• Өнөөдөр 2024-05-03

Г.ОТГОНЦЭЦЭГ: Хайр бол уучлал, өршөөл гэдгийг “Бүгд чамд хайртай” жүжигт өгүүлнэ

2023-08-26,   1290

     АНУ-ын алдарт зохиолч Жон Патрикийн зохиол “Опал” жүжгээр бид өнгөрсөн өвөл хэсэгтээ “амьсгалсан”. Тэгвэл энэ намар “Опал” жүжиг өөр өнгө төрх, тавилт, баг бүрэлдэхүүнтэйгээр “Бүгд чамд хайртай” нэрээр эргэн тайзнаа гарах нь. Уран бүтээлчдээс нүдэнд туссан эрхэм бол яах аргагүй СТА, жүжигчин Г.Отгонцэцэг.

              Улсын драмын эрдмийн театраар овоглож, тайз, дэлгэцэд хорь гаруй жил ажилласан энэ эмэгтэй хэсэгтээ чимээгүй байсан нь АНУ-д кино зохиолч, продюсерын чиглэлээр мэргэжил дээшлүүлээд иржээ. Өөрийн гэсэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэх зорилго өвөртлөн ирсэн ч тайзнаа эргэн гарч, уран бүтээлчийнхээ хувьд бүгдийг амжуулахаар төлөвлөж яваа аж. Тиймдээ ч өнгөрсөн жил театртаа эргэн орж, “Сычуаны сайн хүн”, “Ромео Жульетта”, “Анна Каренина” “Миний аав супер баатар” зэрэг бүтээлүүдэд тоглож эхэлсэн. Ийн ажиллах түүнтэй бид “Бүгд чамд хайртай” шинэ жүжгийн сургуулилтынх нь үеэр уулзан ярилцлаа.

       Тэрбээр СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан байхаасаа “Дэнсэлж ухаарсан хайр” жүжгийн  Номингийн дүрээр Монголын Хүүхдийн Ордны тайзнаа гарсан бөгөөд гуравдугаар курсийн оюутан байхаасаа УДЭТ хэмээх их айлын тайзнаа анх “Дурлахыг хориглоно” жүжигт тоглосноос хойш өдгөө театрын 40 гаруй бүтээлд оролцсон байна. Харин дэлгэцнээ “Боолын гэрээ”, “Орхидос”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Амьдралын амт”, “Зургаа дахь хүсэл”, “Төгсгөл” зэрэг бүтээлийн гол болон туслах дүрд ажилласан юм.

-“Опал” жүжгийг “Бүгд чамд хайртай” нэртэйгээр дахин тоглох нь. Таны хувьд Глория Гулкокийн дүрд ажиллаж байгаа юм байна. М.Батболд найруулагчтай ажиллаж байгаа анхны бүтээл тань байх аа?

       -Тийм ээ, АНУ-д кино зохиолч, продюсер чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэн хэсэг хугацаанд сурч байгаад сургуулиа амжилттай төгсөөд ирлээ. Ирээд театртаа эргэн орж, “Сычуаны сайн хүн”, “Нил цагаан”, “Ромео Жульетта”, “Анна Каренина” “Миний аав сүпер баатар” зэрэг бүтээлд ажиллаад явж байна. Мөн ирснээсээ хойш “Төгсгөл” гэх кинонд тоглосон. Одоо харин АНУ-ын алдарт зохиолч Жон Патрикийн зохиол “Опал” жүжгийн шинэ бага бүрэлдэхүүнд ороод, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Эл жүжгийг дахин “Бүгд чамд хайртай” нэртэйгээр цоо шинэ тавилт, өнгө төрхтэйгээр тавих гэж байна. О.Энхтуул эгчтэйгээ өмнө нь 2006 онд “Би хүсэхгүй байна” жүжигт хамтарч тоглож байсан, энэ удаад дахин хамтран тоглож байгаадаа баяртай байна. М.Батболд найруулагчийн хувьд мэдээж найруулагч бүр өөр өөр арга барил, мөн чанар, онцлогтой шүү дээ. Гэсэн ч нэг үеийн уран бүтээлч учир санаа бодлоо солилцож, ойлголцоход амар байгаа. 

        -Жүжгийн санаатай холбоотойгоор асуухад таны хувьд хайрын тухай ямар бодолтой байна вэ, бид өнөөдөр нэгнээ хайрлахаа больсон юм шиг?

         -“Бүгд чамд хайртай” жүжгийг яагаад одоо найруулан тавьж, үзэгчид яагаад одоо үзэх ёстой вэ гэвэл өнөөгийн цаг үе их өөр болжээ. Нийгэмд хайр үгүй болж байна, харгис хатуу, хүйтэн чанар нь дийлэх болсон цөвүүн цаг үе  болж. Миний бодлоор хайр байгаа газар бүх зүйл цэцэглэн дэлбээлж байдаг. Хар ус хүртэл сүүгээр сүлэгдэн цагаан болдог шүү дээ. Үүнтэй адил аливаад бид ямар хандана, тэр л хандлагынхаа хариуг хүртэнэ шүү дээ. Хэрэв та хэн нэгнийг хайрлах юм бол нөгөө хүнээсээ хайрын хариуг л авна. Харилцаанаас харилцаа үүсдэг. Хайр бол юу түгээнэ, түүнийгээ хурааж авдагтай л ижил зүйл. Хэн нэгэн танд ямар нэг муу үйлдэл гаргаж, гомдоож, шаналгаж, муухай зүйл хийсэн байж болох ч түүнийг уучилж өршөөж, боломж олгож, түүнд итгэж, талархаж, хайрлавал тэр хүн өөрчлөгдөж, эргээд итгэл дааж, талархаж, хайрлын хариуд хайрлаж эхэлдэг. Энэ санааг “Бүгд чамд хайртай” жүжигт өгүүлж байгаа.

-Глория Гулкокийн дүрд өмнө нь жүжигчин, продюсер Т.Ариунчимэг тоглосон, одоо харин таны тоглолтоор үзэх нь. Глория жүжгийн гол санааг илэрхийлсэн чухал дүр шүү дээ?

          -Тийм ээ, Глория эсрэг талын ашиг сонирхлын зөрчилтэй, нийгмийн бузар булайд хөглөгдөн амьдралын эрхээр эвдэрсэн бүсгүйн дүр. Бид хүнийг гаднаас нь хараад дүгнэх нэг өөр байдаг, мөн өмссөн, зүүснээр нь, зан чанараар нь гээд олон зүйлээр дүгнэхэд мөн өөр. Глориягийн хувьд энэ бүхнийг өөртөө шингээсэн онцгой дүр. Сайхны дотор муухай, муухайн доторх сайхныг “Бүгд чамд хайртай” жүжгийн зохиолч зохиолынхоо дүрүүдээр сайн илэрхийлж чадсан. Зохиолчийн энэ илэрхийллийг дүрүүд харин үзэгчдэд тэр хэвээр нь “өөрийн биеэр дамжуулан босгож, амьлуулан” үзэгчдэд хүргэх хэрэгтэй. Тиймээс бид дүрдээ хичээн ажиллаж байна.  

    -"Миний аав супер баатар" жүжгээр та энэ жилийн "Гэгээн муза" наадамд нэр дэвшиж байгаа юм билээ, ямар дүрээр нэр дэвшиж байна вэ?

     -Тийм ээ, зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын "Миний аав супер баатар" жүжгийн гэрэлт цох багшийн дүрээр энэ удаагийн "Гэгээн муза" наадамд туслах эмэгтэй жүжигчний дүрээр нэр дэвшиж байгаа. Тус наадам ирэх сард болох юм. Энэхүү наадамд олон улсаас олон авьяастнууд ирж байгаа. Монголоос ч олон сайхан уран бүтээлчид нэр дэвшиж байгаа. "Бүгд чамд хайртай" жүжгээс найруулагч, зураач, шилдэг эмэгтэй, эрэгтэй гол дүрд нэр дэвшиж байна. Манай театраас "Миний аав супер баатар", найруулагч Ш.Ёндоншаравын "Сычуаны сайн хүн" жүжиг нэр дэвшиж байна, нийт нэр дэвшиж байгаа уран бүтээлчиддээ амжилт хүсье. 

-АНУ-д кино зохиолч, продюсераар мастер хамгаалаад, сургууль төгсөөд ирэхэд тань эргээд театр руугаа орохгүй болов уу, одоо бие даасан кино бүтээл хийх гэж байгаа юм байна гэсэн таамаг байлаа. Гэсэн ч та театртаа орсон, тэгэхээр таныг тайзандаа үнэхээр үнэнч, хайртай уран бүтээлч юм байна гэсэн бодол төрсөн шүү?

         -Мэдээж юуны төлөө кино зохиолч, продюсераар сурч ирлээ, бие даасан бүтээлээ хийх зорилготой байсан. Гэтэл сургуулиа төгсөөд ирэхэд ковидоос улбаатай нийгэм, эдийн засгийн хямрал нөмөрсөн хүнд хэцүү үе таарч, бүх л салбар бүсээ чангалсан. Эх орондоо эргээд төвхнөх болон хүүхдийн хичээл, сургууль гээд явж байтал эргэн театртаа орох санал тавьсан. Хэсэг бодсон л доо. Учир нь театрын ажил цаг наргүй, жилд гарах уран бүтээлийн хуваарь төлөвлөгөөний дагуу ажилладаг, хажуугаар нь уран бүтээлд орох цаг зав тэр бүр гардаггүй. Иймээс зохиолоо бичиж, бүтээл хийх цаг гарахгүй, сурч ирсэн зорилгоо алдагдуулчих вий гэж эргэлзсэн. Гэхдээ театргүйгээр би амьдралаа төсөөлөхийн аргагүй. Тиймээс театртаа ч ажиллаж, хажуугаар нь бүтээлээ хийгээд явья, бүгдийг амжуулья гэж зориглосон. Америкад сурч байхдаа театраа их санаж, бүр зүүдэлдэг байлаа. Жүжигт тоглох гээд толиныхоо урд суугаад нүүрээ будаад, үсээ янзалж, хувцсаа өмсөж, хөшиг нээгдэж байгааг, мөн жүжиг дуусч тэвэр дүүрэн цэцэг авч, үзэгчдийн халуун алга ташилттай хөшиг хаагдаж байна гэх мэтээр их зүүдэлж, үгүйлдэг байсан. Театр бол жүжигчин хэмээх агуу мэргэжил эзэмшсэн хүн бүрийн мөрөөдөл байдаг юм.

     Миний хувьд урлагийн ариун сүмтэй хувь тавилангаа холбосондоо үргэлж талархаж явдаг. Бүх уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулан чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажилладаг учир, тоглосон дүр бүхнээрээ амьдарч, амьсгалж үзсэн болохоор бүгдэд нь хайртай байдаг юм.

-Дэлгэцийн бүтээлийн санал ч их ирж байгаа байх?

               -Тэгэлгүй яах вэ. Ер нь их ирнэ ээ. Энэ жил л гэхэд нэлээд олон ангит болон, нэг ангит уран сайхны киноны санал их ирсэн. Гэхдээ миний хувьд уран бүтээлийн тооны хойноос хөөцөлдөх дургүй. Тиймээс аль болох зохиол, дүрийн хувьд өмнөх дүрээс минь онцлог нь юу байна, тухайн бүтээлийн хэлэх гэсэн агуулга санаа, зорилго зорилт, ашгийн сонирхолтой кино юу, мэргэжлийн чанар баримталсан кино юу, мөн хамтран тоглох баг хамт олон гээд олон зүйлийг тооцоолон харж байж тоглох эсэхээ шийддэг. Энэ ч утгаараа шалгуурт нийцэх киноны санал одоогоор таараагүй байна. Харин жүжигчин Л.Эрдэнэ-очир эгчийнхээ санал болгосон бүтээлийн зохиол их таалагдсан. Тоглох гэсэн боловч, “Бүгд чамд хайртай” жүжгийн сургуулилт давхцаад орж чадаагүй. Ер нь аливаа уран бүтээлийг хийхэд зохиол хамгийн чухал эхлэх үндэс болдог. Тиймээс цаашид өөрийн хийх бүтээлийн зохиол, судалгааг сайн хийж, чанартай бүтээл гаргахыг зорьж байгаа. Тиймээс л яарахгүй ажиллаж байна. Хоёр, гурван зохиол эхлүүлсэн байгаа. Гэхдээ  зохиол дээр ажиллана гэдэг хувь хүнээс олон талын мэдлэг, мэдээлийн цар хүрээ, цаг хугацаа их шаарддаг учир ажлын хажуугаар амжуулах гэж хичээж л байна. Ямар ч гэсэн Г.Отгонцэцэгийн гэсэн бүтээл удахгүй үзэгчдэд хүрэх болно оо. Гол зарчим маань тоо биш, чанарт оршино.

-Удахгүй “Бүгд чамд хайртай” жүжиг нээнэ, шинэ жүжиг нээж, тайзнаа зогсох бүрд хэнд хамгийн их харуулахыг хүсдэг вэ?

          -Уран бүтээлч хүн жүжигт тоглоод, нээгээд үзэгчдэд хүргэхэд хамгийн эхний нээлтийн жүжгийн тоглолтод их сэтгэл догдлол, баяр хөөр, жаргал, айдас хүйдэс тоглолтод сэтгэл хөдлөл давхцаж, бүх зүйлийг алдаа дутагдалгүй дүрмийн дагуу хийх гэж маш их хичээл зүтгэл, эрч хүч энергийг өөрөөсөө гаргадаг. Тиймээс хамгийн сайхан сэтгэл хөдлөлийн мэдрэмж зүрх сэтгэлээс ундарч байдаг. Миний хувьд ээжийгээ, хүндэт багш нараа, миний хамгийн хайртай хүмүүсээ нээлтийн тоглолтыг ирж үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

-Энэ намрын салхийг хагалан нээж байгаа “Бүгд чамд хайртай” жүжгийг зорин ирэх үзэгчдэд хандан юу гэж хэлэх вэ?

     -“Бүгд чамд хайртай” жүжгийг ирж үзэж, хайр мэдэрч, нийгэмд өнөөдөр үгүй болоод байгаа хайрыг хамтдаа олж авч, тэр хайраараа бие биенээ хайрлаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

         -Баярлалаа.


Г.ОТГОНЦЭЦЭГ: Хайр бол уучлал, өршөөл гэдгийг “Бүгд чамд хайртай” жүжигт өгүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-26 16:06:43
    Zochin: Yashka bj hair ene ter meddeguinmuu mungunuus buh yumaa uguhuus butsahgui gar bj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-25 09:06:58
    Л.Оюун.: М.Батболдын (ОПАЛ) жүжгийн шинэ хувилбарт амжилттай дүр бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.Уран бүтээлч та бүхэндээ аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!.(2023-08-25).
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188