• Өнөөдөр 2024-05-03

ГАРЦААГҮЙ “GUYS"-ИЙН ЛХАГВА Л ЮМ ДАА

2023-06-11,   2308

          Угаас юунд ч хувирдаг универсаль “нөхөр” л дөө, "Guys"-ийн Лхагва. “Барьж” авснаа харин баараггүй “арааманд” нь хийнэ гээч,  ёстой нөгөө “Есөн шид нь бүрдсэн” ер бусын нэгэн гэгч нь.

         Хамгийн гоё хувцсаа өмсөөд, дуртай үнэртнээ түрхээд балет, дуурь үзэхээр явдаг байсан ээж нь түүнийг урлагт хөтөлжээ. Ээжийнх нь тэр үйл байдал жаахан хүүгийн сонирхлыг татаж, “Урлагийн хүн болбол ийм л гоё байдаг юм байх даа” гэсэн бодлыг төрүүлж. Ингэж дуу хуур зүгт нэгэнт зүрх сэтгэл нь татагдсан хүүд хамтлагийн дуунууд улам ч хөг нэмсэн нь GUYS –ийг байгуулах хүсэл мөрөөдөлд хөтөлжээ. Хамтлагаа “босгож” байсан энэ үедээ Д.Лхагва хэдийнэ СУИС-ийн драмын ангид Г.Жигжидсүрэн найруулагчийн удирдлагад сурч байж.

 

-GUYS ТҮҮНИЙ ЭХЛЭЛ-

     “Цээж хүндхэн хайрандаа зүүдлээд сэрлээ...” хэмээн хайр дурлалынхаа төлөө шаналж, Хайр дурлалын минь дуунд чи бүжиглээч...” гэж гэгээн хайранд хэн нэгнийг урьж, “Амьдрал үргэлж сайхнаараа...” гэж амьдралын хэм хэмнэлийн гэрэлд хөтөлж, “Цас хаялсан үдшийг санаарай....” гэж дурлалт хосын дурсамжид өнгө нэмж, “Хүлээнэ, би чамайгаа хүлээнэ, хүрэхгүй ч алсад нисэн нисээд...” гээд навчист сэтгэлийнхээ үгийг дайж, “Би зүрхэндээ нууцхан гуйлаа...” гэж хайртай хүнээсээ буцаж ирэхийг гуйснаараа тэр чигтээ тэд ерээд оны сүүлч 2000 оны эхэн үеийн залуусын хайр дурлалын орон зайд том байр суурь эзэлсэн нь өдгөө ч том, нандин хэвээр байна.

     Хорь гаруй жил хэзээ ч хуучраагүй өчигдөрхөн гарсан уран бүтээл мэт шинэхэн байж, үргэлжийн дотны найз байдаг уг хамтлагийнхныг ярихад нэгэн салаа мөчир, бүр оройлон тоглогч Д.Лхагвыг онцлохгүйгээр өнгөрөх боломжгүй. Учир нь, Лхагва гэхэд л GUYS хамтлагийн түүх, уран бүтээл хамт гэрэлтдэг билээ. 

     Түүний урлагт алхаж эхэлсэн жим өнөөдөр ч бүдгэрээгүй, овог нэр, орон зай нь болсоор байна.

-LVA БУЮУ ТҮҮНИЙ ЗОХИОЛЫГ НЬ БИЧИЖ, НАЙРУУЛЖ, ДҮРД НЬ ТОГЛОСОН БҮТЭЭЛҮҮД-

             Дуулж явахдаа тэр өөрийнхөө өөр нэгэн жигүүрийг томоор ургуулж байсан нь кино зохиол бичих, найруулах, жүжиглэх. Өөрийн нэрийг товчилж “LVA” нэртэй “Амьдрал төсөл” гэсэн залуу хос хайр дурлал, амьдралд тулгарч байгаа асуудлыг даван сайхан амьдралд хүрэх гэж тэмүүлж, эцэст нь амжилтдаа хүрч байгаа амьдралын нэгээхэн хэсгээс буулгасан киногоор бүтээлээ эхэлсэн нь одоо ч үзэхэд өгөөжтэй байдаг. Дараа нь “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж” гээд л өөрийн гэсэн өнгө аяс, харизм, "үнэр", "амт"-тай киног тэр бүтээж, зөөлөн мөртлөө цаанаа нэг зэвүүн дүрийг үзэгчдэд үзүүлж эхэлсэн.

     Эхлээд тэр залуухан бүтэлгүй мөртлөө амьдралынхаа төлөө зогсолтгүй зүтгэж байгаа аав, дараа нь хайртай эмэгтэйгээ өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй дурлалт залуу, удалгүй  хөгжилтэй эр, за тэгээд асуудал дэвшүүлсэн адал явдалт киноны дүрээр дэлгэцэнд гарч байлаа.

           “Дурлалын гэмт хэрэг” киноны Лхагва бол түүний алив нэг зорьсон зүйлийнхээ төлөө шаргуу дайчин зүтгэж, үр бүтээлтэй байх гэж тэмүүлдэг хувь зан чанарыг нь илтгэсэн дүр шиг. Тэгж зорьж, тэмүүлж, өөрийгөө хурцалж, ирлэж, хөгжүүлдэг болохоор тэр урлагийн аль ч төрөлд авьяас чадвараа сорьж, энэ өрсөлдөөн дүүрэн салбарт түүнийг юу тосож байна, тэр бүхэнд хэзээний бэлтгэгдсэн цэрэг шиг л бэлэн байж байхыг нь яана. Д.Лхагва ийм л чадвартай уран бүтээлч болохоор үзэгчдийн хайр талархалд үргэлж байж, “Одоо түүнээс юу гарах бол” гэсэн хүлээлтэд оршдог.

Үзэгчид нь хүлээдэг уран бүтээлчид л ёстой өөрийнх нь хэлдгээр “амьд” байдаг байх.

        LVA дараа нь хоёр ч сонирхолтой уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн нь “1990”, “Social man. Түүхийн нэгээхэн хэсгээс сөхсөн, өөр мэдрэмж өгсөн сонирхолтой бөгөөд түүний л харсан, сэтгэсэн өнгө аяс. Ингэж тэр кино урлагт ч “хүч үзэж”, чамбай хэдэн бүтээлийг чадварлагаар тавьсан. Д.Лхагва “Тайзан дээр дуулахад бүх хүн дагаад дуулж байгаа тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй, хүмүүс зүрхээ дараад, нүдээ аниад сонсохыг нь харах үнэхээр аз жаргал. Кино ч гэсэн мөн адил, сайхан кино хийчихээд, “Тэр дүр сайхан болсон шүү” гэж яриад, энэ дүрээс үлгэр дуурайл авах, олон хүн кино үзэж байгааг харах сайхан” хэмээн ярьсан нь бий. Эсрэгээрээ үзэгчдэд түүнийг ийн гялалзаж байхыг харах сайхан байдаг билээ. 

Тэр сайхан зүйл хийхийн төлөө л зорьж, түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг нэгэн.

-ТАЙЗНАА ХАРИН ГЭМТ ХЭРЭГТЭН РАСКОЛЬНИКОВ-

           Хамтлаг байгууллаа, кино зохиол бичиж, найруулж, дүр бүтээлээ... “Өөр юу үлдэв” гэсэн шиг эрэлхийлэгч тэрбээр драмын тайзнаа ч зэвүүн дүрээр гараад ирсэн. Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн алдарт “Гэм зэм” романы гол дүр болох Раскольников шүү дээ, тэр. Нийгэм, ертөнцийг тэр чигт өөрчлөх гэдэг хүндхэн хүсэлдээ хөтлөгдөн шаналж, түүнээсээ улбаалан зовлонд унаж, тэр хэмжээгээр өөрийгөө тарчилгадаг нэгэн. Нэг талаараа Д.Лхагва угаас ийм нэгэн. Тэр мөнхийн уран бүтээлийн шаналан, сайн зүйл хийхийн халуун хүсэлд “шатдаг”. Үүгээрээ тэр Раскольниковыг сайн ч гаргаж, жүжгийн турш хүндийн хүндийг үүрсэн шиг үүрч гарсан. Кино, дуу гээд бүтээл бүтээлийн дотроос нь энэ л дүрээр түүнийг үнэнхүү дайчин, дотоод их хүсэл тэмүүлэлтэй, юуг ч давж гарах зориг тэнхээтэй зэвүүн “гар” гэдгийг нь мэдсэн. Тэр хүнд, хүний дотоод сэтгэлийг уудалж, олон асуудлыг нь амьдралын ширээн дээр гаргаж ирэн тавьж байгаад хэлэлцэж байгаа зохиолын гэм буруутай этгээдийг бидэнд ойртуулж, “Раскольников гэж хэн бэ” гэдгийг илчилсэн. "Guys"-ийн Д. Лхагваа л гаргаж чадна гэж М.Батболд найруулагч харсан нь оносон сонголт байсан. Найруулагч, дүр хоёрт хамтатган баяр хүргэе. Үнэхээр зорьж тэмүүлдгээрээ ч, өөрийгөө ямагт ялан дийлж байдгаараа ч энэ дүрд Лхагва л тоглох юм билээ.

        Энэ гэхдээ түүний анхны тайз биш. Их сургуулиа төгсөхдөө дипломынхоо ажлыг “Гамлет” жүжгээр хийж, 2003 онд Драмын театрт үзүүлж байсан С.Жаргалсайхан гуайн “Дурлал яг үхэл шиг, бас үлгэр шиг” жүжиг, 2008 онд харин “Гэнэтийн бэлэг” жүжигт тун чадамгай тоглосон шүү дээ. Үндсэндээ “Гэм зэм” түүний дөрөв дэх тайзны бүтээл юм.

-ОДОО ХАРИН “ЯГ ТҮҮН ШИГ”-Т

         Одоо харин тэр яггүй нөхдийн “үзэлцдэг” “Яг түүн шиг” шоунд ороод ана мана, ач тач өрсөлдөөд сүйд. Бууж өгдөггүй өнөө л зангаараа үзүүлбэрээ үзүүлж, дээгүүр л яваа. Өө, тэгээд бүр дөрөв дэх дугаарт Араатан ба гоо үзэсгэлэнгийн үзүүлбэрээрээ ялагч болж сая нэг санаа нь амарч байх шиг харагдсан. Гэхдээ тэр ханадаггүй, цаддаггүй “нөхөр” л дөө, уран бүтээлчийн хувьд. Дараагийн бариа, түрүү, тайз хаана байна гэдгийг үргэлж эрж хайна. “Яг түүн шиг” шоуны тайзнаа турьхан биетэй, өндөр өсгийт өмссөн эмэгтэйгээс эхлээд ямар л товчлуур таарна, тэр бүхэндээ өөрийгөө бүрэн дайчилж, бэлдэж, хувиргаж байгаа нь сайхаан сайхан. Тэр бүхэнд л “Энэ нээрээ, Лхагваа л юм даа” гэсэн бодлыг төрүүлж, үзэгчдийн хайр бахархал улам төрнө.

-ЗАГВАРТ Ч “ХҮЧ ҮЗЭХ” НЬ-

             Загварт ч хүчээ үзэхээ дуулгасан, тэр. Тухайлбал, Minerva Goddis брэнд анхны загварын шоугаа хийхээр товлож, 16 эрэгтэй модель, 32 загварыг өмсөж танилцуулах юм байна. Тэгвэл шоуны гол моделиор Д.Лхагва алхах аж.

       Тэрбээр “Яг түүн шиг нэвтрүүлгээс гадна миний хувьд нэг шинэ зүйлд өөрийгөө сорих гэж байна. Монгол залуусын хийдэг Минерва годдис гээд хувцасны брэнд бий. Тэднийх зургадугаар сарын 17-нд анхны загварын шоугаа хийх гэж байгаа юм билээ. Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч их өвөрмөц, залуусын дунд алдартай. Тэдний загварын шоунд гол модель болох санал ирснийг хүлээж авсан. Минерва годдисын загварууд нь маш өвөрмөц, сониноос гадна загварын шоуны тайз засалт, бэлтгэл их таалагдсан. Эхлээд ямар сонин юм бэ, яаж ингэж сэтгэв ээ гээд тархинд буухгүй байсан. Тэгээд яг өмсөөд үзтэл биед их эвтэйхнээс гадна гоё харагдаж байсан. Миний хувьд хувцаслалтад их анхаардаг. Яг түүн шиг нэвтрүүлэгт оролцоод намайг илэрхийдэг имидж байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Буржгар үс, хар нүдний шил, урт хар савхи гэхээр Харангын Лхагва ах гээд шууд танигддаг. Тиймээс энэхүү загварын шоунаас намайг илэрхийлсэн имижээ олно гэж найдаж байна” гэсэн.

       Ийм л болохоор түүнийг "есөн шид нь бүрдсэн” ер бусын уран бүтээлч гээд байгаа юм. Дуулна, бүжиглэнэ, зохиол бичнэ, найруулна, жүжиглэнэ, жүжигт тоглоно, оддын дүр төрх, дуу хоолойд торохгүйгээр хувирна, загвар өмсөнө гээд тоочоод байвал дуусашгүй юм. Түүнээс гадна амьдрал дээр сайн аав, хань, ах, дүү, найз гээд явж өгнө дөө, явж өгнө. Гэхдээ ид бүхэнд үргэлжийн дагах нь GUYS. Анх эхэлсэн хамтлагийнхаа энэ л нэрээр насаараа овоглох хувь тавилан түүнд тохиожээ. Тийм ээ, тэр бол GUYS-ийн Лхагва.


ГАРЦААГҮЙ “GUYS"-ИЙН ЛХАГВА Л ЮМ ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 18:19:16
    Zochin: Saikhan chadvarlag jujigchin shu duudee ajliin amjilt khusi khicheegeerei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 17:06:41
    eee: yooy sawaah yuma ene odo jujigchin te ******** l da durde orj chaddaggui tsana l neg huurai im soyoltoi uzegchdig bitgi ingrj hudla shaaj bich l de huduni setgehguigese garagui mal min buhnig urinhu nuder harad biched bdag yumu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 13:11:24
    лодой: Лав л кинонд жvжиглэж чаддаггvй нь vнэн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188