• Өнөөдөр 2024-05-01

МӨНГӨН ШӨНӨӨР БИ ХОЛЫН ХОЛЫГ ЗОРИНО...

           Холын тухай хаа нэг бодно. Тийм үед Б.Баттулга найрагчийн “Мөнгөн шөнөөр би холын холыг зорино” гэж эхлэх шүлгийг нэг амьсгаагаар ус ууж байгаа аятай “залгилан” уншина. Байнга уншсаар хэдийнэ цээжинд “нутаглачихсан” энэ шүлгийг унших бүрд ирж буй цагийн тухай, эсвэл надад ирэхгүй ч байж мэдэх үл мэдэгдэм цаг хугацааны тухай санаа алдам бодол ихэрлэнэ. Найрагчийн шүлэг шиг мөнгөн шөнөөр биш юм гэхэд өглөө, өдөр, үүр гээд аль нэг цаг хугацаа, хором мөчид холын холыг нь зорих л болно. “Сар туяарсан сайхан шөнө, үүр хаяархад, шүүдэр буусан намрын өглөө, намуун үдэш, бүгчим оройн аль нэгнээр эндээс буцна даа” ч гэж бодогдоно. Энэ удаад “Мөнгөн шөнөөр” шүлгийг уншаад ирэх, одохын тухай элдвийг эргэцүүлж суухдаа найрагчийнх нь тухай, багагүй танил болсон Б.Баттулга ахын талаар бичвэр дэлгэе гэж бодлоо.

ТҮҮНИЙ ТУХАЙ

         Ах ихэвчлэн хөлчүүхэн л яваа харагддаг юм, юуг нь нуух вэ. Угаас найрагч нөхөд, уран зохиолын хүрээнийхэн мэддэгээс хойш. Гэхдээ урсан буух шүлгүүд нь өөрийн хөг аялгуу, анир, гоотойхон тасалдалгүйгээр бууж байгаа нь л санаа амраадаг юм. Тэгээд цахим орчинд шүлгээ нийтлэхэд нь “Тулгаа ах юу бичиж вэ” гэж зорьж уншина. Сүүлд гэхэд,

“Итгэл найдварын гэгээ цахилдаг

Цөөхөн бараан адуу салхи уруудан зогсох

Намар оройн цагаар ч зун цаг дэлгэрдэг

Хагацлын нулимс уулзаад өнгөрсөн хацар дээгүүр бөмбөрч

Хамгийн сүүлчийн гэсэн бүхэн ч эхлэлээ агуулж байдаг...” гэж эхлэх хэсэг шүлэг нийтэлсэн байна лээ. Мөн дөө, ийм л мөрт буух учиртай гэж баярлан уншсан. Өнөө шүлэгт нь байдаг итгэл найдвар, гэрэл гэгээ, ирэх цаг хугацаа энд ч мөн шингэсэн байгааг хараад өөртөө таньж олсон найрагчийн тухай бодлоо бат нот болгосон юм. Өөртөө олж таньсан гэхээс илүү угаас ойрын улс нь мэдэх байх аа, Б.Баттулга найрагчийг. Сайхан сэтгэл, хувь хүнийх нь өнгө, мөн чанар шүлэгт нь хамт бууж, шүлгээрээ хэн нэгнийг хайрлаж, аргадаж, тайтгаруулж, ухааруулж байдаг юм билээ.

         Үүнийг “Үндэсний шуудан” сонинд хэсэгхэн хамт ажиллаж, шүлэг найргийн тухай жаал жуул яриа өрнүүлж байсан болохоор өөртөө таньж, харснаар минь бол шүлэгтээ Б.Баттулга найрагч өөрөө байж байдаг юм. Нэг үгээр бол шүлэг шиг ээ л хүн. Монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг тэрбээр их сайхан бичнэ. Заримдаа надаас “Ийм үгийг үндэсний бичгээр бичиж чадах уу” гээд асуухад нь би бичих гэж хэсэг будлиад буруу бичнэ. Тэгэхэд “Ингэж бичдэг байхгүй юу” гээд зөвийг нь хэлж өгч, тухайн өдөр буулгасан хэд гурван мөртөө сонирхуулна. Гэхдээ би тийн мөрт болон өөр бусад шүлгээс нь уншсан ч “Мөнгөн шөнөөр” л номер нэг байгаад байдаг юм. Тэгээд мөр бүрийг нь салган бодож, тайлах гэж санана. Бороо орохоор “Зүсэрч байгаа бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна” гэх мөрт санаанд ил. Үүүнээсээ үүдэн “Бид чинь энд бороонд зүсэрч, цас шиг бударч, болж байгаа бүхэнтэй л хамт оршин байгаа шүү дээ” гэж оршихуй болон эндэхийн ахуйн тухай бодол сэлгэнэ. Тэгээд л дахиад ”Одоохондоо ч нээрээ амьдарч л байна даа, нэг л өдөр зөнгийн бүрээ дуугарахад эндээс явна даа” гэж бодоход амьдралд багагүй яармаар адгуу болно. Тэгээд мартаж, тайвширна.

            “Мөнгөн шөнөөр” шүлгээ хэзээ, юунаас үүдэн бичсэн талаар асуухаар нэг их дорвитой хариу хэлэхгүй, ичингүйхэн инээгээд л өнгөрнө. Ихэнхдээ нэг их зүйл ярихгүй инээгээд л сууж байдаг. Харин дараа нь сонсох нь ээ “Үхэж байна” гэж хэсэгтээ зүүдлээд байж. Тэгэхээр нь өглөө босоод зүүднээсээ төрсөн мэдрэмжээ бичээд байснаас төрсөн байдаг юм билээ. Тулгаа ах айхтар удаан бодож, бичих нь үгүй. Хэзээ биччихсэн юм бол гэмээр нэг мэдэхэд л бичсэн байдаг.

          Сонинд ах уран бүтээлчийн ярилцлагаас гадна зурвас нийтлүүлнэ. Гэхдээ хэд хоног овоо байснаа ажил тасалж хариуцлага алдана. Тэгэхдээ шүлгээ бичээд л шунганаж явдаг шиг байгаа юм. Тийн хэнэггүйхэн үедээ бичсэн шүлэг ч түүнд олон байх. Түүнээсээ ч улбаалан гэгээн хэсүүлчин гэх тодотголыг авсан байж мэдэх юм.

ҮҮРЭЭР ШҮЛГЭЭ “ТӨРҮҮЛДЭГ”

      “Болор цом-36” наадмын тэргүүн байрын шагналт түүний шүлэг бичиж, яруу найргийн замд орсон нь ээж болон багш нараас нь эхлэлтэй гэсэн. Хүний бичсэн, ээжийнхээ хэлж өгсөн дөрвөн мөрт гээд найман мөрт шүлгээр анх удаа уралдаанд орж тусгай байр хүртсэнээс хойш хүний шүлэгнээс хуулахгүй, өөрөө бичдэг найрагч болохын хүсэлд шатаж, хүслээрээ л амьдарч яваа аж. Тэрбээр онгод хүлээдэггүй гэсэн. Харин санаа төрсөн даруйдаа л шүүрэн бичиж, ихэвчлэн үүрээр шүлгээ төрүүлдэг аж. Нээрээ, бид нэг нутгийнх. Тулгаа ах Завхан аймгийн Их-Уул сумынх. Түүнийг МУИС-д элсэх үед утга зохиолын томчууд ч нэг үе мөр зэрэгцэж, тэдэнтэй нөхөрлөж явснаараа тэр нэгэн архив санагддаг. А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Ц.Хулан гээд хөвөрнө. Ийм л гарамгай үеийн нэгэн өнгө бол тэр. Бичвэрийн төгсгөлд хуваалцахад тун тохиором буюу “Мөнгөн шөнөөр” шүлэгт мөн нэг сайхан мөрт байдаг нь

“Амьд явна гэдэг юутай нандин агуулга мөнийг

Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна...”Нээрээ мөн амьдарна гэдэг амьд явах ямар чухлыг мэдрэх орон зай ч байж мэдэх юм. Мэдчихвэл, түүний утга санааг тайлчихвал тэгээд буцдаг байж ч магадгүй байх. Ингэж би Б.Баттулга найрагчийн шүлгийн тухай, хол гэх тэр цаг хугацааны тухай найрагчтай хамт бодож дууслаа. Тулгаа ах даруу мөртлөө даанч баялаг ертөнцтэй хүмүүн, тэр ертөнцөөс хүний бодол, сэтгэл төнхсөн “Мөнгөн шөнөөр” шүлэг шиг бүтээл олон гарах нь гарцаагүй байх аа. Тийм ээ,

Мөнгөн шөнөөр тэр холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээгээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалыг нь бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай би ч мөн асгаруулан дуулмаар санагдана...

 


МӨНГӨН ШӨНӨӨР БИ ХОЛЫН ХОЛЫГ ЗОРИНО...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188