-Таны судлаач болсон түүх хэрхэн эхэлсэн бэ. Хөдөө өссөн болохоор шавж судлах ажилд илүүтэй дурлаж байв уу?
-1963 онд Баян-Өлгий аймгийн 10 жилийн сургууль төгсөж, МУИС-ийн Биологийн ангийн оюутан болж байлаа. 1965 онд хоёрдугаар курсээ төгсөөд багш нарыгаа дагаж, хээрийн судалгаа хийж эхэлсэн. Тэр жилээс л миний судлаач болох хүсэл, замнал эхэлсэн гэхэд болно. Эхлээд багш нарыг дагаж явдаг, дараа нь шавь нараа дагуулж явдаг, эцэст нь шавь нарыгаа дагаж чадахаа болиод гэртээ суудаг болсон байна. Би Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын малчин ардын хүүхэд. Байгальд өссөн болохоор хөдөө явах дуртай, амьтан цуглуулах, цуглуулсан амьтнаа салгах, амьдралын байдлыг нь тооцоолох гээд судлаачийн ажил намайг энэ салбарт илүүтэй татсан. Хэзээний хөдөө өссөн болохоор газар, газар үзэх нь ч надад таалагдсан. Хичээлийн жил дуусаад л хөдөө явдаг. Тэгээд есдүгээр сарын 1-тэй уралдаж ирдэг оюутан байлаа. Багш болоод ч ялгаагүй судалгааны ажилдаа яаравчилан гардаг байсан.
-Та Монгол орныхоо хэчнээн сумаар явж судалгаагаа хийсэн бэ?
-Өнгөрсөн хугацаанд Монгол орныхоо 297 сумаар явж судалгаа хийхийн хажуугаар Монголтой хил залгаа нутаг болох Тува, Буриад, Эрхүү, Алтайн уулсаар явж судалгаа хийсэн. Казахстанд есөн жил урилгаар ажиллаж байгаад нутагтаа ирсэн. Казахстанд очсоны дараа Германы эрдэмтэд “Бид Алтайн уулсыг судлах төсөл авлаа. Казахстан алтай, Монгол алтай, Орос алтай, Шинжааны алтайн хар модон ойд экосистемийн судалгаа хийхээр болсон. Та Казахстанаас судалгааны бүрэлдэхүүнтэйгээ оролцоорой” гэсэн урилга ирсэн. Тэр үед би 60 гарчихсан байсан болохоор Алтайн ууланд гарч чадахгүй байх гэж бодож байлаа. Тэгээд судалгаа хийх газрын маршруттай танилцахад өвөөгийн минь өсөж, төрсөн нутаг байж таарсан. Өвөө минь Шинжааны нутагт төрсөн юм билээ. Тэгээд залуудаа японы тагнуул гээд баривчлагдсан гэдэг. Аав минь бас Шинжаанд 17, 18 нас хүртлээ амьдарсан байдаг. Аав надад өвөөгийн минь төрж өссөн нутаг болох Шинжааны талаар ярьж өгөхдөө “Шинжааны уулсаар мориор явахад жимс нь морины хөл будчихдаг байсан” гэдэг байсан болохоор миний сонирхлыг ихэд татсан. Шинжааны нутгаар судалгаа хийхэд өтгөн шинэсэн ойтой, жимс, жимсгэнэ ихтэй газар байсан нь надад таалагдсан. Тэгээд миний Казахстанд хийсэн судалгаагаа амжилттай болсон.
-Та ихэвчлэн ямар төрлийн шавж судалдаг вэ?
-Хөрсний сээр нуруугүйтэн судалдаг. Би шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй 11 зүйлийн шавьжийг Монгол орноос олж, тэмдэглүүлсэн. Мөн шинжлэх ухаанд мэдэгдэж байсан ч Монголд байдаг нь тогтоогдоогүй 47 зүйлийн шавьжийг тэмдэглэсэн. Энэ миний хийсэн хамгийн том ажил болсон.
-Том шавж бусдын нүдэнд амархан өртдөг болохоор хэдийнэ судлагдсан байдаг байх?
-Шинжлэх ухаанд нэрлэгдсэн Монголоос олдсон 78 зүйлийн шоргоолж байдаг. Миний нээж, олборлосон шавж бол нүдэнд харагдахтай үгүйтэй амьтад. Тэднийг хүн болгон үзэж, хардаггүй, гарт нь өртөггүй учраас судлагдаж амжаагүй байдаг. Хөрсөн доороос л тэднийг олж, илрүүлж байгаа юм.
-Нүдэнд харагдахтай, үгүйтэй амьтдыг хэрхэн судалж, шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдсэн эсэхийг тогтоодог юм бэ?
-Хөрсний амьтдыг хөрстэй нь цаасан дээр асгасан ч харагдахгүй. Харин микроскопоор харахад нэг метр квдратад 10 мянга, 100 мянгаараа бужигнаж байдаг бичил амьтад. Тэднийг судлахын тулд шилэн аяганд хийж, ёроолыг нь цоолж, хуруу шил углаж байгаад дээрээс нь чийдэнгээр шарна. Нойтон хөрс дээрээсээ ууршиж, хатахаар шавьж нар доошилсоор байна. Тэгээд хөрс нийтдээ хатахад спирттэй хуруу шилэнд шавж нар оочдог. Тэднийг удаан хугацаанд хадгалж, хатаж, хорчийхоос сэргийлэхийн тулд спирттэй шилэнд хадгалж, бэхжүүлдэг.
-Шинжлэх ухаанд бүртгэгдээгүй амьтдыг шинэ зүйлийн амьтан болохыг нь батлахын тулд ямар шалгуур давдаг вэ?
-Монголоос олсон шавжаа бусад эрдэмтдийн олж тогтоосон шавжтай ойролцоо байна уу үгүй юу гэдгийг харьцуулдаг. Тухайлбал, Лондоны амьтны музейд байгаа шавжтай ойролцоо байна уу гэдгийг харьцуулахын тулд захиалдаг. Хуруу шилэнд байгаа амьтдыг шуудангаар явуулчихдаг учир адилхан байгаа эсэхийг нь микроскопоор хараад таньдаг. Тэгээд юугаараа, ямар шинж чанараараа ялгаатай болохыг нь тогтоож, яагаад шинэ зүйлийн амьтан гэж үзэх болсон шалтгаанаа бичдэг. Түүнийг нь шинэ зүйлийн амьтан биш байна хэмээн өөр нэг эрдэмтэн хэлж, нотлох юм бол судалгааны ажлаа дахин хийж эхэлдэг. Олон улсын амьтан судлалын дүрэм байдаг. Түүгээр анхны бичлэгтэй нь харьцуулж, дэлхийн тэр, тэр эрдэмтдээс санал авах ёстой гэсэн шаардлага бий. Тухайн эрдэмтэн нь нас барсан байх юм бол түүнийг орлох эрдэмтний бүтээлтэй харьцуулах шаардлагатай гэж олон улсын хэвлэлд зарласан байдаг. Батлагдсан эрдэмтэд шинэ зүйлийн амьтан гэдгийг зөвшөөрч байвал шинэ зүйлийн амьтан олж тогтоосон гэсэн үг.
-Шавж судлана гэдэг амьдралынх нь хэв маяг, иддэг хоолыг нь давхар судалдаг байх?
-Аливаа нэгэн шавжийг судлахын тулд хооллолтыг нь судалдаг. Ургамал идэштэн, махчин, ялзмаг идэштэн, амьтан идэштэн гэж ангилдаг. Ургамал дотроо цэцгээр хооллодог уу, жимсээр хооллодог уу, навчаар хооллодог уу гэж ангилдаг. Амьтан судлахын тулд амьтны хоололтыг судлахын тулд ургамал судлахаас өөр аргагүй болдог. Амьтдыг газрын гадаргуу дээр, хөрсөн доор, агаарт гэж ангилдаг. Ургамалд амьдардаг амьтан гэхэд иш, үндэс, навчин дээр нь амьдардаг гээд мөн тус тусдаа өөрийн гэсэн онцлогтой. Өндгөө хаана төрүүлдэг вэ, авгалдай нь хаана амдардаг вэ, юугаар хооллодог вэ, хүүхэлдэй нь яаж амьдардаг юм бэ гэх мэт нарийвчлан судалдаг юм. МУИС-д миний цуглуулсан 50-60 мянган амьтан бий. Зүйлийн тоогоор 2000 орчим бий.
-Хүмүүсийн таньж, мэддэг сонирхолтой нэг шавжийн талаар та ярьж өгөөч?
-Өвсөн идэштэн биш гэж таамаглаж байсан амьтныг өвс идэж байгааг нь олж, ургамлын хортон шавьж байсан байна гэдгийг тогтоож чадах юм бол сонирхолтой. Монгол оронд байх ёсгүй, европод байх ёстой, Уралын нуруунаас нааш байхгүй гэж эрдэмтэд тэмдэглэсэн байсныг нь Монголоос олсон бол сонирхолтой байдаг. Шоргоолж, зөгий, аалз их сонирхолтой байдаг. Зарим талаараа хүнээс ч ухаантай юм шиг авир гаргадаг. Тухайлбал, шоргоолж ургамлын бөөсийг маллаж, өсгөж, үржүүлж, тэжээж, бэлчээрт гаргадаг. Шоргоолж чихэрлэг, шүүслэг зүйлд дуртай, үнэрч амьтан. Тийм чихэрлэг зүйлийг гаргадаг нь ургамлын бөөс.
Ургамлын бөөс нь ногоон ургамлын навчийг их хэмжээгээр сордог. Яагаад хооллох хэмжээнээсээ ихийг сордог вэ гэхээр маш зөөлөн, нимгэн арьстай учир халуунд бие дэх чийг нь их хэмжээгээр ууршдаг. Тэгээд чийгээ нөхөхийн тулд навчны шүүсийг ихээр сордог гэсэн үг. Сорсон шүүснийх нь шимтэй бодисыг усыг нь биедээ шингээж , органик бодисыг нь ялгадас болгож гаргадаг. Түүнийг ялгадсыг харахад сахарын уусмал шиг ялгар байдаг. Түүнээс гарсан ялгадас буюу сахарыг нь шоргоолж түүж иддэг. Шоргоолжинд их хэрэгтэй. Шоргоолж ургамлын бөөсөнд бас их хэрэгтэй. Ургамлын бөөсийг цох зэрэг бусад амьтад шүүж иддэг. Гэтэл шоргоолж тэднийг цохноос хамгаалдаг, баатарлаг амьтан. Нүүгээ цох шоргоолжноос айгаад идэж чаддаггүй гэсэн үг. Ингээд ургамлын бөөс, шоргоолж хоёр хоорондоо харилцан ашигтай хамт амьдралтай юм. сэрүүн орохоор ургамлын бөөсийг туусаар байгаад үүрэндээ оруулж хонуулаад нар гарах үеэр ургамал руу тууж бэлчээрт нь гаргадаг. Өдөржин ургамлын бөөсны ялгадсыг идэж, ажилчин шоргоолжууд ургамлын бөөсны чихэрлэг ялгадсыг үүрэндээ байх нөөцлөгч шоргоолжны гэдсэнд хадгалж, нөөцөлдөг. Нөөцлөгч шоргоолжны гэдэс маш том. Гэдэс нь өөрийнх нь биенээс 100 дахин илүү том болчихдог. Хүйтрэхээр ургамлын бөөс ичээндээ орж, зарим н үхдэг учраас шоргоолж нар нөөцөлсөн хүнсээ иддэг. Нөөцлөгч шоргоолж үүрэндээ 100, 100-аараа байдаг. Дараагийн хавар болж, ургамлын бөөс гарч тэжээл цуглуулах болтол нөөцөөрөө хооллодог юм. Шоргоолж бол өндөг төрүүлнэ. Ажилчин шоргоолжууд өндөгөө нар гарч дулаарахаар нарлуулна, хүйтэн байх юм бол салхи, борооноос хамгаална. Бороо их орж үүр нь норвол шинэ үүр барьж, авгалдай нараа зууж зөөдөг. Үүрээ байнга цэвэрлэдэг. Тэгээд үерт үхсэн шоргоолж нар нэгнийгээ зөөж, нэг газар бөөгнүүлж оршуулдаг. Ойн улаан шоргоолжууд урцны дайтай том үүр барьдаг. Нэгнийх нь үүрийг буулгачих юм бол бүх шоргоолж нар цугларч нөгөө хүн рүү “бууддаг” юм. Бөгсөөрөө хортой шингэн буюу шоргоолжны хүчил хүний нүдэнд орвол сөхрөх хэмжээний аюултай. Энэ нь тэдний үүрээ хамгаалж байгаа хэлбэр. Зөгий шоргоолжтой их адилхан, үр удамынхаа төлөө санаа их зовдог. Авгалдайгаа тэжээж, наран дээр гаргаж байгаа нь хүний хүүхдээ асарч, халамжилж байгаатай адилхан. Энэ бол амьтны зөн шүү дээ. Удамшлаараа хийж байгаа үйлдэл гэсэн үг.
-Та шоргоолжноос жижиг шавж судалдаг хүн шүү дээ. Тэд ч шоргоолжтой мөн адил амьдралын хэм маягтай юу?
-Баяртогтох шавийн минь судалдаг хөрсний хачиг бий. Монголд нэг ч хачиг судлагдаагүй байхад Баяртогтох судалж эхэлсэн юм. Оросын шинжлэх ухааны академиас түүний бүтээлүүдийг ном болгон хэвлэж, судалгааныхаа нэг хэрэглэгдэхүүн болгосон. Тэр 100 орчим зүйлийн хачиг судалж, тэмдэглэсэн. Тэднийхээ заримыг нь миний нэрээр нэрлэсэн байдаг. Нэг удаа намайг хөдөө явахад Баяртогтох "Багшаа та хөдөө явах гэж байгаа юм байна. Хөрс аваад ирээрэй" гэсэн. Тэгээд Архангай аймгийн ойролцоо Булган уулны хар модон ойтой уулнаас хоёр хүрч хөрс аваар иртэл түүнээс нь шинэ зүйлийн хачиг илэрсэн. Тэгээд миний нэрээр нэрлэсэн байх жишээний. Би одоо хачигууд ямар араншин гаргадаг вэ гэдэг талаар ном бичиж эхэлж байгаа. 1970 оноос Монгол Зөвлөлтийн биологийн хамтарсан судалгаа хийдэг байсан. Хоёр улсын хэлэлцээр нарийн байсан үе. Одоо ч судалгааны ажил үргэлжилж байгаа. 40-50 эрдэмтэн ирдэг байсан. Монголын шинжлэх ухааны академи, МУИС-ын багш, МУБИС-ын багш нар оролцдог байсан. Сүүлчийн ботийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хийсэн суурин судалгаагаар гаргасан. Өмнөговь аймгийн Булган, Сэлэнгийн Шаамар, Архангай аймгийн Төвшрүүлэх, Баянхонгор аймгийн Эхийн гол гээд Монголын бүхий л бүс бүслүүр нутгаар амьтан, ургамал, хөрсний цогцолбор судалгаа буюу биологийн иж бүрэн судалгаа хийсэн.
ШАВЖ СУДЛААЧ, ГАВЬЯАТ БАГШ К.УЛЫКПАН: ШОРГООЛЖ, ЗӨГИЙ, ААЛЗ ЗАРИМДАА ХҮНЭЭС УХААНТАЙ АВИР ГАРГАДАГ |
|
2025-05-01 11:30:46
2025-05-01 10:29:24
2025-05-01 10:02:06
2025-05-01 10:00:34
2025-05-01 09:56:01
2025-05-01 09:46:06
2025-05-01 09:19:08
2025-05-01 08:43:01
2025-05-01 08:35:54
2025-05-01 07:32:34
2025-05-01 07:00:11
2025-05-01 07:00:00
2025-05-01 07:00:00
2025-05-01 07:00:00
2025-05-01 07:00:00
2025-04-30 21:00:00
2025-04-30 20:37:11
2025-04-30 13:13:56
2025-04-30 12:58:33
2025-04-30 12:41:42
2025-04-30 12:37:44
2025-04-30 12:24:44
2025-04-30 10:42:57
2025-04-30 10:34:32
2025-04-30 10:31:14
2025-04-30 10:11:34
2025-04-30 10:04:45
2025-04-30 09:57:25
2025-04-30 09:46:19
2025-04-30 09:11:30
2025-04-30 08:48:04
2025-04-30 08:13:17
2025-04-30 08:07:18
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |