• Өнөөдөр 2024-05-04

С.БАЯРЦОГТ БУЦАЖ ИРВЭЛ...

2022-11-25,   1395

         Хоёрхон жилийн өмнө хорих ялтай хэрэгтэн байсан С.Баярцогт улс төрд эргэн ирж байна. Тэгэхдээ бүр, “Ноёны бөх” болоод буцаж ирж буй нь “чшш” гэх нууц биш болчихлоо. Өөрөөр бол, С.Баярцогтыг дахин улс төрд “зодоглуулахаар” зэхэж байгаа “ноён” нь У.Хүрэлсүх гэж ил, далд ярьцгааж байна. У.Хүрэлсүх С.Баярцогтыг зүүний манлайгаас “зодоглуулж”, АН-ыг атгандаа оруулах гэсний зорилго нь ч өнгөн талаасаа тун тодорхой харагдаж буй. Нэн түрүүнд, АН-ыг ирэх сонгуулиар УИХ-д аль болох олон суудалтай болгож өгнө. Ингэсэн нөхцөлд “ач хариулах” зарчмаар “автомат”-аар ажилладаг Төрийн тэргүүний кноп олон болно. Хориг тавих эрхээ эдэлж эхэлнэ гэсэн үг. Дараа нь, Ардын намд ард түмэн итгэл алдарчихаад байгаагаар шалтаглаж, АН-тай эвсэж, Хамтарсан Засгийн газар байгуулах “лобби” хийнэ. Хэрвээ чадвал АН-ын нэрийн доор өөрийн “арми”-аа Засагт оруулна. УИХ-д АН, МАН-ын нийлсэн олон кноптой, Засагт олон төлөөлөлтэй болсон цагт У.Хүрэлсүх улс төрийг утгаар нь эрхшээнэ гэсэн үг.  
 
Тэгвэл одоо У.Хүрэлсүх яагаад заавал С.Баярцогтыг сонгосон юм бол гэж бодоод үзье. Нарсанд суух гэж байхад нь хэргүүдийг нь хааж, наймаалцах хялбар байсан байж болно, шалтгаан мөн. Дээрээс нь, У.Хүрэлсүх, С.Баярцогт хоёр нэг насны зөрүүтэй, нэг Засгийн газарт хоёр ч удаа тохой нийлүүлж байсан, нэг нэгнээ сайн мэднэ. Нам дотроо 80-аад оныхондоо шахагдаж байгаа учраас нас чацуутан хамтрагч хайсан гэж харвал энэ ч бас шалтгаан мөн. Гэхдээ У.Хүрэлсүх С.Баярцогтыг “бамбай”-гаараа сонгосон нь улс төрийн илүү том зорилготой байж болохыг тайлбарлая. С.Баярцогт 2014 онд “Ер нь бол бүх намуудыг тараагаад, дахин шинээр байгуулах ёстой. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч ийм байр суурьтай байдаг. Яагаад гэвэл манайд намууд анхнаасаа сонгодог утгаараа байгуулагдаагүй” гэх агуулгатай ярилцлага өгч байлаа. Өөрөөр бол, С.Баярцогт намын харьяалал харгалзахгүй нөхөрлөж, хувийн бизнес, хувьсгалын ажлаа зэрэг явуулдаг арга барилтай, тэгж ч ажиллаж ирсэн. Тэр ч утгаараа АН, МАН-ын аль эрх мэдэлтэй, эдтэй гэсэн томчууд, тэр байтугай намд харьяалагдах бүү хэл, нам харьяалах хүртлээ томорцгоосон “бизнесийн бүлэглэл”-үүд ч С.Баярцогттой холбоо хамааралтай байж ирсэн.
 
        Товчхондоо, У.Хүрэлсүх С.Баярцогтыг АН-ын дарга болгох замаар улс төрд эргэн оруулж, улмаар АН, МАН-ын, бүр МАНАН-ийн томчуудыг тугандаа нэгтгэх нэг зорилготой гэж харагдаж байгаа юм. Нам доторх 80-аад оныхон нь хэт хавчаад байгаа учраас АН, МАН-ын “нууц ноёд”-ыг нэгтгэх замаар “алдагдсан” эрх мэдлээ эргүүлж авъя гэж бодсон байж болох гэсэн үг шүү дээ. 
 
Тэгвэл С.Баярцогт урьд нь улс төр, бизнесийн томчуудтай хэрхэн хоршиж ирснийг хэдэн жишээгээр харуулъя. 

С.БАЯРЦОГТ БА “М СИ ЭС”-ИЙНХЭН

       С.Баярцогт “М Си Эс”-ээр “овоглодог” МАН-ынхантай холбоо хамаарал тун зузаан. Жишээ нь, С.Баярцогт “М Си Эс”-ийн барьсан тансаг зэрэглэлийн “Белла Виста” хотхоноос хүү Б.Гомбо-Эрдэнийнхээ нэр дээр нэг орон сууц, өөрийнхөө нэр дээр нэг таун хаустай болсон. Гэхдээ нийт 2.0 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх энэ үл хөдлөх хөрөнгүүдийг "М Си Эс"-с ямар замаар өөрийн болгосноо тайлбарлаж чадаагүй гэдэг. Улмаар хууль хяналтынханд удтал шалгагдаж, хураалгах дээрээ тулаад хэрэг нь цагаадсан байдаг. 
 
      Цаашилбал, “М Си Эс”-ийн нэг төлөөлөл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Белла Виста” хотхоны таун хаусын 12 тоотод, С.Баярцогт 14 тоотод нь амьдардаг байсан бөгөөд тэд нэг гэрийн үйлчлэгчтэй байсан гэх. Энэ тухай тэдний гэрийн үйлчлэгч байсан О.С гэх эмэгтэйн шүүхэд өгсөн мэдүүлэг бий. Мөн С.Баярцогт, “М Си Эс”-ийн бас нэг төлөөлөл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “АПУ”-гийн П.Батсайхан нарын дундын эзэмшлийн сан бий. “М Си Эс”-ийн өөр нэг төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай хамтран эзэмшдэг ТББ ч байдаг. 
 
"АПУ", “М Си Эс”-ийнхэн ингэж нийтээрээ С.Баярцогтод “талтай” гэж харвал, Сү.Батболдынхон ч түүнийг цаашаа гэхгүй нь лав. 
 

С.БАЯРЦОГТ БА МАН-ЫН “МӨНГӨНИЙ МАШИН” Б.ДЭЛГЭРСАЙХАН

     МАН-ын “мөнгөний машин” гэгддэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт хоёрын холбоо хамаарал бүр ч эртнийх. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт хоёр оффшор дансны хэргээрээ олон нийтэд хамт чичлүүлж байлаа. Дараа нь С.Баярцогтын Оюутолгойн буюу “Айвенхоу майнз”-ын хувьцаатай холбоотой хэрэг дэлгэгдэх үед Б.Дэлгэрсайхан Швейцарын Прокурорын газарт хамт шалгагдаж байв. 
 
     Тэднийг Оюутолгойн хувьцаа хэрэгт хамтарсан байж болзошгүй гэж үзэх баримтууд ч байсан юм билээ. Шүүхийн тогтоолоос эш татаж, товч тайлбарлавал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнөхөн буюу 2008 оны есдүгээр сард С.Баярцогтын оффшор бүсэд бүртгэлтэй данс руу 8.2 сая евро шилжүүлжээ. С.Баярцогт үүнээс жилийн дараа буюу 2009 оны наймдугаар сард “Авенхоу майнз”-ын 150 мянган ширхэг хувьцааг 1.2 сая ам.доллароор худалдаж авсан. Удалгүй Оюутолгойн гэрээ байгуулагдаж, “Авенхоу майнз”-ын хувьцаа өсөж эхэлсэн. Улмаар зургаан сарын дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард С.Баярцогт 150 мянган ширхэг хувьцаагаа 2.7 сая ам.доллароор зарж, хувьцааны өсөлтийн зөрүүнээс 1.3 сая ам.долларын ашиг олсон. Ингээд С.Баярцогт Б.Дэлгэрсайханы Швейцарь дахь данс руу авсан мөнгөө буцааж шилжүүлсэн гэдэг. Товчхондоо, энэ ноцтой сэжүүрээр Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт нар Швейцарын прокурорт хамт шалгагдсан. Б.Дэлгэрсайханы тухайд дээрх мөнгийг зөвхөн зээл байсан гэж тайлбарласан бөгөөд С.Баярцогттой өмнө нь ч мөнгө өгөлцөж, авалцдаг байснаа хүлээсэн. Жишээ нь, Б.Дэлгэрсайхан С.Баярцогтын эхнэрийн “Товхон хан” компаниас тариа будаа зээлээр авч, төлбөрөө увуулж, цувуулж өгдөг байснаа мэдүүлсэн байдаг.
 
Энэ өнцгөөс харвал, С.Баярцогт “мөнгө зээллээч” гэхээр нь 8.2 сая евро жишим ч үгүй шилжүүлж байсан Б.Дэлгэрсайхан одоо ч түүнд “үгүй” гэж чадахгүй биз. 

С.БАЯРЦОГТ БА “АНОД”, “МОННИС”, “АЭРО МОНГОЛИА”-ГИЙН НУУЦ НОЁН Х.ДӨЧИНТАВ

       Богдхан уулын Нүхтийн амны дээд үзүүрт “Гачуурт”-ын Л.Чинбат, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Х.Дөчинтав нар нийлж, нийт есөн ширхэг тансаг байшин бариулжээ. Орчныхоо тохижилтын газар шорооны ажлыг “Гачуурт”-ын Л.Чинбат, цахилгаан, ус, дулаан татах ажлыг Х.Дөчинтав гэх мэтээр хамтарцгаажээ. Гайхмаар нь, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар байшингийнхаа гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр биш Х.Дөчинтавын нэр дээр гаргуулжээ. Тухайлбал, С.Баярцогтын байшинг Х.Дөчинтавын нэр дээр, Ч.Сайханбилэгийн байшинг Х.Дөчинтавын төрсөн эгчийн хүүхэд н.Эрдэнэбаярын нэр дээр гаргуулсан байгаа юм. 
 
     Х.Дөчинтав гэгч нь хэн бэ гэхээр, С.Баярцогтын 1996 онд Германд хамт сурч байсан, өдий болтлоо хувь, хувьсгалын ажлуудаа хамт бүтээлцэж яваа дотнын найз нь. Ямар сайндаа л С.Баярцогт 850 саяын хаусаа хэл амнаас нуухдаа найз Х.Дөчинтавынхаа нэр дээр бүртгүүлэх вэ дээ. Тэгвэл С.Баярцогтын сайн найз Х.Дөчинтавын хувьд уул уурхай, банк санхүүгийн салбарыг хослуулсан, зартай нэгэн.
 
    Тухайлбал, алдарт Анод банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж ирсэн. Уул уурхайн салбарын “акул”-уудын нэг “Моннис интернэшнл”, агаарын тээврийн “Монголиан эйр транспорт групп”-тэй хамтран “Аэро монголиа” ХХК-ийг эзэмшиж ирсэн. “Аэро Монголиа”-г мэдэхгүй хүн үгүй биз. Цааш нь хөөвөл, Ардын намын хамгийн хөрөнгөлөг гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай ч холбогдох. Тухайлбал, Ц.Цэрэнпунцагийн “Аспайр майнинг”-ийн Монгол дахь “Хургатай хайрхан” ХХК-ийг Д.Ачит-Эрдэнэ гэх залуу удирддаг. Тэгвэл Д.Ачит-Эрдэнэ, Х.Дөчинтав нар “Ар Ай Ви” ХХК-ийг хамтран эзэмшдэг байгаа юм. Мөн Х.Дөчинтав Ч.Батмагнай гэгчтэй хөрөнгө оруулалтын “Сод аллокейшн” компанийг эзэмшдэг. Ч.Батмагнайн бизнесүүд нь У.Хүрэлсүхийн төрсөн дүүтэй холбогддог. Гэх мэтээр С.Баярцогтын найз Х.Дөчинтавын бизнес нам, бүлэглэл дамжин үргэлжилнэ. 
 
Товчхондоо, С.Баярцогт нам харгалзахгүй хэрсэн энэ холбоо, хамаарлаа "хэргээ хаалгах", улс төрд эргэх орох "нууц хөзөр" болгож, тэр нь ч Төрийн тэргүүнд таалагдсан байж болох.
 

С.БАЯРЦОГТ БУЦАЖ ИРВЭЛ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 09:18:37
    Зочин: Энэ 2 том намын даргаар УУГУУЛ монгол хүн л бх зөв мэт....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 08:21:04
    Галаа: Аймаар Хүрэлсүх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 20:44:17
    МоАХ: баярцогтыг зайлуулсан цагт нүүрсний хулгай нар зохих ялаа авна гэдгийг логикоор ойлгохгүй байна уу?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 18:06:22
    Nuursnii hulgai: Nuursnii hulgaigaa yariachee, hudlaa sedev uurchluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 16:06:28
    ургамал: ...АН-н гишүүд бүгд намаас гарч баттулгын намд элсэн орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 15:23:23
    инээдтэй: БАЯРЦОГТ - улс төрд хэрэггүй. Хэнд ч хэрэггүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188