• Өнөөдөр 2024-05-04

ОНЫ ОНЦЛОХ: 2022 ОНЫ ХОРЖООНТОЙ 22 ДУУЛИАН

2022-12-31,   1683

      Нэгэн он түүх болон үлдэж, дараагийн цаг хугацааг шинээр бичих мөч айсуй. Улиран өнгөрч буй 2022 онд монголчууд бүтээсэн түүхээ дүгнэж, ирэх оныхоо ажил үйлсээ төлөвлөж байна.  Өнгөрсөн 2022 он монголчуудын хувьд нийгэм, эдийн засаг, улс төр, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбаруудад ололт, амжилтаар дүүрэн басхүү шинэ сорилттой нүүр тулсан цаг хугацаа байв.


     Хэдийгээр бид зуу, зуун сайн түүх бүтээсэн ч сайны хажуугаар саар гэгчээр алдаан дээрээсээ суралцах дуулиантай цаг хугацааг туулан өнгөрөөв. Ард түмний амьдрал ахуйн хувьд шинэ сорилттой тулгарсан, тэмцэл дүүрэн цаг хугацаа байсныг дурдах нь зүйн хэрэг биз ээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүнд цаг хугацааны эргэлтээс ард түмэн тэмцэл, шалгуур дундуур туучин гарлаа.

    Эргэлт.мн мэдээллийн сайт 2022 онд болж өнгөрсөн дуулиантай, олны дунд гайхширал төрүүлсэн, цаашлаад гомдол, цөхрөлийн аль алийг нь мэдрүүлсэн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН ХАМГААЛАГЧ НАРЫГ САНДАРГАСАН СЭРЭЭ, АСААГУУР НҮДНИЙ ДУСААЛГАТАЙ ЖАГСААЛ

        Элгээрээ хэвтсэн эдийн засгийг ард түмэн нуруундаа үүрч, хүнд цаг үеийг туулж байгаа гэж хэлэхэд хол зөрөхгүй биз ээ. Энэ хүнд цаг хугацааг туйлдан байж давах гэж нийтээрээ хэрэндээ зүтгэж,  чамгүй хөдөлмөрлөсөн. Харамсалтай нь, ард түмний энэ тэмцлийг улстөрчдийн уваагүй үйлдлүүд няцаан мохоосон нь нууц биш юм.

        Тиймдээ ч ард түмэн өнгөрсөн онд Төв талбайд олон ч удаа эсэргүүцлээ илэрхийлж, шударга ёсыг шаардаж, жагссан. Төрийн томчуудыг “Ажлаа хий”-хийг шаардаж, мянга мянган залуус дуу хоолойгоо нэгтгэв. Харамсалтай нь, тодорхой үр дүнд хүрээгүй энэ жагсаалын араас саяхан “Нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцох” эсэргүүцлийн жагсаал боллоо. Улаанбаатарчуудыг тэр чигт нь донсолгосон уг жагсаал улстөрчдийг чичрүүлж, “Онц байдал зарлая” хэмээн гишүүд гар өргөх хүртэл нь айлгасан дуулиантай жагсаал болсон. Мэдээж энэ бүхний ард улс төрийн тоглолт өрнөж, залуусын, иргэдийн дэмжлэгээр албан тушаалын наймаа ханцуйн дотроо хийсэн нь тодорхой.

        Хамгийн анхаарал татсан нь жагсагчид Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардаж, эцэстээ жагсагчдын өмнө гарсан Л.Оюун-Эрдэнэ хар шүхрийн “ардаас” үг хэлэх хүртлээ эсэргүүцэлтэй нүүр тулсан билээ.

      Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү жагсагчид хоолны сэрээ, нүдний дусаалга, асаагуур зэрэг гарт барьсан “зэвсгээрээ” түүнийг “онилсон”. Гэвч Л.Оюун-Эрдэнэ хамгаалагч нараа шүхрээ буулгахыг үүрэгдэж, хоолой чичрүүлэн “Нүүрсний бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ” гэх амлалт өгсөн. Гэвч энэ амлалт, бүрэн дүүрэн биелэх нь тун эргэлзээтэй байна.

Ц.АНАНДБАЗАРЫН БАГА ТЭНГЭРИЙН АМНЫ ДУУЛИАНЫГ НАМ ДАРСАН 60 САЯ ТӨГРӨГИЙН САРНАЙ

        60 сая төгрөгийн сарнай ачсан тас хар өнгийн альфард загварын автомашин хотын төвд явж буй зургаа цахим орчинд нийтэлсэн нь олны анхаарал татаж, чамгүй дуулиан тарьсан.

Эдийн засгийн хямралтай үед бүхэл бүтэн нэг өрөө байрны үнээр сарнай авсан эмэгтэй хэн байв, тэр сарнайг илгээсэн нэгэн нөгөө бүхий улстөрч байж таараа” гэх шүүмж хэдэн өдөр цахим орчинд хөвөрч, эздийг нь илрүүлэх ажиллагаа ч тэр даруй үргэлжилсэн.

      Төд удалгүй нэгэн эмэгтэй 60 сая төгрөгийн сарнай илгээсэн эзэнд талархал илэрхийлснээ цахимд нийтэлснээр дуулиан улам газар авч, өгсөн эзнийх нь эрэлд гарсан. Тус сарнайг Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра илгээсэн гэх цуу яриа олны дунд шуугиан тарж байлаа. Харин А.Амундрагийн өмгөөлөгч О.Санчирбал Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт “Нэр төрд халдсан” гэх агуулгатай гомдол гаргаж, эзэн холбогдогчид хариуцлага тооцуулах асуудлыг ч сөхөж байв. Гэвч энэ дуулиан төд удалгүй дарагдаж, өнөөдөр олны дунд ор тас мартагджээ. Уг дуулианы цаад агуулга Бага тэнгэрийн аманд гарсан Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой мэдээллийг няцаах зорилготой байсан гэх хардлага ч олны дунд бий. Өөрөөр хэлбэл, тухайн үед Бага тэнгэрийн аманд хууль зөрчиж, орон сууцны барилга барьсан талаар хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээлж, түүнтэй холбоотой сэтгүүлчийн биед халдсан асуудал гарч байв. Уг дуулианыг дарах зорилгоор 60 сая төгрөгийн сарнайн зохиомол хэрэг гаргасан гэх нь ч бий.

ХОТЫН ДАРГЫН УРАГШГҮЙ АЖЛУУД БА ДАРГА АА ТАНИАГҮЙ ЭГҮНЭГИЙН ТҮҮХ

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цар тахлын халдвар намжиж, хөл хорио суларснаас хойш олны анхаарлаас түр холдсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой шийдвэрүүдээ танилцуулж, иргэдэд нэлээд шүүмжлүүлж байсан хүний нэг нь Д.Сумъяабазар байв.

      Харин 2022 онд хотын дарга Д.Сумъяабазарын урагшгүй ажлууд нь алдар хүндийг нь арагш нь татах нь. Өөрөөр хэлбэл, хотын мээрийн нийслэлд эхлүүлсэн бүтээн байгуулалт, түүний санаачилсан төслүүд төдийлөн “бай”-гаа оноогүй. Тухайлбал, түгжрэлийг бууруулах төсөв санхүүжилтээ өнгөрсөн жилийн төстөө хангалттай тусгуулсан ч ажил нь ахицгүй байсаар Сангийн яам буцаагаад тал хөрөнгө өө татсан сурагтай. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах олны нэрлэж заншсанаар “Дугуй цагаан” орчим байрлах шавар гэрүүд болон ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг эхлүүлж байлаа. Гэвч хэдэн сарын өмнө үүрэг болгосон ажилтайгаа танилцахаар хэвлэлийнхийг дагуулж, очсон ч бодит байдал дээрээ бүх гэрүүд бахь байдгаараа, ажил нь ахицгүй байв. Хэвлэлийнхний өмнө хэлэх үггүй болсон хотын дарга бантсандаа камерын өмнө хариуцсан дарга нараа өндөр дуугаар “Толгойг нь эргэтэл” загнасан.

Түүний дараа Д.Сумъяабазар дарга монгол хэл ойлгодог анхны виртуал иргэн Эгүнэг олон нийтэд танилцуулсан. Тус технологийнхоо хөгжүүлэлтийг бүрэн хийж амжаагүй байхад нь хотын дарга олонд танилцуулж, “Сайн байна уу, та Эгүнэ би Сумъяабазар байна” гэхэд яриаг нь виртуал төхөөрөмж бүрэн таньж чадахгүй “Та асуултаа арай тодорхой тавина уу” гэж удаа дараа асуун олны өмнө хөгөө чирсэн түүхтэй.

“УЛ”-НЫ АЙЛ ГЭСЭН ҮГЭНДЭЭ ОРООГДОЖ, ОГЦОРСОН Д.САРАНГЭРЭЛ ҮХЭР ГЭЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

          Давхар дээлтэй сайдад даага аа нэхсэн Д.Сарангэрэл сайд сар хугацаанд сайдаасаа огцорч, улс төрд рекорд эвдэв.

       Цар тахлын үеийг хүндрэл багатай давсан менежменттэй сайд хэмээн олноор, хэвлэлээр бөмбөгдүүлж, Засагт засвар орох завсарт сайдын албан хавчуулагдаж, амжсан нь Д.Сарангэрэл. Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар томилогдсон даруйдаа ажилтайгаа танилцаж, судалгаа хийсэн гэдэг. Удалгүй салбарын асуудлаа Төрийн ордонд ярилцах хэлэлцүүлгийн үеэр нийгмийн эмзэг давхаргыг “ул”-ны айлууд гэж танилцуулсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Иргэдээ “ул”-ны гэж доромжлосон хэмээн түүнийг сайдын суудлаас нь эгүүлэн татсанаар сарын хугацаанд албан тушаалаа хүлээлгэж өгсөн анхны сайд болсон.

         Тэрбээр үүнийгээ “2008 оноос хойш улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь "улны айл" гэж яам нь, статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө ажлаа өгсөн анхны хүн. Харамсалтай нь миний хэлсэн үгийг тогтож сонссон бас ойлгосон хүн үгүй. Сошиалд хөтлөгдсөн” хэмээн өөрийгөө өмгөөлж байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй “ул”-ны гэсэн нь багадаж, “Манай монголчууд үгээр хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг ядуу айлууд гэж ойлгоорой” хэмээн дарин дээр давс нэмсэн удаатай.  

Н.УЧРАЛ МӨНГӨТЭЙ “МАЛ” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ Ч, ӨРӨӨЛИЙГ Ч ДОРОМЖЛОВ

        УИХ-ын гишүүн, ЦХХХ-ийн сайд Н.Учрал иргэдээ тохуурхсан  улстөрчдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тэрбээр НӨАТ-ын мөнгөөрөө иргэд амьжиргаагаа залгуулдаг хэмээн ам алдсан. Тодруулбал, Тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна" гэсэн юм.

        Түүний ил тохуурхал багадав уу гэсэн шиг саяхан гаднын улсад сургуульд сурсан боловсон хүчнээ ад үзэж, “Мөнгө байвал гаднын сургуулиуд мал байсан ч төгсгөнө” гэж олны дургүйг хүргээд амжсан. Нэг ёсондоо түүний энэ үг өөрийгөө ч, өрөөлийг ч доромжилсон том алдаа байв. “Давхар дээл”-тэй сайд Н.Учрал Малайз Улсын “Лимкоквинг" их сургууль магистрантут  Их Британийн "Глоустершер" их сургуульд магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академид доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан намтартай нэгэн.

АРХАНГАЙ ГУРВАЛ АМЛАСАН ШАГНАЛААСАА БУЦАЖ, НУТГИЙН НЭРЭЭ БААСТСАН НЬ

        Сонирхогчдын боксын спортоос “зодог тайлж”, мэргэжлийн боксын спорт руу урван орсон МУГТ Х.Цэндбаатар өнгөрсөн оны дуулиант тамирчин байв. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар гавьяатынхаа найрыг хийсэн үеэр тус найранд уригдаж очсон Архангай аймгаас сонгогдон гарсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар "Jimmy" машин амлаж байв. Тухайн үедээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Автомашин нь түгжрэлд ирээгүй учир батламж гардуулж байна” хэмээсэн бичлэг нь хүртэл байдаг. Харамсалтай нь, амласан шагналаасаа буцаж, нутгийн нэрээ баастсан.  

         Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Өнгөрсөн хавар байхаа Э.Цэндбаатар найраа хийхдээ нутгийн зөвлөлийнхнийг ирээч гэж урьсан. Бид  .Цэндбаатартай холбоогүй. Архангайнх гэсэн сураг л байсан. Тэгээд уулзсан. Бид нутгийн зөвлөлөөрөө ярилцаад амжилт гаргасан юм чинь унаа тэрэгний асуудалд шийдье гэж тохирсон. Тухайн үед цаг орой болсон байсан болохоор Jimmy гэдэг машины эрхийг "Бридж групп"-ээс авсан. Тухайн үед автомашин нь түгжрэлд ороод бид эрхийн бичиг өгөөд, амлалт өгөөд гарсан. Үүний дараа Э.Цэндбаатар хоёр гурван удаа уулзсан. Мэдээж үүнийг төсвийн мөнгөнөөс шийдэхгүй. Бид шууд аваад өгчихөөр бэлэн мөнгөтэй хүмүүс биш. Ямартай ч эрхийн бичгийг нь гардуулсан. Тэгээд өөрт нь ч хэлсэн. "Нутгийн зөвлөл бол хандив цуглуулдаг юм. Үүнд цаг хугацаа орно. Асуудлыг чинь шийдэж өгнө" гэдгээ хэлсэн. Гэтэл тавдугаар сараас Э.Цэндбаатар хэвлэлээр янз бүрийн юм ярьж эхэлсэн. Миний нэрийг барьж, PR хийлээ гэх мэт. Түүний нэрийг бид яриад яах вэ дээ. Бид мөнгийг нь цуглуулж байгаа. Гэтэл Э.Цэндбаатар болон түүний хамаарал бүхий хүмүүс бид нар руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь ер нь албатай ч биш. Үүрэг байхгүй. Бид "Бридж групп"-т урьдчилгаа 5-10 сая төгрөг өгсөн. Түүнээс залилаад, PR-аа хийгээд байгаа юм байхгүй. Мөнгө нь бүрдвэл Архангай аймагт хэрэгтэй байгаа түргэн тусламжийн машиныг нь аваад өгчихдөг юм билүү гэж ярилцсан" гэх тайлбарыг хэнэг ч үгүй өгч байв. 

ТҮГЖРЭЛ ХАРИУЦСАН САЙДЫН ТВИТТЕР ДЭХ ТЭНЭГЛЭЛ

       Нийслэлчүүдийн "шүдний өвчин" болсон түгжрэлийг бууруулахаар Засгийн газраас сайд томилж, хороо байгуулаад өнөөдөр бахь байдгаараа, тэг зогсолтой хэвээрээ байна. Тэгэх нь байтугай сайдын суудалд суусан гишүүний зан нь хувирч, түгжрэлийн шалтгаанаа ард түмнээс хайгаад эхэлсэн. Хот хариуцсан сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа "Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" хэмээн ажлаа авсан даруйдаа марзан гэмээр, “маанаг” тайлбарыг цахим орчинд нийтэлсэн удаатай.

      Түүгээр ч зогсохгүй түгжрэлийг бууруулахын тулд иргэдийг нийтийн тээврээр зорчихыг үүрэгдэж, “Би жолооны үнэмлэхгүй. Өөрөөр хэлбэл, би машин жолооддоггүй гэсэн үг” хэмээн уурссан байдаг. Түгжрэл хариуцсан сайдын твиттер дэх тэнэглэл үүгээр ч дуусахгүй саяхан Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Түгжрэлтэй чинь бүх л юм уялдах юм. Түгжрэл л гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, эмийн сангийн дата дээр харагдаж байгаа зүйл нь, гэр хороололд эмийн сан маш бага. Манай орон сууцны хорооллууд дунд булан эргээд байдаг. Тэрийгээ бодож хаана эмийн сан байна тийшээ явдаг гэж харагдаж байна гэлээ” гэх мэдэгдлийг хийгээд сууж байв.

ЗАНГИАНДАА “ОРООГДСОН” ДАРГА НАР

        Монголын Улсын ерөнхий аудитор Д.Занданбатын зангианы үнэ нийгэмд багагүй дуулиан дэгдээсэн.  "Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ" нэрээрээ алдаршаад буй АН-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ нүүр хуудсаараа дамжуулсан дүрс бичлэгийн үеэр Д.Занданбат даргын өрөөнд орж, зангианы цуглуулгыг нь асуухад “Би 10-20 мянган төгрөгийн зангиа зүүдэг” хэмээсэн нь олны дургүйцлийг хүргэсэн. Учир нь, түүний ажлын өрөөнд буй зангианууд нь дэлхийн алдартай брэндийн үнэтэй зангианууд байсан юм.

        Д.Занданбат дарга зангиандаа “ороогдож”, хүмүүсийн уурыг хүргэсэн бол зангиа нь аминд нь орсон даргын түүх ч энэ жил болов. Хоёр жилийн хугацаанд намын дарга, тэмдгээ булаацалдсан ч эвээ олоогүй хэвээрээ л байгаа нь Ардчилсан намынхан. Тамга, тэмдгээ хав дарсан гэх С.Эрдэнэ даргыг зангианаас нь боож, татсан хэрэг энэ жил дуулиан тарив. Энэ оны долдугаар сард Ардчилсан намын XIV их хурал болсон. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнэтэй маргалдаж, түүнийг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр ил болж байв. Энэ талаар С.Эрдэнийн өмгөөлөгч “Д.Алтанхуягийн хэргийг шалгаж дуустал хилээр зөрчих хөдөлгөөний хязгаарлаж, С.Эрдэнэ болон холбогдох хүмүүстэй уулзахыг хориглосон. Д.Алтанхуяг санаатайгаар бусдын биед халдахаар завдаж, оймсныхоо түрүүнд хутга хийчихсэн байсан. Мөн С.Эрдэнийг зангианаас нь чирсэн. Энэ нь түүний аминд хүрэхээр завдсан зүйл ангид орж байгаа юм. Зангиа нь тасарсан тулдаа С.Эрдэнэ амьд гарсан” гэх тайлбар өгч байлаа.

“ҮЙЛ ЛАЙ”-Г НЬ Л.ХАЛТАР ҮҮРЧ, ҮҮРЭХ ГАВЬЯАГ НЬ С.БЯМБАЦОГТ ХҮРТСЭН ДАРХАНЫ ЗАМ

        Хамгийн олон сайдын нүүр үзсэн бүтээн байгуулалт бол яах аргагүй Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлд тавьж буй 204 км хатуу хучилттай авто зам билээ. Тэр чинээгээрээ олон ч хүн эрүүл мэнд, амь, амьдрал, эд хөрөнгөөрөө хохирсон. Гэтэл өнгөрсөн намар салбарын сайд нь шинэчлэгдээд л 20 км-ийг ашиглалтад оруулчихсан мэтээр С.Бямбацогт сайд болсон даруйдаа сайрхав. Тэрбээр  “Дархан зам олон нийтийн анхааралд байна. Би сайдын ажлаа аваад 20 гаруй хонолоо. Энэ хугацаанд 20 гаран км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 орчим нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 31-н хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Аравдугаар сар дуустал 40 орчим км замыг хатуу хучилттай болгох төлөвлөгөө бий. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээ замыг нээх боломжтой болно. Туслан гүйцэтгэх компани ажлаа шахуу хийж байна” гээд индэр дээр инээдээ барьж ядан зогсож байгаад мэдэгдэл хийчихсэн.

        Гэтэл С.Бямбацогт сайдыг ингэж мэдэгдэл хийхээс яг сарын өмнө нь салбар хариуцсан сайдынх нь хувьд энэ ажил үйлийн үр байв. Өөрөөр хэлбэл Зам тээвэр, хөгжлийн сайд асан Л.Халтар салбар хариуцаж байхдаа “Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” хэмээж байв.  

АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫН ХЭМЖҮҮР БУЮУ АТАР ТАЛХНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН НЬ

        Дэлхий нийтээрээ ковид-19 гэх халдварт өвчинтэй тэмцэж, түүний дараах эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэлээс гарах  амаргүй оныг энэ жил давлаа.  Монголчуудын хувьд ч аюулт цар тахлын дараах хямралыг давахад чамгүй хүч зарцуулав. Түүнчлэн ОХУ Уркиатай дайн зарлаж, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаан дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөв. Дайны нөлөөгөөр манай эдийн засагт эрсдэл нүүрлэж, хүндхэн цаг үеийн туулж буй. Эдийн засгийн үзүүлэлт хасах руу орж, үнийн хөөргөдөл тэнгэрт хадав.

        Иргэдийн өргөн хэрэглээний хамгийн наад захын хэрэглээ болох Атар талхны үнэ хоёр дахин нэмэгдсэнээр талх таллаж, авдаг хүндхэн цаг хугацаа руугаа эргэн орлоо.

       Өрийн дэвтэр зузаалсан өрхийн төсөв нэмэгдэж, хоногийн хоолгүй хоосон хонох иргэдийн зутруухан амьдрал хаа сайгүй байна. Шатахууны үнэ дахин нэмэгдэж, дизель түлшний хомстол үүсэв. Инфляц хоёр оронтой тоо руу орж, эдийн засаг элгээрээ хэвтсэн цаг үед дулимагдан хүнсээр  дуулиантай цаг хугацааг туйлж буй.

ХОШИН УРЛАГИЙНХНЫ ХОШИН ЖАГСААЛ БУЮУ БИД АЛИА САЛБАДАЙ БИШ

       Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин урлагийн жүжигчдийг хатуухан шүүмжилсэн нь олны анхаарал татаж, гавьяатууд, жүжигчид эсэргүүцлээ илэрхийлж, төрийн байгууллагын гадна жагсаал хийхэд хүргэлээ. Тодруулбал,  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин шогийн жүжигчдийг "алиалагчид" хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн. Үүнтэй холбогдуулан хошин урлагийнхан яамны үүдэнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг уучлал гуйхыг шаардан жагссан удаатай.

       Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч”алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсон төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй" хэмээсэн. Түүний энэхүү байр суурь хошин урлагийнхны эгдүүцлийг хүргэж МУГЖ Н.Онон, МУГЖ Н.Ариунболд нарын жүжигчид ХЗДХЯ-нд ирж холбогдох хүмүүст шаардлага хүргүүлж байв.

       Энэ үеэр МУГЖ Н.Онон "Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ монгол төрийг төлөөлж байгаа өндөр албан тушаалтай хүн өөрийн цахим хуудсанд хошин урлагийнхыг доромжилж болохгүй. Шүүмжилж болно. Доромжилж болохгүй" хэмээн уурсаж байлаа.

        Ийн Хууль зүй, дотоод хэргийн яам, хошин урлагийнхны хооронд багагүй маргаан өрнөж, олон нийтийг талцуулсан ил жагсаал тухайн үедээ чамгүй дуулиан тарьж байв.

АМРЫГ ЭРЬЕ, АМБААРАА ШАЛГУУЛ

        Түүхий нүүрс нөөцөлсөн иргэд амбаараа шалгуулж, түлх түлшгүй автомашины дугуй түлсэн иргэн төрийн эрсэг тэрсэлсэн гэмт хэрэгтэн болох дээрээ туллаа өнгөрсөн жил нийслэлчүүд.

       Амар тайван амьдралын төлөө уриатай цагдаагийн байгууллага айлын амбаар сав шалгадаг ажилтай болж, оны дараахан Улаанбаатарыг угаарыг бууруулах ажилд дайчлагдаж байсан удаатай.

     Тэр бүү хэл салбар хариуцсан сайд нь хотын дээгүүр дрон нисгэж, түүхий нүүрс түлсэн айлд хариуцлага тооцох тухай ч санал гаргаж байв. Төрийн цагдаагаа жагсаалаар нь гаргаад, гудамж бүрийг самнуулан, айл айлын хаалга нүдүүлээд, амбаар савыг нь нэгжүүлж байсан идээтэй юм шиг эмгэнэлтэй түүхийн гэрч нь болсон бид.

”ЯДУУ” УЛСЫН ЗАДАРСАН САЙДЫН  78.2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ЦАГ

      Эдийн засаг нь элгээрээ хэвтэж, иргэд нь элгээ эвхэртэл бүсээ чангалсан цаг үед Ерөнхий сайд нь 78.2 сая төргийн үнэтэй цагаар гангарч, дэлхийд дуулиан тарив. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчлал хийх үеэрээ өндөр хөгжилтэй орнуудыг томчуудын зүүдэг цагийг зүүсэн нь олон улсын хэвлэлүүдийн хараанд өртсөн удаатай.

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Нилс Аннен түүнтэй уулзаж, өөрийн "Твиттер" хуудастаа хамт авахуулсан зургаа байршуулжээ. Улмаар тус жиргээний доор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бугуйн цагийг тус улсын жиргээчид онцолсон байв. Ерөнхий сайдын гартаа зүүсэн цаг нь "Rolex" брэндийн 18 каратын цагаан алттай "Date Just" загварын 23,228 ам.доллар өртөг бүхий байгаа нь олны анхаарлыг татаад амжсан. Тус айлчлалын дуулиан дан ганц Ерөнхий сайдын цагаар тогтохгүй. Айлчлал хийхээр Монгол Улсаас ниссэн цагаас нь эхлээд л олны анхааралд байв. Угтаа бол Хэмнэлтийн тухай хуулиа дагаж, ард түмэнтэйгээ нэг онгоцоор ниссэн Ерөнхий сайдыг айлчлалын багийнхан нь тэр чигт нь “баллаж” орхисон. Улмаар Ерөнхий сайдыг тус улсын  Холбооны Канцлер О.Шольцтой уулзах үеэр нь айлчлалын багт багтсан манай сайд нар зураг авч, бичлэг хийгээд гаднын улсын төлөөлөгч нарын нүдийг орой дээр нь гаргав. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт нар утсаараа зураг дарж, бичлэг хийж буй нь гаднын хэвлэлүүдийн дуранд өртөж, германчуудыг мэл гайхуулсан.

ЦАХИМ “ГҮНЖ”-ИЙН ЦАДИГГҮЙ УЛС ТӨР

       Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ард түмнээ яс, үндэс, мэдлэг боловсрол, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхсан бичлэг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж, сайдын суудлаас буулгах хүртлээ хүчийг авлаа. Түүний хэлснээр бол ЗХУ-д мэргэжил эзэмшсэн дунд үеийн төлөөллүүд Ерөнхий сайдыг улсаа “удирдаж”, ажил хийхэд нь ихээхэн саад болдог юм байх аа. Тэрбээр энэ тухай “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” хэмээн ярьсан нь жилийн дараа дахин сөхөгдөж, сайдын суудлаа хүлээлгэж өгөх хүртлээ дуулиан тарьсан.  Б.Болор-Эрдэнэ сайдын дуулиан дан ганц үүгээр дуусахгүй. “Цахим үндэстэн” нэрийн дор цар тахлын журам зөрчсөн, “И-Монголиа”-г сурталчлах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг урсгасан, мэдээллийн сайтуудыг тандах захиалга өгсөн гэх мэтээр түүнтэй холбоотой баримтууд хөвөрнө. 

         Хамгийн сүүлд гэхэд Боловсролын зээлийн сангаас их хэмжээний зээл авч, түүнийгээ төлөөгүй гэх баримт ч бий. Тодруулбал,  Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ 2016 онд БЗС-гаас 32.000 ам.долларын зээл авч, “Oxford”-д сурсан. Түүний аав Батцэнгэл Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг боловсролын зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үздэг. Түүнчлэн зээлээ хуулийн хугацаанд эргүүлэн төлөөгүй гэх шүүмжлэлүүд улс төрийн карьерыг нь дуусгасан гээд хэлчихэд хол зөрөхгүй.

       Гэвч тэрбээр сайдын суудлаа хүлээлгэж өгөхдөө “Би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугшсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү.  Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ” хэмээн шазуур зуун гарсан нэгэн.

ИХ ХУРЛЫН ДАРГЫН ХИЙРХЭЛ БА ХИЙЦГҮЙРЭЛ

        Төрд хийх ажил нь багадаж, хийрхэх ямба нь хэтийдсэн түшээдээр энэ жил яах аргагүй Г.Занданшатар дарга болов. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон нь дуулиан тарьж, сүүлдээ моодноос гарах хэмжээнд хүртлээ үнэгүйдэв.

УИХ-ын дарга нь ууланд нохойтойгоо очоод л ирэх өвлийн өнгийг “шинжилчихэж” байгаа цахим хаягтаа нийтэлж, хийх ажлаа олж ядаж байгаагаа олонд зарлав. Энэ тухайгаа пэйж хуудастаа “Өглөөний мэнд. Өглөө анхны цаснаар ууланд нохойтойгоо гарч, цагийн байдлыг шинжвээс энэ өвөл хүйтрэх төлөвтэй шүү. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах нь чухал юм байна” хэмээн нохойтойгоо авахуулсан зургаа нийтэлсэн нь олны эгдүүцлийг төрүүлээд амжсан.

       Түүнээс гадна хийрхэл нь хэтийдэж, спикерийн зангаргагүй зангаа олонд мэдрүүлсэн овилгогүй үгс олонтаа унагаасан. Хамгийн сүүлд гэхэд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцдаа “Гурав татаад хандан зүг нь өөрөө тогтог” хэмээн Их хурлын индэр дээрээс хэлсэн нь олны дунд тренд болтлоо хэвшлээ. Энэ мэт бодлогогүй, болчимгүй үгсээрээ УИХ-ын дарга мөн ч олон дуулианы эзэн болов.

ХУРДАН МОРИНЫ ХҮҮХДҮҮДИЙН НУЛИМСТАЙ НААДАМ

         Улсын баяр наадам унаач хүүхдүүдийн нулимстай наадам болж өндөрлөсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулдаг байх хуулийн зохицуулалттай болсон.

       Гэвч Улсын баяр наадмаар морьдоо хөтлөөд, уралдахаар ирсэн хүүхдүүдийн нулимсыг барсан нь нууц юм. Өөрөөр хэлбэл, эрлийз морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахгүй гэх шийдвэр бодит байдал дээрээ хэрэгжиж, зөв хэмжигдсэн эсэх нь эргэлзээтэй наадам болсон. Хурдан морьны комиссоос уяачдыг нь байхгүйд сэрвээний өндрийг өндөр намаар нь бус өнгө үзэмжээр нь  хэмжсэн нь унаач хүүхдүүдийн урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон нь нууц биш юм. Арга аа барихдаа хүүхдүүд “Би яахаараа хасагддаг юм. Надаас өндөр морьтой хүүхэд тэнцчихээд байхад” хэмээн уйлахад нөгөө нь уланд нь халтирахгүй гээд өсгийвч хийсэн нь буруудлаа гээд наадмыг талбайгаас нулимстай буцсан удаатай.

ХУУЛЬЧ Г.БАТБАЯРЫН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ ОХИН

        Хажууд суусан охиныг “Над руу харлаа” гээд цас халуун кофе толгой дээр нь асгасан бичлэг олон хүнийг цочирдуулсан. Улмаар хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл хуульч ааваараа хаацайлуулна гээд уур омгоо багтааж ядсан Б.Ариунзаяагийн кофе асгасан үйл явдал энэ оны онцлох дуулиан байлаа. Бусдын толгой дээр халуун кофе ус шиг асгасан Б.Ариунзаяа энэ тухайгаа тайлбарлахдаа “Энэ бол сенсацлах зүйл биш. Бусдын толгой дээр кофе асгасан нь миний буруу. Гэхдээ хөрчихсөн кофе байсан” хэмээн үл тоомсорлосон юм. Тиймээс МУИС-ийн оюутнууд түүнийг хөөх санал гаргаж, хилийн хориг тавьж байлаа. Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэжээ. Түүний хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст буцаасан байдаг.

ТҮРГЭНИЙ ТЭРЭГ ТҮГЖИРЧ, ТӨРИЙН ӨНДӨРЛӨГ ТАТУУЛАВ

             Хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, үхэл амьдралын заагт тулсан цаг хугацаанд түргэний машин нь тэг түгжрэлд гацаж, аргаа барсан эмч чагнуураа аваад гүйж байгааг нийгэм даяараа харлаа, бид. Гэтэл Төрийн ордноос хөдөлсөн том жийптэй дарга гэртээ харихаар дуут дохиогоо хангинуулаад хамгаалагч нараар “бүчүүлэн” урсгал сөрөөд давхиж байв.

       Ганцхан өдрийн цаснаар нийслэл даяараа тэг зогсолт хийж, дарга, цэргийн ялгаа энэ үйлдлээр илэрхий болсон. Дуут дохиотой, ногоон гэрлээр давхисан тус машин УИХ-ын дарга Г.Занданшатарын албаны унаа болох нь тодорхой болсон. Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр тус автомашиныг Г.Занданшатар дарга унаж яваагүй, өөр хүн унаж явсан гэх тайлбарыг өгч байлаа.

СУРАГГҮЙ БОЛСОН 17 НАСТАЙ ОХИН БА САМАРТ ЯВСАН СЭЖҮҮРЭЭР ХАЙХАА ЗОГСООСОН ЦАГДААГИЙНХАН

       Дархан-Уул аймагт амьдарч байсан сурагч охин энэ оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдсэн байдаг. 17 настай охиныг улс даяар эрэн хайж, цахим орчинд зургийг нь нийтэлсэн. Эрэн хайх ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас самарт явсан гэх сэжүүрээр олдсон мэт ташаа мэдээлэл түгээсэн нь олны цочирдуулсан. Тухайн үед 17 настай Б-г Төв аймгийн Мөнгөн морьт сум руу танилын хамт самарт явсан учир эрлийн ажиллагааг зогсоож байгаагаа цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байлаа.

       Мөн “Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байгаа. Тухайн газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй 2-3 том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.Өдөртөө яваад ирэх боломжгүй 2-3 хонодог, утасны сүлжээ барьдаггүй газар юм билээ. Цагдаагийн байгууллагаас өнөөдөр охины ар гэрийнхтэй уулзаж, нөхцөл байдлыг танилцуулсан. Охиныг хүчээр авч явж ажиллуулж байгаа гэсэн нөхцөл байдал тогтоогүй” гэх тайлбарыг албаны мэргэжилтэн хийж байв.

        Түүнчлэн “Ууланд очиход 7-8 сая төгрөгийн зардал гарна, улсаас ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй” хэмээн эрлийн ажиллагааг зогсоох талаар ярьж байлаа. Гэвч “Самарт явсан нь батлагдаагүй, мөн гэртээ ирээгүй байхад нь ирсэн” мэтээр мэдээлсэн нь  олны шүүмжлэлд өртсөн. Удалгүй Улсын онцгой комисс, цагдаагийн байгууллагаас охиныг авч ирэх ажлыг зохион байгуулсан.

СОШИАЛ  ИНФЛЮЭНСЕР  СОНГУУЛИЙН ХАНШ БУЮУ ХОЁР ТЭРБУМ

         Сонгуулийн үеэр улстөрчид урлаг соёлыг “од”-ууд сошиал орчин дахь инфлюэнсерүүдэд их хэмжээний мөнгө амлаж, сонгуулийн сурталчилгаагаа хийлгэдэг гэнэ. Магадгүй дөнгөж 18 хүрч байгаа шинэ сонгогч нарыг татах, сонгуульд өөрийг нь сонгуулах нэг арга нь энэ юм уу даа.

       Тэгвэл сонгуулийн сурталчилгааны үнэ ханштай холбоотой төгрөгийн ханш “өсөж” сонгогчдын сонголт “үнэгүйдсэн” сонирхолтой тоонууд энэ онд ил боллоо. Тухайлбал, олны дунд реппер BIG GEE нэрээрээ олны танил болсон О.Мөнх-Эрдэнэд нэр бүхий улстөрч сонгуулийн сурталчилгааг нь хоёр тэрбум төгрөгөөр сурталчлах санал тавьсан гэнэ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хаягтаа мэдэгдэж “Уг жагсаалд итгэхгүй байна. Миний хүмүүсийг авч гараад жагссан.

           Би ганцаардаж байна. Надад сүүлийн сонгуулиар хоёр тэрбум төгрөг санал болгосон. Би үгүй гэсэн, харин одоо энэ жагсаалыг зохион байгуулж байгаа зарим хүн ил, далд байдлаар ажилласан шүү. Энэ хүмүүст би итгэж чадахгүй” хэмээн мэдэгдэл хийсэн.

         Түүнчлэн нүүрсний хулгайн хэргийг илчилж хариуцлага хүлээлгэх шаардлага тавьж буй жагсаалын оролцогч жүжигчин У.Цогтбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, 100 сая төгрөг авсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улаан бал нэвтрүүлэгт оролцохдоо. “Хувиасаа өгөөгүй, манай үеэлүүд өгсөн. Би өгөөгүй. Гадаадад урлагийн чиглэлээр ажиллаж, амьдардаг үеэлүүдийн маань зарим нь Австралид амьдардаг. Сoнгyyлийн үеэр ирээд надад хэлсэн л дээ, жүжигчин Цогтоо, Жижгээ хоёрыг хоёр гурван уулзалтанд оруулж, таны сонгуулийг дэмжье гэж. Хоёр гурван уулзалтанд надтай цуг орсон” гэх тайлбар хийжээ.

САНГИЙН ЯАМНЫ СОШИАЛ ДОРОМЖЛОЛ БУЮУ “ӨЛӨН” ИРГЭД

       НӨАТ-ын мөнгөөр иргэд амьдардаг гэх дуулиан дарагдаагүй байхдаа зэрэгцээд Сангийн яамныхан НӨАТ бүртгүүлдэг иргэд өлөн гэж тохуурхсан. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард Сангийн яам, Татварын ерөнхий газрынхны сошиалд цацсан “НӨАТ-ын баримт уншуулдаг иргэн бол өлөн...”, “Өлөн иргэд нь ТҮК-ийнхэн...” гэх агуулгатай видео сурталчилгаа  цацаад даруй устгасан. Гэвч иргэдээ ялгаварлан гадуурхаж, тохуурхсан ил сурталчилгааг цацаад хэдхэн цаг болоход чамгүй олон хүнд хүрсэн байв.

       Харин сурталчилгаанд тоглосон жүжигчид “Тус видеоны текстийг хоёр янзаар авсан. Жүжигчин Намуунаа бид хоёр “Өлөн гэдэг нь онцгүй үг байна” гээд өөр янзаар хэлж, хоёр удаа зурагт орсон. Гэтэл эвлүүлж, монтажлахдаа өлөн гэсэн үгээр хэлснийг нь сонгож оруулсан байна лээ. Яагаад ийм үгтэй хэсгийг сонгосон, нөгөө хувилбараар хэлснийг нь сонгоогүй юм бол гэж гайхаж байна. Видеоны төсөв мөнгө нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Оролцсон жүжигчдийн авсан цалин нууц шүү дээ” гэх тайлбарыг өгч байв.

      “Ул”-ны гэж доромжилсон сайд нь “Өлөн” гэсэн нь үлдсэн нь хэсэгтээ л дуулиан тарьсан удаатай.

Н.ЖАРГАЛБАЯРЫН “АМ АВСАН” НАЧНЫ НАЙРАА

       Начны найраа “улаан цагаандаа” гарч, камерын өмнө наймаалцдаг болсны тод жишээг Үндэсний их баяр наадмын үеэр улсын заан Н.Жаргалбаяр харуулсан.

      Энэ жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын давааны өмнө ам авах үеэр Н.Жаргалбаяр заан өөрийгөө Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч гэж танилцуулсан хүнтэй гар утсаараа ярьж буй дүрс бичлэг телевизээр цацагдсан юм. Тус бичлэгт “Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат байна. Манай аймгийн арслан Э.Нямааг авчих. Тоогоо хэл” гэж ярьсан харилцан яриа олонд ил болсон удаатай.

Улмаар улсын заан Н.Жаргалбаяр аймгийн арслан Э.Нямаад тавын даваанд өвдөг шороодож, начин төрж байлаа. Энэ талаар  АТГ-аас түүнийг шалгасан гэх нь бий. Харин Н.Жаргалбаяр  “Би ам авах гээд сууж байхад над руу танихгүй хүн залгасан. Би утсаа авсан. Утсыг нь таслаад  түүнтэй яриагүй. Тэгээд амаа аваад барилдсан.  Нийтээрээ, нийгмээрээ намайг харлуулсан мэдээлэл сэвээд байна” гэх тайлбарыг өгч байжээ.


ОНЫ ОНЦЛОХ: 2022 ОНЫ ХОРЖООНТОЙ 22 ДУУЛИАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 19:44:29
    Irgen: Сарангэрэл ч арай дэндсээн. Сав нь дүүрээд хальсан. Даварсан Сарангэрэл авгайг ард түмэн байх ёстой байранд нь тавилаа. Удахгүй очих газар луугаа явна биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 09:37:04
    Irgen: Tsahim hugjlin ded saidaa Tom said ni zahialgaar bichuulj umnuh oni bichlegiigg ni zoriudaar myshgin sevej urgodlig ni uguulsun shuu dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 09:37:03
    Irgen: Tsahim hugjlin ded saidaa Tom said ni zahialgaar bichuulj umnuh oni bichlegiigg ni zoriudaar myshgin sevej urgodlig ni uguulsun shuu dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188