Пүрэвийн “Эс Ай Пи Эс” ХХК Хөгжлийн банкнаас авсан 5.0 тэрбум төгрөгийн зээлийнхээ 4.9 тэрбум төгрөгийг бэлнээр авч зарлагадсан тул юунд зарцуулсныг нь нягтлах боломжгүй байна” гэх ноцтой дүгнэлтийг танилцуулсан байдаг. 
 
 

ХААДС-Д Ш.РАДНААСЭДИЙН ҮЕЭЛ 4.5 ТЭРБУМ, Л.ЧИНБАТ 302 САЯ, САНГИЙН ДЭД САЙД АСАН С.ПҮРЭВ 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛӨГДӨӨГҮЙ ЗЭЭЛТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-15 22:48:13
    Зочин: МАН намынхан мөнгөтөй бүх сан дээрээс нь хөгжилийн банк за тэгээд уул уурхайн баялаг гээд бүгдийг тоночихсон юум байнаа оюунэрдэнэ нямбаатар амарбаясгалан нар үнэхээр авилгал луйвартай тэмцэх гэж байгаа бол намаа татан буулгаж шинээр нам байгуулж луйварчидаасаа салах нь өлзийтэй юум байна тэгэхгүйгээр энэ аалзны торон дотороос авилгалч хулгайч луйварчидтай тэмцэнэ гэж үлгэр ярих хэрэггүй сонгуулийн тогтолцоог өөрчилж одоогоор олсон массын дундхи өөрсөдийн нэр хүндээр хулгайч нараа намын жагсаалтын ард нууж дахин төрийн эрх авах юум бол зүгээр л хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байгаагаас өөрцгүй удахгүй өөрсөдөө наад зүхээд байгаа идээчин уугаачин луйварчидынхаа өрөөсөн дугуй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-15 22:43:38
    Зочин: МАН намынхан мөнгөтөй бүх сан дээрээс нь хөгжилийн банк за тэгээд уул уурхайн баялаг гээд бүгдийг тоночихсон юум байнаа оюунэрдэнэ нямбаатар амарбаясгалан нар үнэхээр авилгал луйвартай тэмцэх гэж байгаа бол намаа татан буулгаж шинээр нам байгуулж луйварчидаасаа салах нь өлзийтэй юум байна тэгэхгүйгээр энэ аалзны торон дотороос авилгалч хулгайч луйварчидтай тэмцэнэ гэж үлгэр ярих хэрэггүй сонгуулийн тогтолцоог өөрчилж одоогоор олсон массын дундхи өөрсөдийн нэр хүндээр хулгайч нараа намын жагсаалтын ард нууж дахин төрийн эрх авах юум бол зүгээр л хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байгаагаас өөрцгүй удахгүй өөрсөдөө наад зүхээд байгаа идээчин уугаачин луйварчидынхаа өрөөсөн дугуй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-15 20:12:43
    Бямбаа: ҮНЭН Л БАЙГАА ДАА АРАЙ Л ДЭНДЛЭЭ ДЭЭ АРД ТҮМЭН НЬ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ДАРЛУУЛЖ ЯВАХАД ЭД ЯАСАН БИРД ШИГ АМЬТАД ВЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-15 13:27:40
    Эрдэнэ : Цадахаа мэддэггүй , ичих булчирхайгүй хаана хулгай хийх нүх сүв байна тэнд энэ Чинбат байх юмаа охин нь тийм ёс суртахуунтай байхад гайхах юм алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-15 08:11:11
    Зочин: Чимээгүй баян Чинбат МАН н гол санхүүжүүлэгчидын нэг нь гэгддэг.МАН н санхүүжүүлэгчид л голдуу том том зээл авсан байдаг юм биш үзү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 16:34:39
    Иргэн: Монгол тулганы 100 эрхмийн нэг биз дээ, өр зээлээ төлдөггүй эрхэм. Үнэхээр гажиг юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 13:15:38
    бямбаа: ийм бузар новшнууд энгийг иргэлийн боломжийг хулгайлаад байвал ард түмний амьдрал яаж дээшлэх юм бэ? ял асууя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-13 17:44:07
    Санал: Хөдөлмөрийн баатар болгоход өр зээлгүй байх шалгуур баймаар юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-13 14:00:00
    Зочин: 5 жил 196 тэрбум төлсөнийг шалгах уу төлсөн нь буруу юү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-13 13:03:08
    зээлээ төлөөч: ЗЭЭЛЭЭР амьдардаг луйварчидтай хариуцлага тооцох ёстой. Зарим нь цагаандаа гарч зээлгүй хэмээн худлаа ярьдаг болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-13 07:28:16
    гацаа: чинбат гэж шоронгийн мөнхийн орон тооны хүн. ийм юмнуудыг баатар болгодог хүзүүнүй хүнийг шүүх хэрэгтэй. 5 жилийн өмнө 196 тэр бумын өртэй байсан.хэзээ төлсөн юм бол.шалгаж тогтоох ёстрй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188