• Өнөөдөр 2024-04-30

“БААВГАЙ БОЛОХ СОН” КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОСОН Ү.БАТЦООЖ: Жүжигчин болох хүсэл мөрөөдлийн минь суурь энэ киногоор тавигдаж байгаад баяртай байна

2023-12-29,   3486

             “Баавгай болох сон” гэнэ. Үнэхээр л манайх шиг утаа униартаа хучигдсан тэсэхэд бэрх хүйтэн өвөлтэй оронд баавгай л болмоор. Өвөл болохоос л айдаг, “Энэ өвлийг яаж давна даа” гэж зүрхшээдэг гэр хорооллынхон, тэр дундаа нимгэн нойтон хувцастай хүүхдүүдийн хувьд өвөл цаг бол хүнд сорилт. Юун тухтай хичээлээ хийж, онц сурах тухай бодох. "Яаж дулаахан явах уу", "Гэртээ хэрхэн дулаахан суух уу", "Маргаашийнхаа нүүрсийг яах вэ" гэсэн бодол л тойрох. Аргаа барахдаа л баавгай байсан бол ичээндээ орчихмоор байвч хүн учир тэгэх боломжгүй. Ямар нэгэн аргаар амьдрахын тулд тэмцэхээс өөр сонголтгүй. Энэ л санааг хэлэхээр, ийм л бодит амьдралын тухай харуулахаар найруулагч П.Золжаргал, түүний баг хамт олон "Баавгай болох сон" киног бүтээжээ. Дүн өвлийн хүйтнээр гэр хорооллын гудамж, сургуулийн танхим гэх цэгүүдэд зураг авалтаа авч бэлэн болсон энэхүү бүтээл Монгол Улсаас анх удаа Каннын кино наадамд шалгарсан байна.

       Энэ талаар найруулагч П.Золжаргал “Би өөрөө гэр хороололд өссөн. Одоо ч гэсэн гэр хороололд амьдардаг. Утаа манай улсад тулгамдаж байгаа гол асуудал. Ингэхдээ гэр хорооллынхныг санаатайгаар нүүрс түлж, хотоо хордуулж, утааг үүсгээд байгаа юм шиг ойлгож, ярьдаг. Энэ байдал миний эмзэглэлийг төрүүлсэн. Иймээс киногоороо дамжуулан 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Хүү хэдийгээр асар том мөрөөдөлтэй боловч өдөрт нэг шуудай нүүрсний төлөө хэрхэн хичээж зүтгэж байгаа тухай зохиол бичсэн минь ийм сайхан бүтээл болж  Каннын кино наадамд шалгарсанд их баяртай байна. Би киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвөл бичиж эхэлсэн. Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын Urban Sales компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусаж байна” гэсэн юм.

       Ийм л нэгэн хүсэл мөрөөдөл дүүрэн найруулагч баг хамт олноо аваад тун удахгүй Франц Улсыг зорьж, Каннын том наадамд оролцоод, дараа нь эргэн ирж үзэгчдэдээ киногоо нээх аж.  Бид  “Баавгай болох сон” бүтээлийн хамт олны хэвлэлийн бага хурлын үеэр баярыг нь хамт хуваалцахаас гадна тус кинонд гол дүр бүтээсэн дөрвөн хүүхдийн хамгийн том ах нь буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Ү.Батцоожтой ярилцсаныг хүргэж байна.

-КИНОНД ХАМТ ОРОЛЦСОН ДҮҮ НАРТАЙГАА АХ, ДҮҮС БОЛЧИХСОН, ХОЛБООТОЙ БАЙДАГ-

-“Баавгай болох сон” бүтээл нь Каннын кино наадамд шалгарсанд баяр хүргэе. Анх энэхүү киноны дүрд хэрхэн шалгарч байв. Яагаад дүрийн сонгон шалгаруулалтад оролцох болсон юм бэ?

             -Баярлалаа. Миний хувьд багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй, кинонд тоглохыг хүсдэг байлаа. Тэгээд энэхүү кинонд тоглож мөрөөдлийн минь эхлэл тавигдсанд баяртай байна. Мэдээж тухайн үед олон хүүхэд киноны дүрийн сонгон шалгаруулалтад шалгуулж байсан болохоор өөрийгөө тэнцэнэ гэж төдийлөн бодоогүй. Зүгээр л шалгуулаад очье гэдэг байдлаар очсон л доо. Тэгсэн чинь гол дүрд нь тэнцсэн. Тэнцсэн мэдээгээ сонсоод их гайхаж, баярласан.

-Юугаараа ялгарч, онцгой байж “Баавгай болох сон” киноны гол дүрд тэнцсэн гэж бодож байна вэ. Энэ тухай киноны уран бүтээлчид өөрт нь хэлсэн үү?

          -Үзэл бодлоороо арай илүү байсан байх. Тухайн үед мөн асуулт асуусан л даа. Тэгээд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хэлж ойлгуулаад, илүү нээлттэй байсан минь нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

-Өмнө нь киноны дүрийн сонгон шалгаруулалт зарлаж байхад очиж шалгуулж байв уу?

       -Үгүй ээ, энэ анхны очиж шалгуулсан кино.

-Анх удаа кино зураг авалтад ороод, зургийнхаа ард гарчихлаа. Бодож, төсөөлж байснаас ямар санагдсан бэ?

         -Бодсоноос хэд дахин хэцүү байсан. Эхэндээ юу ч мэдэх зүйл байхгүй, их хэцүү байсан. Тэгээд уран бүтээлч ах, эгч нар минь зааж, зөвлөөд, мэдэхгүй, чадахгүй зүйлд тусалж, дэмжсэн. 20 гаруй хоногийн дараагаар овоо учраа олоод бараг мэргэжлийн жүжигчин шиг л болсон байсан. Би жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байсан болохоор кино зураг авалтад орж үзэхийг мөрөөдөж, бүр төсөөлж боддог байсан. Түүнээс бол огт өөр, бэрхшээлтэй байсан ч ах, эгч нарынхаа ачаар давж

-Өвлийн хүйтэнд гэр хорооллын орчинд киноныхоо зургийг авсан болохоор даарахаас эхлээд багагүй бэрхшээл байсан байх?

        -Бараг бэрхшээл байгаагүй дээ. Зураг авалтын үед арын албаны ах, эгч нар минь аль болох дааруулахгүй, өлсгөхгүй, ядраахгүй гэж хичээж ажиллаж байсан болохоор даарч хөрөх бэрхшээл байгаагүй. Харин ч дуртай зүйл минь учир гоё байсан.

-Кинонд гурван дүүтэй ахын дүрд тоглосон байна. Айлын том хүүхэд үү?

               -Тийм ээ, хоёр дүүтэй айлын том. Тийм болохоор том хүүхдийн дүр надтай их ойр байсан. Одоо бол кинонд хамт оролцон тоглосон дүү нартайгаа ах, дүүс болчихсон холбоотой байдаг. Кино зураг авалтын турш байсан болохоор төрсөн дүү нар шиг минь л санагддаг. Хамгийн бага дүү болох Гаригийн дүрд тоглосон П.Батмандах дүү минь ирснээс хойш бол инээд тасраагүй. Дүү минь биднийг байнга хөгжилтэй байлгаж, инээд бэлэглэдэг.

-Киноны гол дэвшүүлж байгаа санаа нь утааг арилгахад бага ч болов гарч шийдэл хайх, гэр хорооллынхон л утааг үүсгээд байна гэж нэгэн рүүгээ асуудлыг түлхэж суухаас илүүтэй хамтдаа яаж асуудлыг шийдэх вэ гэдэг санааг “Баавгай болох сон” киногоор дамжуулан хэлж байгаа юм байна. Чиний хувьд утаа, агаарын бохирдлын талаар ямар бодолтой байдаг вэ?

           -Өмнө нь бид төдийлөн утааны талаар тусгайлан бодож байгаагүй. Бусдын л адил “Утаа арай л их байна” гэж асуудалдаа шаналж явснаас түүнээс хэрхэн гарах арга замыг боддоггүй байсан. Харин “Баавгай болох сон” кинонд тоглож, зохиолч, найруулагчийнхаа хэлэх гэж байгаа санааг ойлгосноор “Үнэхээр бид чинь хамтдаа энэ утаа гэх асуудлаас хэрхэн гарах, утааг хэрхэн арилгах талаарх шийдлийг олох нь зөв юм байна шүү” гэж бодсон.

-Постерийн зураг дээрээс харахад утааны асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн арга замаа хайж яваа дөрвөн хүүхэд байгаа юм байна гэж таамагласан. Киноныхоо үйл явдлаас багахан хуваалцаж болох уу?

         -Утаа, Монгол Улсын өнөөгийн нийгэм ямар байгаа, тэр дундаа хүүхдүүд энэ асуудлуудад хандаж, гарц гаргалгаа хайж байгаа талаар л гарна даа.

-“Баавгай болох сон” кинонд тоглосноор жүжигчин болох хүсэл нь улам нэмэгдсэн болов уу. Мэргэжлээ хэдийнэ сонгочихсон уу?

         -Тэгсэн, одоо бол эргэлт, буцалтгүй жүжигчин мэргэжлийг сонгоно гэж бодож байгаа. Ийм сайхан уран бүтээлээр эхний сууриа тавьж байгаадаа үнэхээр их баяртай байгаа. Намайг гол дүрээрээ сонгон авч, баг хамт олныхоо нэг болгож, зааж, зөвлөсөн уран бүтээлч ах, эгч нартаа баярлалаа гэдгээ мөн хэлмээр байна.

-Баярлалаа. Мундаг сайн жүжигчин болоорой.

-Баярлалаа.

    “Баавгай болох сон” кино олон ч хүний сэтгэлийн дэм байгууллага, хамт олны дэмжлэгээр бүтсэнийг уран бүтээлчид мөн онцолж байлаа. Мөн Соёлын яамнаас ерөнхий продюсер, ерөнхий зураглаачийн Каннын кино наадамд явах зардлыг гаргахаар болсон байна. Харин одоо гол дүрийн гурван хүүхдийн кино наадамд явах зардалд хамтрах байгууллага, газрыг хайж байгааг мөн дуулгаж байсан юм. “Баавгай болох сон” кино  хүнд бэрх өвлийн хүйтнийг гэр хороололд амьдардаг хүсэл мөрөөдөл дүүрэн хүүхдүүд хүслээ биелүүлэн хичээлдээ сурч, илүү өөрийгөө хөгжүүлмээр байв ч өвлийн хүйтэнд түлэх нүүрс, уух ус, хоногийн хоол, дулаан хувцас гэх зүйлсэд анхаарал хандуулж, хамаг сайхан цагаа хөгжилгүй хотынхоо золиос болон өнгөрүүлж, хичээлээ хийхээс илүү хэрхэн өвлийг давах вэ гэсэн асуудалтай нүүр тулж явааг Каннын кино наадам хүртэл дуугарч чаджээ. Тэдэнд амжилт хүсье.


“БААВГАЙ БОЛОХ СОН” КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОСОН Ү.БАТЦООЖ: Жүжигчин болох хүсэл мөрөөдлийн минь суурь энэ киногоор тавигдаж байгаад баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-25 00:45:56
    Найзын ээж: Миний дүү хүсэл мөрөөдөл дүүрэн жүжигчин болоорой амжилт хүсье ээ мундаг ухаантай хүү шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-25 00:45:47
    Найзын ээж: Миний дүү хүсэл мөрөөдөл дүүрэн жүжигчин болоорой амжилт хүсье ээ мундаг ухаантай хүү шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-02 10:32:46
    Jigjidsuren tugsbileg : Bayar hurgie,amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-18 14:46:37
    zochin: Mongoliin niigemd baigaa xamgiin tom xund asuudliig kinondoo mash tod tomruun todorxoi durselj gargajee Nairuulagch busguidee amjilt xusie Kanniin kino naadmaas shagnal avaad ireerei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-18 09:45:09
    irgen: mongolchuudiin amidral ih sonin, hetsuu sanagdsan bh, delhiin tom kinochid niited baihgui, iim ontslog amidraliig olj harahiig zoridog bolson. hogjiltei ornuudiin amidralaas zalhsan geh uu dee, kkkk. gehdee yaay gehev, bidnii baij bga tsarai iim l hoino. Ta nart amjilt husye.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188