• Өнөөдөр 2024-04-27

Т.БАДАМЖУНАЙ ИРЛЭЭ, ХАВРЫН УЛС ТӨР ХЭРХЭХ БОЛ...

2023-04-06,   2000

      АН, МАН дотор ч, ард түмэн дунд ч суу алдар нь түгсэн Т.Бадамжунай АТГ-ын хоёр ажилтнаар сугадуулсаар хүрч ирэв. Тэр 62-тойдоо хилээр гарч зугтсан, 67-тойдоо ийн “Шувуу ажиллагаа”-ныханд “шүүрэгдэж” ирэв. Цэнхэр “хальсан” куртик, хар хөх бэлтгэлийн өмдтэй, доогуураа “кэт” жийчихсэн, амны хаалтаар нүүрээ далдалсхийн алхах энэ эр цагтаа Ардын намын жинхэнэ “акул” байсан гэхэд итгэхээргүй харагдана. Эрийг нас гэж энэ биз. Гэхдээ гадна төрх хуурмаг, халаасанд нь хэчнээн улстөрчийн хувь заяа хадгалаастай явааг төсөөлөхөд ч бэрх. 
 
      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч нэгдүгээр сард “Газрын наймаачдын дунд бөмбөг тэсэлнэ шүү. Анхааралтай байгаарай” гэж зарласан. Араас нь өнгөрөгч гуравдугаар сард “Хотын төв, нийтийн эзэмшлийн талбайд газар олгосон, барилга барих эрх олгосон албан тушаалтнуудыг жагсаалтыг гаргаж, Засгийн газарт танилцуул” гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд үүрэг өгсөн. Улмаар өнгөрсөн долоо хоног ЦХХХ-ны сайд Н.Учрал Нийслэлийн газрын сангийн мэдээллийг шилэн болгож, хэн хэн хаана хэдэн га газар эзэмшиж байгааг сошиал сэвүүлж эхэллээ. Чухамдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он гарснаас хойш газрын наймаа болон хотын төвийн барилгуудын асуудлын үе үе сөхөж, сайдууддаа үүрэг өгч байсан нь Т.Бадамжунайг угтаж авах бэлтгэл ажил байжээ. Т.Бадамжунайн туулж ирсэн замыг эргэж мөшгөхөд газрын наймаа, албан тушаалын наймаа, авлигын гэмт хэргүүд асар олноороо илэрнэ, МАН-ын ах нар нь хөлд нь сөхөрнө, товчхондоо М.Энхболдын толгойлдог “хотын фракц”-ыг дарж авах ганц эмзэг цэг бол Т.Бадамжунай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайн тооцоолсон юм байна. Тиймдээ ч хаврын их улс төрөөс урьтаж түүнийг олж авчирчээ. Энэ хавар Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд том зорилгод саад болсон, үгэнд ороогүй хэнийг ч “Бадамжунайн хэрэгт холбогдуулан шалгана” гэх нэрээр баривчилж магадгүй боллоо гэсэн үг. 
 
      Т.Бадамжунайн эхний шалгагдах хэрэг бол газрын наймаа. Тухайлбал, М.Энхболдыг Хотын дарга байхад Т.Бадамунай Хотын Ерөнхий менежер байлаа. Тэд Улаанбаатар хотыг дөрвөн жил хамт удирдахдаа дархан цаазат Богдхан уулын амны газруудыг дамлан зарж, хотын “А” зэрэглэлийн, аль байршил сайтай гэсэн газар болгоныг худалдсан гэдэг. Товчхондоо, тэдний хоршил хамтрал буюу “Хотын фракц”-ын түүх ингэж эхэлсэн. М.Энхболд, Т.Бадамжунай хоёрыг хотыг эрхшээж байхад ивээлд нь байснаараа аль ашигтай байрлал болгонд газар авч, орон сууц, оффис, хаус хороолол босгож хөлжсөн хүмүүс зөндөө. Жишээ нь, Чингис хаан банкны эзэн, “стандарт” хочит Д.Батаа Маршалын гүүрний хойд, хажуу хэсгийн Туул гол дагуух газрыг бүхэлд авч, барилга, орон сууцаар дүүргэсэн. “Сөүл” группийн эзэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Зайсангийн амны анхны эзэн болж, өдгөө тэнд түүний дөрвөн том хотхон сүндэрлэсэн. Гэх мэтээр Т.Бадамжунайгийн газрын наймааны хэргийг сөхөхөд л төрийн томчууд, толгой баячууд Л.Оюун-Эрдэнийн хөлд сөхөрнө. 
 
      Т.Бадамжунайн шалгагдах дараагийн хэрэг бол албан тушаалын наймаа. М.Энхболд, Т.Бадамжунай хоёр 2004 онд УИХ-ын гишүүн болцгоож, Төрийн ордонд тохой нийлүүлэн суудаг болсноор “Хотын фракц” хууль хяналтынханд ч дийлдэхээргүй болж хүчирхэгжсэн. Дараа нь 2008 оны сонгуулийн дараа М.Энхболд Шадар сайд, Т.Бадамжунай ХХААХҮ-ийн сайд болгож, УИХ-аас гадна Засгийн газарт ч хамт суух болсон. Т.Бадамжунай 2012 онд ХХААХҮ-ийн сайдаас бууснаасаа хойш төрд албан тушаал хашаагүй. Үнэндээ төрд албан тушаал хаших шаардлага ч түүнд байгаагүй гэдэг. Учир нь, 2013 онд М.Энхболд МАН-ын дарга болсноос хойш Т.Бадамжунай МАН-ын бүх санхүүг хариуцаж, мөн төрд хэн ажиллах, ажиллахгүйг толгой мэдэн шийддэг буюу албан бусаар Төрийн албаны хүний нөөцийн менежер байсан гэдэг. Ямар сайндаа л, М.Энхболд, Т.Бадамжунай хоёрын хаанчлалын үед төрд дарга болохыг хүсэгсэд өрөөнийх нь үүдэнд өнжин хүлээдэг байсан гэлцдэг.  
 
      Ганц жишээ дурдахад, Т.Бадамжунайд “Эгэл монголын маргааш” гэх төрийн бус байгууллага бий. Энэ ТББ-ыг хамтран эзэмшигчид нь Т.Бадамжунайн буянаар төрийн албанд насаараа дарга хийж яваа болон Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайд байх үед газар тариалангийн бизнесээ цэцэглүүлсэн хүмүүс байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, “Гацуурт”-ын Л.Чинбат, “Алтай констракшн”-ий Х.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, сүүлийн хэдхэн жилийн дотор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайд, МХЕГ-ын дарга, ШӨХТГ-ын даргаар тус ажиллаж байсан Т.Гантулга, ХХААХҮЯ-ны дэд сайд асан П.Баянмөнх, тариалангийн “Анхтамир” ХХК-ийн захирал, өнгөрсөн онд У.Хүрэлсүхээс Гавьяат тээвэрчин цол хүртсэн Ш.Норовсамбуу нар Т.Бадамжунайтай “Эгэл монголын маргааш” ТББ-г хамтран эзэмшдэг. Т.Бадамжунайтай ойр байвал, тэр тусмаа хамтарсан компанитай, ядаж л ТББ-тай байвал хэрхэн томорч болдгийг энэ жишээнээс харахад ойлгомжтой байх. 
 
     Т.Бадамжунайн дараагийн шалгагдах хэрэг бол авлигын хэргүүд. Хамгийн сүүлд л гэхэд, 2020 оны хавар сайд асан Т.Бадамжунай, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн О.Баасанхүү гурвын халамцуу ярианы нууц бичлэг задарч байв. Тэр бичлэг “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухай, “сахал” Д.Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй хамгаалах тухай, Б.Хурцыг Солонгосын элчин сайдаар томилуулах тухай, энэ бүхнийг нь гүйцэлдүүлэхийн төлөө О.Баасанхүү 100 мянган ам.доллароор “цалинжиж” ажиллах тухай маш ноцтой зүйл бичигдэж үлдсэн бий. Мөн М.Энхболд, Б.Наранхүү нарын нэр ч хэд хэд дурдагддаг. Ганц энэ бичлэгээр иш татан шалгахад нийгмийн дуулиан болсон том хэргүүдийн сэжүүрээс атгалаа л гэсэн үг. 
 
Цаашилбал, Т.Бадамжунайн хүүхдүүд ч төрийн албан томорч, хувьдаа хэдэн арван компани, үл хөдлөх хөрөнгөтэй болцгоосон. Хэдэн жишээг баримтаар дурдъя. 
 

Т.БАДАМЖУНАЙН ХҮРГЭН Э.АНАР 2016-2018 ОНД НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТУРААР АЖИЛЛАХДАА ХАДАМ ЭГЧИЙНХЭЭ ГОЛДЕН ЛИЙФ ХХК-Д 37.3 ГАЗАР ОЛГУУЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАРИЛГЫН “А” ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ БАТАЛЖ ӨГЧЭЭ

    Т.Бадамжунай болон түүний гэр бүлийнхний нэр дээр хотын төвд 28 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг тухай дуулиан 2019 онд дэгдэж байв. Цаашилбал, Т.Бадамжунайн гурван охиных нь нэр дээрх компаниуд ч 30 давсан. 
 
Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг нь нөхөр Энхбатын Анарын хамт Аму групп ХХК, Алтан хот ББСБ, Фаст комфорт ХХК, Түрүү таван эрдэнэ ХХК, Арума ХХК, Эс Эм Ай Ти ХХК-уудыг эзэмшдэг. Т.Бадамжунайн хүргэн Э.Анар нь “хотын фракц”-ын гишүүн Су.Батболдыг Хотын даргаар ажиллах хугацаанд Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын Ерөнхий архитектор бөгөөд Төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажиллаж ирсэн. Ноцтой нэг баримт байгаа нь, Э.Анар энэ албан тушаалаа ашиглан 2017 онд хадам эгч буюу Бадамжунайн Даваагийн эзэмшдэг Голден лийф ХХК-д Хан-Уул дүүргийн XII хороо, Био комбинатын зүүн талд Туул голын эрэг дээр 37.3 га газар олгуулжээ. Улмаар Э.Анар өөрөө Голден лийф ХХК-ийн Үйлдвэрлэлийн зориулалтын барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь баталж өгсөн байгаа юм. Товчхондоо, Т.Бадамжунай хотыг удирдахаа больсон ч түүний хүргэн Э.Анар нь хотод хэн, хаана барилга барихыг шийдэж ирсэн гэсэн үг. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг хадам, хүргэн хоёр хариуцаж ирсэн гэхээр эндээс хууль зөрчсөн асуудал гарч ирнэ гэсэн үг. 

Т.БАДАМЖУНАЙН ОХИН Б.ГАВАА ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ, ХУВЬДАА 13 КОМПАНИТАЙ БОЛСОН

     Т.Бадамжунайн охин Б.Гаваа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн даргаар 2016 оны сонгуулийн дараа томилогдож, саяхныг хүртэл ажилласан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нь Т.Бадамжунайн эртний хамтрагч, мөн “Эгэл монголын маргааш” ТББ-ыг хамтран эзэмшдэг. Тиймдээ ч Ц.Ням-Осор Т.Бадамжунайн охин Б.Гавааг Захиргаа, хууль зүйн хэлтсийн даргаараа ажилд авсан хэрэг л дээ. 
 
Харин одоо Б.Гаваа “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Мөн Б.Гаваа өдгөө Говь тулга ХХК, Универсал говь майнинг ХХК, Мянган жишүүр ХХК, Ёда инвестмент ХХК, Нео Арчизо ХХК, Эм Эм Эф Си ХХК, Монгол дарь инвестмент ХХК, Хай тек бойлер ХХК, Талийн хүдэр ХХК, Монгол дарь жоки ХХК, Авшиг-одсэр ББСБ, Смартчойсе транс ХХК, Женерал ассете ХХК-иудыг эзэмшдэг. Сонирхуулахад, Б.Гаваа Смартчойсе транс ХХК-ийг Батбаярын Алтантариатай хамтран эзэмшиж ирсэн. Гэтэл Б.Алтантариа нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн бэр буюу хүү Ө.Үнэнбүрэнгийнх нь эхнэр байж таардаг. Т.Бадамжунайтай АН, МАН гэхгүй хамтарч ирсний энэ мэт жишээ олон бий. 
 
Энэ мэтээр Т.Бадамжунайд хууль хяналтынхнаас мултрах аргагүй газрын наймааны, албан тушаалын наймааны, авлигын хэргүүд болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх мэт өчнөөн хэргүүд бий. Ямартай ч эхний ээлжид түүнийг олж авчирлаа. Одоо хэрхэхийг нь, Т.Бадамжунайг мулталж авахын тулд МАН-ын хууччуул, тэр тусмаа “хотын фракц”-ынхан хаврын улс төрийг хааш нь эргүүлэхийг харах л үлдэж байна. 
 

Т.БАДАМЖУНАЙ ИРЛЭЭ, ХАВРЫН УЛС ТӨР ХЭРХЭХ БОЛ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 18:56:46
    zochin: Жунай сайн аав юмаа, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад 3 охиндоо насаараа идээд барахгүй их хөрөнгө өвлүүлжээ, гэвч хүний эдлэх, идэх хэмжээ, шингээх чадвар гэж нэг хэцүү юм байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 18:34:09
    Z: Оюун эрдэнэ бол ард түмний хүү .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 08:48:56
    эмээ: Луйварчингууд оюун эрдэнэ хүрэлсүхнямбаатар 3 руу дайрсан нийтлэл сэтгэгдлээр ард түмнийг бужигнуулна шүү, энэ 3 ийг ард түмэн сайн дэмжээд энэ олон жилийн булхайг цэгцэлцгээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188