• Өнөөдөр 2024-05-14

ТЭР РОМЕО, ТЭГЭЭД БАС ЛАРЬДМААГИЙН “НӨХӨР”

2023-04-27,   1830

                Түүний нүд. Тэр нүд хамгийн аюултай. Хайрлаж ч мэдэх, харааж ч магадгүй, эсвэл дөлгөөхөн мэлмэрч, цочтол цоо ширтэх тийм нэг ер бусын харц түүнд л бий. Тийм л болохоор түүнийг эерэг дүрд тоглосон ч  “Энэ дүр цаашид яаж ч мэднэ дээ” гэж харддаг. Яаж ч өөрчилж болохгүй, хаашаа ч бултах аргагүй харцтай тэр бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх.

                    Театрын тайзнаа анхны Ромеогийн дүрээр тайз, дэлгэцийн урлагийн хаалгыг цэлийтэл нээн орж ирснээс хойш хэдийнэ 26 жил болжээ. Тэрбээр театрт “Хаан түүх”, “Тамын дурлал”, “Чөлөөт хос”, “Би эндээс явахгүй” зэрэг хорь гаруй бүтээлийн гол болон туслах дүрд тоглосноос гол орой нь Ромео. Тайзнаа анхлан тамгалж үлдээсэн дүр нь.

     1998 онд театр анх удаагаа “Ромео Жульетта” жүжгийг тавих гээд Ромеогийн эрэлд гарч л дээ. Тэгэхэд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн О.Гэрэлсүхийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч Ромеогийн дүрд тоглуулахаар хайж байж. Энэ үед өнөөх Ромео маань Үндэсний телевизэд ажиллаж байсан байгаа юм. Харин азаар тухайн үед драмын театрын захирлаар ажиллаж байсан Б.Зориг дарга түүний утсыг нь олж өгснөөр театрт очих замын эхлэл тавигджээ. Театрын дарга эхлээд түүнд санал тавьж байснаа “Ер нь саналыг чинь асуух юмгүй. Жүжгийн үйл ажиллагаа эхэлсэн. Ажилдаа ор” гээд Ромеогийн дүрд шууд оноосон гэдэг. Театр түүний урлаг, уран бүтээлийн эхлэл суурийг тавьсан болохоор дүрдээ нягт, чамбай, чигжүүн уран бүтээлч болон өсөж, дэлгэцийн олон сайхан дүрийг гаргах бат бөх үндэс болжээ.

               Тэрбээр Ромеогийн дүрийнхээ тухай “Ромео Жульетта" бол хоёр  цаг 40 минут тоглодог их урт жүжиг. Бэлтгэлийг эхэндээ дөрвөн цаг орчим хийнэ. Зодолдоно, тулалдана, хайрлана дурлана, уйлна, баярлана, инээнэ, дуулна, бүжиглэнэ. Ийм олон идэвхтэй үйлдлүүд хийдэг учраас маш их ачаалалтай байсан. Ромеогийн дүрд бүх л хэсгүүдийг харуулдаг учраас жүжигчинд өндөр шаардлага тавьдаг. Хэцүү байсан, гэхдээ ахмад жүжигчид, найруулагч Ч.Найдандорж их тусалсан” гэж ярьсан байдаг. Нээрээ л нэг сонгодог жүжгийн рольд тоглоно гэдэг сайхны сацуу их хичээл зүтгэл хөдөлмөр орно байх.

-ЛАРЬДМААГИЙН “НӨХӨР”

                Театрын тайзнаас тэр хэсэгтээ буусан. Буух, буухдаа бүр дэлгэцэд хэдэн сайхан эсрэг дүрийг тамгалсан. Өнөө л айхтар харцаараа шүү дээ. Тийм л болохоор тэр Ромео, тэгээс бас Ларьдмаагийн “нөхөр”. Ердөө арав гаруйхан жилийн өмнө л Ромео гэж гайхагдан, шагшигдаж байсан бол Ларьдма кино гарснаас хойш хүмүүс түүнийг үзэн ядаж, бүр гудамжинд явахад нь чулуу хүртэл нүүлгэсэн гэдэг. Ингэж л дүрээрээ хайрлагдаж, мөнхүү “адлуулсан” нэгэн. Энэ л уран бүтээлчийн давж гарах, дааж явах хамгийн чухал чанар гэдгийг ч тэр мэддэг болохоор л инээд алдаад дараагийн уран бүтээл рүүгээ давхиж орно. Гэхдээ заримдаа үзэгчдэд багагүй гомдох нь ч байдаг гэмээр. Мэдээж уран бүтээлч ч гэлээ хүн л юм чинь гомдол, тунил бий л дээ.

             Тиймдээ ч тэр үү “Хүмүүс намайг эсрэг дүрээр минь хараад байдаг. Би олон сайхан эмэгтэйг хайрлаж тоглосон шүү дээ” гэнэ. Нээрээ ч тийм л дээ. “Хайрын эрэлд” киноны Бадрах, "Гэр", "Мама миа" эхлээд зөөлөн эерэг дүр түүнд бий. Гэхдээ хүмүүс хэрцгий догшин, юу ч болоогүй мэт байснаа гэнэт л зэвүүн жихүүцэм үйлдэл гаргадаг Ларьдмагийн нөхөр Батсуурийг яаж мартах билээ. Мөн “Төлөөс”, “Тютю”, “No Rules” зэрэг кинонд ч мөн хуууран мэхлэгч, зальхай, зэвүүн муухай дүрд тоглосон. Нэг ёсондоо эсрэг, эерэг дүрийг нь жинлээд үзвэл эсрэг дүрийн туухай илүү дээр өргөгдөж, үзэгчдэд илүү ойр очиж байна гэсэн үг.

Одоо ч Ларьдмаагийн нөхрийн дүр санаанаас гарахгүй О.Гэрэлсүх гэхээс илүү царайг нь харахад л шууд гал зуухныхаа өрөөнд эхнэрийнхээ толгойг хүнсний скочоор ороон, ухаан алдуулж, ариун цэврийн өрөө болон машины зогсоолын хананд шахаж, хоолойг нь боож байсан харц, биеийн хэлэмж, уруулын хөдөлгөөн,тэвэрч байгаад л үснээс нь татаж, элэгдэн унагаадаг нь хүртэл тод санагдаж байна. Тэгэхээр хартай, харгис хүний дүрийг бол тулгасан байгаа юм. Тэр огцом мөртлөө эвгүй жигтэй харц одоо ч хаа нэгтэйгээс харж байгаа мэт, эсвэл тааралдахад хэн нэгнийг хөөж байгаа мэт санагдана. Тиймээ, түүний тоглосон эл дүр бол эсрэг дүрийн эгнээнд нэлээд дээгүүр орох дүр. Орчин цагийн киноны хамгийн орой нь ч байж мэднэ.

-ДАХИН ТАЙЗНАА-

                  Харин одоо тэр хорь гаруй жил завсарласан тайзнаа эргэн гарч шинэ найруулагчийн сийрэг толгойгоор бүтсэн жүжгүүдийн дүрд ажиллаж байна. Тэрбээр тайзнаа дахин гарснаас хойш “Сычуаны сайн хүн” жүжгийн хивсний худалдаачин, “Анна каренина” жүжгийн Облонский зэрэг уран бүтээлийн дүрд тоглосон. Хамгийн сүүлд тэр архаг мөрийтэй тоглоомчдыг дөнгөх ноёдын нэг болон “Тоглоомчид” жүжгээр харин үзэгчидтэйгээ уулзаж байна. Арвич, хянамгай мөртлөө хамгийн гоншигнуур дүр байсан нь О.Гэрэлсүхийг өөр нэг өнцгөөс харуулсан байна лээ. Урьд харгис хэрцгий эсрэг дүрээр түүнийг харж байсан бол энэ удаад ов мэх ихтэй, зальжин, инээж байгаад л хүнийг дөнгөдөг эсрэг дүрээр түүнийг тайзнаас харлаа. Ингээд харахаар тэр үнэхээр эсрэг дүрийн магнат юм байна. Эсрэг дүрд гарамгай байна гэдэг тухайн уран бүтээлчийн авьяас, ур чадвар, нөөц бололцоо их байгаагийн л шинж болов уу. Том хувингаар ховоодоод байхад л дундардаггүй худаг шиг түүний авьяас билгийг сорих тусам улам гялалзсаар байна.

-ХАЙДУ ХААНЫ ДҮРД ТОГЛОХ МӨРӨӨДӨЛ-

     Тэрбээр түүхэн кинонд тоглох мөрөөдөлтэй гэсэн. Тэгээд бүр ямар түүхэн хүний дүр вэ гэдгээ хүртэл тодорхойлж. Тэрбээр "Өгөөдэй хааны тавдугаар хүү Хашийн хүү Хайду хааны дүр дээр ажиллаж байна. Түүхэн зохиол, жүжиг, кинонд оролцож, түүнийг үзэгчдэд таниулах, харуулах юм сан, тухайн уран бүтээлүүд дээр ажиллаж хүчээ сорих юм сан гэж боддог" гэсэн байдаг. Мөн тоглохыг хүсдэг нэг дүрдээ тоглосондоо ихэд сэтгэл хангалуун суудаг байна. Тэр нь  "Төлөөс" кинонй Бүрнээгийн дүр гэсэн. Учир нь тэрбээр нэг сайхан эцэг хүний мөн чанар, сэтгэлийг харуулсан бүтээлд тоглох сон гэж хүсэж байсан хүсэл нь биелэсэн байна. Ийнхүү дүрээс дүрийн хооронд, уран бүтээлээс бүтээлийн хооронд ийн мөрөөдөж, илүү ихийг хийхийг зорьж яваа мөрөөдөл дүүрэн уран бүтээлч бол тэр. Эсрэг дүрийн оройг тулгасан шигээ мөрөөдөо бүхэндээ хүрээрэй, О.Гэрэлсүх ээ.


ТЭР РОМЕО, ТЭГЭЭД БАС ЛАРЬДМААГИЙН “НӨХӨР”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-30 20:13:55
    нараа : чадварлаг сайхан жүжигчин шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-30 09:37:05
    Нараа: Ур чадвартай, сайн жүжигчин шүү. Дүрдээ үнэхээр сайн орж, хувирч чаддаг. Аз жаргал, амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-28 09:20:08
    000: зөв хүн шиг санагддаг, сайн жүжигчин
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188