• Өнөөдөр 2024-05-19

“ГАЛТ ШУВУУ” ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ

             Шаналж, шархалж, итгэл найдвараа эвдэж хэмхлүүлж, зүрх сэтгэлээ юу ч үгүй сийчүүлсэн Саран эмэгтэйг магад бид хэзээ ч мартахгүй байх аа. Үнэндээ юугаа ч нуулгүйгээр, өөртэйгээ тэрсэлдэн ярих түүний зовлон шаналал насаар арай бага, ердөө гомдол тунирхалдаа л дийлдчихдэг хариугүй турьхан сэтгэлтэй надад хүнд туслаа.

           Тэр ч мөн над шиг байхдаа ийм л эмзэг зүрх сэтгэлтэй охин явсан байх. Тиймээс би ч ялгаагүй, ирэх өдрүүдийн аль нэгэнд эмэгтэй хүний үүрэх ёстой, угаас үүрдэг тэр данхайсан том ачааны тэнгээс хуваалцан өргөж, их, бага хэмжээгээр хүртэнэ дээ гэж бодохоор харин ч сэтгэлээ онгойтол, бүр хамгаа дэлгэн ярьсанд нь баярлаж, түүгээр дамжин олон эмэгтэйн шаналал зовнил бага ч болов тайтгарсан болов уу гэж санана. Гэхдээ зовлон гуниг, тэсвэр тэвчээр, уучилж, өршөөхийн ачаа хүртэл хэмжээтэй. Хараалгаж, муухайгаар хэлүүлж, бие, сэтгэлийн хүчирхийлэлд өртсөн мөртлөө тэсэж, тэвчиж, хайрлах ёстой, даваад гарна даа гэж зүтгэвэл амьд мөртлөө үхсэнээс ялгаа юун.  

           Тиймдээ ч жүжиг эхлэхэд  “Үхсэн хүн юм ярина гэж байх уу, би харин овоо ярьж байгаа биз дээ” гэж хөвөн цагаан үүр мэт зүйлийн дотор авчран хийсэн өнөөх гэрэлтэйгээ Саран ярьж сууна. Тэр өөрийгөө үхсэн мэтээр бодож байгаа нь тэр л дээ. Эл жүжигт Саран өөрийн доторх сэтгэл зүрхээ хажуудаа авчран суулгаж, хань бараа татаж, түүнтэйгээ зовлон гунигаа хуваалцан суугаа юм. Хүн дотоод сэтгэл рүүгээ өндийж, сэтгэлээрээ хань хийж, түүнд бүхнээ уудлах үе байдгийг төлөөлүүлж байгаа мэт. Эцсийн эцэст өөрийн сэтгэл л хамгийн үнэнч нь бөгөөд тэр хэзээ ч хуурч мэхэлж, урвахгүй.

             Саран хэсэг галзуу мэт авирлан суухуйд гэнэт хачин муухай орилох чимээ гарах нь өнөөх сайн найз сэтгэлийн чимээ. Чимээ гарах төдийд л Саран хананд өлгөөтэй алх ч юм уу камер шиг зүйл рүү харснаа “Ямар ч чимээ гараагүй, энд надаас өөр хэн ч байхгүй” гэж сандарна. Тэгснээ өнөөх цагаан үүр рүүгээ эргээд “Би чамд хэлсэн биз дээ, битгий чимээ гаргаад бай” гэж учирлах аядана. Ийн бөмбөгнөж, нааш цааш сандран гүйж байснаа хаанаас нь гэнэт гараад ирэв гэмээр зоригтойгоор “Үгүй ээ, би түүнээс айх юу байна, би эрчүүдээс айдаггүй” гэж чангахан хэлээд түүндээ ихэд онгирч, инээнэ. Хормын өмнө хэнээс ч юу ч гуйхгүй бардамхан байсан эмэгтэй нүдэн дээр хорчийн унах навч мэт өчүүхэн нэгэн болж, “За манай найз байгаа юм  аа, чи түүнийг арай л дэндүүлж орхиж. Гэхдээ би түүнийг авчраагүй, тэр өөрөө энд ирсэн” гэж арай ядан өгүүлнэ. Тэгснээ өнөөх гэрэл дээрээ очоод “Хүүх, чамайг хэн ингээ вэ, би гарч ажил хийгээд чамд эм авчирч өгье” гээд цүнхээ үүрч, улаан өсгийт хөлдөө өмсөн, таазнаас өлгөсөн уруулын будагнаас түрхэж аваад л гарч одно. Тэр өөрт байгаа авьяас, чаддаг мэддэг бүхнээ харуулж, шалгуулж, ажил хийж, найздаа эм авахыг чин сэтгэлээсээ хүссэн ч амьдрал бидний, тэр дундаа эмэгтэй хүний бодож байгаа шиг ариун шударга, хиргүй тунгалаг зүйл огт биш. Ажил олгогч нар түүнээс мэргэжилтэй байх, үгүй бол өөрсдийг нь зугаацуулах гэсэн хоёр сонголтыг л өгнө. Арга эвийг нь олж, аятай байя гэвч эцэст нь ажил ч үгүй хэн ч биш болж хаягдаад өнөөх өвдөн шаналж, тэсвэрээ алдаж буй сэтгэл дээрээ ирнэ. Хүн мөн чанартаа өөртэйгээ л үлддэг.

            Бүхнийг тэсэж тэвчиж, үгийн муухайгаар “балбуулсаар" байгаад бие нь өвддөг болсон Саран гэнэт өвдөж, хамаг бие нь дагжин чичрэхдээ “Хэн нэгэн надад тусалж, эм авчирч өгөөч” гэхэд хэн ч түүнд эм авчирч өгөхгүй.  Гагцхүү өнөөх сэтгэл нь л түүнийг дулаацуулж, эдгээдэг. Тэгэхдээ тэр сая нэг сэтгэлийн илч дулааныг мэдэрч, сэтгэлээрээ дахин босож ирэх боломжтойг ухаарна. Тэгээд түүнээс "Хайрыг үзэн ядах хэрэгтэй, хайр гэж байдаггүй юм, бүгд хуурамч, яг энэ хоосон чанар ертөнцтэй адил" гэхэд, өнөөх гэрэл "Хайр байдаг" гэж хариулна. Энэ хорвоогийн хамгийн сайхан, магад тийм сайхан зүйл байдаг болохоор л хүмүүс амьдардаг хайр гэгч зүйлийг байхгүй гэж итгэсэн, хайраас халширч хоргодох юу ч үгүй болсон гэхээр түүнд чухам юу үлдсэн юм бэ гэж үзэгчийн хувьд өмнөөс нь шаналж, хүнийг бид ийм болгодог гэж үү гэж сэтгэл өвдөн үзсэн.

                    Гэхдээ Саран өөрт нь итгэл өгөөд буй өнөөх гэрлийн "Хайр байдаг" гэх үгэнд багахан ч болов тайвширдаг ч түүнийг сэтгэлтэй нь хамт эмтэлж, эвдэлж, сэглэсэн өнөөх муухай хүчирхийлэл гэгчийн хүч илүүтэй нөмөрлөж, юуг ч давж гарах хүчгүй болгоно. Хүнийг, хүний сэтгэлийг муу муухай зүйлээр ороож, идэж, шимэгч хорхой шиг шимэхээр түүнээс өндийн босож, өвдсөн биеэ эдгээж чадна гэдэг хэцүү. Харин ч бодох бүрд тайван бус болж, ихэд уур бухимдал төрж, юу ч хийхээс буцахгүй болгодог. Тэр бүхэнд хүлэгдэж, уягдаж, бүхнээ “дөнгөлүүлсэн” Саран өөрийнхөө илч гэрэл болсон сэтгэлийг бөхөөж, эргэн сэргээх боломжгүйгээр унтрааж, эцсээ хүртэл зуураад байгаа амьдралаас бүрмөсөн явахаар шийднэ. Түүнийг амьдралд үлдээж, торгоож байгаа зүйлийн нэг нь хүү нь. Хүүгээ байгаа учир л тэсэж, тэвчээрээсээ дахин тэвчээр ургуулж, өөрийн гэсэн бүхэн нь үхсэн ч амьдрахаас, алхахаас өөр аргагүй байсан. Гэтэл хүү нь хариу өгөхгүй, эцсийн итгэл найдвар нь нуран унахад тэр жинхнээсээ явахаар зэхнэ.

Тэр мөчид өнөөх бөхөж, унтарч, түүнд огтоос хариу өгөхгүй байсан сэтгэл нь амилж, сэтгэлийн гэрэл нь дахин гийхэд тэр бүх гуниг зовлон, өөрийг нь тарчлан байсан бүхнийг гөвж орхиод дахин шинээр амьдрах итгэлийн жигүүр урган маргааш руу ниснэ.

                 Эмэгтэй хүнийг дээш гарах тусам доош толгойг нь дарж, дэвслэх гутлын тоо ихсэж, тэсвэр тэвчээрээ бөхлөх тусам таслан сийчиж, итгэл, сэтгэлээ бэхлэх бүрд өрөмдөн цоолж, хэдэн хэсэг онгойлгож, уужуу тэнүүн ухааныг нь бүдэчтэл хатуу үгээр хүчирхийлж, зовоон тарчлааж, эцэст нь тамирдан унагаадаг.  Үг заримдаа үйлдлээс ч хүчтэй, үгээ бодож хэлэхгүй бол санаатай, санамсаргүй хэлсэн үгс хэн нэгнийг амьдралыг гэрэлтүүлж, эсвэл бөхөөж мэднэ. Тиймээс  тамирдан, цаашлаад үхэтхийн унах мэт үгсийг нэгэндээ хэлэхгүй байхыг ч давхар онцлох нь зүйтэй болов уу.

“Галт шувуу” жүжгийн бидэнд хэлж, Сарангийн дүрээр харуулаад байгаа санаа энэ л бололтой. Амьдрал гэх энэ харгис ертөнцөөс авсан ачаа тээшиндээ дийлдэж, зовлон гунигийн өмнө гудайхдаа эндээс явчихсан эмэгтэй ч олон бий.  Гэхдээ Саран яваагүй. Тэр галт шувуу шиг ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон түнэр харанхуйг эвдэх наран мэт хүчтэй эмэгтэй юм. Саран шиг юуг ч хүчтэйгээр сөрөн зогсох зориг сэтгэл эмэгтэй хүн бүрийн дотор бий. Гэхдээ тэднийг  тийн хамаг хүчээ дайчлан, сүүлчийн итгэл найдвар тээн зогсоход хүргэх эрэгтэй л цөөн байгаасай. 


“ГАЛТ ШУВУУ” ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188