• Өнөөдөр 2024-05-14

ТЭР ЯГ Л АМАР ДАРГА БАЙЛАА

         Амар дарга ч эцсээ хүртэл шударга үнэний төлөө бөхийхгүй явсаар дууслаа даа. Үзэл бодол, үйл хэрэгтээ тийм үнэнч, цэх шулуун, бардам байж болно гэж үү л гэмээр сайхан дүр байлаа. OI энтертайнмэнт, Р.Эрхэмбүрэн найруулагч энэ дүрийг жүжигчин Э.Мөнхтөрд өгсөн нь ёстой оножээ. Ихэвчлэн зөөлөн дөлгөөн, дурлалт залуугийн дүрээр хардаг түүнийг ийм нэг сайхан сэтгэлтэй, жудагтай, журамтай, худал хуурмагт идэгдээгүй улс төрчийн дүрээр харах дүүрэн мэдрэмж байлаа.

           Тэр дундаа Амар даргын шүүх хурлын танхим руу орохдоо хүү рүүгээ нүдээ ирмэдэг хэсэг бол “Хүү минь аав нь алзахгүй дээ” гэж байх шиг эцсээ хүртэл зоримог, үнэн ялна гэсэн итгэл найдвар дүүрэн байгаа нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байв. Манай улс төрд ч өнөөдөр ийм эрхэм хэн билээ гэж бодоход толгойд тунаж бууж байгаа нь үнэндээ л алга. Гэсэн ч хөрөнгө мөнгө, албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй харгис болсон хотын даргын цаазын ялаар авах шийдвэр түүнд тусаж, буудууллаа. Кино эхлэхэд л шударга үнэнч, зорьсондоо хүрдэг, зөөлөн дулаан Амар дарга байсан тэр л хэвээр дууслаа. Арван ангит киноны долоон ангийн турш гарсан тэр дүрээрээ үзэгчдэд хамгийн ойр, хамгийн сайхнаар буулаа. Энэ л дүрээс нь эхлэн бид Э.Төрмөнх гэж залуу уран бүтээлчийг онцлон өгүүлэхийг хүссэн юм. Анх найзуудтайгаа хамт Acapella хамтлагт дуулж, урлагийн гараагаа эхэлж, дараа нь хайр дурлалын киноны гол дүрээр өртөөлсөн тэр одоо харин ямар л бол ямар ч дүрийг дүүрээд гардаг дунд үеийн уран бүтээлч болжээ.

-УРЬД ТЭР-

         “Сайн уу, амьдрал минь” кинонд хайртай эмэгтэйнхээ амьдардаг оюутны байрын цонхоор орж хөөгддөг дулаахан инээмсэглэсэн дуучин залуу, “Хайрын рекорд” киноны бүтэлгүй ч сайхан залуу, “Миний хайр” киноны мөнхүү омголон зангаасаа болж хайртай хүнээсээ салдаг ч эцэст нь бүхнийг ухаарч эвлэрдэг ухаалаг залуу, “Валентины захидал” киноны мөн л будилуу ахлах ажилтан, “Эр хүн болгож өгөөч” киноны хүүгийн тахир дутуу хүүгийн дүрд тоглосныг үзэгчид андахгүй мэдэх билээ. Цөм ижил өнгө, үнэр, агаартай ийм л нэгэн зөөлөн дөлгөөн дүрээр тэр урлагт гарч ирсэн уран бүтээлч. Эдгээрээс харин ондоо арай өөр Төрөөг гаргасан нь “Өвлийн тууж” киноны дүр. Тэр “Гэмгүй царайны цаана гэмээ нуусан нэг тийм зэвүүн дүр байдаг даа.  “Өвлийн тууж”-д би тийм л  дүрд тоглолоо. Яагаад ч юм бэ би хэн нэгэн найруулагч надад тийм дүр санал болгоосой гэж шатаж явах үед Б.Тулгаа хүссэн дүрийг минь өгсөн” гэнэ. Тэгэхээр тэр үргэлж л сайхан дүрийн эрэлд хатаж, шатдаг уран бүтээлч байна.

-ӨӨР ӨНЦӨГ, БУЛАН-

       Тэгвэл хайр дурлалын олон сайхан гэгээлэг дүрийг ханатал гаргасан түүнийг эвдэж өөрчилж, арай өөр өнцөг, булангаас харуулсан уран бүтээл бол “Царайлаг өдрүүд”, “Аюултай харилцаа”, “No Rules киноны Амар даргын дүр. Дүрсгүй гэмээр юм уу гэнэн болчимгүй зантай, аливааг хөнгөнөөр боддог залуугийн дүрийг тэр “Аюулгүй харилцаа” кинонд харуулсан. Буруу хүнээрээ оролдож, амьдарлаа бүрмөсөн баллаж, эхнэр, хүүхэд, гэр орноо хүнд нөхцөлд оруулдаг. Харин “Царайлаг өдрүүд” киноны дүр нь хүний мөс чанар, чин сэтгэлийг нээн харуулсан дүр. Энэ нь урьдны дурлалт залуугийн дүрээс арай илүү чадвар шаардаж, түүнээс олон зүйлийг нэхсэн дүр болов уу. Ингэж тэр дүрээс дүрийн хооронд өссөөр Амар даргын дүрд ирлээ. Нэг ёсондоо энэ хугацаанд тэр 50 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүр тоглосон ч өөрийг нь ухаж, төнхөж, эсвэл яг таг гаргасан дүрд ажиллаагүй нь Амар даргын дүрээр илэрч байна. Үнэхээр Амар дарга бол жүжигчин Э.Мөнхтөр л байлаа. Одоо үзэгчид магад Э.Мөнхтөрийн тоглосон ямар уран бүтээлд илүү дуртай вэ гэвэл Амар дарга л гэх байх. Тэр харц, тэр хүүгээ, эхнэрээ хайрлаж байгаа хайр, ямар ч нөхцөлд уужуу тайван байдал гээд ёстой өв тэгш дүр.

-ИЧИМХИЙ, ДАРУУХАН Э.МӨНХТӨРӨӨС ДУУЛДАГ, БҮЖИГЛЭДЭГ, ЖҮЖИГЛЭДЭГ БОЛСОН НЬ-

     Тэрбээр хөгжимт театр, мюзиклийн жүжигчин юм билээ. Тэгээд “Хувьсал” продакшнд хоёр жил ажиллаж, жүжигт орж байсан юм билээ. Гэхдээ түүнийг тайзан дээрээс харсан нь ховор байх. Жүжигчин мэргэжлийг сонгосон нь их сонин түүхтэй юм билээ. Энэ тухай “Арван жилээ төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орох сонирхолтой байлаа. Манай хамаатнууд их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Тэгээд шалгалтын өмнө дуулах,бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх зэрэг олон төрлийн мюзиклийн ангийг байдгийг мэдээд шалгалт өгөөд тэнцэж байсан. Энэ олон төрөл давхацсан анги миний сэтгэлийг их хөдөлгөж, сонирхолтой санагдаж байсан” гэдэг. Ингэж л тэр хамтлагт дуулж, бүжиглэж эхэлсэн юм билээ. Тэгээд түүнээсээ хөрвөөд кино урлаг руу орж, одоо өөрийн гэсэн орон зайтай, уран бүтээлтэй жүжигчин болон яваа. Их сонин шүү, дуулж, бүжиглэж, жүжиглэх гээд олон авьяастай мөртлөө багадаа ичимхий, даруухан хүүхэд байсан гэдэг.

-ТҮҮНИЙГ НЭЭСЭН АСАРЕLLA ХАМТЛАГ-

         Арван жилээ төгсөөд оюутан болохдоо л хамтлагийнхантайгаа танилцаж байсан гэдэг. Дөрвүүлээ бие биенийхээ дуулж байхыг сонсоод л нийлээд дуулж. Тухайн үед ид хит болж байсан Камтертон хамтлагийн дуунуудыг дуулж, барууны хамтлагуудыг ч их сонсдог байжээ. Тэгээд л хамт дуулж, нэгнээсээ урамшсаар хамтлаг болж, хэсэгтээ л сайхан хайрын дуунуудыг гаргаж, тэр үеийн залуусын хайр дурлалын дурсамжийг хөглөсөн. Ингэж л тэд уран бүтээлээ туурвисаа арван дуутай “А альбом” гээд цомог гаргажээ. Харин урын сандаа бол 30-40 дуутайгаар уран бүтээлээ туурвижээ. Тэгэхээр ичимхий, даруухан Э.Мөнхтөрийг оюутан ангийн найз нөхөд нь хөтөлж, хамтдаа дуу хуураар хөглөгдөн нэгийгээ нээж, урлагийн замд мөрөө түшилцэн орох үүд хаалгыг нээжээ. Одоо тус хамтлагийн уран бүтээлчид цөм урлагт амжилттай яваа. Тэр дундаа түүний хувьд жүжигчнээр их амжилттай ажиллаж байгаа нь энэ юм. Ийм  нэгэн уран бүтээлч уран бүтээлээ туурвиж, өөрийн гэсэн өнгө төрхтэй дүрүүдийг гаргасаар байна.

 


ТЭР ЯГ Л АМАР ДАРГА БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188