• Өнөөдөр 2024-05-07

УИХ-д ногоон гэрлээр "нэмэгдэж" буй Э.Батшугар, Ц.Идэрбат нарын хэн нь хэн бэ

2021-10-18,   493

              УИХ-ын хоёр тойрогт нэмэлт санал хураалтын дүнгээр УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар үнэмлэхүй ялалт байгуулсан бол 18 дугаар тойрог, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат олонхийн санал авав. Ингэснээр МАН парламентад хоёр суудлаа эргүүлэн авч, 63-уулаа төрийн эрхийг барих боллоо. Нөхөн сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулж, УИХ-д ногоон гэрлээр “нэмэгдэж” буй МАН-ын нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нарын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулж байна.
 
СОНГИНОХАЙРХАНЧУУДЫГ ТӨРД ТӨЛӨӨЛӨХ Э.БАТШУГАР ГЭЖ ХЭН БЭ

 
     Намын тохироогоор нөхөн сонгуульд нэр дэвшсэн гэх шүүмжлэл дагуулсан нэр дэвшигч Э.Батшугар нь улстөрч аавынхаа дэмжлэгээр улс төрд орж буй. Түүнийг олон нийт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрбээр 1987 онд төрсөн, санхүү, эдийн засагч мэргэжилтэй. АНУ -ын Калифорни мужийн ахлах сургуулийг дүүргээд Массачусетс мужийн Уолтхэм дэх Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан амжилттай төгссөн байна.
 
Ажлын гараагаа АНУ-аас эхлүүлж, “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банканд гурван жил ажилласан гэдэг. 2008 онд эх орондоо ирж Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр гурван жил ажилласан.
 
Эх орондоо ирсэн даруйдаа тэрбээр тухайн үед намын нэрээ сэргээж байсан МАХН-д элсэн орсон. 2011-2012 оны аравдугаар сар хүртэл МАХН-ын VI бага чуулганаас МАХН-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, МҮАН-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, МАХН-ын АШЁМЗХ-ны дэд тэргүүн зэрэг албыг хашжээ.
 
Одоо МАН-ын бага хурлын гишүүн болон МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Энхбаярын Батшугарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
  •  Нийт орлого: Жилийн 92.6 сая төгрөгийн орлоготой
  •  Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
  • Орон сууц, барилга: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200 загварын автомашин болон, Yamaha fzr загварын нэг мотоциклтой. Нийт 236 сая төгрөгөөр үнэлэгдэх аж.
  • Хадгаламж: 162  сая төгрөг
  • Зээл: Хоёр тэрбум
  • Хувьцаа: 17 компанид хувьцаа эзэмшдэг.
ХЭНТИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ПАРЛАМЕНТАД  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛЫГ НӨХНӨ

 
        Аймгийн Засаг даргаас Их хурлын гишүүнээр сонгогдож буй Ц.Идэрбат нь өнгөрсөн хугацаанд тойргоо усалж, сонгогчидтойгоо ойрхон ажилласны үр дүнд Хэнтийчүүд дэмжлэг авч Их хуралд суухаар боллоо.
Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй нэгэн аж.
    Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна. Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлагыг нь харвал Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
 
Ц.Идэрбатын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна
 
•         Нийт орлого: 22 сая төгрөгийн жилийн орлоготой
•          Гэр бүлийн жилийн орлого: 40 сая төгрөг
•         Орон сууц, барилга: 266 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй,
•         Тээврийн хэрэгсэл: 24 саяын машинтай,
•         Мал аж ахуй: 80 саяар үнэлэгдэх малтай,
•         Хадгаламж: 15 сая төгрөгийн хадгаламжтай,
•         Зээл:104 сая төгрөгийн зээлтэй аж.
 

УИХ-д ногоон гэрлээр "нэмэгдэж" буй Э.Батшугар, Ц.Идэрбат нарын хэн нь хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188