“Агил” киноны Уянга прокурорын дүрээс “Бид нэг гэр бүл” киноны эрх танхил Нандиагийн төрх огт үзэгдсэнгүй.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаа прокурорын дүрээр үзэгчидтэйгээ уулзаа шүү дээ. “Агил” киноныхоо талаар ярихгүй юу?
-“Агил” уран сайхны кинонд тоглох болсон нь амьдралдаа хийсэн хамгийн хэцүү шийдвэрүүдийн нэг байлаа. Би чинь их хурдан ярьдаг, жаахан зөөлөн царайтай. Тийм учраас гэнэт прокурорын дүр өгөхөд нь жаахан гайхсан. Найруулагч маань “Би чамайг ийм дүрээр харахыг хүсэж байсан юм. Чи чадна аа” гэсэн. Найруулагч маань надад итгэж байгаа учраас итгэлийг нь алдахгүй, дүрээ сайн гаргахыг хичээсэн. Хэр сайн ажилласныг маань үзэгчид шүүх байх.
-Прокурорын дүрийн судалгаагаа хэрхэн хийсэн бэ. Уянга прокурорт тохиолдсон шиг үйл явдал бодит амьдрал дээр тохиолдсон жишээ байсан уу?
-“Ямар олон юм асуудаг юм. Нэг л юм асуугаач” гэж ярилцлага өгдөг төрийн албан хаагчийн видео байдаг шүү дээ. Тэр албан хаагчийн зан ааш миний дүрийн ерөнхий шугам байсан. Найруулагч “Төрийн албан хаагч цөөн үгээр ойлгомжтой ярьдаг хүмүүс байдаг” гэсэн. Би тэр хэмжээнд нь яриагаа цэгцлэх гэж хичээсэн.
-“Бид нэг гэр бүл” олон ангит киногоор МУГЖ Ж.Мөнхсайхантай аав охин болж тоглодог бол “Агил” киногоор та хоёр дайснууд боллоо шүү дээ. Ямар байсан бэ?
-“Агил” киноны найруулагч нь МУГЖ Ж.Мөнхсайхан ах. Би асуусан л даа “Хоёулаа киноны турш нэгэнтэйгээ тэмцэлдээд байгаа ч нэг ч удаа нүүр тулж уулзахгүй юм байна” гэсэн чинь Ж.Мөнхсайхан ах “Зүгээр ээ, ах нь дүүгээ харах юм бол нөгөө Нандиа маань харагдаад чамтай жүжиглэж чадахгүй шүү дээ” гэсэн. Тэгээд бодоход хэдий уран бүтээлч гэсэн Мөнхөө аав гэж харж байсан хүнээ УИХ-ын гишүүн, миний дайсан Сэлэм гэж харж, үзэн ядах хэцүү юм билээ. Энэ нь нэг талаараа найруулагчийн гаргасан шинэ шийдэл байж магадгүй. Хэдий Уянга, Сэлэм хоёр киноны турш тэмцэлдсэн ч хэзээ ч царай, царайгаа харж уулздаггүй.
-Уран бүтээлчийн хувьд “Агил” киногоор юу харуулахыг зорьсон юм бэ?
-Удахгүй сонгууль болох гэж байна. Сонгуулиар бид шударга хүнийг л сонгох хэрэгтэй шүү дээ. “Агил” киногоор Монгол Улс хуультай улс. Гэхдээ шударга ёсны төлөө ганцхан хүн тэмцээд байхаас илүү хүн бүр хичээж байж шударга нийгмийн бүтээдэг юмс шүү гэдгийг харуулыг зорьсон гэж бодож байна.
-Жүжигчин Ж.Номингэрэлийг “Бид нэг гэр бүл” киногоор нь үзэгчид сайн танина шүү дээ. Нандиагийн дүрийн талаар ярихгүй юу?
-Нандиа бол хоёр аав, хоёр ахдаа эрхэлсэн, дураараа охины дүр байсан. Надаас бол жаахан өөр охин, юмыг бодож төлөвлөлгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө хийдэг, ханддаг охин. Тиймээс өөрөөсөө гарч болох хамгийн эрх төрхийг хэтэрхий их зүйл бодолгүйгээр гаргаж ажилласан. Өөрийнхөөрөө байхыг л хичээсэн дээ. Хүмүүсээс “Хэтэрхий жүжиглээд байна, худлаа жүжиглэж байна” гэсэн шүүмжлэлийг авсан. Шүүмжлэлийг хүлээж авч дараагийнхаа уран бүтээлд ажиллахдаа анхаарна аа.
-Жүжигчний ур чадварыг хамгийн их шаардсан зураг авалт ямар киноны хэсэг байсан бэ?
-“Агил” киноны үеэр жүжигчний хувиар дотроос нэг юм зуурчихсан юм шиг өр өмөлзсөн хэсгийн зураг авалтад орсон. Бодит амьдрал дээр ийм зүйл болбол яах вэ гэж бодогдуулсан, зүрх өвтгөсөн хэсэг байсан. Амьдрал дээр Уянга шиг тэгж хэн нэгэнд гомдсон мэдрэмж авч үзээгүй юм билээ. Тэр зураг авалтад орсныхоо дараа надад бодит байдал дээр хэзээ ч битгий ийм зүйл тохиолдоосой гэж бодсон доо. Хүнд хэр хэмжээгээр итгэнэ төдий чинээ гомддог юм билээ.
-Favway уран бүтээлийн нэгдэл “Хөөе ахаа” нэвтрүүлгээ телевизээр үзэгчдэдээ хүргэж байгаа. Өмнө нь youtube хуудсаар тус нэвтрүүлгээ хүргэдэг байсан шүү дээ. Нэвтрүүлгийнхээ талаар яриач?
-2019 онд СУИС-ийн жүжигчний ангийг гурван найзтайгаа хамт төгссөн. Найзуудтайгаа хамт youtube контент, богино хэмжээний кино, уран сайхны кино хийж өөрсдийгөө туршлагажуулж, олон зүйл сурсаар байгаа. Бид хамгийн анх “Хөөе ахаа” нэвтрүүлгээр контент хийж эхэлсэн. Одоо бол C1 телевизтэй хамтарч хийж байгаа. Телевизтэй хамтрахыг нэг сайхан зүйл нь зочид маань үнэхээр дуртай ирж оролцож байгаа нь. Өмнө нь бол бид эхнээс нь тайлбарлаад гуйдаг байлаа. “Хөөе ахаа” нэвтрүүлэг эхнээсээ дуустал хүмүүст эерэг энерги түгээх, гэгээлэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн үеэр бид яг өөрөөрөө байдаг. Бусад үед оноогдсон дүрд, тухайн дүрийн зохиолоор үзэгчдэд хүрнэ шүү дээ.
-Найзуудтайгаа хамтарч вэбдрама, киноныхоо зохиолыг бичдэг шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Хамтдаа суугаад, ярилцаад бичдэг дээ. Нэг хэсэг дээр дөрвөн өөр санаа гарч ирнэ, нэгнийхээ санааг өөрсдийнхөөрөө баяжуулах замаар зохиол маань бэлэн болдог. Өөрсдийнхөө бодож, санаачилсан зүйлийг тэр хэвээр нь бодит болгохын тулд зохиолоо өөрсдөө бичдэг. Зохиолоо 1-3 сарын хугацаанд бичдэг.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Татварын эдийн засгийн нягтлан бодогч мэргэжлээр нэг жил сурсан. Хэдий энэ мэргэжилдээ дуртай байсан ч СУИС-руу тэмүүлсээр байсан. Насаараа яг нэг зүйлээ байнга хийнэ гэхээр төсөөлөгдөөгүй. Нэг өдөр найз маань залгаад “СУИС-ийн элсэлт явагдаж байна, чи шалгуулахгүй юм уу” гэсэн. Тэгээд гэрийнхэндээ ч хэлэлгүй очиж шалгуулаад, тэнцсэн. Ингээд дахиад СУИС-д нэгдүгээр курсээс нь эхлүүлээд сурсан даа. Сонголтдоо нэг ч удаа эргэлзэж, харамсаж байгаагүй ээ.
- Favway уран бүтээлийн нэгдлийн дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ?
-Бид бүрэн хэмжээний уран сайхны киногоор эргэн ирэхээр төлөвлөж байгаа. Энэ удаа өргөн дэлгэцээр үзэгчдэдээ хүргэнэ. Кино театрт анхныхаа киног өгөх гэж байгаа учраас үнэхээр догдолж байгаа. Мөн хамтраад үзэгчдэд хүрсэн олон ангит кино хийхийг хүсэж байгаа. Монгол драма гэхээр бид дөрвийг боддог байгаасай гэж хүсдэг.
-“Favway” нэгдлийн найзууддаа хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?
-Одоо болоход найзуудгүйгээрээ өөрийгөө төсөөлдөггүй. Тэд миний амьдралд байх ёстой л байсан юм шиг санагддаг. Бид хамтдаа байгаа учраас л өнөөдрийг хүртэл хийсэн бүхэн бий болсон юм шиг санагддаг. Хэрэв Favway уран бүтээлийн нэгдэл байгаагүй бол өнөөдөр хэн нэгэн намайг кинонд тоглуулахыг хүлээгээд суух байсан байх. Тэд байдаг учраас хүссэнээ хийх эрмэлзэл төрдөг. Намайг зоригтой, зорилготой болгодог хүмүүс. Бидэнд хийх зүйл олон бий.
Ж.НОМИНГЭРЭЛ: “АГИЛ” КИНОНЫ УЯНГЫН ДҮРЭЭР АНХ УДАА ДОТОР ЗУРСАН ГОМДОХ МЭДРЭМЖ МЭДЭРСЭН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |